Буга, булга, тарвага, чононоос илүү амьдрах эрхтэй гэдгээ та Тэнгэрийн өмнө батла
-Амьтны эд эрхтнийг хэрэглэдэгийг үгүйсгэж болохгүй. Хүн одоохондоо биологийн амьтан, сармагчингийн дэд зүйл хэвээрээ байгаа. Мах идэж, сүү уудаг, арьсыг нь нөмөрдөг, гутал хийдэг хэвээрээ.
-Сүүлийн үед ан амьтнаас хаях зүйл байхгүй. Бүх л эд эрхтэн нь ямар нэгэн өвчинд сайн гэж хошуурах болж. Энэ нь эргээд ховор ан амьтанг устаж үгүй болоход нөлөөлж байгаа нэг хүчин зүйл болж байгаа нь нууц биш. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?
-Амьтны эд эрхтнийг хэрэглэдэгийг үгүйсгэж болохгүй. Хүн одоохондоо биологийн амьтан, сармагчингийн дэд зүйл хэвээрээ байгаа. Мах идэж, сүү уудаг, арьсыг нь нөмөрдөг, гутал хийдэг хэвээрээ. Ер нь хүн өндөг, сүү, түрс, мах шиг бодис хийх бололцоо ойрын хэдэн жил байтугай хэдэн зуун жилдээ байхгүй. Харин эмчилгээний зорилгоор хэрэглэдэг тухайд нь бол салгаж ярих ёстой. Монгол эмнэлэгт маш олон амьтны эд эрхтнийг ашигладаг. Эмт бодис л гэхэд дотор нь амьтны, ургамлын, чулуулгийн, шорооны, усны гаралтай гэж ангилдаг. Өөрийн гэсэн гүнзгий онол номлолтой, европийн шинжлэх ухаанаас ч гүн философи дээр тулгуурласан анагаахын том онол байдаг. Хэдэн зуун жил явсан энэ онолыг үгүйсгэх арга байхгүй. Харин монгол анагаах ухаанаас илүү хүмүүсийн хар домын аргаар хэрэглэж байгаа аллага л амьтдад илүү аюул авчирч байгаа.
-Гэхдээ ардын уламжлалт анагаах гэх нэрээр амьтны халуун цус ууж, эд эрхтэнг түүхийгээр идэх нь хэр зохистой юм бол. Энэ чинь эргээд эмчилгээ болохоосоо илүүтэй сөрөг үр дагавар дагуулах аюултай биш үү?
-Тийм шүү. Энэ бол ямар ч уламжлалт анагаах ухаантай хамаагүй дом, сүсэг, ритуал аллага байдаг. Туулайн зүрхийг халуунаар нь залгих, яргуй идсэн бор гөрөөсний цусыг уух, цөс архинд хадгалж хэрэглэх, тарваганы цөс, хүн мах, чонын хэлнээс авахуулаад муухан шиг эрчүүд төмсгийг нь залгидаг гээд өчнөөн л юм бий. Энэ бүгд аюул дагуулж байдаг. Бор гөрөөс гэхэд л ой, хөндий хоёрын заагийн шимтэй хэсгийн мараагаар үхэр, хоньтой нийлж бэлчдэгээс болоод үхрийн шүлхийгээс аваад бруцеллёз мэтийн янз бүрийн өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг. Ийм амьтны түүхий цусыг ууна гэдэг түүнд тээгдэж яваа өвчнийг шууд авна гэсэн үг. Ер нь цус гэдэг биеийн хамгийн тэжээллэг орчин. Биеийн бүх эд эрхтэн рүү тэжээл зөөж байдаг. Хамгийн тэжээлтэй орчинд нян хамгийн түрүүнд үрждэг. Тэрчлэн хээрийн амьтан эрүүл гэсэн эндүү ойлголт хүмүүсийн дунд байдаг. Амьтан л юм чинь адилхан л өвдөнө, сул дорой өвчтэй амьтад тогтмол хувьтай байна. Жишээ нь чононоос галзуу өвчин, тарваганаас тахал тархдаг биз дээ. Үнэн хэрэгтээ туулайн зүрх залгидаг, гөрөөсний цус уудаг бол их эртний бөөгийн, ангийн, дайны заншил болохоос эмчилгээ биш.
-Тэгэхээр ан амьтдын эд эрхтэнг ийм өөрсөддөө эрсдэлтэй байдлаар хэрэглэх нь ардын уламжлалт эмчилгээ гэхээсээ илүүтэй мухар сүсэгтэй холбоотой гэх гээд байна уу?
-Анагаах ухаантай огт хамаагүй бүдүүлэг ёслол. Монголчууд 1930-д он хүртэл дайсныхаа зүрхээр туг тахидаг, цусыг нь уудаг байсан. Шинэ Гвенэйн арлын улсууд одоо ч нууцаар энэ ёсыг гүйцэтгэдэг. Алсан дайсныхаа тархийг нь ухаж идэж оюун ухааныг нь, зүрхийг нь идэж эр зоригийг нь авч, цусыг нь ууж бахаа хангадаг заншилтай. Энэ бол чулуун зэвсгийн үеийн хүний ойлголт юм. Гэтэл бидний мэдэж байгаагаар үхсэн байтугай амьд хүний зүрхэнд ч эр зориг байхгүй шүү дээ. Амьд хүний зүрх гэдэг ерөөсөө л цусан хангамжийг бүх биеэр түгээдэг мотор, булчин юм. Үүн дотор ямар ч эр зориг, хүсэл мөрөөдөл, тачаал байхгүй.
Гэтэл жинхэнэ бөөгийн ойлголт бол өөр байдаг. Дэлхий амьд, уул ус амьд, амьтан болгон бидний ах дүүгээс ялгаагүй амьдрах эрхтэй. Гарцаагүй амиа аврахын тулд, өлсөж үхэхгүйн тулд нэгнийхээ амийг авч болно. Чоно ч хүний амийг, хүн ч чонын амийг зөвхөн амьд явахын төлөө шударга тулаанаар авч болно. Ийм гарцаагүй үед буга, уул, тэнгэрээс өршөөл эрж байж ганц нэгийг агнадаг байсан. Орчин үед хүн хөгжөөд хөгжөөд эргээд л тэр философи руу орж байна.
Даавуу, синтетик өмсч болж байхад заавал 30 булганы арьс, 300 шеншелийн амийг, арьсыг нуруун дээрээ тохоод өөрийгөө харуулна гэдэг бол баян бөгөөд соёлтойнх биш бүдүүлэг бөгөөд тэнэгийн илрэл болчихсон гэдгийг хэлмээр байна. Би өвөл ноосон малгай, пейльник өмсдөг. Гэхдээ гутал хэцүү л дээ ямар шивэртэлтэй биш. Хонь, үхрийн арьсан гутлаа өмсөх л байх. Бас ч гэж хүмүүс өөрсдөө үржүүлээд өсгөсөн амьтад болохоор амийг нь гуйгаад нэг хонины арьсаар арван гутал хийгээд өмсч байгаа болохоор учиртай. Удахгүй гуталын арьс ч гэсэн жинхэнээс дутахгүй хиймэл болох байх.
-Химийн гаралтай Европ эм хэрэглэснээс байгалийн бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй, хор багатай гэсэн ойлголт хүмүүсийг ам дамжсан уламжлалт эмчилгээ рүү хошуурахад хүргээд байгаа юм биш үү?
-Олон мянган жилийн турш ялангуяа сүүлийн зуун жилд бүх амьтан, ургамлыг туршаад дуусч байгаа. Европ эм дорнын эмээс ялгаатай, химийн гаралтай гэсэн ойлголт бий. Гэтэл Европ эмийн 90% нь байгалийн, ихэвчлэн ургамлын гаралтай байдаг. Анх амьтнаас, ургамлаас гаргаж авчихаад дараа нь тэрийгээ заавал амьтан алж, ургамал түүж биш, химийн аргаар яг тэр бодисоо нийлэгжүүлээд гаргаж авдаг болчихсон учраас л химийн гээд байгаа юм. Тэрнээс биш гарал үүсэл нь адилхан. Чихрийн шижин өвчтэй хүнд тарьдаг инсулин байна. Хүн, чоно, нохойны цусанд ч инсулин байдаг. Үүнийг анх амьтнаас гаргаж авсан. Бүр гахайнаас гаргаж авдаг, маш үнэтэй байсан. Зөвхөн баян хүмүүс л хийлгэдэг байсан. Тэгээд сүүлд яг тэр инсулинээ химийн аргаар нийлэгжүүлдэг болсон. Ямар ч ялгаа байхгүй.Тэгэхээр европ эмийг химийн хортой, байгаль дээр байдаггүй бодисоор хийчихсэн гэж боддог нь буруу. Монгол эмнээс огтхон ч ялгаа байхгүй ихэнх нь ургамал, амьтнаас гаралтай байдаг. Харин илүү цэвэр, зөвхөн эмт хэсгийг нь л олж тунгаасан гэсэн үг.
Тэгээд ч өвчин, шаналгаа, зовиур намдаах, биеийг хөнгөвчлөх, тайван амраах, хоол шингээхдээ өөр нэг амьтаныг тарчлааж алж биш харин европ эм уувал хамаагүй дээр гэдгийг хүмүүс мэдвэл мэдэх цаг хэдий нь болсон. Энэ чинь 21 зуун шү дээ ямар 10,000 жилийн өмнөх агуйн хүн биш. . Би нэг биш ийм тохиолдол мэдэх юм. Нэг хүн элэгний хавдартай болчихсон гээд амьд доргоны цусыг өдөрт 10гр уудаг байсан. Дорго тарвага шиг жижигхэн ч гэсэн баавгайн төрлийн амьтан учраас асар хүчтэй. Гурав дөрвөн эрэгтэй хүн төмөр торхонд хийгээд өдөр болгон хөлс, цусаа гарган ноцолдож байгаад 10гр цус аваад уулгадаг байсан. Гэсэн ч тэр хүн нас барсан. Тэгэхдээ тэр амьтныг, гэрийнхнээ тамалж байгаад л явж байгаа юм. Энэ бол буруу. Гэтэл одоо ч амьд дорго зарна гэсэн зар энд тэнд явж л байх юм.
-Хэрвээ та тийм байдалд орвол яах вэ. Өөрөөр хэлбэл, та үхлийг ямар нэгэн амьтан зовоохгүйгээр тайван хүлээж авч чадах уу?
-Би зүрхний мэс заслын эмч хүн. Хүний цээжийг нь нээгээд, зүрхийг нь зогсоож байгаад цоорхойг нь нөхдөг ажилтай. Үүнийг харсан бол эртний Тив Тэнгэр, Даян дээрхийн бөө ч энэ бол ёстой жинхэнэ аймшигтай бөө байна гэж хэлэх байсан биз. Хүн нисч байна, хурдан машинаар газар товчлож байна, бүр нэгнийгээ хувилж байна. Нөгөө дахин төрсөн хувилгаан гэдэг шиг. Зүрхийг нь, гарыг нь сольж байна. Тиймээс би хэн нэгэн таньдаг хүний хэлсэн эсвэл шар сонин дээр гарсан хар домноос илүү шинжлэх ухаанд итгэнэ. Гэхдээ шинжлэх ухаан гэдэг нь бас нэг мухар сүсэг биш хэдэн арван том хүрээлэн, хамгийн өндөр технологийн судалгаа явуулаад энэ үр дүнтэй, энэ нь үр дүнгүй, энэ нь эргэлзээтэй гэдгийг баталчихсан байгаа хэрэг шүү дээ.
Амьдрал үхлийн тухай яриа бол тусдаа хэрэг. Бидний энэ жоохон 2 нүүр ярианд багтах ч үгүй. Дараа энэ тухай тусад нь ярилцаж болох юм. Товчхоноор энэ хүүрэн биеээ яах вэ гэж асууж байгаа бол өөр хэрэг. Би хувьдаа зүрхээ гэрийнхэндээ чандарла гэж хэлэх байх. Харин биеэ анагаахын сургуулийн оюутнуудын анатомын үзүүлэн болгоод хандивлачих юмсан гэж боддог. Хөгшин болсон хойноо бодлоо өөрчилж магадгүй л юм. Одоо бол тэгж л боддог. Миний бие дээр оюутнууд булчин нь, тархи нь, мэдрэл нь хаана байдаг юм бэ гэж судалж суралцаг, ойр зуурын хагалгаа хийж үзэг. Миний бие бол Болдсайхан гэдэг хүний хамгийн өнгөцхөн, хямдхан, хэрэггүй хэсэг. Миний оюун ухаан, сэтгэл хаачихыг би мэдэхгүй. Зүрхээ гэдэг нь зүрхэнд сэтгэл, сүнс байдаг гэж тэгж байгаа юм биш. Манайхан үе удмаараа: аав минь, дүү минь зүрхний эмч байсан. Миний аавын, дүүгийн шарил дээр “Зүрх мартахгүй” гэж бичээстэй байдаг. Аав дүү бид гурав нийлээд хэдэн арван мянган хүний зүрх эмчилсэн. Тийм болохоор бэлгэдлийн чанараар гэрийнхэндээ зүрхийг минь авч үлдээд Хэнтий Хан-даа өргөчих гэж л хэлэх байх.
-Таныг монголчууддаа байгалиа хамгаалахыг уриалаачээ гэвэл…?
Миний үгэнд орох амьтан байхгүй байх л даа. Гэхдээ дахиад сануулахад амьтан тамлаж сорсон цус, алж идсэн эрхтэн нь таныг эмчлэхгүй. Өвтгөж шаналгаж л магад. Магадгүй сайн сунгах гэж амьдаар нь өвчсөн булга, шеншелийн арьсан хувцас таныг баян хөөрхөн биш бүдүүлэг аймшигтай харагдуулдаг цаг ирсэн шүү. Одоо хүүхдүүд тийм хувцас өмсдөггүй. Таныг гучин амьтны амийг нөмөрч явдаг өнгөрсөн зууны хөгшин үлдэгдэл юм даа л гэж зэвүүцэн харна. Ямар нэгэн буга, булга, тарвага, чононоос илүү амьдрах эрхтэй гэдгээ та Тэнгэрийн өмнө батлалдаа гэж хэлмээр байна.
Сарнай
Сарнай