Сүүлийн хэдэн хоногт дотоодын нэгэн шинэ дайсан олдов. Тэр нь дотоодынхоо гурилаар дотоодоо хангадаг "Ал­тан тариа" компани. До­тоодын дайсныг  тодруу­лах, дарах ажиллагаа их системтэй явагдсан даа.

Ард түмнээ шударга бус үнэтэй гурил идэж байгаад хилэгнээд нойр нь хүрэхээ байсан хэдэн шударга иргэн  зөвхөн "Алтан тариа"-тай тэмцэх нарийн мэргэжлийн ир­гэний хөдөлгөөн байгуул­сан байна. Түүнийгээ "Алтан тариа"-гийн гури­лын үнийг хянах үлэмж шу­дарга (арай л улам нэмэх, саруул сайжрах, хуурнин шуугих... гээгүй санаг­дана) хөдөлгөөн гэх мая­гаар нэрлэж хэвлэ­лийн хурал хийлгэв. "Алтан тариа" гурилаа хэдээр зарахыг ард түмэн мэдэх юм гэнэ ээ. Ард түмэн засгийн эрхийг аваад 20 жил болж байна. Харин одоо ард түмэн үнийн эрхийг авч байгаа болтой, бурхан өршөөг.

Системтэй тарааж буй суртал нэвтрүүлэгт итгэх юм бол "Алтан та­риа" компани монголчуу­дыг хорлох ажлаа ихээ­хэн төлөвлөгөөтэй хийж байгаа аж. Тэд эхлээд гурилаа "бодигүй үнэ" гэдгээр зарж байсан бол сүүлдээ мөнгөн ус холих болсон гэнэ. Тэр мөнгөн усыг  илрүүлэхэд мэр­гэжлийн хяналтынхны хоншоор дутах ба зөвхөн   "монгол буузны  жигнэх урвал"-аар  илрүүлж болдог аж.

Туршлагагүй л байна даа. Нэгэнт л тариа ургуу­лах, хураах, тээрэмдэх савлахад ордоггүй "га­даад хор" сэтгэх гэсэн юм бол  бараг л айл болгоны гэрт  халууны шилэнд нь байдаг мөнгөн усыг сонгодог нь юу билээ? Цацраг идэвхт  тоорий, полоний, радий, уран 238, иод 23, фосфор 32 эсвэл  гурилтай холилд­могцоо өрнөх гинжин ур­вал нь дөнгөж эхлээд байгаа буцламгай халуун цөм энээ тэрээ гээд дор­витойхон, олон түмнийг эцээхэн шуугиулаад өгөх юм бодож олохгүй, таарсан гэдэг нь.

"Алтан тариа"-н гури­лаас ардын жигнэх урва­лаар мөнгөн ус нэрэхтэй зэрэгцээд шударга бус авлигыг хянан зохи­цуу­лах тэмцэх (билүү?) газар бас нөгөө талаас нь заазуур бариад орчих­лоо. Газрын  оноосон нэрийг алдаатай ч бичсэн байж магадгүй шүү, сүү­лийн хэдэнд сар "Авли­гатай тэмцэх газраас шал­гаж байна", "Авли­гатай тэмцэх газрыг шал­гаж байна"  гэсэн мэдээ чийрлэснээс болоод энэ үг бүр чихнээс салахаа байчихаж.

Тэр газар эдийн зас­гийн ухааныг шинэ ойл­голтоор баяжуулж ч байх шиг. Зах зээлд бөөний үнэ, жижиглэнгийн үнэ гэж байхаас гадна шударга үнэ, шударга бус үнэ гэж байдаг болохыг тэдний явдлаас мэдэв. Манай дэлгүүрүүд баяр ёслолын үеэр үнийн шударгажилт зарлаж, бараа бүтээгдэ­хүүнийг 10 хувь, 20 хувийн шударга үнээр зарах нь байна.

 Нэр гарч буй өнөө шударга бус явдлын газ­раас "Алтан тариа"-г шу­дар­га бус үнээр гурилаа зарж, шударга бусаар өрсөлдлөө хэмээн бу­руушааж байгаа аж. Өр­сөлдөх, шударга бус зэ­рэг хэллэгийг бол ойлгоод байна. Харин үнээ нэ­мэхээр шударга бус өр­сөлдөөн болдгийн учрыг л ухахгүй байна. Өр­сөл­дөгчдөө зүй бусаар зай­луулах гэвэл үнэ хямд­руулмаар л са­нагдаад байх юм. Хэрвээ "Алтан тариа" кило гурилыг нэг төгрөгөөр зараад эхэл­бэл  гурилын бусад компаниа зах зээлээс шахах оролдлого мөн мөн. Үнэ нэмэх замаар шударга бус өрсөлдөөн хийх тухай ойлголт нь өөрөө "аборт хийх за­маар төрөлтийг дэмжих" гэдэг шиг  нэг л зөрчилтэй.

Яг нарийндаа бол асуу­дал гурилын мөнгөн үнэнд  ч, мөнгөн усанд ч байгаа юм биш л болов уу? "Алтан тариа" үнээ нэ­мэхээр ард түмэн аль болох үнэтэй гурилыг нь хээнцэрлэж идээд, өр­сөлдөгчид нь балрах ч гээд юм биш. "Алтан та­риа"-гийн буруу нь миний төсөөлж байгаагаар бол зарим нэг "иргэн хүн"-ийг гомдоо­сонд байх шиг ээ, янз нь.  

Ардын тэмцэл  гэдэг бол ардын өөрийн хэрэг­цээнээс урган гардаг ихээхэн зүй тогтолтой эд л дээ. Наймдугаар сар бол ард түмэн амарч дуусаад шинэ тэмцлээ эхэлдэг улирал л даа. Учир нь ард түмэнд хүүх­дийн сургалтын төлбө­рөөс эхлээд өвөлжил­төндөө бэлтгэх төгрөг мөнгө хэрэг болчихсон байдаг үе. "Ардын тэмцэл" их төлөв хүүхдийн сур­галтын, эсвэл эмчилгээ­ний зардал гуйхаар өгөө­гүйгээс үүдэлтэй байдаг юм даа.

Эсвэл ийм зардал гуйхаар орохын өмнөх бэлтгэл байдаг  нь нэг бус аа. Эсвэл ийм болзолтойгоор гуравдагч этгээдийн хүслийг хангах нь ч байдаг. Ер нь бидний гараар орсон юм нэг л сонин болчих юм. Ганц­хан иргэний хөдөлгөөн, ардын тэмцэл ч биш. Шашин энээ тэрээг яаж болгож тавьж байгааг хар даа.  Буддизм чинь уул нь мухар сүсгийн эсрэг гарч ирсэн, хүний хувь заяанд хөндлөнгөөс нөлөөлөх аргагүй гэсэн зарчимтай сургаал шүү дээ. Гэтэл сүм хийдүүд  маань зохих төлбөр хийгээд хувь за­яагаа засуулах хүсэлтэй сүсэгтнүүдийн оочерт байнга дарагдаастай.

Эдээрээ оролдвол эвдэхийн тэмдэг гэж өвөг дээдэс сургажээ. Харин зах зээлийн сургамж бол  "үнээр оролдвол үгүйрэ­хийн дохио" гэдэг. "Алтан тариа"-гаа эв найртай­гаар хадаж буй "төр ба ард"-уудыг харахад ийн бодогдоно.

 Надад жирийн нэгэн  мухар сүсэгтэн ингэж хэлж билээ. Мөнгөтэй хү­нийг битгий үзэн яд. Мөн­гөтэй хүнийг үзэн ядса­наа­­раа чи мөнгийг бас үзэн ядаж байгаа юм. Ингэс­нээр чи хэзээ ч өөрөө мөнгөтэй болохгүй. Бур­хан үзэн яддаг зүй­лийг чинь ямагт чамаас хол байлгана гэж...