-УИХ дахь Хүний эрхийн дэд хорооноос "Долдугаар сарын 1"-ний хэрэг явдалтай холбоотой санал, дүгнэлтийг та боловсруулаад сууж байна. Нууц биш бол ямар агуулгатай зүйл бичиж байгаа вэ?

-Санал, дүгнэлт биш, дүгнэлт, зөвлөмж гаргаж байгаа юм. Өнгөрсөн 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үйл явдлын үеэр хүний эрхийг зөрчсөн явдал дээд түвшнээсээ хальж, Хүний эрхийн үндэсний комисс дүгнэлт гаргасан. Тэдгээр зөрчлийн талаар УИХ дахь Хүний эрхийн дэд хороо дүгнэлт, зөвлөмж гаргаж байна. Тодруулбал, "Цаашид тийм явдлыг өөгшүүлэхгүйн тулд ийм арга хэмжээ авах ёстой" гэсэн утгатай зөвлөмж бичээд сууж байна. Ажлын хэсэг "Тэр үед үнэхээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үү" гэдгийг нягталж шалгалаа. Гэхдээ хүмүүс 2008 оны долдугаар сарын 1-нд үзэл бодлоо илэрхийлсэн үү, үймээн самууныг өдөөсөн үү гэдгийг бид дүгнэхгүй. Харин нөгөө ажлын хэсэг дүгнэнэ. Бидний хувьд, хүний эрхийн асуудалд голлон анхаарч байгаа. Тиймээс үймээнийг тараасны дараа цагдаагийнхан баривчлагдсан иргэдийг өөрсдийн мэдлийн барилга, байгууламжид оруулж ирчихээд зодсон уу, нэр төрийг нь гутаан доромжилж, харгис хэрцгий хандсан уу гэдгийг нягталж байна. Ер нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүүдэн шүүсэн, хууран мэхэлсэн, нотлох баримтуудыг хуурамчаар үйлдүүлсэн зөрчлүүд байна уу, үгүй юү. Ямар ч байсан "Шүүх нэг талыг баримтлан ажиллаж, дээрээс даалгавар авсан, бас бүгдийг хоморголон кампаничилсан байдлаар шүүх хурлуудыг хийсэн" гэх шүүмжлэлүүд гарсан. Хүний эрхтэй холбоотойгоор хөнддөг хамгийн сүүлчийн сэдэв нь иргэдийн эсрэг галт зэвсэг ашигласан явдал юм. Шүүх дээр асуудал явагдаж байгаа учраас бид энэ талаар нээлттэй сонсгол зохион байгуулж чадалгүй түр хойшлууллаа.

-"Шүүх дээр асуудалтай байгаа" гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Шүүхийн процесс явагдаж, прокурор  асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн үү, үгүй юү гэдэг дээр бөөн маргаан гарч байгаа. Миний сонссоноор, өнгөрсөн баасан гарагт Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав хохирогчдын гомдолд үндэслэж, цагдаа нарт холбогдох хэргийг дахин шалгуулахаар шийдвэрлэсэн. Тийм учраас бид "Долдугаар сарын 1"-тэй холбоотой сэдвээр нээлттэй сонсгол хийж чадахгүй юм байна. Дараачийн сонсголыг хүлээх хугацаа нэгэнт байхгүй учраас галт зэвсгээс бусад сэдвээр сонссон зүйлсээ дүгнэлт, зөвлөмждөө оруулахаар боллоо. Нээлттэй сонсголыг олон хүн үзсэн байх. Цагдаа нар хүмүүсийг зодож, тэр дундаа өширхсөн байсан. Тэд үймээнд оролцогсдод зодуулсан учраас уурласан. Үүнээс гадна мэргэжлийн сэтгэл зүй дутуу байснаас үймээнийг тарааж, хүмүүсийг баривчилсныхаа дараа өс хонзон авч байгаа юм шиг, шүүхээс гадуур ял, шийтгэл оноож байгаа мэт иргэдийг зодож, нэр төрд нь халдан зэрлэг балмад аашилсан явдлууд гарсан шүү дээ. Нээлттэй сонсголын үеэр цагдаагийнхан үүнийг хүлээн зөвшөөрч, хэлсэн үгс нь протоколд бий. Хүний эрхийн үндэсний комиссынхон нотлох баримт болгож, гаргасан дүгнэлтүүд бас байна. Хүний эрхийн дэд хорооноос томилогдсон ажлын хэсгийнхэнд иргэдээс гаргасан гомдол, тайлбарууд зэрэг хангалттай баримтуудтай учраас "Цагдаагийнхан хүмүүсийг хуулиас гадуур шийтгэж,  зодсон асуудал байгаа юм байна" гэж үзсэн. Үүнээс гадна эрүүдэн шүүсэн явдал бий. Иргэдийг бууны бөгсөөр зодож, "Чи хоёр чулуу шидсэн гээд хэлчих. Тэгвэл чамайг суллана" гэж хууран мэхлэх байдлаар гарын үсэг зуруулчихаад зөвхөн тэр хүний мэдүүлэг дээр түшиглэн шоронд явуулсан байдаг. Энэ нь процессын хуулиар хориотой атал шүүх, прокурорынхон үүнийг хүлээн зөвшөөрч, хуулиа мөрдөөгүйгээс "Шүүх, прокурор нэг талыг барьж ажилласан уу" гэдэг гурав дахь асуудал үүсч байгаа юм. Тиймээс үүн рүү чиглэсэн томоохон зөвлөмж гаргах гэж байна. Хүссэн, хүсээгүй дахиад л хэрүүл хийхээс өөр аргагүйд хүрлээ.  
     
-Хэнтэй тэр вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн сайдад л хаяглагдаж байна. Яагаад гээч. Салбарын сайд нь хууль зүйн бодлогоо гаргаагүй. Бодлого нь ямар нэгэн хэмжээгээр тодорхойгүй. Хууль зүйн бодлого нь дотоод хэргийнхээ асуудалд олон жил дарагдсан учраас тус салбарт томоохон шинэчлэл хийх ёстой. Тийм учраас зөвлөмжүүдийн дийлэнх нь Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн сайд руу чиглэж байгаа юм. Ер нь ийм, ийм алхмуудыг хийж чадах уу, үгүй гэж шахахад хүрэх нь л дээ.  
   
-Үймээний үеэр албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн ажилтны өдрийн тэмдэглэл танд байгаа гэж сонссон. Тэрхүү тэмдэглэлд юу гэж дурьдсан байх юм?

-Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг ажлаа өгсний дараахан цагдаагийн нэгэн ажилтны өдрийн тэмдэглэл надад ирсэн. Өмнө нь "Үнэн. Тийм тэмдэглэл байгаа" гэх яриа төдийхөн л байсан. Гэхдээ түүнд айдас байсан юм байна. "Прокурор тэртэй, тэргүй шударгаар шийдэхгүй, үнэн мөнийг олохгүй учраас би үнэнийг хэлснийхээ төлөө хохирно" гэж болгоомжилсон ч байх. Цагдаагийнхан "Ганзага нийлэхгүй бол хариуцлага тооцно" гэдэг аймшгийн системд байгаа учраас болсон үйл явдлыг үнэнээр нь хэлье гэсэн ч тэгж зүрхлэх цагдаа нар ховор. Хэллээ ч өөрсдөө хохирох нь их. Яагаад гэвэл, Монгол Улсад гэрчийг хамгаалах тогтолцоо байхгүй. Хууль зүй, дотоод хэргийн сайд энэ тухай хуулийн төслийг оруулж ирдэггүй. Тэр ч бүү хэл бодлогоо тодорхойлдоггүй учраас шударга механизм бий болгох маш олон тогтолцоо ор хоосон байна. Танд би бичиж байгаа зүйлээсээ ганцхан өгүүлбэр уншиж өгье. Тухайн үед цагдаа нар хоорондоо ярьж байсан зүйлсээ ингэж тэмдэглэсэн байна. “Дарга машин дотроосоо нэг хүүхдийн хэвлий рүү буудаж унагасныг би харсан. Дарга сайн бууддаг юм билээ. Түүний сууж явсан эргүүлийн машины баруун талынх нь толин дээр жижиг бууны мөр гарч, хагарсан байсан. Тэрхүү машин нь "УБЗ 40-59" гэсэн дугаартай" гэж. Цагдаа нар дотроо ярьсан юмнуудыг нэр устай нь детальчлан бичсэн тэмдэглэлүүд ч байна. Харин эдгээрийг олон нийтэд яаж ил болгох вэ л гэж бодож сууна.

-Цагдаа залуу хэчнээн хуудас тэмдэглэл хөтөлсөн юм бол?

-Гурван хуудас. Үүнд ноцтой баримт маш их бий. Жишээ нь, "Цагдаагийнхан бие бүрэлдэхүүнээрээ уулзах үед дарга "Үймээн гарсан газарт самналт хийж, "АКМ", галт сумаар буудсан ул мөрийг устгуулахаар бууны хонгио түү" гэж тушаасан. Бид түүж авчирсан. Хонгионуудыг хэсэг цагдаад өгч, тэдгээрийг устга гэсэн" гэж тэмдэглэлдээ бичсэн байдаг. Гэвч тэр цагдаа хонгионуудыг устгалгүй нотлох баримт болгон манай ажлын хэсэгт авчирч өгсөн. Цагдаагийн ажилтан маань тэмдэглэлдээ "Дарга хонгионуудыг түүлэгчихээд сургуулийн сумны хоосон хонгионуудыг "Үймээн гарсан газар тарааж хая" гэхэд бид тараасан. Үүний дараахан биднийг "Талбай дээр жагсч, эсэргүүцлээ илэрхийл" гэхэд нь зөвшөөрөөгүй учраас "Ганзага нийлэхгүй юм байна. Энэ байгууллагад цаашид ажиллахыг чинь харна" гэж дарамталсан" гэх мэт ноцтой баримтуудыг өгүүлжээ. Энэ юуг хэлж байна вэ гэвэл, тухайн үед жагсаалыг тараасны дийлэнх нь хууль ёсны байсан. Гэхдээ галт зэвсгээр таван залуугийн амь насанд хүрч, олон хүний эрүүл мэндийг хохироосон нь хуулийг ноцтой зөрчсөн явдал. Үүнийг цагдаагийнхан мэдэж байна. Мэдсэн учраас далдлах арга хэмжээ зохион байгуулсан. Бүр цагдаагийн бие бүрэлдэхүүн тэр чигээрээ ажилласан байдаг. Тэгэхээр үнэн мөнийг нь л олох хэрэгтэй. Ийм цагдаагийн байгууллагатай байж болохгүй.

-Улсын ерөнхий прокурор цагдаагийн экс дарга нарт холбогдох хэргийг сэргээсэн нь нийгэмд маргаан тарьж байна. Зарим эх сурвалж "Нэгэнт хэрэгсэхгүй болсон асуудлыг дахин сэргээнэ гэж байдаггүй юм" гэж эгдүүцэж байгаа. Мэдээж хэрэг, та "Сэргээсэн нь зөв" гэх байлгүй?

-Энэ бол Улсын ерөнхий прокурорын бүрэн эрхийн асуудал. Прокурор "Үндэслэлтэй" гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгоно. Хэрэгсэхгүй болгосон хэргийн үндэслэл нь асуудалтай байна гэх юм бол дахин сэргээж болдог. Цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн гэдэг нь хангалттай нотлогдсон. Прокурорууд өөрсдөө шүүхийн өмнө үүнийгээ нотолж чадна гэж хэлж байгаа. Харин прокурорууд "А гэдэг цагдаа Б гэдэг иргэнийг буудсан гэдгийг бид хангалттай нотолж чадаагүй учраас хэрэгсэхгүй болгож байгаа юм" гэж хэлсэн нь надад цочир санагдсан. Гэтэл А гэдэг иргэний шидсэн чулуу Б гэх цагдаагийн толгойг хагалсан, байшингийн тэр цонхыг хагалж, ийм хэмжээний хохирол учруулсан гэдгийг нотолж чадаагүй мөртлөө прокурор хохирлыг бөөнөөр нь базаж тавиад хүмүүсийг бөөнөөр яллаж, шүүх түүнийг нь хүлээн зөвшөөрөөд шийдчихсэн шүү дээ. Иргэдэд өөр дүрэм, журам үйлчилдэг. Цагдаад бүр өөр нь үйлчилдэг ийм дэглэм байж болохгүй. Үндсэн хуульд "Хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байна" гэж заасан байдаг биз дээ. Дээрх баримтаас үзэхэд, цагдаагийн жирийн ажилтнуудаас гадна "Албан үүрэгтээ хайнга хандсан" гэгддэг удирдах албан тушаалтнууд нь иргэд рүү буудсан байна. Тэдгээр албан тушаалтан Өршөөлийн хуульд хамрагдахгүй. Цагдаа нарыг "Бууд" гэж командлаагүй ч биеэрээ үлгэрлэж, буудах зөвшөөрөл өгчихөөд "Албан үүрэгтээ хайнга хандсан" гэдэг хуулийн зүйл, заалтаар явж болохгүй. Эндээс надад юу харагдаж байна вэ гэвэл, Улсын ерөнхий прокурор асан М.Алтанхуяг заавар, чиглэл өгсөн үү, аль эсвэл улс төрд тийм ойрхон байсан уу. Айх зүйлтэй байгаа юм уу, мэдэхгүй. Прокурорууд яагаад тийм хайнга үнэлэлт өгч, хууль зүйн алдаа дутагдалтай зүйл хийв. Нотлох үйл ажиллагаагаа юуны учир чадварлаг явуулж чадахгүй байна вэ гэдэгт асуудал бий. Дахин хэлэхэд, би танд ярьж байгаа ноцтой баримтуудаа олон нийтэд хэрхэн дэлгэхээ мэдэхгүй байна. Уг нь нээлттэй сонсголын үеэр задалъя гэж бодож байсан юм. Прокурорууд үүнийг "Хавтаст хэргийн нууц учраас болохгүй" гэдэг. Ний нуугүй хэлэхэд, "Хавтаст хэргийн нууц" гэдэг бол социализмын үеийн ойлголт. Ийм ойлголт байдаггүй. Харин хэрэг илрүүлэх тактик, аргачлалын нууц гэж байдаг. Аль эсвэл гэрчийг хамгаалах зорилгоор тодорхой нууцлалтай байх ёстой. Гэтэл манай улсад гэрчийг хамгаалах систем байдаггүй. Миний хувьд, мэдээллийг задалъя гэхэд өөр нэг асуудал үүснэ. "Тэмдэглэл хөтөлсөн цагдаагаа яаж хамгаалах вэ" гэж. Үнэнийг хэлэхэд, тэр цагдааг яаж ч болно шүү дээ. Ажлаас нь дураараа хална. Амьдралыг нь үгүй хийнэ. Энэ нэг балиар систем "амьд" оршиж байгааг мартаж болохгүй. Гэтэл ийм системийнхээ эсрэг гэрч хамгаалах системийг тогтоогоогүй.

-УИХ-ын Төсвийн зарлагын дэд хорооныхон өнөөдөр /өчигдөр/ Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаад асуулга тавилаа. Тэрбээр байгууллагынхаа төсвөөс 350 сая төгрөгийг дур мэдэн зарцуулсан. Үүгээр ч зогсохгүй 40 сая төгрөгөөр загасны хэрэгсэл, майхан авсан гэх мэт асуудалд орооцолджээ. Хамгийн сонирхолтой нь тус газарт тусгай хуулийн дагуу төсвөөс 100 сая төгрөгийн тэтгэмж хуваарилдаг юм байна. Таны хувьд, энэ тухай аль хэдийнэ мэдчихсэн биз дээ?

-Авлигатай тэмцэх ажлыг далайцтай зохион байгуулахын тулд Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг дэмжих ёстой. Гэхдээ "Манаачийг хэн манах вэ" гэж заавал бодох ёстой. "Аалзны тор"-ыг тасдах ёстой хүмүүс өөрсдөө хардуулж, сэрдүүлж, авлигын шинж чанартай хэрэгт холбогдоод, тор нэхэлцээд байвал асуудлыг хаана яаж шийдэх вэ гэдэг дээр асуудал үүсч л таарна. Миний хувьд, тус газрыг анх байгуулагдахад Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргаж байсан юм. Цэц өргөдлийг маань шийдэх нь битгий хэл дараад өнгөрсөн. Тэгэхэд би яагаад өргөдөл өгч байсан бэ гэвэл, Монгол Улс эрх мэдэл хуваарилах зарчимтай Үндсэн хуульт улс орон. Авлигатай тэмцэх газрын эрх, мэдлийн хуваарилалт хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Нэг талаас харахад, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллага мэт. Нөгөөтэйгүүр хэргийг мөрдөн шалгадаг шүүх эрх мэдлийн байгууллага шиг байна. УИХ, шүүх эрх мэдлийн байгууллагын завсарт хаана хамаарагдаж байгаа нь мэдэгдэхгүй байгууллага гараад ирэхээр манай системд "уягдахгүй" болчихно. Англи, Сингапураас өөр ийм жишээ байж болохгүй. Английн Хатан хаан өөрийнхөө мөнгийг хулгайлаад байгаа хүмүүсийг барихын тулд Хонконгод Авлигатай тэмцэх газар байгуулсан. Монгол бол тусгаар тогтносон улс учраас тус газрын эрх мэдлийг аль нэгэн эрх мэдлийг төвлөрүүлж байгуулах ёстой. Тийм учраас үйл ажиллагааг нь нарийн хянаж чадахгүй байна.

-Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн уржигдар "Зөвхөн Ч.Сангарагчааг биш, тус байгууллагынхныг тэр чигт нь өөрчлөх хэрэгтэй" гэж мэдэгдсэн. Та санал нэгтэй байгаа юу?

-Тэгвэл ч ёстой жинхэнэ ухралт болно. Авилгатай тэмцэх газрыг устгах биш өөрчлөх л ёстой байх.

-УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар та хэд хөрөнгө, орлогоо худлаа мэдүүлсэн төрийн албан хаагчдыг дуудсан биш улстөрчдийн хэл амны бай болж байх шиг байна. З.Энхболд гишүүн тухайн үед та бүхэнд "Акулууд"-ыг авчрахгүй яасан юм бэ гэж байсан бол уржигдар Ц.Нямдорж сайд энэ үгийг давтаж, Ж.Сүхбаатар гишүүнтэй ам мурийлаа?

-Үгүй яах вэ дээ. Хэн муу хэлж, хэн муу хэлэхгүй байна вэ гэдгийг ялгаад үзчих хэрэгтэй байх. Нийслэлийн гэр хорооллын жирийн иргэнээс асуугаарай. Тэр хүн нэг өрөө орон сууцтай болох гэж хэдэн жил мөрөөдөж явна вэ. Гэтэл нөгөө "Жараахай" гэгдэж буй хүмүүсийг "Гэдэс, дотор"-ыг хар л даа. Дөрвөн орон сууц нуучихсан байна. Тэдгээрийг хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ оруулалгүй хүүхдүүдийнхээ нэр дээр шилжүүлчихсэн. Үүнийг сонссон гэр хорооллын иргэний хөх инээд нь хүрч "Өө, "Жараахай" гэчихжээ, бас. Би нэг өрөө байрыг 20 жил мөрөөдөж байхад тэд тус бүр 2-3 өрөө дөрвөн орон сууцаа мэдүүлэгт дурьдаагүй мартчихсан хүнийг "Жараахай" гэдэг юм байна. Хувийн долоон компаниа "мартчихсан" хүнийг бас ингэж нэрлэдэг гэнэ. Гэтэл иргэд маань долоон компани битгий хэл оёдлын жижэг цех байгуулж, зээл авч чадахгүй үйлээ үзэж байгаа биз дээ. Тэр нөхдийн мартсан долоо дотор уул уурхайн компани хүртэл бий. "Жараахай" гэж нэрлэсэн хүмүүсээс асуумаар санагддаг юм. Та нар мэдэж байгаа "Тул"-ынхаа талаар ядаж өргөдөл бичээд Авлигатай тэмцэх газраар дамжуулаад оруулж ирээч. "Тул"-уудыг мэддэг л юм байна. Тийм учраас "Өө, эд "Жараахай" бариад иржээ" хэмээн голж байна шүү дээ. Та нар харж л байгаа биз дээ. Ядаж "Жараахайнууд"-даа хариуцлага тооцож чаддаггүй. Тэдэнтэй асуудал ярьж чаддаггүй хүмүүс "Тулууд"-даа загнуулаад суудаг биз. Зүүний сүвэгчээр зааныг ч чирээд оруулчихаж чаддаг тийм зальтай хүмүүс хөрөнгө, орлогын мэдүүлгээ бөглөчих мэдлэггүй өрөвдөлтэй л юм.

-Таны хувьд, MCS группээс 160 сая төгрөгийн орон сууц авсан тань үнэн үү?

-Миний хөрөнгө, орлогын мэдүүлэгт бүх зүйл тодорхой байгаа. Таны асуусан зүйлийг хоёр л хүн хэлдэг. Би хаанаас шиддэг "чулуу" вэ гэдгийг маш сайн мэднэ. Намайг MCS-тэй холбох сонирхолтой С.Эрдэнэ гэж УИХ-ын гишүүн байдаг юм. Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт хамтдаа дэвшиж, нэг намаас нэр дэвшсэн боловч Түгжил аятай араас хутга шаадаг нөхөр. Энэ хүн тойргийн маань сонгогчидтой уулзахдаа "Х.Тэмүүжин сонгуулийнхаа мөнгийг MCS-ээс авсан" гэж одоо болтол ярьдаг л юм билээ. Олон дахин яривал шүүх дээр уулзах хэрэг гарах байх. Уг нь би сонгуулийн өмнө сонгогчдоосоо хандив гуйж сонгогдсон. Хэн нь хулгайч, хэн нь луйварчнаа ил задгай хэлэхэд би дээр нь дарж унана уу гэхээс биш доор нь орохгүй л дээ. Хоёр дахь хүн нь Ц.Нямдорж гэж нөхөр байна. Намайг "Сонгуулийнхаа мөнгийг "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатаас авсан" хэмээн танай сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байсан. Хууль зүй, дотоод хэргийн сайд баталгаа, нотолгоотой зүйл ярих ёстой. Би түүнийг шүүхэд дууддаг юм уу гэж бодож байна. УИХ-ын гишүүний хувьд биш, Хууль зүй, дотоод хэргийн сайдын зүгээс хэлсэн үг байна лээ. Тэр тусмаа УИХ-ын чуулган дээр биш, сонинд хэлсэн үг. Хэлсэн үгнийхээ хариуцлагыг хүлээж, нотлох баримтуудаа бүрдүүлж байгаа байлгүй. Ганц намайг ч биш, надад итгэж, хандив өгсөн дэмжигчдийг маань доромжиллоо. Тийм учраас элдэв хардлага сэрдлэгийг тас цохихын тулд шаардлагатай арга хэмжээг авна. Харин хэн нэгэн сэтгүүлч хардаж, бичсэн бол би зүгээр л тайлбар хийнэ. Хэн нэгэн албан тушаалтан хэлсэн бол асуудлыг хаана шийдүүлдэг вэ, тэр зарчмаар л шийдүүлнэ.       
                                              
-Ц.Нямдорж сайд та хоёр бие, биедээ яагаад дургүй байдаг юм бэ. Төрийн ордонд тааралдахдаа ядаж "Сайн уу" гэж мэндэлцгээдэг биз дээ?

-Би хувь хүнийхээ хувьд дургүй биш. Итгэл, үнэмшлийнхээ төлөө хатуу зогсдог занг нь хүндэлдэг. Гэхдээ бод л доо. Би хуульч, тэр ч мөн адил. Хууль зүйн салбар дампуурч байна шүү дээ. Хүмүүс хуульчдад итгэхээ болилоо. Нийгэмд шударга ёсыг байнга хайж байна. Гэтэл энэ чухал салбарын "байшин"-г нь барилцаж, "тоосгонууд"-ыг нь өрөлцөх ёстой хүн нь сайд. "Барилгачин" нь ажлаа хийхгүй болохоор хажууд нь байгаа хүн бухимдаж л таарна. Тийм учраас би түүнтэй бодлогын хувьд зөрчилддөг. Бодлогын зөрчилдөөнөөр хувь хүний ааш аягаа гаргадаг нь тэр хүний асуудал. Энэ нь надад нэг их сонин биш.

-Ж.Сүхбаатар гишүүн тэр хоёрын толхилцоон ч гэсэн бодлогын зөрчилдөөнөөс болж, нэг голын хоёр эрэг дээр гарахтай адил биз дээ?

-Тийм. Зарим хүн үүнийг залуу, хөгшин, албан тушаалын төлөөх амбиц гэж тайлбарлах сонирхолтой байх шиг байна. Гол нь энэ биш. Бодлого л чухал. Монголыг авлига муухай харагдуулж байна уу, тийм. Хууль зүйн салбар эзэнгүй байна уу, тийм. Олон хүн шударга ёсыг хайж байна уу, тийм. Хохирогчид бухимдалтай байна уу, бас тийм. Эдгээрийг шийдэж чадахгүй байж УИХ-ын гишүүнд ажлаа яаж хийхийг заагаад байдаг юм. Би "Үгүй ээ, энэ сайд ажлаа хийж чадахгүй байж УИХ-ын гишүүдийн ажлыг заадаг нь юу ч вэ дээ" л гэж бодсон. Ж.Сүхбаатар гишүүн үүнд нь зориулж "Та сул гишүүн болчихоод үгээ хэл" гэсэн байх.

-Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд зургаан удаа тээг тавилаа. Жинхэнэ амбиц энд л ханхалж байна, тийм үү?

-Энэ тухайд сониноос л уншлаа. Миний хувьд, төмөр замыг хөндлөн тавих хэрэгтэй. Аюулгүй учраас өргөн царигтай барих ёстой гэж бодож байна. Геополитикийн асуудлыг хүссэн, хүсээгүй хөндөх боллоо. Киргизийг хар л даа. Том гүрнүүдийн тоглоомны золиос яаж болдгийг ил тод харуулж байна шүү дээ. Монгол Улс дэлхийд хэр хүлээн зөвшөөрөгдсөн бэ гэдгийг харахаар бидэнд геополитикийн сул тал бий. Тиймээс өөрсдөдөө хамгийн аюулгүй, зөв өнцгөө бид тодорхойлох ёстой. Африк шиг болмооргүй байна. Онцлог нь гудамжинд ч, Төрийн ордонд ч сүүлийн зургаан жил хэрэлдсэн, тэр хугацаанд баялгийг зөөж л байсан. Улс төрийн тогтвортой байдал үгүй болчихвол уул уурхай бүр ашиггүй болно гэсэн зарчим байдаг. Гэхдээ луйврын, хуйвалдаан бүхий улс төрийн тогтвортой байдал байж болохгүй. Тэр тусмаа Киргизийн хувь заяаг давтаж бүр болохгүй. Мэргэшсэн боловсон хүчний асуудалд ч анхаарах хэрэгтэй. Өнөөдөр Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт нар шиг сайн мэргэжилтнүүд алга. Асуудлыг ойлгож, гэрээ, хэлэлцээрүүдэд сууж байгаа байдлаас нь харахад тэднээс өөр сайн мэргэжилтэн хаана байна вэ. Шүүмжлэх амархан л даа. Гэхдээ энэ бол байх ёстой зүйл.

-Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлын үеэр та илтгэл тавьсан. Харин маргааш нь “Алтангадас” ч гэсэн ингэж л гарч ирсэн шүү дээ” хэмээн палхийтэл хэлсэн нь тус холбооныхны дургүйг хүргэсэн. Яагаад тэгж хэлсэн юм бэ?

-Ардчилсан хүчний холбооныхны зорилго, өөрчлөлт хийе гэдгийг нь дэмжиж, илтгэл тавьсан юм. Тэр үед би "Өөрчлөгдөх ёстой хүмүүс өөрсдөө энд сууж байгаа шүү дээ" гэж хэлсэн. Бодол нь гоё байж болно. Гэвч хулгайч хулгайчаа барьдаггүй. Үүнтэй адил 20 жил энэ нийгмийг бүтээлцчихээд “Энэ буруу юм байна” гэж харж байгаа нь зөв ч "Дахиад өөр нь хэрэгтэй" гэдэг бол биш. Та нар бусдад боломж олгооч. Тэд ирээдүйгээ, өөрсдийнхөө амьдралыг мэдмээр байна. Гэтэл 20 жил тоглочихоод "Үгүй, дахиад өөрөөр тоглох ёстой" гэдэг нь хүмүүсийн амьдралаар тоглох гэж байгаа мэт сонсогддог. Ний нуугүй хэлэхэд, камерын өмнө нэг нэгнээ шүүмжилсэн болж харагдчихаад ард нь гар барилцаж, наймаа ярилцаад суучихдаг. Хана хэрмийнхээ дээр өөрсдөө суучихаад "Үгүй шүү, бид хийх ёстой" гэх юм бол энэ нийгэмд өөрчлөлт хийгдэхгүй. Би ингэж л шүүмжилсэн. Ардчилсан хүчний холбооныхон "Манай холбоонд МАХН-ын гишүүн ч байж болно" гэхээр гайхдаг юм. Тэгвэл "Алтангадас"-т Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Бямбадорж байсан шүү дээ. Та нар ингэж даажигнаж болохгүй. Ардчилсан намаа л өөрчлөх ёстой. Түүнээс биш намаа Ардчилсан хүчний холбоо, "Алтангадас" гэж хуваах хэрэггүй. Нэгдмэл байж л ялалтад хүрнэ үү гэхээс биш хуваагдмал байвал хожил МАХН-д очно. Би тэдэнд ийм л үг хэлсэн юм.

Улс төрийн тойм сонин. 2010.06.17
Сэтгүүлч С.Баттулга