Дээхнэ дээ, нэг нүдээ олсон шагналын тухай мэдээ зурагтаар харсан юм. Элбэгдорж гарч ирээд, шагнал нүдээ олоод... гэх гээгүй байна аа... Зуданд малаа үхүү­лээгүй малчдыг шагнаж байсан юм. Хажуу ха­виргынхан нь зуданд байд­гаа барчихаад  "Тэр малнууд чинь үхээд өг­лөө, одоо тэгээд яах юм бэ?" гэх маягтай байхад. Тэд малаа онд мэнд оруул­жээ.  Хотондоо бай­гаа хэддээ эзэн шиг эзэн байж чадсан жирийн хө­дөлмөрч хүмүүс.  Хэдий­гээр Улаанбаатарт "Ком­паниа дампууруулаагүй  захирал" шалгаруулж шаг­наад эхэлбэл элэг хө­шөөсөн юм л болох авч малчин болохоороо өөр. Мал нь тэдний хувийн өмч, малаа үхүүлэхгүй өсгөх нь  тэдний гол биз­нес нь гэж бодсон ч гэсэн тэдэнд дахин баяр хүргэ­мээр санагдаад байсан. Баяр хүргэчихээд гол асуу­далдаа орно оо. Баяр хүргэе.

Манай оронд хоёр ян­зын өмч, бизнес байна. Нэгдүгээрт улсын болон хувийн өмч, хоёрдугаарт хувьд байгаа бүх ард түмний өмч болон  хувийн хэвшилд хийгддэг эх ор­ны бизнес. Эхнийхийг бүгд мэднэ. Тэгэхээр хоёр ­дахийг нь ярьж таарна.

Цагаан сар гаруут аминдаа  мал бүү хэл амбаартаа олигтойхон хулгана ч үгүй хотынхон хүртэл  сүрэг, малаа онд мэнд оруулах, маш олон төл бойжуулах талаар санаа зовнино. Социа­лиз­мын үед тийм байсан. Тэр үед бүх малыг эзэм­шиж байсан боло­хоор зөв. Гэтэл одоо ч хэвээрээ. Намрын на­март л, бүх мал хувьд гараад удаж байгаа боловч  хадлан тэжээл бүх нийтийн үйлс хэмээн ярьсаар байна. Газар тариалан мөн л аминд очсон.  Хүнсний ногоог тоохгүй боловч тариа ху­раах нь "бүх ард түмний санаа зоволт"  дагуулсан хэвээр.

Сонирхолтой нь бүх ард түмэн санаа зовохын хэрээр ажил хэрэг дампуу байдалтай. Жишээлэхэд ногоо тарьдаг хүмүүс түү­нийгээ бизнес болгоод хөдөлмөрийнхөө үр ши­мээр амьдарч байна. Ард түмний анхаарлын төвд буй тариа будаа болоод ирэхээр нь бөөн маа­паа­ны уурхай. Хий тарьж, хий хадгалаад, хий муутгаад, хий устгаад  мөнгөө харин бодитойгоор авсан байна ч гэх шиг...

Ер нь ард түмэн ан­хаарч байна гэдэг бол нарийндаа хэн ч анхаа­рахгүй л гэсэн үг юм шүү дээ. Орон даяараа хад­лан бэлдэхэд санаа зовж байгаа боловч яг малч­дын санаа огт зовохгүй байгаа. Ер нь эх орны санаа зовж байхад хувь хүн сэтгэлээ тавгүйдүүлэх ямар  хэрэг байна. Мал­чид хадлан огт бэлдэхгүй.  Яах юм бэ? Зуд болбол эх орон ард түмэн өвс ачаад ирэх юм чинь. Их хурлын гишүүн улс төрч­дөд "Эх орондоо хайр­тай"-гаа харуулах сайхан боломж гарна. Өвс тэ­жээлийг цуваа, цуваагаар нь илгээж байгаагаар зурагтаар гарч, ирэх сон­гуулийн саналыг урьд­чилан цуглуулна. Зуд бо­лоогүй нутгийн депу­та­тууд дэмий л атаархан "Үүл буудаж цас оруулан хиймэл зуд сэтгэх боломж байдаг бол уу" гэх маягтай санааширна.

Айхавтар зуд болоод хамаг малаа барчихлаа гэхэд  малжуулах төсөл гэж нэг сайхан юм байна. Үнэгүй мал өгөөд гол залгуулчихна. Мал өсө­хөө болохоор цөөдөхгүй, нэг мэдэхэд овоо хэд болчихно.

Адилхан хувийн өмч­тэй, тэрийгээ мачийж байж арчлан амь зууж яваа иргэд үүнд дургүй нь хүрэх боловч "Амьтны ад болох байх" гэж айгаад юм хэлэхгүй. Юм хэлэхгүй байх тусам улам оодорно. Хот нь нүүдлээ авран хамгаалах, тэтгэх үүрэгтэй мэт.

Хэрэв хүйт эхлэхийн хэрд "Нийслэлийн иргэ­дээ, машины тос тосоо­лыг  өвлийнхөөр солио­рой" гэж уриалаад. Зас­гийн газарт иргэдийн төдөн хувь нь машиныхаа аржаатарт хөлддөггүй тосоол хийж амжаад бай­гаа тухай сонсгол орж ирээд л. Хотын дарга "Ирэх долоо хоногт баг­таан иргэдийн машиныг дулаан гараажид өвөл­жүүлэх асуудлыг шийднэ" гэж амлаад эхэлбэл шууд л элэг доог болно.

Харин хөдөөгийн ир­гэ­дийн малчдыг дааруу­лахгүй, тураахгүй өсгөх талаар яривал улс орны тулгамдсан асуудал болоод ирнэ.

Ерийн сайхан сэтгэл, хүн хүндээ туслах уламж­лалын нэг илрэл юм уу гэхээр эргэх холбоо байх­гүй. Энд "Хотод орон гэр­гүй ядуус өчнөөн байдаг юм гэсэн. Ядахдаа дэв­сээд унтаг" гээд нэхий явуулсан тухай мэдээ, "Улаанбаатарт махны үнэ тэнгэрт хадсан гэсэн. Хоногийн хоолгүй нэгэнд нь өгөөрэй" гэсэн захиас­тай ганц хөл мах ч болов 22-ын товчоогоор ирсэн гэх сураг ер гарч байгаагүйг л хэлж байна.

Хүний ач санадаггүй хэсэг нь хөдөө байна гэсэн үг бас биш шүү. Малчид бол хэзээ хэзээ­нээс ном зохиолд цайл­ган цагаанаараа алдар­шин бичигдсэн улс.

Энд хоёр юм ажиг­лагдаж байна. Юуны өм­нө мал маллан амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн үлэмж хувь нь түүнийхээ ирээдүйд ит­гэхгүй болсон шиг байна. Өөрөөр хэлбэл, амьд­ра­лынх нь чанарт мэдэгдэм ахиц гаргах, өсч дэвжих хэрэгслэл бол мал биш гэж харж байна. Харин тодорхой бизнестэй зал­гатал идэх уух өмсөх зүү­хээр таслахгүй байх  та­лон маягаар харж, хайх­рамжгүйдүү хандаад байх шиг. Тийм болохоор тодорхой менежмент хийх­­гүй, хадлан тэжээл бэлтгэх, зуд турханыг давах энэ тэрд тийм ч их санаа зовохгүй байдаг бололтой. Мал өсөхийн хэрээр үнэ ханш нь багасч  байгаа нь ч үүнд нөлөөлж байгаа .

Малчдын үлэмжхэн нь ирээдүйгээ хотшил, суурьшлаар төсөөлж бай­гаа боловч тэнд очоод хөлөө олох эсэхдээ эргэл­зэж байгаа учраас л тээ­нэ­гэлзэн хүлээж байгаа. Хэзээд явна гэсэн бодол­той. Тийм болоод л ху­вийн өмч, хувийн бизнес­тээ хайхрамж муу байгаа.

Хоёрдугаарт, малчид нийгмийнхээ бусад хэс­гээс  хариуцлага болон үнэлэмжээрээ ялгарч бай­на. Туслуулах нь өн­гөн дээрээ сайхан боловч цаагуураа их  урхагтай эд.  Тусламж хөнгөлөлт нь  хэн нэгнийг хүч чадлаар бусдаар дорой гэдгийг албан ёсоор хүлээн зөв­шөөрсний илэрхийлэл болж гарч ирдэг. Ингээд харахаар малчид хэмээх нийгэмд хариуцлага хү­лээх чадамжаар нэг шат доогуур анги гарч ирч байгаа дүр зураг хараг­дана. Энэ нь мал маллан амьдарч буй Монгол Ул­сын иргэдийн хувьд тун тааруу зүйл юм.  Хотын­хон л тусалж байхгүй бол өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй бүлэг иргэн бий болж байна гэсэн үг.

 Өнөөдөр малчин хүн  "банкинд зээлээ төлөх­гүй" гэж хэлэхэд болж байгаа төдийгүй депутат  ч тэднийгээ догиож байх юм. Депутатыг ойлгож болно. Тэдэнд ухаантай сонгогч биш харин са­налаа өөрт нь өгдөг сон­гогч л хэрэгтэй.

Харин хотын хүн "Бан­­кинд зээлээ төлөх­гүй" гэвэл тэнэг манга­раараа дуудуулна. Хо­риод жи­лийн өмнө бол гэртээ хэвлэлийн  бага хурал хийлгээд "Дахин зээл өгөхгүй байгаа уч­раас түрүүчийн зээлээ төлөх­гүй" хэмээн мэдэг­дэж болдог байсан. Одоо бол өнгөрсөн.

Цаашдаа хотынхон малчдаа хайрласаар, өвс хадаач гэж үглэсээр, зуд болбол тусламж илгээ­сээр байх байх л даа. Гэхдээ өөрснөө бие даах, хариуцлага хүлээх чадвар бусдаас доогуур гэж хар­даг болно. Ав адилхан сонгуулийн эрхтэй боловч ажилд орох болоход "За даа, хотын нөхөр нь дээр байх аа. Ядаж л хариуц­лага хүлээх чадвартай. Харин энэ малчин чинь өөрийнхөө өмчийг зу­даас хамгаалж чадахгүй хэвтэж, миний хөрөнгийг эрсдэлээс хамгаална гэж юу байхав" гэсэн байд­лаар гадуурхагддаг болох эрсдэлтэй.

Ингээд харахаар нийг­мийн тодорхой хэсэг нь иймэрхүү хариуцлага­гүй байдлаар амьдарч, "дутуу төрсөн" явдлаараа  түрий бариад явж таа­рахгүй. Бас малыг энэ байдлаар мал­лаад цаа­шаа бас явахгүй. Нэг ийм дүр зураг хараг­даад байна. 

Өгүүллээ нийтлэгдэ­хээс өмнө найзууддаа харууллаа. Нэг нь хэлж байна. "Чи өөрөө малчны хүүхэд. Малчид чамд гом­дох байх даа" гэж. Мал­чид надад гомдохгүй ээ.  Ми­ний өгүүллийг нэг ч мал­чин уншихгүй юм чинь?  (Малчдыг бичиг үсэггүй гэж байгаа юм биш шүү. Хам­гийн гол нь тэд өдийд огт өөр юм "уншаад" завгүй байгаа юм.)