Гэм зэм
Тайваний тэргүүн хатагтай асанд 10 жилийн ял өгчихжээ. Яахнав дээ хөөрхий, тэргэнцэр дээр явдаг тахир татуу эмгэнийг!
Тайваний тэргүүн хатагтай асанд 10 жилийн ял өгчихжээ. Яахнав дээ хөөрхий, тэргэнцэр дээр явдаг тахир татуу эмгэнийг!
Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Чэнь Шибүн одоо шоронд байгаа, удахгүй шүүх ажиллагаа нь эхлэнэ. Прокурор түүнд бүх насаар нь хорих ял төлөвлөчхөөд байгаа. Чэнь Шибүн нь 8 жил энэ арлын ерөнхийлөгчийн албыг гүйцэтгэхдээ улс орныхоо улс төрийн амьдралыг үндсээр нь өөрчилсан хүн. Ардчиллыг, үндэсний тусгаар тогтнолыг нийгмийн амьдралд хэвшил болгосон гавъяатай. Цаг нь болоогүй байгаа тусгаар тогтнол руу хэт шунаж, Хятадтай хэт дайсагнан харилцсанаас болж тайваньчуудад үнэн хэрэгтээ гадны аюул заналыг ойртуулсан, АНУ-тай хүртэл харилцаа хүйтрүүлсэн гэх мэтээр түүнийг сөрөг гоминдан намынхан хатуу шүүмжилдэг. Энэ бол ардчилсан нийгэмд байх л ёстой шүүмжлэл.
Харин тэр эхнэртэйгээ, намын нөхөдтэйгээ, сайд нартайгаа нийлж байгаад улсын хөрөнгөнөөс их мөнгө хулгайлж, нийгмийн баялгаас завшжээ. Урьд нь тавин жил завсарлагагүй ноёрхсон гоминданы эрх баригч цэргийнхэнтэй харьцуулбал ялигүй юм гэж хэлж болохоорыг хуссан байх л даа. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа хууль номоор явбал яггүй хүнд гэмт хэрэг үйлдсэн бололтой. Цэргийн дарангуйллын үед Гоминдан нам дангаар ноёрхож байсан тул улс төр үзэл суртлыг тэргүүн эгнээнд тавиад хоорондоо үгсэх хуйвалдах, үзэл суртлын өөр бүлэглэлийг гаргаж ирэхгүй хориглох зэрэг асуудал нь илүү чухал учир дээдчүүлийн хөрөнгө мөнгө идэж шамшигдуулахыг хууль хяналт нь бараг тоодоггүй байж. (Сонирхуулж хэлэхэд Гоминдан гэсэн нь “Ардын хувьсгалт нам” гэсэн үг ба Монголын ардын хувьсгалт намыг үүнээс ялгахын тулд “Мон-гу Го-мин-дан” гэж хэлж бичдэг аж. Намынх нь бэлэг тэмдэг нь дэлгэсэн улаан сарнай юм билээ). Одоо бол Тайвань нь ардчилсан нийгэм. Ийм нийгэмд гэм хийсэн л бол хуулийнхаа дагуу зэмээ хүртэх ёстой.
Ардчилсан нийгмийн гол шалгуурын нэг нь нийгмийн гишүүд шүүх, нийгмийн өмнө тэгш байж чадаж байна уу гэдэгт бий. Нэг нь тэрбумаар нь хусчихаад дээрээс нь нэмэрлэж одон тэмдэг нэхэж галзуурч байхад нөгөө нь таксиний мөнгө хулгайлж хүүхэддээ талх авч өгсний төлөө 10 жилийн хорих ял авч байвал ямар юмных нь тэгш байдал байх билээ. Хулгай бол ямар ч нийгэмд ямар зорилготой үйлдсэнээсээ үл хамаараад шийтгэгддэг. Мэдээж хүн болгоны нийгэмд эзлэх байр суурь янз бүр. Өөрөөр хэлбэл тэгш бус. Тэгш байх ч бололцоогүй. Дээр жишээлж байгаа хоёр иргэний нийгмийн байр суурь, орлого зарлага, нөлөө, чадал тэнхээ, авъяас билэг нь тэнгэр газар шиг ялгаатай. Харин нийгэм энэ гишүүддээ тэгш хандах, шүүх энэ иргэдэд алагчлалгүй адил хандах нь ардчилсан нийгмийн амин зарчим мөн.
Алив улсын Үндэсний аюулгүй байдлын гол зарчмын нэгэнд төрийн функционал үйл ажиллагаа тасралтгүй хэвийн явагдах нөхцөл байдаг. Ялангуяа төрийн тэргүүний хувьд энэ нь их хамаатай. Улайм цайм олны нүдэн дээр хөдлөшгүй баримттайгаар гэмт үйлдэл хийчихээгүй л бол хууль хяналтын байгууллага бүрэн эрхийг нь дуусахыг хүлээдэг нь нэлээд өргөн практик бололтой. Францын ерөнхийлөгч Жак Ширакийн охиныг нь байцааж байсан боловч тэндээс бүрэн нотолгоо илрээгүй учир төрийн тэргүүний хугацаа дуусахыг хүлээж байгаад байцаалтад оруулжээ. Израилийн ерөнхийлөгч мөн хугацаагаа дуустал сул явж байгаад дараа нь ял авч шоронд шилжсэн. Ерөнхий сайд нь ч одоо шүүхээр орох гэж байна. Бүгд шамшигдуулал, авилгын асуудалтай. Орчин үеийн Японы хамгийн цуутай лидерийн нэг ерөнхий сайд Танакагийн “Локхид” компаниас сая долларын урамшуулал хүртсэн хэрэг нь нотлогдож нэлээд хэдэн жилийн ял авч л байсан.
Харин ардчилсан оронд төрийн тэргүүн гардуулчихвал ямар ч өршөөлгүй бололтой. АНУ-ын дэд ерөнхийлөгч Спиро Агню 10 мянган долларын асуудал дээр яг гардуулсан. Улайм цайм нотолгоо нь гараад ирсэн учир шүүхийн хаалга татсан даа. Харин дээр нь байсан ерөнхийлөгч Никсон шоронд ороогүй боловч огцорсон нь түүний үйлдэл эрүүгийн гэхээсээ ёс зүйн хэрэг байсантай холбоотой. Сөрөг намынхаа яриаг сэм чагнасан үйлдлийг мэдсээр байж нуун дарагдуулсан хэрэгт орсон юм. Ингэж Форд хэмээх хүн Америкийн түүхэнд огт сонгуулиар оролгүйгээр төрийн тэргүүн болсон цорын ганц хүнээр бүртгэгджээ.
Ерөнхийлөгч байсан болон түлхэн унагагдсан төрийн тэргүүнийг дэглэмийн орнуудад идэж шамшигдуулсан, авилгад оролцсон хэрэгт орооцолдуулдаг нь харин нэлээд түгээмэл үзэгдэл. Улс төрийн үзэл бодол нь таалагдахгүй байна гэснээс шууд л мөнгө цаас идсэн гэж зарлах нь илүү “гоё” харагддагаас тэр. Ийм орнуудад хараат бус шүүх байдаггүй, хууль хяналтын байгууллага нь хуулиндаа гэхээсээ одоо ноёлж байгаа төрдөө шууд үйлчилдэг учраас ийм шийдвэр гаргуулах нь ч амархан байдаг. Тээр жил Малайзын ерөнхий сайдын орлогчийг ерөнхий сайд нь араандаа зуугаад хөрөнгө шамшигдуулсан хэрэгт унаган 7 жилийн ял өгүүлж л байсан. Түлхэн унагагдсан ерөнхий сайд Бхуттог цэргийн дэглэмийнхэн авилгын хэрэгт гүтгэн дүүжилж хороосон. Латин Америкт байнга гардаг төрийн эргэлтүүдийн дараа шинэ нь хуучнаа ёс юм шиг авилгын хэрэгт түлхдэг. Иймээс ардчилсан бус оронд болдог энэ маягийн үйлдлийг бие даасан шүүх засаглалтай, нээлттэй, ардчилсан төрийн тогтоцтой, төрийн эрх мэдэл нь бүх нийтийн сонгуулийн үр дүнгээр шилждэг, чөлөөт мэдээллийн хэрэгслэлтэй, иргэд нь хуулиар төдийгүй амьдрал дээр нийгэм хуулийн өмнө тэгш байж чаддаг ардчилсан улс орнуудын “гэм хийсэн бол зэм хүртэнэ” гэсэн шудрага зарчимтай хольж хутгах нь дэндүү эрээгүй хэрэг болно.
Гэхдээ хувьсгалаар онхолдсон болгон шудрага, цэвэр цэмцгэр байдаг гэсэн үг биш. Ялангуяа хөгжиж буй ядуу буурай орны дарангуйлагчид язартлаа идэж, эргэлтээр унангуут тэр нь илэрч бөөн шуугиан болдог. Филиппиний Маркос олон зуун саяыг хуссан нь унасны дараа нь тодорхой болсон. Индонезийн Сукарног авч хаясан Сухарто түүний идэж уусныг жигшин тооцоо хийж байсан авч өөрөө эргээд унахдаа идэж уусан нь олон тэрбумаар хэмжигдэж Гиннесийн аврага амжилтад бүртгэгдсэн. Нигер нь баян ч улс юм, баялагтай ч улс юм, унасан ерөнхийлөгч болгоны хулгайлсан мөнгө түрүүчийнхийгээ ёс юм шиг давна. Этиоп нь дэлхийн хамгийн ядуу орон боловч эзэн хаан Халлэ Силлэз 15 тэрбум доллар Швейцарийн банкинд хадгалж байсан нь илэрч дэлхийг тэр чигээр нь алмайруулж байсан. Харин түүнийг унагаж хувьсгал хийсэн коммунист удирдагч Мэнгэстү Халлэ Мариам 15 жил энэ ядуу оронд социализм байгуулсны эцэст эзэн хаанаас илүүг хулгайлсан нь тогтоогдож бүр ч гайхмаар юм болсон. Иргэд нь нүдэн дээр нь мянга мянгаараа өлбөрч үхээд байхад ингэж бас болдог л юм билээ.
Гэмийн араас зэм дагалдах нь хүний нийгмийн ёс боловч уучилж хэлтрүүлэх гэж бас нэгэн хүний ёс бий. Уучлах олон шалтгаан байдаг байх. Орос орныг ардчилалд хөтлөн аваачихад асар их үүрэг гүйцэтгэсэн ерөнхийлөгч Ельциний ялангуяа хүүхдүүд нь авилга хээл хахуулийн асуудалд ихээхэн гүн холбогджээ. Баримтжуулсан ном товхимол ч их бий. Гэвч Оросын төрийг тэргүүлсэн болгон буусныхаа юмуу үхснийхээ дараа үргэлж буруутдаг нэг муухай уламжлал байдгийг таслан зогсоох шаардлага ч гарсан байх. Иймээс Ельцин болон түүний гэр бүлийнхэнтэй холбоотой асуудлыг дараагийн төрийн тэргүүн авч үзэлгүйгээр хэргийг нэг мөсөн хаасан байна. Магадгүй энд нийгмийн хор уршгийг нь дэнсэлж үзсэн биз. Төстэй явдал 2000 онд Солонгост болж билээ. Цэргийн дэглэмийн үед бослого гаргасан оюутнуудыг олноор нь буудан хороосон хэрэгт ерөнхийлөгч асан Чон Дү Хван, Ро Дэ Ү нар буруутгагдсан. Мэдээж хэрэг авилга хээл хахуулийн хэрэг ч сөхөгдсөн. Тэдэнд цаазаар авах ял оноожээ. Гээд жил суулгалгүй бүрэн уучилсан юм. Ял нь уг нь ийм байгаа шүү, шудрага ёс хууль журам сахигдах болно шүү гэдгийг тэдэнд төдийгүй ард түмэндээ, улмаар дэлхийн нийтийн өмнө нотлон харуулж буй хэрэг. Хэрэг хуучирдаггүйг ч хэлж байгаа юм. Харин уучлал бол тусдаа хэрэг, үүнд өөрийн шалтгаан ч байгаа биз ээ.
Яагаад өнөөдөр зуун нас хүрэх гэж байгаа нацистын нуугдчихсан гэмт хэрэгтнүүдийн араас хөөцөлдөн заавал шоронд суулгах гэж улайрцгаагаад байдаг юм бэ? Эрүү өвдөг нь нийлэх байтугай зөрчихсөн, ухаан санаа ч авах юмгүй болсон тэднийг заавал шоронд үхүүлснээр хэнд ашиг гарах юм бэ? Ашиг асар ихтэй! Хууль хэрэгжиж, шудрага ёс байсаар байгааг бүгдээр харж байх нь маш чухал юм. Бид шудрага нийгэмд амьдарч байгаа, ийм юм хэзээ ч давтагдах ёсгүй, давтагдвал заавал ял шийтгэлтэй – өөрөөр хэлбэл гэм болгон зэмтэй. Энэ нь хэн нэгнийг яллан шийтгэж бах таваа хангах асуудал биш, өөрөө шудрага үнэний үндсэн зарчим юм.
Зарим гайхал хуулийн шүүхээр шүүлгэхгүй, бурханаар шүүлгэнэ гэхчлэнгээр дөвчгөнөдөг. Эрх мэдэл, эд мөнгөөр зодоод хүний хорвоогийн шүүхээс мултарч болох боловч бурханы шүүхээс гарахгүй, өөрөөр хэлбэл гэм хийсэн бол зэмээс хаашаа ч мултрахгүй. Хойд нас, там диваажин яриагүй л дээ, бузартсан нэр нь хэдэн үе дамжин үр удмых нь чихийг хангинуулна гэдэг бурханы шийтгэл бус уу?!
амгаа нислэгийн цаг
Зочин
Зочин
зочин.