Их хурлын өмнөх МАХН, цуврал ажиглалт:

Н.Энхбаяр МАХН-ын нэр, үзэл баримтлалын талаар мэдэгдэл гаргаж, хөдөлгөөн байгуулснаар улстөрд эргэж ирснээ зарлалаа. Намынх нь  удирдлагууд түүний үгэнд авах, гээхийн ухаанаар хандахын оронд “жирийн гишүүн”-ий зиндаанд авч үзсэн нь нэгэн цагт энэ намын битгий хэл, энэ улсын бараг хаан явсан түүнд хэтэрхий дорд санагдсан биз. Энэхүү үл тоолт нөгөө талаар Н.Энхбаярт улстөрд буцаж орох далим болов. Намаа аварч, нэр үзэл баримтлалаа авч үлдэх нэрийн дор улстөрийн хөдөлгөөн байгуулах сайхан шалтаг ч боллоо. Н.Энхбаярыг анх Дуурийн театрт 400 хүн цуглуулахад МАХН-ын удирдлагууд “жирийн гишүүд үгээ хэлж л байна” хэмээн  жингийн цуваа явж л байг, жингэр нохой хуцаж л байг гэх маягаар хандсан. Харин өнөөдөр дарга нар нөгөө үгээ хэлэх эрхтэй жирийн гишүүдээсээ айж, болгоомжилж эхэлжээ. Энэ нь Н.Энхбаяраа “буудсан” Ц.Нямдоржийн ярилцлага, хамжааргатай байхгүй бол улстөрийн хариуцлага тооцно шүү гэсэн У.Хүрэлсүхийн анхааруулга, МАХН-д жигүүрээс өөр хөдөлгөөн байхгүй гэх мэдэгдэл зэргээс харагдана. Ц.Нямдорж бол арай ч өөрийнхөө халааснаас мөнгө төлж намын нөхрөө намнах жудаггүй эр биш байх. Ярилцлагыг дагасан “төлбөртэй нийтлэв, МАХН-ын захиалгат нэвтрүүлэг” гэх тодотголууд нь захиалагч хэн болохыг бэлээхэн илтгэнэ. “Улстөрийн хариуцлага тооцно шүү” гэдэг У.Хүрэлсүхийн үг бол “аятайхан байгаарай, намаас хөөнө шүү” гэсэн анхааруулгыг арай боловсноор илэрхийлж байгаа нь тэр л дээ. Энэ тухай дараа дараагийн цувралаар дэлгэрүүлэх тул түр орхиж Н.Энхбаярын тухай өгүүлэх үндсэн сэдвээ үргэлжлүүлье.  

Монголчууд Улаанбаатартаа тойрч суурьшдаг шиг Монголын улстөрийн сенсаацууд нийслэлдээ л төвлөрдөг. Харин улстөрийн эцсийн хамаарал, улстөрчдийг тодохойлдог факторууд орон нутгаас маш их хамааралтай. Ийм орон зайд Ерөнхийлөгчийн сонгуулиар 45 хувийн санал авчихсан Н.Энхбаярын хүчийг  МАХН-ын одоогийн удирдлагууд арай л дутуу үнэлэв. Магадгүй намаас хөөгдвөл Н.Энхбаяр нар илүү хүчтэй, илүү хорлонтой  болж мэдэхийг тооцоолохгүй л байна гэж баймгүй. Хөөгдлөө гэхэд МАХН-даа л хорин жил оршин тогтночихсон ИЗН-аас ч хүчтэй өрсөлдөгчийг экс Ерөнхийлөгч байгуулж сонгогчдын саналыг хувааж, толгойг эргүүлж дөнгөнө. Гэтэл ухаангүй ноёнд урагшгүй албат гэдэг шиг МАХН-ын удирдлагуудын ухаангүй энэ үйлдэлд Н.Энхбаяр ч адилхан ухаангүй улстөрөөр хариу барих юм.    
 
Тэр МАХН-ын гишүүний, бас намын дарга явсны хувьд үгээ хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй. Хэлсэн үг, хийж буй үйлдлээс нь харвал экс Ерөнхийлөгч маань хэт өндрөөс буулгасны хариу улстөрийг илүүд үзэж байгаа бололтой. Түүнийхээр МАХН-ын нэрийг Н.Энхбаярын үед сольж болдог, харин С.Батболдын үед сольж болохгүй юм байна. Н.Энхбаяр 2005 онд Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө, намын дарга байх сүүлийн өдрүүддээ намын нэрийг МАН болгох саналыг  Бага хуралд оруулж дэмжлэг авсан. Харамсалтай нь тэр үед МАН-ыг Дээд шүүхээс татан буулгаж хүчингүйд тооцоогүй байлаа. Одоо бол хүчингүй болгосон, эрхзүйн талаасаа ямар ч саадгүй. Харин хөндлөнгийн ганц саад нь Н.Энхбаяр өөрөө болов. Тэр таван жилийн өмнөх өөрийнхөө байр суурийн эсрэг зогсчээ. Хүмүүс түүний үйлдлийг эрх мэдлээ эргэн санагалзсан, намын удирдлагуудаасаа өшөө авах гэсэн улстөр гэж янз бүрээр дүгнэв. Өөрөө бол намаа аварч үлдэнэ гэж байгаа. Аль нь ч байсан санасандаа л хүрье гэвэл Н.Энхбаяр эхлээд МАХН-д өөрийнхөө бий болгосон схемийг задалж, босгосон хана хэрмээ нураах ёстой.

Дуурийн театрын уулзалт дээр тэрээр “миний байгаагүй таван жилд МАХН танигдахын аргагүй болжээ. Зөвхөн дарга нарын нам болсон байна” хэмээжээ. Уг нь бол энэ таван жилд жирийн гишүүдийнх нь хувьд МАХН огт өөрчлөгдөөгүй. Н.Энхбаярын үед МАХН нэг даргын нам байсан бол бүлэглэлийн нам болсон байх. Харин жирийн гишүүдээ дөрвөн жилд нэг удаа буюу сонгуулиар л ашиглаж, бусад үед цөөн хэдэн хүн намын нэрээр ээлжилж засагладаг нь ч Н.Энхбаярын үеийнхээс С.Батболдын үед өөрчлөгдөөгүй. Энэ бүхнийг Н.Энхбаяр даргын нүдээр дээрээс биш, жирийн гишүүний хувиар доороос, гаднаас харсан учраас л намаа танихгүй байгаа хэрэг. Түүнээс бус энэ схемийн зохиогч нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ. 

Дарга шүтдэг, бүлэглэлийн хүслээр явдаг МАХН-ын одоогийн тогтолцоог ардчилсан нийгэмд анх Н.Энхбаяр л бий болгосон. Хөндөлссөн нэгнийг хөндлөнгөөс төлбөртэй ярилцлагаар “бууддаг” улстөрийн технологи ч Н.Энхбаяраас эхтэй. Намын бодлого гэх далбаан дор дээрээс нэр тулгаж томилуулдаг боловсон хүчний бодлого ч түүнийх. Эдийн засагч Н.Дашзэвэг нар намын их хуралд сонгогдож чадаагүйгээ дээрээс шууд хүн томилж байна гэж тайлбарлав. Гэтэл автобусаар зөөж, зугаалуулж байгаад өөрийн хүмүүсийн төлөө гар өргүүлдэг арга ч Н.Энхбаярыг намын дарга байх үеийнх. Бүр нарийн яривал МАХН-ын удирдлагууд өнөөдөр л ганцхан Н.Энхбаярыг гадуурхаад улстөрөөс шахаад байгаа юм биш шүү дээ. Ерөнхийлөгчийн албанаас бууж ирсэн журмын нөхрөө “титэм үг” тэрлэхээс өөр ажилгүй, улстөрийн орон зайгүй болтол ганцаардуулдаг удирдлага энэ намд өмнө ч байж л байсан. Үүгээрээ Н.Энхбаяр өнөөдөр С.Батболд, У.Хүрэлсүх гэдэг хувь хүн, хотын бүлэг гэдэг улстөрийн фракцтай бус, өөрийнхөө бий болгосон схем, бүтээл, тогтолцоотой тэмцэж байна гэсэн үг. МАХН-ын одоогийн удирдлагууд хүчтэйдээ Н.Энхбаярыг буланд шахаад байгаа ч  юм биш. Харин түүний МАХН-ын дарга байх үедээ бий болгосон улстөрийн схем, удирдлагыг хамгаалдаг хана хэрэм нь өнөөдөр эзнээ ганцаардуулж буй. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ ажээ. Харьцуулалт нь оновчгүй л байх. Зүйрлэвэл, хятадууд монголчуудын довтолгооноос хамгаалж Цагаан хэрэмийг барьсан гэдэг. Тэгвэл Н.Энхбаяр ганцаар, цөөхүүлээ засаглах эрх мэдлээ намын жирийн гишүүдээсээ хамгаалж ийм дайны хана хэрэм босгосон юм. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл, түүний дараахь нэг жилд Н.Энхбаяр энэ хана хэрмэн дотроо амьдарч байлаа. Харин одоо “хэрэм”-нийхээ гадна гарчээ. Тэр өөрийнхөө “бүтээл”-д нэрвүүлж Чингэлтэйн нөхөн сонгуульд нэр дэвшиж чадаагүй бол өнөөдөр бас л өөрийнхөө бий болгосон схемийн балгаар намаасаа шахагдаж  явна. Тэр жирийн гишүүдийнхээ дунд ороод  харахад намаа танихгүй байгаагаа хүлээн зөвшөөрлөө. Гэхдээ өөрийнх нь үед, таван жил өмнө ч жирийн гишүүдийн нүдэнд ийм л танигдахгүй нам байсныг тэр сайн мэдэхгүй хүлээн зөвшөөрөхгүй л дээ. Харин МАХН-д дарга нарын хүслээр явдаг ямар хүчирхэг тогтолцоог бий болгосноо, дарга нарыг хамгаалдаг ямар өндөр хана хэрэм босгосноо гаднаас нь тэмцээд мэдэрч л байгаа байх. Тийм ээ, тэр өөрийнхөө бий болгосон схемийн эсрэг тэмцэж байна.