Жанлав  даргын буруу гэж юу байхав, тэр муу шар нохой л буруутай.

Аягүй  бол  монголчуудыг  хооронд нь  эвдрэлцүүлэх   гэж

муу  хужаа нар л тэр шар   нохойг явуулсан байх шүү…

                                                                              Дорнод аймгийн нэгэн хэлтсийн дарга Э-ийн  ярианаас

 

Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав саяхан сумдынхаа өвөлжилтийн байдалтай хавар болсон  хойно  танилцахаар харъяа газар хэлтсийн дарга, албатуудаа дагуулан хөдөөг зорьжээ. Яг л “Зэрэг нэмэхийн өмнө”  киноны ноён шиг, гэхдээ хоёрхон албат дагуулсангүй, бэлэг дэмбэрэлийг бодож далан зургуулаа (!) явжээ. Хамтран засгийн эрх барьж байгаа болохоор АН-ын гишүүдээс ч нэлээд хүмүүс бүрэлдэхүүнд нь багтаж гэнэ. Ийнхүү явсаар Улааны (Их Хурлын гишүүн биш  шүү, газрын нэр юм!)  холимог металын ордыг ашиглахаар баяжуулах үйлдвэр байгуулж буй БНХАУ-ын 100%-ийн хөрөнгө оруулалттай “Шин шин” компани дээр буужээ.  Хятад дарга нар ч ” хайяа,  манай Жан Лүү далгаа” гэсээр бөхөлзөн угтав. Эндээс миний хүүрнэх  үлгэр  эхлэнэ.

Компанийн зочид буудалд дайлуулж, цайлуулж, албат зарц нартайгаа муушигдаж, эцэст нь тас үсэрч,  тааваараа амарсан Засаг ноён  өглөө босоод хувцаслах гэтэл  өрөөсөн гутал нь байдаггүй.

Ингээд цөмөөрөө сандралдаж засаг даргын  гутлын  эрэлд гарчээ. Сандрахаас ч яахав, цастай, зудтай энэ хэцүү үед зарим аймгийн дарга нарт тал засан  аймгийнхаа  нөөцийн бүх өвсийг бэлэг болгон ачуулж орхисноос  ганц боодол өвсгүй ч гэсэн сэтгэл гаргаж, сумдаа тойрч буй засаг даргын ажлыг саатуулна гэдэг бол 37 онд үг дуугүй буудан авдаг байсан төрийн эсрэг гэмт хэрэг мөнөөс мөн билээ. Гэхдээ өнөөдөр 21-р зуун гарчихсан болохоор засаг дарга арай ч буудах барих дээрээ тулсангүй, тэвчээр гарган хүлээж байтал байшингийн булангийн хог, ялгадсан дотроос өрөөсөн гутал нь түрий нь задарчихсан, ул нь хугарчихсан олдов гэнэ. Ингээд зүйл анги нь арай өөрчлөгдөж, төрийн эсрэг гэмт хэрэг биш, харин төрийн зүтгэлтний эд хөрөнгийг хорлон сүйтгэсэн гэмт хэрэг болох нь тогтоогджээ.

Ингээд энэ хэргийг үйлдсэн эзнийх нь эрэлд гарав. Хятадууд бол уу гэж хардав. Гэтэл ирсэн зочныхоо эд хөрөнгөнд халддаг нь зочломтгой ази хүний зан биш гэнэ. Эсрэг намынхан бол уу гэж хардав. Тэгтэл гайгаар од гаригийн сөрөг нөлөөнд автаж төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан  аймгийн  ИТХ-ын төлөөлөгч, аймгийн  АН-ын дэд дарга Д.Ганцогт “Урд шөнө засаг даргын гутлыг дэрлэж унтлаа” гэж ярьсан нь  улс төрийн өндөр сонор сэрэмжтэй  албат боолуудаар дамжин Засаг ноёны  сонорт хүрч, түүний  хардлагыг улам лавшруулав.

Ганцогтоор хэргийг нь хүлээлгэх гэж оролдсон нь түүний эгдүүг хүргэлээ. Засаг дарга, тэр хоёрын хооронд ширүүхэн хэрүүл үүсэв. Улмаар төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан явж байгаа цагдаа, тагнуулынхнаар “Газар дээр нь шалгуулна” гэж засаг дарга заналхийлсэн нь гутлын хэрүүлийн “нэр хүндийг өндөрт өргөж”,  улс төрийн асуудал болгон хувиргав.

“Ардчилсан намынхан миний нэр хүнд, улмаар манай намын нэр төрийг унагах, хийморийг  сэвтүүлэхийн тулд зориуд миний гутлыг урав. Мэдтүгэй, санатугай” болоод явчихлаа. Жанлав даргын “тэргүүн бууны нохой”  аймгийн нэгэн хэлтсийн дарга Э гэгч, өөрийн үеэл дүү М-ийн  хамт даргаа  өмгөөлөн, гэмт этгээдийг  урж тасчхаар Ганцогтын өрөөнд дайран оров гэнэ. (Жа  дарга энэ хоёрыгоо ”жаахан ухаан муу боловч аргагүй эзэндээ ээлтэй үнэнч ноход” хэмээн ихэд үнэлдэг билээ).

Харин Ганцогт аймгийн АН-ын дарга Болдбаатартай цуг байсан тулдаа аврагджээ. Даргаас эмээх төрөлхийн зөнтэй энэ “нохой” Болдбаатарт нэг зандруулаад “гөлөг”-өө дагуулан  гарч одов.

Ийнхүү “Шин шин” компанийн зочид буудал улс төрийн тэмцлийн халуун цэг болон хувирч, МАХН, АН хоёрын цаашдын хамтран ажиллах асуудал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байтал зочид буудлын үйлчлэгч аминд оров. Буудлын коридорт ажиглалтын видео камер тавьсан байсан юмсанж. Ашгүй бичлэгийг нь тавьж үзтэл хэргийн эзнээр нэгэн шар нохой тодров. Шөнөжин наргисан төлөөлөгчид хаалга үүдээ онгорхой хаяад ундуй сундуй унтацгаасан аж. Тэр хооронд нь мань шар нохой орж ирээд, хэзээ язааны буудалд төрсөн юм шиг тааваараа загнаж, тэр ч бүү хэл нойрсож буй  Жа  даргын энд тэндээс ичгүүргүйгээр үнэрлэн  шиншилж байснаа идэхээ идэж, уухаа ууж аваад, засаг даргын гутлыг зуугаад гарч одсоныг олон түмэн  үзэж мэдэв гэнэ.

Ийнхүү дотроо иргэний дайн хийхэд бэлэн болоод байсан төлөөлөгчдийн бие нь тавигдаж, санаа нь амарчээ.

Муу ч, сайн ч засаг дарга юм болохоороо Жанлав дараа нь Ганцогтоос уучлал гуйж бантсандаа баахан уув. Нүдэнд нь нөгөө муу шар нохой гурав болон харагдсаар  тэндээс 60 км-т орших Баяндун суманд хөлчүү очиж нутгийн буриадуудад “ энэ зуднаар ганц боодол өвс ч үгүй баахан хоолны сав дагуулан согтуу ирлээ, нэмэр болохгүй та нараар юу хийх юм”  гэж загнуулан хөөгджээ.

Бүтэлгүй явдалдаа бухимдаж гутарсан Засаг ноён цааш явсан ч үгүй аймгийн төв рүү эргэж “ …халуу дүүгсэн гэртээ ирлээ..” хэмээн  хангинуулсаар  гэрийнхээ хажуугаар давхин өнгөрч “Хэрлэн”  зочид буудалд орон нөгөө муу шар нохойг дахин гурав харагдтал хонон өнжин  “үргэлжлүүлжээ”.

Үлгэр ийнхүү төгсөв.