Энэ шидэт үгээр эрдэнэсийн агуйн үүдийг нээдгийг олж мэдсэн Багдад хотын хүү Али Бабад олон сонин адал явдал тохион, асар их эд хөрөнгөтэй болж, эрх чөлөөтэй, аз жаргалтай амьдардаг. Энэ тухай өгүүлдэг “Али Баба ба 40 дээрэмчин” нэртэй Арабын сонгодог үлгэрийг дэлхийн олон хүүхдүүд үе дамжин амтархан сонсож, мөрөөдөлдөө үргэлжлүүлж ирсэн юм. Эдүгээ та бид гэрч нь болж, амьдрал дээрээ үр шимийг нь өдөр бүр хүртэж буй мэдээллийн технологийн хувьсгал нь дэлхийн өнцөг булан бүрийн олон зуун залууст мөрөөдлөө биелүүлэх алтан боломжийг олгож байна. Орос хүү Сергей Брин Стэнфордын их сургуулийн оюутан байхдаа интернэтийн хайлтын системийг үлэмж өгөөжтэй болгож, хүссэн мэдээллийг нь агуулсан бүх сайттай холбодог Google программыг зохиожээ. Эдүгээ харилцаа холбооны хамгийн шилдэг, хамгийн өгөөжтэй энэ системийг олон улс орны иргэд өөрийнхөө хэлээр ашиглаж байна. 2013 онд 70 тэрбум ам.долларын гүйлгээ хийж, зах зээлийн нийт үнэлгээ нь 400 тэрбум ам.долларт хүрсэн, 52 мянган ажилтантай компанийнхаа долоон хувийг Сергей одоо эзэмшиж буй бөгөөд тэр дэлхийн тэргүүн баячуудын эгнээнд багтжээ.

Хятад хүү Жак Ма анх англи хэлний багш болж, улмаар АНУ-д очих боломж гарчээ. Тэр 1999 онд интернэтийн боломжийг дэлхийн хамгийн олон хүнтэй оронд, төрөлх хэлээр нь ашиглаж чадвал ямар үр дүн, гайхамшигт өөрчлөлт гарч болохыг ойлгож арваад найз нартайгаа хамтран “Алибаба” компаниа байгуулсан байна. Хятад хүмүүс интернэтээр юу хүссэнээ зарж, худалдан авах боломжийг бүрдүүлсэн Taobao, өөрийн брэндээ интернэтээр өргөн сурталчилж, бололцоог нээсэн Tmal сайтуудыг бүтээж “Алибаба” нэрээр ажиллуулж эхэлжээ. Мөн Хятадын хамгийн том хайлтын Baidu сайтыг блоклох буюу хандалтыг нь хаачихсан аж. Эдүгээ “Алибаба” нь Хятадын улам бүр өсөж байгаа цахим худалдааны 80 хувийг хийж байна. Бараа худалдан авагч болон борлуулагчаас ямар ч хураамж авахгүй, бас төлбөрийг нь баталгаатай болгожээ. Бараа, үйлчилгээний сурталчилгааг хайлтын дагуу хүргэж орлогоо олдог. Төлбөрийн Аlipay систем нь ескроу буюу төлбөрийг нь аваад, барааг ачуулж, хүлээн авсан хойно төлбөрийг нь борлуулагчид шилжүүлдэг тул итгэлцлийн хомсдолыг шийдэж чадсан бөгөөд компанийн нийт орлого нь өнгөрсөн онд 3.7 тэрбум ам.долларт хүрчээ. “Алибаба” өнгөрсөн долоо хоногт Нью-Йоркийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан бөгөөд нэгжийнх нь анхны үнэ нь 68 доллар байснаа өдөртөө 90 долларт хүрч, хэдхэн цагийн дотор 100 сая ширхэг зарагдлаа. Тус компанийн зах зээл дэх үнэлгээ нь 231.4 тэрбум ам.доллар болж дэлхийн хамгийн том цахим худалдааны “Амазон”, “Фэйсбүүк” компаниудыг ч түрүүлэв. “Алибаба”-гаар дамжин 2013 онд бараг 300 тэрбум ам.долларын цахим худалдаа хийгдсэн нь өмнөх оноосоо 50 хувиар өссөн бөгөөд үүний гуравны нэг нь гар утсаар явагдсан нь өнгөрсөн оныхоос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Сүүлийн жилд тус компаниар дамжуулан 250 сая хүн ямар нэг барааг худалдан аваад байгаа нь цахим худалдааны ирээдүйн орлого хэр их болохыг харуулж байна. “Алибаба” нь олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа гаргасан нь асар их өсөлтийн боломжоос гадна гадаадын хөр өнгө оруулагчдад, ялангуяа Америкийн томоохон хөрөнгө оруулагч байгууллагуудад Хятадын аугаа том зах зээлийн үүд хаалгыг нээж өглөө. Энэ бол Хятад улс гадаадын шууд хөрөнгө оруулалтаас гадна портфель хөрөнгө оруулалтыг өөртөө татаж чадаад буйг харуулж байна. Ганц “Алибаба” компани 24 тэрбум америк доллар буюу Монгол Улсын эдийн засгаас 2.4 дахин их хөрөнгийг хоёрхон өдөрт татаж авсан гэсэн үг. Тэндхийн 5000 гаруй ажилчин нь бас хувьцаа эзэмшигчид бөгөөд тэд нэг тэрбум долларын хөрөнг өтэй болов. Тэднээс олон саятнууд төрж, Бээжингээс зүүн урагш хоёр цаг нисэх зайд орших Ханжоу хотын эдийн засаг эрс томрох, амьдралын чанар дээшлэх боломж гараад ирэв.

Асар их тэлэх ирээдүйтэй байж, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журмаар ажиллаж, үйл ажиллагаагаа ил тод тайлагнан, хөндлөнгийн хяналтаар шалгуулдаг байвал коммунист оронд ч гэсэн хөрөнгө оруулагчид итгэдэг болохыг “Алибаба”- гийн түүх харуулж байна. Компанийхаа есөн хувийг эзэмшдэг Жак Магийн хөрөнгө 21 тэрбум ам.долларт хүрч Хятадын тэргүүн баяны нэг боллоо.

Эрдэнэсийн хаалгыг нээх монгол хүү, охин удалгүй гарч ирнэ гэдэг би итгэж байна. Учир нь мэдээлэл, харилцааны технологийн хөгжлийн гайхамшиг нь улс орнуудын хил хязгаарыг арилгаж байгаад оршино. Монгол Улс далайд гарцгүй болохоос мэдлэгт гарцгүй орон биш. (Mongolia is a land locked, but not mind locked). Монголд бий болгосон ямар ч үйлчилгээг дэлхийн аль ч улс оронд хүргэх боломжтой, цаг хугацааны хувьд ялгаагүй болжээ.

Эрдэнэсийн хаалгыг нээх шидэт үгийн нууц бол “энгийн бодит санаа+энгийн төлөвлөгөө” юм. Бизнесээ алсын хараатай төлөвлөж, тасралтгүй, шаргуу хөд өлм өрлөж чадвал хэн бүхэн Сергей, Жак нар шиг энгийн үйлийг энгүй том бизнес болгож, амжилтад хүрэх боломж бүрдсэнийг монгол залуус анхаарах биз ээ.

Сим Сим, үүдээ нээ!