Галаар наадах уу, намжаах уу?
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намынхаа даргыг нэр дэвшүүлсэн ч энэ удаад жилийн өмнөх ялалтаа бататган хамгаалж чадаагүй МАН үүнээс үүдэн дотроо хөдөлгөөнд орж эхэлснийг бүгд л харж буй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд намынхаа даргыг нэр дэвшүүлсэн ч энэ удаад жилийн өмнөх ялалтаа бататган хамгаалж чадаагүй МАН үүнээс үүдэн дотроо хөдөлгөөнд орж эхэлснийг бүгд л харж буй. Хамтын шийдвэрээр М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, багаараа түүний ард ажилласан ч ялагдлын хариуцлагыг намынхаа даргатай тооцохоор болж байна гэсэн ойлголт олон нийтэд төрж байгаа ч одоогоор хэн нь ч яг ийм тодорхой байр суурийг илэрхийлээгүй байна. Сонгуулийг штабыг тэргүүлсэн Ерөнхий бичгийн даргыг албан тушаалаа өгөх хэрэгтэй гэсэн шаардлагыг МАН-ын хэсэг нөхдүүд найр наадмын цагаар өргөн барьсан. Өдгөө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Шадар сайдаа мөрдөн мөшгисөн асуудал холбоод байгаа. Хууль бөгөөд хуучин тогтсон жишиг, жаяг ярьвал Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат намынхаа дараагийн дарга болж мэдэх хамгийн магадлалтай хүн. Тэгэхээр эдгээр үйл явдлуудыг хөндлөнгөөс харж буй олон нийтийн таамаг хөвөрсөөр МАН дотор намын даргын албан тушаалыг дараагийн ээлжинд хэн авах вэ гэсэн марафон гараанаас хөдөлжээ гэсэн дүгнэлт дээр буугаад буй нь энэ. МАН-ын даргыг өөрчлөх замаар өнөөгийн засгийн бүрэлдэхүүнийг ч бас өөрчлөх, эсвэл шууд Ерөнхий сайдыг өөрчилж, үүгээр дамжуулан намын даргын албан тушаалыг авах... Иймэрхүү тооцоо бүхий оролдлогууд хэдийнэ хийгдээд эхэлжээ гэж хэн чиг ойлгохоор дүр зураг харагдана.
Эхний алхам нь Ерөнхий сайдыг шууд хөл ороосон шинжтэй байсан бол дараагийн алхам нь УИХ-ын эрх мэдлээр дамжуулан албан тушаалаас буулгах арга зам байх нь гэсэн ажиглалтыг хийж болохоор. Учир нь түрүү долоо хоногийн сүүлээр зарим сайтуудад“Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын гишүүд гарын үсэг зуржээ” гэсэн мэдээлэл нийтлэгдэж эхэллээ. УИХ-д ийм эрх байх ч чуулганы их засварлага дундуур энэ асуудлыг босгосон нь хардлага дагуулмаар. Ядаж чуулганы засварлага дуусч ажилдаа орог. Ерөнхий сайдын илтгэл, тайланг чуулганаар сонсож хэлэлцэг. Эдийн засгийн болон бусад арга хэмжээнүүд зөв, буруу эсэхийг эхлээд УИХ-аас дүгнэж, түүнийгээ албажуулаг. Аливаа асуудлыг хууль, дүрмийн хүрээнд татан оруулж, дэс дарааллаар нь хэлэлцэж байж дараагийн шийдвэрийг гаргах сахилга бат, эмх цэгц чухал. Тэр тусмаа эрх барьж буй хүчинд төрийн хэргийг удирдаж буйнхариуцлага, иргэдээс итгэл хүлээсний хариу зэрэг хийсвэр мэт боловч хэрэгсэхгүй хаяж боломгүй ачаа гэж бий. Энд онцлоход УИХ-ын гишүүдээс Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогод хангалтгүй үнэлэлт өгч буй хүмүүс байхыг үгүйсгэхгүй ч МАН-ын дотоод зөрчлийн асуудлаа УИХ руу татан оруулж байгаа нь зөв үү. Харин ч Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдсан тусмаа одоо эвээ хичээх, тогтвортой байдлаа хадгалах нь хамгаас чухал байх.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тангараг өргөснөөсөө 30 хоногийн дараа телевизэд шууд ярилцлагад орох үеэрээ Засгийн газар, нарийн ярьвал эрх барьж буй хүчинд тааруу үнэлгээ өгч буй хандлагаа илэрхийллээ. Сайнаар тусгаж авбал илүү хичээх, саараар хүлэээж авбал эвээ нэгтгэх дохио биш гэж үү?! Өрдсөн галаар наадах уу, намжаах уу гэдэг сонголт МАН-ын өмнө тулгараад байна. Ийм үед эрх баригч хүчний зангараг зааж, дотоодын өрсөлдөөнөө намынхаа тогоонд эв зүй, дүрэм журмаараа шийдэхгүй бол дээр доороо орох гэж байж хамтдаа сууж буй завиа хөлгүй далайд хөмөрсөн хэрэг болох вий дээ.