Ардчилсан тогтолцооны Монгол хувилбар
Чингис хааны зөвлөх Елүй Чүцай нэгэнтээ их хаанд “Морин дээрээс дэлхийг хураах амархан, мориноосоо буугаад төрийг засах хэцүү” гэж сургаж байжээ.
(АСЭМ-ийн хуралд тавьсан илтгэл)
Чингис хааны зөвлөх Елүй Чүцай нэгэнтээ их хаанд “Морин дээрээс дэлхийг хураах амархан, мориноосоо буугаад төрийг засах хэцүү” гэж сургаж байжээ. Үүнтэй нэгэн адил ардчилсан тогтолцоо руу шилжих амархан, ардчилсан тогтолцоог буй болгох хэцүү. Орчин үеийн хамгийн үнэт зүйл болох нийгмийн ардчилсан тогтолцоог хувьсгалаар буй болгосон францчууд энэхүү шинэ тогтолцоондоо шилжин төлөвших гэж бараг 80 жилийг баржээ. 1789-1871 оны хооронд хэд хэдэн хаант засаг, дарангуйлагч төр ээлжлэн тогтож 1830, 1848 оны хоёр том хувьсгалыг даван туулсан юм.
Өнөөгийн дэлхийд 200 орчим nation-state оршин тогтож буйн илэрхий дийлэнх нь ядахнаа л формал ардчилсан тогтолцоотой байгаа. Үлэмж дийлэнхид нь юутай ч сонгуулийн ардчилал тогтож байгаа. Үүнийг 150 юм уу 100 эсвэл 50 бүр жилийн өмнөхтэй харьцуулахад хүний нийгмийн үлэмж том дэвшил юм. Гэвч нэг талаас сонгуульт ардчилал нь ардчилсан тогтолцооны нэг л элемент, нөгөө талаас ардчилал нь нийгмийн процесс болохоос төгс хэлбэр гэж үгүй. Ийм учраас алив улс оронд тогтож буй ардчилсан тогтолцоог процесс нь аль зэрэг гүнзгийрч, нийгмийн гишүүд нь үүндээ аль зэрэг дасан зохицсоноор нь үнэлэн ангилах болохоос, шууд л ардчилсан орон, эсвэл ардчилаагүй гэх мэтээр ангилах нь учир дутагдалтай мэт. ХХ зууны түүхээс харахад хэдий их дарангуйллын тогтолцоотой байна, төдий хэрээрээ улс орныхоо албан ёсны нэрэнд “ардчилсан” гэдэг үгийг албатай мэт оруулж байлаа. Одоо ч Ардчилсан Конго, Ардчилсан Солонгос гэх мэтийн улс орон байсаар.
230 орчим жил өнгөрсөн боловч Францын хувьсгалаар тунхагласан эрхчөлөө, тэгш эрх, шудрага ёс гэсэн үндсэн үнэт зүйл ардчилсан тогтолцооны амин сүнс хэвээр байгаа. Гэвч энэ урт хугацаанд эдгээр үнэт зүйлсийн хэрэгжилт газар газарт өөр замаар, өөр процессоор, өөр аргажилтаар, өөр нөхцлөөр явагдсан. Үүнд ардчилсан тогтолцоонд шилжсэн, шилжиж байгаа үндэстнүүдийн соёл, иргэншсэн байдал, уламжлал, түүх, үндэстний менталитет, шашин тэрбайтугай цаг уур ихэд нөлөөлснөөс зүсэн бүрийн хувилбар буй болсон юм. Энд би мянга мянган жилийн нүүдэлч малчин уламжлалтай, гурван үеэрээ буюу ямар ч өөр үндэстэн ингэтэл урт хугацаанд байж үзээгүй коммунист тогтолцоонд амьдарч ирсэн монголчууд ХХ, XXI зууны заагт нийгмийн ардчилсан тогтолцоонд шилжилт хийж буй 25 жилийн туршлагаас ажигласан зүйлээ хэлэх гэсэн юм.
Өдөр шөнийн 20 хэм, өвөл зуны 80 хэмийн ялгаатай, хуурай цаг агаартай Төв Азийн өндөрлөгт билчээр дагасан нүүдлийн мал аж ахуйгаас өөр аж ахуй эрхлэх бололцоогүй нөхцөлд монголчууд зуу зуун жил амьдарчээ. Бэлчээрийн даац нь малынхаа тоо толгойг хязгаарладаг, малын толгой нь хүнийхээ тоог хязгаарладаг учир энэ өргөн уудам нутагт ХХ зуунаас өмнө хэзээ ч нэг саяас дээш хүн амьдарч байсангүй. Иймээс гадагш чиглэсэн дайн довтолгоон, нүүдэл миграци энэ нутгаас түүхийн бүхий л цаг үед гарч байв. Суурьшмал иргэдээс ялгаатай нь нийтээр зөвхөн нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг учир дотоод худалдаа арилжаа, хөдөлмөрийн хуваарь байсангүй. Барааны дутагдлыг гадагш хийх арилжаагаар нөхөх боловч ихэнхдээ цэрэглэн довтолж бусдаас булаах арга илүүтэй байлаа. Эзгүй талд морин дэл дээр өсөх монголчууд эрх дураараа, хууль дэгд орох дургүй, индвидуал шинж араншинтай ард түмэн. Эрс тэс уур амьсгалаасаа болоод байгалийн ямар ч нөхцөлд дасан зохицомхой, энэ чанар нь нийгмийн ямарч нөхцөлд зохицох чадвартай болгосон. Нүүдэлчдийн хөрөнгө, бэл бэнчин зөвхөн малын тоо толгойгоор хэмжигдэнэ. Гэтэл Төв Азид байнга тохиолдох байгалийн гамшиг, ган зуд нь хэнийг ч үл өршөөх тул байсхийгээд л нүүдэлчин айлын малын тоо толгойг хиаруулан нийтэд нь тэгштгэж өгдөг байна. Иймээс мөнхийн баян, эсвэл мөнхийн ядуу гэсэн ойлголт үгүй. Хэн ч нүүдэлчний ойлголтоор баяжиж ч болно, тэгснээ гэнэт ядуурч ч болно. Чухам иймээс тэгш эрхийн тухай ойлголт угаасаа байжээ.
Францын хувьсгалаар тунхагласан эрх чөлөө гэсэн ойлголт мэдрэмж эзгүй талд дураар нүүх монгол хүнд угаасаа байлаа. Мөн байгаль өөрөө хүмүүсийн амьдралыг тэгштгээд өгдөг учир тэгш эрхийн тухай ч ойлголт мэдрэмж тэдэнд бас бий. Ардчиллын үндсэн зарчмын гуравдахь нь болох шудрага ёс гэдэг нь өөрөө маш олон янз тайлбартай. Англиар ч fraternity, эсвэл justice.
Ийм индвидуал сэтгэлгээтэй ард түмнийг хамтын нийгэм гэгдэх коммунист тогтолцоонд хүчээр оруулсан юм. Хувийн аз жаргал, хүний уугуул индвидуал чанарыг бүрнээ үгүйсгэж, хамт олноор нь аз жаргалд хүргэхийн тулд нийгмийн шинэ тогтолцоонд таарч тохирохгүй хүмүүсийг бөөнөөр нь хядаж, хөрөнгө малыг нь хураан хамтын аж ахуй байгуулсан юм. Ийм тогтолцоонд монголчууд 70 орчим жил буюу хүний гурван үеийг туулсан. Энэ хооронд хомо советикус маягийн шинэ хүмүүсийн нийгэм үүссэн юм. Нөгөө талаас нүүдэлчдийн дунд анхны хотжил, үйлдвэржилт, модернизаци үүсэн хүний нийгмийн хөгжлийн төвшингөөр тооцвол ганц зууны дотор монголчууд дундад зуунаас ХХ зууны дундаж төвшинд эрчтэй орж ирсэн.
Ийм л түүх, нийгмийн байгууламж туулсан монголчууд коммунист ертөнц нуран унасан 1990 оны дэлхийг хамарсан хувьсгалд татагдан орсон юм. Шашны хориг тавигдаж, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх нээгдэж, төр засгаа өөрсдөө сонгох эрхтэй болон, түүнээ дагаж олон ургалч үзэл дэлгэрэн улс төрийн янз бүрийн намууд байгуулагдлаа.
Монголчууд ардчилсан тогтолцоог хүлээж авснаар барахгүй маш богино хугацаанд дасан зохицсон. Богино хугацаанд нийгмийн салбар болгонд янз бүрийн спектор буй боллоо. Монголчуудын индвидуал чанар үүнд голлох үүрэг гүйцэтгэсэн юм. Төр өөрийн мэдээллийн хэрэгслэлтэй байхыг хориглосон хуультай. Гэтэл өдгөө телевизийн 430 сувагтайгаараа дэлхийд эхний аравт багтаж байна. Хууль зүйн яаманд 600 гаруй сонин сэтгүүл бүртгэлтэй, өдгөө Улаанбаатар хорь орчим өдөр тутмын сонин гарч байна. Мөн 40 орчим фм радио станц байна. Ердөө гуравхан сая хүн амтай энэ оронд ийм олон хувийн мэдээллийн хэрэгслэл байна гэдэг эдийн засгийн утгаараа ямар ч утгагүй, ашиггүй юм. Гэвч нүүдэлчин сэтгэлгээнд эдийн засгийн ашиг хоёр дугаарт тавигддаг. Нийгэмд эзлэх байр суурь престиж нүүдэлчний нийгэмд тэргүүнд тавигддаг. 160 орчим дээд сургуульд 180 мянга орчим оюутан суралцаж 10 мянган хүнд ноогдох оюутны тоогоор дэлхийд тэргүүлж байна. 1990 онд 50 орчим нэр төрлийн ном хэвлэгддэг байсан бол өдгөө 15 мянгад хүрч байгаа ба үүний дийлэнхийг хэвлэлийн газрууд биш, хувь хүмүүс цөөн тоогоор өөрсөддөө болон жижиг хүрээнд зориулж хэвлэж байгаа юм. Жилд 50 орчим уран сайхны кино зах зээлд гарч буй нь мөн л зөвхөн хувийн санхүүжилтээр босч байгаа. Төрийн бус байгууллагын тоо 26 мянга бий. Улс төрийн хорь орчим нам байна. Энэ бүхэн өөрийн сөрөг ч талтай, эерэг ч талтай.
Монголын нялх ардчилал өөрийн натурал өсөлтөөр алдаж онохын аль алиныг нь хослуулан урагшилж байна. Эрх чөлөө, тэгш эрхийн мэдрэмж бол монголчуудын төрлөхөөс нь тогтсон унаган араншин учир ХХI зууны шинэ үеийн монголчууд үүнийгээ булаалгахыг яагаад ч зөвшөөрөхгүй бизээ.
Гэвч ардчилсан тогтоцын олон талт өнгөд нийгэм төлөвшин зохицтол хол байна. Нэг талаас коммунист нийгэмд тохирсон сэтгэлгээ өөрийн инерциэр амь бөхтэй байсаар. Социализм нь иргэдээ тураадаггүй, таргалуулдаггүй, өмнөөс нь хариуцлагыг нь хүлээдэг тогтолцоо. Иймээс иргэд ямар ч хариуцлага хүлээлгүйгээр халамж хүсдэг явдал Монголын нийгэмд маш хүчтэй. Үүнээс болоод иргэдийн зүгээс улс төрийн намуудаас маш өндөр халамж нэхдэг, намууд ч амлалтаа биелүүлэхийн тулд популист арга хэмжээ их авдаг. Сүүлийн 7 жилд 4 тэрбум долларыг ард түмэнд бэлэн мөнгөөр тараасан нь Монгол улсын жилийн төсөвтэй тэнцэж байгаа юм. Ард нийтийн дийлэнх нь нийгмийн салбарыг хувьчлахыг хүчтэй эсэргүүцдэг учир боловсрол эрүүл мэндийн тогтолцоонд зах зээлийн харилцаа нэвтэрч чадахгүй, тэр хэрээрээ чанар нь улам доройтож байна. Коммунист болон зах зээлийн тогтолцооны хольц болсон энэ систем удах тусмаа нийгмийн ёс суртахууныг улам унагаж, авилга хээл хахууль нийгмийн хамгийн хурц асуудал болж байгаа юм.
Хэдийгээр 70 жил хамтын нийгмийн үзэл сурталт тогтолцоонд амьдарсан боловч төрлөхийн индвидуал сэтгэлгээтэй монголчууд хариуцлага бүхий урбан болон хөдөлмөрийн хуваарьт нийгмийн тогтолцоонд орж чадахгүй л байна. Иймээс хуулийг үл тоомсорлох, хуулийн дор амьдрах ёс журмыг үл ойлгох явдал өргөн байдаг болохоор эрх чөлөөний үндсэн зарчим болох “юу дуртайгаа хийж болох боловч тэр нь бусдын эрх ашигийг хөндөж болохгүй” гэсэн зарчим нийгэмд тэр болгон хэрэгждэггүй.
Монголын нийгэм 25 жилийн богино хугацаанд ардчиллын замд маш их амжилт олсон. 25 жил бол хүний нэг үе юм. Захиргаадлын нийгмээс нээлттэй ардчилсан чөлөөт нийгэм рүү шилжих шилжилтэд 25 жил хангалтгүй юм байна. Үүнд дахиад 25 жил хэрэгтэй. Шинэ нийгэмд төрж өсч хүмүүжсэн дараа үеийнхэн нийгмийн удирдлагад гарч ирэх үед Монголын нийгэм төлөвшин тогтоно гэж бодож байна.