Ц.Нямдорж : Ер нь энэ “Э”- гүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдлээ шүү дээ
“Ярилцъя” буландаа Ц.Нямдорж сайдыг урьж оролцуулаач гэсэн хүсэлт уншигчдын зүгээс олонтаа ирж байв.
Тэрхүү тааж тааварлашгүй цочмог мэдэгдлүүд, шазайсан хэгжүүн ааш, хэнд ч хэлэх ярихаа цагдуулж яваагүй омголон авир угаасаа л түүнийх. Тийм болохоор асуултууд маань “зэвүү”-г хүргэчихсэн юм болов уу энэ тэр гэсэн нялуун бодлоор түүнтэй харьцах утгагүй.
Ярилцлагаа хэвлүүлж амжаагүй суутал араас суваг болгоноор мэдэгдэл хийчихдэг нь яаж байгаа юм бэ гэж тунирхах ч хэрэггүй.
Учир нь тэр угаасаа л ийм “зэвүүн”...Байнга улайтал хэлж, байнга өөртөө дайсан цуглуулж, тэднийхээ хариу шүршилтийн өмнө пээдийн тэсч, үргэлж галын дунд мачийн зогсч байдаг хачин хүн. Хачин учраас энэ цагийн хэт эелдэг, найрсан уусан буй хамелон улстөрчид дотроос содон үзэгддэг.
Ингээд хэвлэх зөвшөөрөл аваагүй, хэд хоногийн өмнө хийсэн, үүгээрээ манай ойлголтоор нэлээдгүй хугацаа алдсан энэхүү ярилцлагаа та бүхэнд толилуулахаар шийдлээ.
-Сүүлийн үед төр тогтворгүйтэх нь үү дээ гэсэн шинжүүд ажиглагдаж байна. Гадаа ч улс хувьсгал хийнэ гэсэн улсууд хашгираад л, эрх барьж байгаа намууд дотор ч элдэв хэл үг гараад л. Яг дотор нь байгаа хүнд харин юу мэдрэгдэж байгаа бол ?
-Нийгэмд эмзэглэл их байна. Гол шалтгаан нь шударга биш байдал, 2008 оны сонгуулийн амлалт л болж байна. Сүүлийн үед 1990 оноос хойшхи улс төрийн мөчлөгүүд л надад бодогдоод байдаг боллоо. Их хурал нь ямар их хурал байлаа. Эдийн засаг нь ямар байлаа. Засаг нь ямар байлаа гэх мэтээр. Ингээд бодож байхад 1992 оны их хурал бол их тийм гэгэлгэн, шуналгүй хурал байжээ. Мөнгө гэдэг юмыг мэддэггүй ийм л их хурал байсан байж. 1996 оны сонгуульд хувьсгалт нам ялагдаж, Ардчилсан нам олонхи болсон. Ерөнхий том зургаар нь харах юм бол шунасан, хумсалсан, үрсэн, тараасан, тэрнийхээ занганд орсон ийм их хурал харагддаг л даа. Их хувьчлалыг М.Энхсайханы Засгийн газар 1997 онд эхлүүлсэн биз. Энэ З.Энхболд гэж шударга ёс яриад байгаа хүнийг Төрийн өмчийн хорооны дарга байх үед социализмийн үед бий болсон хөрөнгийн дийлэнхийг тараах ажил хийгдсэн. 2000 оны их хурал “дүнсгэр мөрөн” шиг надад харагддаг. Цөөнх гэж зургаан хүнтэй, 70 хүн хувьсгалт намаас гараад ирчихсэн. Ил юм гарч ирдэггүй ийм их хурал байсан. 2004 оны их хурал бол товчхондоо “ороо бусгаа” их хурал. Эмээлээ жаахан эвгүйхэн л тохчихвол авч давхичих гээд байдаг. Анх удаагаа энэ 20 жилийн түүхэнд АН,МАХН хоёр хамтарч засаг байгуулсан. Аль нь ч олонх болоогүй ийм их хурал. Тэгээд л Ц.Элбэгдоржийн, М.Энхболдын, С.Баярын ЗГ-аар дамжиж хугацаа нь дууссан. Ерөнхийдөө бол энэ 2004 оны үеэс мөнгө гэдэг юмны хаялага төр лүү орж ирсэн. Ил гэдэг утгаар нь би ярьж байна л даа. Жишээ нь сонгуулийн дараа албан тушаал хуваарилах болохоор АН-ынхан шуудайтай мөнгө бариад гүйдэг шүү...гэж Ж.Наранцацралт УИХ-ын чуулган дээр амьддаа ярьж байсныг өөрөө санаж байгаа байх.
-2000-2004 оны үед л цутгаад ороод ирсэн биш гэж үү. Бүх юм нь л бялуурч харагддаг байсан санагддаг юм?
-Төрийн сан хувхайрч гурван сарын цалин тэтгэврээ зээлээр олгосон эдийн засгийг Н.Энхбаярын ЗГ хүлээж авсан. Бүтэн хоёр жил шар махтайгаа хатаж 2002 оны дундуур байдал арай гайгүй болсон. Хувьсгалт намын тэр үеийн гишүүд дотор айхтар хөрөнгөжчихсөн хүн бараг байгаагүй. 2004 оны сонгуулиар улс төрд мөнгө хаядаг үзэгдэл ил гарч ирсэн. Хөвсгөлийн нөхөн сонгуулиар мөнгөний “уралдаан” газар авч, 2008 оны сонгууль мөнгөний “зодоон” л болоо биз дээ. Тэр үзэгдлийг дагасан бухимдлууд л одоо явж байна. 2004 онд “хүүхдийн мөнгө”, 2008 онд “хишиг” амласан хүмүүс л гүйгээ биз дээ. Эргээд л энэ хишгийнхээ зангуунд төр нь, улс төр нь орчихоод байгаа ийм үед л бид амьдарч байна. 2008 оны сонгуулиар 230-аад хүн нэр дэвшсэн л байх. Тэрнээс сонгогдсон нь ердөө 76. Гомдолтой үлдсэн нь 76-аас их байнаа даа. Багагүй мөнгө төгрөгөөрөө шатсан ч байх. Тэрнийхээ араас боож үхэх шахаж яваа, тэгээд тэр гомдлоо ард түмнийг турхирч тайлах гэж оролдож буй ийм хайчин дунд л энэ хаврын дүр зураг харагдаж байна. Яг нарийндаа бол энэ “хишиг” гэдэг юмыг анх гаргаж ирсэн хүн нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. 2006 оны 1- сарын 13-ны өдөр “Өдрийн сонин” дээр “Эрдэнийн хувь” гэсэн гарчигтай өгүүлэл маягийн нийтлэл Ц.Элбэгдорж нийтлүүлсэн. Тэр үед би 2008 оны Ардчилсан намын сонгуулийн амлалт үүгээр эхэллээ гэдгийг харж л байсан. Тэгээд Ардчилсан намыхнаас өөрийнхөө харьцдаг зарим гишүүдтэй уулзаж “2008 оны сонгуулийн амлалт эхэлж байна. Шууд мөнгөний сонгууль хийх нь ээ. Энийгээ зогсоохгүй бол аюул ирлээ шүү. Аягүй бол тун удахгүй Н.Энхбаяр зөрүүлээд бас нэг иймэрхүү юм гаргаад ирнээ. Болж өгвөл та нар болиулаач” гэж гуйсан. Дараа нь би Н.Энхбаяртай уулзсан. Бас л энэ сэдвээр бодлоо хэлсэн. Өө, тийм үү гэж гаргачихаад 2007 оны хаврын чуулган дээр үг хэлэхдээ “Эх орны хишиг” тараана гэсэн зүйл хэлдэг юм. Ингээд 2008 онд “Эрдэнийн хишиг”, “Эх орны хишиг” хоёр уралдсан. Ингэж энэ нэхлийн нүх үүссэн. Энэ “хишиг”-ийн гол эзэд нь явсан ирсэн хоёр ерөнхийлөгч. Ер нь энэ “Э”- гүүдийн хөлд 1996 оноос хойш намууд нь ч, улс төр нь ч чирэгдсэнийг хэлэх хэрэгтэй.
-Хүний намтай ярихаас илүү өөрийнхөө нам дээр тэр “Эх орны хишиг”-ийн амлалтыг зогсоох талаар та яаж ажилласан юм?
-Дийлддэггүй юм дийлддэггүй л юм байдаг. Би Их Хурлын дарга байж, энд тэнд элдэв тэрслүү үг хэлж явсны нэг нь энэ “хишиг”-ийг цааш явуулж болохгүй гэдэг ийм л үг байсан юм шүү дээ. Тэгээд л энэ нөхөр байгаа цагт энэ явахгүй юм байна гэдгийг зарим нь мэдэрсэн ч байх. 2007 оны зургадугаар сард намайг УИХ-ын даргын ажлыг өгсний дараа Засгийн газар “Эх орны хишиг” сангийн тухай хуулийн төсөл их хуралд оруулж ирсэн, хэлцэгдэж амжаагүй байхад 2008 оны сонгууль явагдсан. Ардчилсан нам нэгэнт “Эрдэнийн хишиг”-ээ яриад эхлэчихсэн учраас харсаар үзсээр байж ялагдалтай нь биш гэж үзэж л хувьсгалт намынхан “Эх орны хишиг”-ийг давхар зүтгүүлсэн шүү дээ. 1,5 саяын амлалт манай намын мөрийн хөтөлбөрт анх байгаагүй. Бүр хожуу удирдах зөвлөл хэлэлцэж сонгуулийн хороонд өөрчлөлтөө өгсөн. АН-ынхан мөрийн хөтөлбөрт нь ийм юм байгаагүй гэж баахан маргасан биз дээ. Энэ хуудуутай амлалтын бурууг ард түмэн үүрэх ёсгүй. Нарийндаа ард түмэн 2004 онд хүүхдийн мөнгө нэхээгүй, 2008 онд хишиг гуйгаагүй. Энэ бие биенээ давах гэсэн хэдэн улстөрчид өөр хоорондоо өрсөлдөхдөө улс орноо цаашид хүнд байдалд оруулах юмыг мэдсээр байж санаатайгаар хийсэн. Сая Н.Энхбаяр би дахиад ерөнхийлөгч болсон бол 1,5 саяыг ардчиллын 20 жилийн ойгоор ард түмэндээ өгчих байсым гэж цэцэрхэж байна лээ. Ийм л амархан байсан юм бол Ерөнхийлөгч байхдаа ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө өгөхийг нь хэн хорьсон юм. Ц.Элбэгдорж сонгуулийн үеэр 2,5 саяыг өгөх хэрэгтэй, дээр нь оюутанд тэтгэлэг өгнө гэсэн. Ерөнхийлөгч болоод нэг жил боллоо. Сангийн сайд нь Ардчилсан намынх. Өгөх нь яасан юм.
-Одоо та хамтарсан Засгийн газрын нэгэн гол тулгуур болоод танхимд нь зүтгэж байна. Засгийн газрын зүгээс энэ амласан мөнгөнүүдийг өгөхийн төлөө ажиллана. Өгөх санхүүгийн даац, чадвар эдийн засагт байгаа л гээд байгаа. Ялангуяа Сангийн сайд. Тэгэхээр та танхимынхаа бодлоготой зөрчилдсөн юм ярьж байгаа юм биш үү?
-Би зөрчилдсөн юм яриагүй байна. Зүгээр гарч ирсэн түүхийг нь, тэгээд эхлээд хэнээс хариуцлагыг нэхэх ёстой вэ гэдэг талаас нь асуудлыг хөндөж байна. Өгөх боломжийн тухайд бол хувьсгалт намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт “Стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар бий болох хуримтлалаас 1,5 саяыг хүртээнэ “ гэсэн үг байдаг. Одоо Оюутолгойг дөнгөж эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэх гэж байна. Цаана нь дахиад арван хэдэн орд байнаа. Энэ бүхнийг эдийн засгийн эргэлтэд оруулж байж... гэдэг утгаар нь сонгуульд орсон. Гэвч сүүлд нь юу болж хувирсан гэхээр ялсан л бол маргаашнаас нь эхэлж олгох ёстой гэсэн нэхэл хатуутай шаардлагад өртсөн. Энийг би сая өөрийнхөө сонгогчидтой уулзахдаа, бас Дарханд иргэдтэй уулзахдаа хэлсэн. Ярихаар хүмүүс ойлгоод байгаа юм. Энийг хурцатгаж гудамжны жагсаал цуглаан болгох гэж оролдож байгаа хүмүүс нь дахиад нөгөө иргэдийн нэрийг барьж өөрсдөө мөнгө олдог ажлаа хийж эхэлж байх шиг байна. Цаана нь бас улс төрийн эзэн байна. Энэ хөдлөшгүй үнэн. 2006 оны үед энэ иргэний хөдөлгөөний нэр барьсан элдэв бусармаг үйлдэлтэй хүмүүс гарч ирж байхад “Гудамжны хөдөлгөөнийхөн” гэж би нэг хэлээд, дээрээс нь эд нар хөлсөөр жагсаал зохион байгуулж байгаа юм гэж бас нэмж хэлээд адлагдсан байх аа. Би үнэнийг л хэлсэн. Хамгийн сүүлд Баасан гэдэг хүнд гавъяа зүтгэлийг нь үнэлж хоёр өрөө байр өгсөн биз дээ. Ингэж л санхүүжүүлж байсан эзэд нь өөрсдийгөө илчилсэн. Дараа нь хувьсгалт намын жигүүр гарч ирэхээр нь нэг “дорвинк”-той ярилцлага Ц.Балдоржид өгөөд бас нэг баахан хэл аманд өртсөн байх аа.
-Тэгсэн. Одоо ч тэр үгээр тань ороогоод балбаж л байгаа харагддаг?
-Надад хэрэг явдал яаж өрнөж, яаж дуусах хаяа нь харагдаж л байсан. Манай жигүүрийнхний. Албан тушаал авахын тулд ийм юм хийж байгаа. Авсны дараа чимээгүй болно гэдгийг хүнийхээ хувьд мэдэрч л тийм үг унагасан юм. Хэлье л гэж хэлсэн юм. Би хэзээ ч үг хэлэхдээ эзэнгүй, тэгээд дараа нь элдвээр дайруулчих вий гэж анаж ярилцлага өгч үзээгүй. Харамсалтай нь миний харж байсан, хэлж байсан муу хувилбарууд руу л бүх юм явсан шүү дээ. Манай жигүүрийн хэн хэн юу ярьж гарч ирлээ. Одоо хаана юу хийж явна. Бүгд л албан тушаал аваад чимээгүй болсон шүү дээ. Одоо дараагийн ээлжийнхэн нь бас нэг юмтай зууралдчих санаатай удирдлага мудирдлагаа солиод л, огт мэдэхгүй жигүүрийн зүтгэлтнүүд хүртэл гарч ирчихээд амраахгүй байна ш дээ. Даваасүрэнд сайдын суудал атгуулчихвал мань хүн манай нам сайхан, манай засаг гоё гээд л гүйнэ. Мөрийцөхөд ч бэлэн. Үнэхээр хөгийн л юм болж байна шүү дээ. Орон шоронд ороод ирэхээрээ Ардчилсан нам руу давхиж ороод л, дараа нь буцаж гараад л. Ардчилсан нам гэмт этгээдүүдийн “хоргодох” байр болсон юм шиг заримдаа харагддаг болсон. Энэ янзаараа хувьсгалт нам ч тийм болж магадгүй. Зарим нь хувьсгалт намд ороод л. Зарим нь элсүүлж аваад л янз бүрийн юм болж байна шүү дээ. Хаана байна нөгөө иргэдийн төлөөх шударга хөдөлгөөн. Дандаа ингэж иргэдийн нэр барьж далд муухай аргаар мөнгө олдог. Хатуухан хэлэх юм бол “Иргэд”, “Эх орон” хоёрын нэрийг барьж далайлган сүрдүүлдэг ийм хэдэн нөхөд гарч ирээд сүүлийн хэдэн жил бужигнуулж байгаад албан тушаал авдаг болсон. Үүнийг шантааж буюу далайлган сүрдүүлэлт монголын улс төрд нэвширтлээ нэвчиж байна гэхээс өөр яаж дүгнэх юм. Одоо мөн дахиад л эд нар явж байна. Энэ үгийг худлаа гэж хэн ч хэлэхгүй. Ийм нэг юмнууд нөхцөл байдлыг жаахан дэвэргээд байна.
-Гаднаасаа?
-Гаднаасаа. Тэгээд цаад талд нь эд нарыг илэрхий санхүүжүүлээд, үйлдэл хөдөлгөөнүүдийг нь зааж өгөөд байна шүү дээ. Хэн зааж байгаа нь хэтэрхий ил. Бараг шулуухан хэлчихэж болмоор. Урьдийн холбоо хэлхээ, дараа нь өстөн байснаа өвөртөө оруулдаг арга энэ бүх юмыг нь харахаар ерөнхийдөө танигддаг.
-Жишээ нь яаж танигдаж байна?
-Жишээ нь 2005 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёр улаан дайснууд байснаа дараа нь хамт ууланд авирч “салшгүй андууд” болсон. Одоо М.Энхсайхан “Үндэсний хувьсгал” хийхээ зарлаж, түүний “анд” Уянга, “цэрэг” нь байсан Батцогт нар “амлалт” нэхэж Н.Энхбаярт үнэгүй “олдсон” ТВ 9 телевиз, “Зууны мэдээ” сонин хоёр нь энэ бүхнийг өдөр шөнөгүй дэвэргэж байгаа биз дээ.
-Таньдаг эзний дүр харагдаад байгаа болохоор ингэж шууд хэлж байна гэж ойлголоо ?
-Дандаа л таньдаг эздүүд ш дээ. Одоо дээрээс нь “шинэ хувьсгалчид” гараад ирэх шиг боллоо. Э.Бат-Үүл л гэнэ. М.Энхсайхан л гэнэ. Араас нь манай Н.Энхбаяр бараг хувьсгалч болчих гээд байгаа юм биш үү.
-Яагаад “шинэ хувьсгалчид” гэж. Э.Бат-Үүл, М.Энхсайхан эд чинь эртний хувьсгалчид шүү дээ?
-Яагаад гэхээр эд нар ерэн онд хуучин нийгмийг буулгасан, хэрэг дээрээ хөрөнгөтний хувьсгал хийхэд толгойд нь явсан хүмүүс. Э.Бат-Үүл саяхан баатар болоо биз дээ. Хөрөнгөтний буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээр цөөхөн хэсэг нь баяжиж, үлдсэн хэсэг нь үгүйрч хөлсний ажилчин болдог нь энэ нийгмийг дагадаг бичигдээгүй хууль. Э.Бат-Үүл, М.Энхсайхан хоёр тэр үед ч, 20 жилийн дараа ч ийм нийгэм рүү явж байна гэдгээ мэдээгүй, ойлгоогүй байсан хэрэг үү. Одоо юуг нь гайхаад “олигархи” гэж хашгираад ард түмний өмнө жүжиг тавьж уйлаад байгаа юм. Тэгэхээр асуудал байгаа биз. Би яагаад тэднийг “шинэ хувьсгалчид” гэж хэлж байгаа юм гэхээр ерэн оныхоо “хувьсгал”-ыг мартагнуулчихаад ард түмэнд хайртайн дүр эсгэж ахиад энэ төр улсыг бужигнуулах, эмх замбараагүй байдал үүсгэх болчимгүй үйлдэл хөдөлгөөнүүд хийж эхэлж байгаа учраас ингэж хэлж байгаа юм. Ийм байдалд хүрэх гол ажлыг хийсэн хүмүүс өөрийгөө танихгүйгээр өөр ажил хийгээд унахаар хэлж байгаа юм. М.Энхсайхан 1996 онд ерөнхий сайд байхдаа хувьчлал эхлүүлсэн хүн мөн биз. М.Энхсайханы төрүүлсэн олигархиуд өнөөдөр монголын төрд хаа сайгүй шигчихсэн байгаа нь бас үнэн биз. М.Энхсайханы нам дотор байгаа нөхдүүд дотор ч олигархид тооцогдвол зохистой этгээдүүд олон байгаа. Тэгэхлээр одоо ямар хувьсгал хийх гээд байна. Э.Бат-үүлийн 1990 онд хийсэн үйлдэл хөдөлгөөний үр дагавар нь өнөөдөр энэ АН мөн биз. АН-ын өнөөгийн удирдлагууд дотор “олигархи”-ын жагсаалтад оруулбал зохилтой нөхдүүд захаас аван, замаас татан байгаа биз. Их хурлын зааланд миний эсрэг талд голдуу л олигархууд харагддаг ш дээ. Тэгээд өнөөдөр яахлаараа хувьсгал яриад эхэлж байна. Эднийхээ хөрөнгийг хурааж ахиад нийгэм журамд оруулах гэж байгаа юм уу эд нар. Нийгэм журамд буюу эд нарын хараадгаар коммунист дэглэмдээ шилжих гээд байгаа юм уу. Хөрөнгөлөг хэсгээ үзэн ядах уур амьсгалыг бий болгоод, дахин олон түмний эмх замбараагүй байдал бий болгоод тэрэн дээрээ болшевик хувьсгал хийх гээд байгаа юм уу. Ийм юм цухалзаж эхэлж байгаа учраас би “шинэ хувьсгалчид” гэж нэрлээд байгаа юм. Магтаж биш шүү, доромжилж. Эд нар ард түмнийг улаан цайм доромжилж байхад би яагаад эднийг доромжилж болохгүй гэж. Болохгүй бүтэхгүй юм байгаа. Байна. Гэхдээ тэр болохгүй бүтэхгүйг хийсэн улсууд нь өнөөдөр ард түмэнд хайртай болж хувираад олигархуудтай тэмцэгчийн дүр эсгэж явж байгаа нь инээд хүргээд байна. Нарийн ярих юм бол 2008 оны УИХ-ын сонгуульд ч бай, 2009 оны сонгуульд ч бай Ардчилсан намынхан энэ хараагаад байгаа олигархуудынхаа мөнгөөр л сонгууль хийгээ биз дээ. 21 аймгаар онгоц хөлөглөөд сурталчилгаа хийгээд байсныгаа хэний хөрөнгөөр хийсэн юм. Э.Бат-үүл жишээ нь 2009 оны ерөнхийлөгчийн сонгуульд өөрийнхөө намд байдаг олигархиудын зардлаар л Ц.Элбэгдоржийг дагаж яваа биз дээ. Энэ бас хаашаа ч хөдөлж болохгүй үнэн ш дээ. Ийм юмаа мартчихаад өнөөдөр хувьсгал яриад эхлэв үү. Би яагаад ийм юм ярьж эхэлж байна вэ гэхээр энэ ард түмний дунд байгаа дургүйцэл дээр хамаа намаагүй цучил шидэх юм бол дахиад нэг долоон сарын нэгэн болчих вий. Энэ 20 жил болсон болоогүй зүтгэж босгосон бага ч биш юм байгаа. Энийг сүйтгээд хаячихвал ард түмэн юу ч хожихгүй. Нийгмийн эмх замбараагүй байдал руу турхирсан ийм зүйлийг төрийн тэргүүн байсан хүн, бас энэ 20 жилд ардчилал гэдэг юмны төлөө явсан гэж улсын баатраар шагнуулсан хүмүүс яриад эхлэхээр би гайхаад сууж байна. Уг нь энэ амьдралд нэг арьсан дотор нэг нүүртэй байж байгаад дуусчвал болмоор. Тэгэхгүй байна шүү дээ. Өнөөдөр нэг нүүр гаргаад л, маргааш нь нэг нүүр гаргаад л энэ улс орны байдал яагаад хүндрээд байна вэ гэдгийг өөрсдөө хийсэн хүмүүс өөрийгөө танихаа байчихаад ийм хөгийн хөгийн юм яриад байхаар сонин байна шүү дээ. Н.Энхбаяр “Дарга нар зовж ард түмэн жаргах” ёстой гэж айлдсан байна. Бүтэн 10 жил бүхнийг захирч суухдаа жаргаах нь яасан юм.
-Дахиад нэг долоон сарын нэгэн гэснээс энэ хаврын жагсаал цуглааныг Магнай тэргүүтнүүд эхлүүлсэн. Өмнө нь их том том мэдэгдлүүд хийсэн. Гэхдээ болсон жагсаалыг нь харахаар нэг юм бодогдож байгаа юм л даа. Буудуулсан, бороохойдуулсан, намнагдсан ард түмэн бол жаахан мөлгөр болдог юм уу даа гэж . Энэ бол тэдэнд жаахан элэгтэй талынхны харж байгаа зүйл. Нөгөө талаасаа за даа, эднийг шүгэлдэхэд л гүйж ирээд жагсах олонлог байхгүй болж дээ гэсэн бас нэг дүгнэлт өгөгдөж байна. Ийм хоёр талын дүгнэлт байх шиг. Та харин яаж харсан бэ?
-Ерөнхийдөө бол эд нарыг ард түмэн таньж эхэллээ гэж л ойлгогдсон. Ард түмэн энэ зохион байгуулж байгаа хүмүүсийнх нь зорилгыг ойлгочихоод дэмжихгүй болчихов уу даа гэж би харсан.
-УИХ-ын тамгын газрын дарга объёоктоо андуурсан шаардлага боллоо гэж мэдэгдээд нэлээн балбуулах шиг болсон. Гэхдээ тэд ч гэсэн “бай” болгох хүмүүсээ илт зөөлчилж сонгосон, ёстой нөгөө ичсэн нэрэндээ гарч ирцгээв үү гэж болмоор. Д. Дэмбэрэлийг, С.Ламбааг сонгож давшиж байгаа нь тэгж л харагдсан?
-Бас намайг гээч. Би энэ гудамжны атамануудад саад болж байгаагаа ойлгож л байна. Зөөлчлөх нь ч хаашаа юм. Жагсаал цуглаан хийж байгаа санаатай юм чинь бас нэг шаардлага тавьсан болж харагдах хэрэг гарнаа даа. Тэр талаас нь л тавьсан юм болов уу гэж би ойлгосон. Ер нь бол Ц.Шаравдоржийн ярилцлаганд ч алдаа байж л байсан ш дээ. МУ-ын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч огцруулж болохоор зүйл ярьсан байна лээ. Энэ чинь үндсэн хуулиар “зургаан жилээр томилно” гээд заачихсан хугацаатай албан тушаал. Шүүгч нарыг бүх насаар нь томилдог. Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг шүүгч нарын дотроос санал хурааж зургаан жилийн хугацаагаар томилдог. Өөрөө хүсэлт гаргаагүй, гэмт хэрэгт холбогдоогүй бол хугацаанаас нь өмнө огцруулах тухай асуудал байдаггүй юм. Эдгээр албан тушаалыг улс төрөөс ангид байлгах гэж, улс төрийн мөчлөгөөс нь зөрүүлж хийсэн юм. Хэрвээ улс төрийн мөчлөгтэй нь тааруулчих юм бол нэг нөхөр гарч ирээд л төлөөнийхөө ерөнхий прокурорыг тавиад л, төлөөнийхөө ерөнхий шүүгчийг тавиад л захиалгаар хэрэг үүсгүүлээд л мөрдүүлээд, шийтгүүлээд ингээд энэ орон үеийн үед гарч ирсэн нь өрсөлдөгчөө шоронд хийж байдаг гяндангийн орон болчих ийм аюул байдаг учраас хугацааны мөчлөг нь тийм байгаа юм. Ц.Шаравдоржийн ярилцлага бол бараг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий прокурор М.Алтанхуягийг дуудаж ирээд огцруулчих боломжтой гэх маягийн юм хэлсэн байна лээ ш дээ. Өөрөөсөө юм зайлуулж болно л доо. Гэхдээ бас тэгж зайлуулж болохгүй. Болсон ч болоогүй ч, муу ч бай сайн ч бай Үндсэн хуулийнхаа суурь зарчмыг хадгалаад хуулийнхныг улстөрчид дуудаж загнадаггүй, үүрэг даалгавар өгдөггүй 20 шахам жил явлаа ш дээ. Өнгөрсөн жилээс энэ эргэж үнэртээд эхэллээ. Төлөөнийхөө хүнийг оронд нь тавихын тулд байгаа хүмүүсээ хууль бусаар дарамт шахалтаар халах ийм ажиллагаа зохион байгуулагдаж байна. Хамгийн эмгэнэлтэй нь өчигдөр бараг хэрэгтэн байсан нөхөр өнөөдөр шалгаж байсан байгууллагынхаа удирдлагыг ерөнхийлөгчийн нэр барьж дайрдаг болсон байна. Ж.Батзандан мэтийн нөхдүүд 2008 оны долоон сарын нэгэнд ямар хэрэг өдөөлөө. Ард түмэн харсан шүү дээ. Орон шоронд суусан. Одоо гарч ирчихээд авилгатай тэмцэх газрын даргыг Ж.Батзандан мэт нь шаардаж байгаад огцруулаад болчихно гэж бодож байгаа бол энэ лав биш. Үнэлдэг нь ч Ж.Батзандан биш.
-Солих шаардлагатай нөхдүүд биш юм уу. Тэгж л яригдаад байгаа шүү дээ. Би нийгмийн дунд яваа үнэлэлт дээр суурилж л асуултаа тавьж байна?
-Зургаан жилийн хугацаатай. Шаардлагыг би ч , Элбэгдорж ч тавиад огцруулчихгүй шүү дээ.
-Хууль бус үйл ажиллагаа явуулсан ч байсан гэсэн үү?
-Хууль бус юм хийдэг, шударга бус явдлууд газар авсан ийм байдалд хэн тэгээд хүргэсэн юм. Хуулийнхан бий болгосон юм уу. Үгүй шүү дээ. Улс төрийнх нь явж ирсэн систем, энэ увайгүй улстөрчдийн өөрсдийнх нь бий болгосон балчиг намаг. Толгойн улстөрчид цадигтай байгаад энэ улс төрийг мөнгөнөөс жаахан хол байлгасан бол, толгойн улстөрчид энэ шударга ёс гэдэг юмыг анхнаас нь барьж ажиллаж чадаж ирсэн бол өнөөдөр монголын төр ийм байдалд орохгүй байсан шүү.
-Баттай эх сурвалжаас авсан мэдээллээр бол ерөнхий прокурор М.Алтанхуяг “Би болъё оо, өргөдлөө өгье” гэж мэдэгдчихээд маргааш нь ямар нэгэн эзнээс зааварчилгаа авчихсан мэт үгнээсээ буцсан гэж дуулсан. Та ч гэсэн тэр толгойн гэгдэх улстөрчдийн нэг. Арай та шийдвэрийг нь буцаачихсан юм биш биз дээ. Та хэр ойр байдаг вэ. Нийгэмд бол нэр хүнд нь муу л байх шиг байна шүү дээ?
-Нэр хүнд нь сайн муу байгаа алин болохыг би мэдэхгүй. Ер нь бол нэр хүнд нь муу байгаа гэсэн судалгаа хийлгэсэн байна лээ. Тэр судалгааг хэнээр хийлгэсэн гээч. 1996-2000 онд УИХ-ын гишүүн байсан Дашпүрэв гэдэг хүний урьд нь огт судалгаа хийж байгаагүй төрийн бус байгууллагаар хийлгэсэн байна лээ. Тийм юм хийгээд ирэхээр л хөгийн харагдаж байгаа биз. Ер нь бол шахсан юм байлгүй дээ. Шахаж байгаа нь харагдаад л байгаа ш дээ. АТГ-ын даргыг дуудаж аваачиж шахаад л, Ерөнхий прокурорыг аваачиж загнаад л. Эд нар чинь хууль хийдэг нэг л даргатай. Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Ц.Нямдорж нарын аль нь ч шүүх, прокурор, авилгатай тэмцэх газрын дарга биш шүү. Яагаад гэвэл улс төрөөс ангид үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд. Тэр хуулийн зургаан жилийн хугацааг тэгж хэн дуртай нь хөнддөг асуудал биш. Магадгүй хэрвээ асуудал ингээд эргэх юм бол гурван жилийн дараа Ц.Элбэгдорж гэдэг ерөнхийлөгч больсны дараа гарч ирсэн ерөнхийлөгч нь дахиж АТГ-ын даргыг дуудаад Ц.Элбэгдоржийг шалга гэсэн даалгавар өгөөд сууж байхыг үгүй гэхийн арга байхгүй ш дээ. Эвгүй байгаа биз. Бага зэрэг тархитай бол үүнийг ойлгох л хэрэгтэй.
-Долоон сарын нэгний сэдвээр та бараг дуугараагүй. Бүгд л хар өдөр, ахин бүү үзэгд гэцгээж байгаа. Таван иргэн амь насаа алдсан. Олон хүн бэртэж гэмтсэн. Буудуулсан. Эцэст нь цагдаад насаараа зүтгэсэн хэдэн дарга нарыг л дээлтэй нь хатаагаад дуусч байна. Тухайн үеийн ХЗЯ-ны сайдаас ял асууна л гэдэг. Бид хэзээ ч дуусч өгдөггүй ийм нэг сэдэвтэй боллоо. Энэ тухайд?
-Би долоон сарын нэгний үр дагаврыг арилгах ажлыг хийгээд үндсэндээ дуусч байна. Нөхөн олговорын хууль гаргуулаад холбогдох хүмүүст нь өгөөд дуусч байна. Одоо хохирсон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговорыг өгч эхэлж байна. Энэ ондоо нэлээн шахаж дуусах шат руу нь оруулна гэж бодож байгаа. Долоон сарын нэгнийг гол өдүүлэгсэд нь тавьтаргүй улстөрчид, улс төр сонирхогчид ч гээд хэлчихье. Эдний л өдүүлсэн хэрэг явдал шүү дээ. Зургадугаар сарын 29 нд СХД дээр хууль бус жагсаал цуглаан болоогүй бол, СБД дээр хууль бус жагсаал цуглаан болоогүй бол тэр жагсаал цуглаан эхлэхийн өмнөхөн Ц.Элбэгдорж сонгуулиа луйвардуулчихлаа гэж турхираагүй бол, жагсаал цуглаан болж байх үед хэдэн нөхдүүд очиж галдан шатаагаагүй бол хүн амь насаа алдах байсан уу. Шоронд орох байсан уу. Байшин барилга галдан шатаагдах байсан уу. Үгүй байх аа. Болсон юм нь бол улс төрийнхөө ялагдлыг хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхэлгүй хүмүүс хууль бус жагсаал цуглаан зохион байгуулчихаад сүүлд нь тэрийгээ дийлэхээ байхаараа хөлгөө хаяад зугтсан л хэрэг явдал болсон биз дээ. Үүний улс төрийн хариуцлагыг асуух ёстой хүмүүсийн тоонд Ц.Элбэгдорж орно. Тэр О.Магнай, Ж.Батзандан хоёр орно. Д.Энхбат орно. Энийг ард түмэн харсан ш дээ. Магадгүй түрүүний тэр хийх гэсэн жагсаал цуглааныг ард түмэн дэмжээгүй нь цаад дүр төрхийг нь харсны л илрэл байх. Ийм юмнуудын хийж байгаа юмны ард галдан шатаасан, хүний амь нас хөнөөсөн зүй бус явдлууд л болдог юм билээ гэдгийг мэдэрчихээд ирээгүй байх. Цэрвэж л байгаа байхгүй юу. Тэгээд сүүлд нь ичих ч үгүй бусдаас ял асууна. Харицлага асууна. Ийм юм болчихоод байхад шүү дээ. Хэрэв эд нар хууль бус жагсаал цуглаан зохион байгуулж эхлээгүй бол өнөөдөр цагдаа нар хэрэгт орох байсан уу. Үгүй шүү дээ. Олон зуун цагдаа эрүүл мэндээрээ хохирох байсан уу. Таван хүн нас барах байсан уу. Үгүй шүү дээ.
-Ингэхэд тэгээд буудах тушаалыг хэн өгсөн болж таарсан бэ?
-Энэ бол миний хариулдаг асуулт биш. Наадахыг чинь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгасан. Надад байгаа мэдээллээр бол албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байсан байна. Гэхдээ энэ үйлдэл нь өршөөлийн хуулинд хамрагдсан.
-Тэгээд цагдаагийн дарга нар үүрэг өгсөн гэсэн үг үү?
-Үүрэг өгч байж л зэвсэг тараагдана шүү дээ. Гэхдээ яг “бууд” гэсэн үүрэг өгсөн эсэхийг тогтоож чадаагүй юм шиг байгаа юм.
-Ийм нөхцөлд хэнийг ч яллах бололцоогүй юм биш үү. Гэмгүй иргэд үхэж үрэгдлээ. Олон хүн эрүүл мэндээрээ хохирлоо. Энэ хэдэн цагдаагийн дарга нар ч гэсэн бас л галтай залуу наснаасаа өнөөг хүртэл цагдаад зүтгэсэн улсууд шүү дээ. Тэгээд эцэст нь ийм байдалд орчихлоо?
-Үнэн. Энэ хэдэн тавьтаргүй улсууд тийм хэрэг явдал өдөөгөөгүй бол ийм хүнд нөхцлүүд үүсэх байсан уу. Үгүй шүү дээ. Ер нь намайг 2005 оны долдугаар сард эндээс явсны дараа дурын авгай цагдаагийн мөрдсийг хуулж шиддэг болоод хоёр жил гаруй болсон. 2006 оны хоёрдугаар сард МАХН-ын байрыг дайрч “эзэлсэн”. Энэ нь явсаар байгаад долдугаар сарын нэгэн болсон. Цагдаагийн мөрдсөнд гар хүрсэн тохиолдолд тэр дор нь хуулийн хариуг барих болно гэдгийг би харин хэлчихмээр санагдаад байна. Төр үүргээ гүйцэтгэ гэж гүйцэтгүүлчихээд дараа нь ялладаг ийм ёс байж болохгүй шүү дээ.
-Цагдаа нарын дунд “Бид чинь ер нь золиосонд явдаг хүмүүс юм байна шүү” гэсэн нэг ойлголт суучих шиг болсон. Эсвэл би буруу мэдрээд байна уу?
-Гайгүй байх. Гэхдээ тодорхой хэмжээнд сэтгэлд нь суусан сэв гар хөлийг нь хүлж л байгаа ш дээ.
-Манай цагдаа нарт нэг буруу ойлголт байдаг. Өөрсдийгөө төрийн цагдаа гэж ойлгодог. Та ер нь энэ ойлголтыг засах талаар ажилдаг уу. Хэн юм бэ энэ цагдаа чинь ер нь?
-Улс төрийн зорилгоор цагдаа руу дайраад байх шиг хэцүү юм алга байна шүү дээ. Асуудлыг хүндрүүлж байгаа юм энд л байна. Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьчихаад байж байна. Тэр хуулинд хамгаалалтыг нь сайжруулах саналууд оруулсан. Батлагдах болов уу гэж найдаж байна.
-Гайгүй хууль болж байгаа юу?
-Одоогийн түвшиндээ гайгүй.
-Хуулийнханд хамаагүй, хуулийнхан буруугүй, хуулийнхан яачаа...гэж та үргэлж өмгөөлөх юм. Ерөнхий шүүгч, прокурор, АТГ-ын даргад “хүрч” болохгүй л гэх юм. Том шүүгчид цаана чинь төрийн албанд томилгоо хийдэг болчихоод байна шүү дээ. Өөрсдийн ах дүүсийг ажилд тавиулдаг, гэр бүлээрээ наторат эрхэлдэг, алдаа дутагдал гаргаад, идэж уугаад халагдсан хүнийг шүүхийн шийдвэр “үйлдвэрлэж” буцааж тавьдаг болчихоод байна. Энэ бүх бусармаг үйлдэл нь гадна талдаа хууль, шүүхийнхний нэр хүндийг “дуусгаад” зогсохгүй, төрийн албаны сүр хүчийг үгүй хийчихээд байгааг юу гэж үзэх ёстой юм бэ?
-Үсэрсэн шавар болгоныг хуулийнхны нүүрэнд наах гэсэн оролдлого байнга явдаг. Би энэ талаас нь явуулж байгаа дайрлагуудад хурцхан хариу барьчихдаг байж мэднэ. Ер нь ахин хэлэхэд бохир улстөрчдийн л тарьсан балаг яваад байна шүү дээ.
-Ярианыхаа сэдвийг өөрчилье. Намын байрыг дайрч эзэлж байсан гэснээс одоо бүр байр ч үгүй болсон байх. Байргүй тэгээд хэцүү байна уу?
-Байргүй мэдээж хэцүү л байж таараа ш дээ.Гэхдээ хувьсгалт намын байр гэхээсээ илүү монголын л нэг өмч шүү дээ. Байрыг нь шатааж болдог юмаа гэхэд гишүүд дэмжигчдийг нь шатааж дуусахгүй байлгүй. Энэ нам чинь харьд 200 жил дарлагдсан ард түмний тусгаар тогтнолын бэлгэдэл болон үүсч өдийг хүрсэн нам шүү.
-Орон гэрээ шатаалгаж ядарчихсан айлын дүрд танайхан бас сайн тоглох юм аа. Аврах бололцоо байхад шоу хийчихсэн юм биш биз дээ. Ийм яриа бас гарч л байсан. Эвгүй санагдвал уучлаарай. Гэхдээ би асуух үүрэгтэй?
-Тийм юм байхгүй. Ардчилсан намын байшинг шатаасан бол эд нар тэгж хэлэх байсан болов уу. Хэлэхгүй дээ. 1997 онд Баасан гэдэг өвгөн АН-ыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийж яваад уурандаа цагдаа хутгалхад эд нар “Хувьсгалт нам монголын ардчилал руу хутга ханцуйлж дайрлаа” гэж бичүүлж байсныг би л лав мартаагүй байна.
-Бичүүлэх гэж дээ. Би тэнд сурвалжлагаар явж л байсан. Хэрэг явдлыг сайн санаж байна?
-Бошигтын хөдөлгөөний үед шүү дээ. Эд нар захиалга өгч бичүүлж байсан. Тэгж байсан хүмүүс АН-ын байрыг жишээ нь долоон сарын нэгэнд шатаачихсан бол юу гэж хэлэх байсан бол. Жаахан хунштай байх хэрэгтэй байх аа.
-Их мөнгөтэй нам юм даа. Хуучнаасаа гоё байшин босгож байна гэж хүмүүс хэлдэг. Монголд барилгын зах зээл дэн дун байхад нээрээ танай байр л ургаад байх юм аа?
-Байраа шатаалгачихсан юм чинь барьж л таарна шүү дээ. Ардчилсан нам ч гэсэн тэрнээс өндөр байшин бариулах гээд л гүйж яваа биз дээ. Гишүүд дэмжигчид нь сэтгэлээрээ туслаж дэмнээд байр бариулж байгаа бол буруу юу байхав дээ. Ер нь бол өөрсдөө турхирч шатаалгачихаад араас нь өмхий үг дагуулаад байх хэрэггүй байх шүү.
-Танай нам дотор бас багагүй хэл үг дэгдээд байгаа. Би Н.Энхбаяр, С.Баяр нартай хоёулантай нь ярилцлага хийж, байр суурийг нь олон түмэнд дамжуулсан. Үүний дараа улс төрийн хүрээнд бага биш шуугиан дэгдсэн байх. Саяхан экс Ерөнхийлөгч ахин дуугарч дуулиан тарьлаа. Энэ талаар таны ямар бодолтой байгаа үнэхээр сонин ?
-Хоёулаа л өөр өөрийн дотрыг нээсэн байх. Би уншсан. Шулуухан хэлэхэд Н.Энхбаярын ярилцлага надад огт таалагдаагүй.
-Яагаад?
-Бүтэн есөн жил энэ төрийн бүх өндөр албан тушаалд суучихаад, тэгээд сонгуульд орж гол нь өөрийнхөө буруутай үйл ажиллагаанаас болж ялагдчихаад харин эргээд өөрийнх нь төлөө явсан нам, намын хүмүүс рүүгээ дайрч байгаа нь эрүүл ухаан, хүний ёсонд нийцэж байгаа юм уу. Хоёрдугаарт, сонгуулийн хариуцлагын тухай асуудлыг ярих ёстой бол нэг ноймрын хариуцлагыг нэр дэвшсэн хүн хүлээх ёстой. Яагаад гэвэл энэ намын мянга мянган гишүүд гутлынхаа улыг цоортол явсан. Асар их хөрөнгө хүч зарсан. Тэгэхээр Сонгуульд ялагдсан шалтгаанаа Н.Энхбаяр өрөөлөөс биш өөрөөсөө хайх хэрэгтэй. Хэрэв нөхдөө хардаж байгаа бол “Би тэдний сэтгэл рүү яаж ус цацсан билээ” гэдгээ 10 жилийн мөчлөгөөр эргэж нэг санах хэрэгтэй. Өөрийнх нь ярьж байгаагаар намын дарга С.Баяр нөгөө талд ажилласан юм аа гэж үзэхэд жирийн гишүүд дэмжигчид лав тэгээгүй шүү дээ. Нөгөө талаас С.Баяртай холбож асуудлыг ярих гэж байгаа бол Н.Энхбаяр л өөрөө С.Баярыг Москвад элчин сайд байхад нь авчирсан биз дээ. Тэгээд М.Энхболдыг буулгаж С.Баярыг гаргаж ирсэн хүн нь Н.Энхбаяр өөрөө шүү дээ. Тэгээд дараа нь ингэж гоморхож, буруугаа бусдадаа тохох гэж зүтгэж байгаа нь миний зэвүүг хүргэж байна.
-Хардлага нь жаахан бодитой юм биш үү. Тухайлбал танай лидерүүд, танай үеийнхэн, та ч гэсэн дэмжээгүй юм биш үү?
-Аймаг аймгаар дагаж яваад, байн байн телевизээр ярилцлаганд орж, хэвлэлээр ярьж бас л чадлынхаа хэрээр ажилласан л даа. Ц.Элбэгдорж гэдэг хүнтэй болон түүний сонгуулийн штабын хүмүүстэй сонгуулийн үеэр би хувьдаа нэг ч уулзаагүй. Намын их хурал дээр дотооддоо миний ярьсан асуудлыг Ардчилсан намынхан нэлээн ашигласан байх. Телевизийнхний хурлын дундуур орж ирж хийсэн бичлэгийг тэдний нөхдүүд олоод авчихсан байсан. Тэрэнд хэрэв гомдож байгаа бол намайг тэгтэл нь хэн хурцалсан билээ. Би намын тогоон дотроо үнэн л юмыг хэлсэн. Огт худлаа юм хэлээгүй. Өөрийг нь тойрсон сонин сонин юм их бий шүү дээ. Жишээ нь Н.Энхбаярын сонгуулийн штабт Ц.Элбэгдоржийн ЗГ-ын хэвлэлийн албаны дарга байсан Д.Болдхуяг ажилласан. Тэр нөхөр эхлээд Ц.Элбэгдоржийн хэвлэлийн албаны дарга байсан байх аа. Энэ үнэн биз. Дараа нь Н.Энхбаяр элдэв арга хэрэглэж хувийнхаа болгосон “Зууны мэдээ” сониныхоо эрхлэгч болгосон. Би худлаа хэлээгүй биз. Дараа нь сонгуулийн штабынх нь нэлээн голлох хүнээр ажилласан. 2008 оны их хурлын сонгуулиар АН-ын хэвлэлийн штабт ажиллаж байсан “Боролдой” Мягмар 2009 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр манай намын хэвлэлийн штабт бас ажилласан. Ёстой нөгөө чононд хонь хадгалуулахын үлгэр болсон доо.Ийм заваан юмыг хэн хийсэн юм бэ. Өөрөө биз дээ. Тэгээд дараа нь энэ намын олон мянган гишүүдийн сэтгэл рүү ус цацаж болно гэж үү. Уг нь Н.Энхбаяр намын хамт олноосоо уучлал гуйх ёстой байсан. Тэгээд бүх хариуцлагыг өөрөөсөө асуух ёстой байсан. Гэвч тэгсэнгүй.