7 сарын 1-ний үймээн сонгуулийн хуулиа өөрчлөөч гэсэн дохио байсан
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар өөрчлөхөөр гишүүд хэд хэдэн хуулийн төсөл санаачлаад байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар өөрчлөхөөр гишүүд хэд хэдэн хуулийн төсөл санаачлаад байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд өчигдөр УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Сонгуулийн хуульд зарчмын нэлээд өөрчлөлт оруулах уг төслийн талаар хууль санаачлагчдын нэг эрхэм гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг сая өргөн барилаа. Сонгуулийн хуулийг ямар шалтгаанаар өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн бэ?
-Сонгуулийн хуулийг өөрчлөн найруулах шаардлага юу байсан бэ гэдгийг эхлээд хэлье. Одоо хүчин төгөлдөр байгаа сонгуулийн хууль шүүмжлэлд нэлээд өртсөн. Шүүмжлээгүй нам, төрийн бус байгууллага, сонгогч гэж бараг алга. Энэ бол хуулийг өөрчлөх болсон нэгдүгээр шалтгаан. Хоёрдугаарт, 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал бол Сонгуулийн хууль муу байх, сонгуулийн хууль ээдрээ будилаантай байх нь ямар их хор уршигтай болохыг тодорхой харуулсан. Муу хууль ямар их улс төрийн муу үр дагавар дагуулдгийг харуулсан. Долдугаар сарын 1-ний үймээн бол сонгуулийн хуулиа өөрчлөөч гэсэн дохио байсан. Гуравдугаарт, өнөөдрийн хуулиар явуулсан сонгууль мөнгөний сонгууль болоод байгааг олон хүн хэлж байна. Өөрөөр хэлбэл, хөрөнгө мөнгөтэй хүн л сонгогдох эрхтэй бусад нь сонгогдох эрхгүй тийм олигархийг бий болгоод байна. Олигархийн төр, засгийг бий болгоод байна гэсэн шүмжлэлийг хаа хаанаа л ярьж байгаа шүү дээ. Энэ гурван ноцтой учир шалтгааны улмаас Сонгуулийн хуулийг зайлшгүй өөрчлөх шаардлага гарсан. Хамгийн гол нь сонгууль аль болох шударга байх ёстой. Сонгуулийн дүн шударга байвал улс төрийн маргаан гарахгүй. Ялагдсан хүнд ч гомдол байхгүй шүү дээ. Нэгэнт л шударга сонгуульд өрсөлдөөд уначихсан юм чинь, тийм ээ. Сонгуулийн дүн будилаантай гарахаар л өрсөлдөгчдөд ч, намд ч, саналөа өгсөн иргэдэд ч гомдолтой байдаг. Би дахиад л долдугаар сарын 1 үүнийг харуулсан гэж хэлмээр байна.
-Хуулийг энэ төслөөр өөрчилснөөр сонгууль шударга болж чадах уу?
-Бид нэг их шударга сонгуулийн хуулийн төсөл хийсэн гэж хэлэхгүй. Ер нь ингэх бололцоо хүн төрөлхтөнд байдаггүй байх. Гэхдээ хамгийн хүлээн зөвшөөрөгдөх, хамгийн алдаа хийдэл багатайг хийх гэж оролдсон.Сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд бас шинэчлэлт хийх зорилт тавьсан.
-Нэр дэвшүүлэх зарчим нь ямар байх вэ?
-Сонгуульд өрсөлдөх нам бүр 76 хүний нэр дэвшүүлнэ.Нам дотроо өндөр санал авсан хүн жагсаалтын эхэнд бичигдэнэ. Сонгогч санал өгөх нэг хүнийхээ нэрийг сонгож дугуйлна.Намаас нэр дэвшигчдийн дотор хоёроос доошгүй үндэсний цөөнх орсон байх ёстой. Өөрөөр хэлбэл, казах хүн байна гэсэн үг.
-Нэг сонгогч нэг л хүнд санал өгнө гэж та хэлэв үү?
-Тэгнэ. Энэ нь нөгөө талаасаа Үндсэн хуулийн нэг зүйл заалттай нийцээд байгаа юм . УИХ-ын гишүүн ард түмний элч төлөөлөгч гэдэг шүү дээ. Одоо бол тойрог төлөөлөөд байгаа. Санал зохион байгуулах бүртгэлийн ажлыг улсын бүртгэлийн газрууд хийнэ. Одоо бол СЕХ-нд бүртгэлийн жагсаалтаа гаргаж өгөөд л тойргууд түүнийг барьж ажилладаг. Одоо бүртгэлийн байгууллагуудаар өөрсдөөр нь иргэдийн бүртгэлийг хариуцуулна. Гадаадад байгаа иргэд сонгуульд санал өгөх бололцоотой. Тэдэнд сонгуулийн эрх нээгдэнэ. Өөр нэг онцлог гэвэл санал хураалтыг амралтын өдөр явуулахаа болино.
-Тэгээд ажлын өдөр сонгуулиа явуулах юм уу, яагаад?
-Долоо хоногийн гурав дахь өдөр санал хураалт явуулна. Амралтын өдөр сонгууль явуулахад хүмүүс амралтаа харамлаад санал хураалтад муу оролцдог. Сонгууль дөрвөн жилд нэг л удаа шүү дээ. Тэгэхээр сонгуулийг ажлын өдөр хийе гэж байгаа юм. Тэгээд бас сонгуулийн санал хураалтыг хүн тоолохгүй.
-Яаж тоолох вэ.Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчид америкчуудын танилцуулаад байсан автомат “ухаантай” хайрцгаар тоолох уу?
-Тийм ээ, “ухаантай” хайрцгаар тоолно. Санал хураалтыг хүн тоолдгийг зогсоож байгаа юм. Энэ бол нэлээд том техникийн шийдэл. Ингэж чадвал сонгууль маргаангүй болно. Машин ямар ч улс төрийн хүчний төлөө ажиллахгүй шүү дээ.
-Босго тавих уу?
-Босго байна. Долоон хувийн босго давсан нам л нэр дэвшигчээ УИХ-д оруулна. Нэр дэвшигчдийн авсан хувьд тэнцүүлж УИХ-аас суудал авна. Тухайн намд тодорхой хувийн санал авчирч өгсөн хүмүүс нь УИХ-д сууна.
-Эмэгтэйчүүдийн квот тогтоосон уу?
-Тогтоосон. Нийт нэр дэвшигчийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна.
-Бие даагчид нэр дэвшүүлэх үү?
-Энэ хуулиар бие даагчийг хориглоогүй ч тэд өрсөлдөхөд нэлээд төвөгтэй болсон доо. Нэг бол бие даагчид эвсэл байгуулахаас өөр аргагүй. Хоорондоо нэгдэж холбоо болоод өөрсдийнхөө нэрсийг жагсаагаад л оруулж ирэхээс өөр аргагүй.
-УИХ-ын гишүүд бүрэн эрхээ дуусгаагүй байхад өөрчлөгдөхөөр бол нөхөн сонгуулиа яаж явуулах вэ. Дараагийн хүн орж ирэх үү, дахиад сонгууль хийх үү?
-Авсан саналын хувиараа УИХ-ын гишүүн болж чадалгүй яг өмнүүрээ таслуулсан, аман хүзүүдсэн дараагийн хүн орж ирнэ. Нөхөн сонгууль гэж сонгууль хийхгүй. Ийм зарчим 1992 оны УИХ-ын сонгуулийн дараа үйлчилж байсан.
Д.ОЮУНЦЭЦЭГ