Баттулга сайдын дутуу бодол
Бүлгийнхээ хурал дээр Баттулга сайд бид хоёр сүрхий маргалдлаа. Аль аль нь их бухимдсан.
Бүлгийнхээ хурал дээр Баттулга сайд бид хоёр сүрхий маргалдлаа. Аль аль нь их бухимдсан. ”Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрөөс болсон юм л даа. Энэ хөтөлбөрийн танилцуулга дээр “Гэр хорооллыг орон сууцны хороолол болгон өөрчлөх…(ингэхдээ)…гэрт амьдарч буй иргэдийн ихэнх нь төлбөрийн чадваргүй байгаагаас орон сууцыг өөрийн хөрөнгөөр, эсвэл банкны зээлээр худалдан авах боломж нь хязгаарлагдмал …(тийм учраас, мэдээж банкнаас зээл авах боломжтой компанийн барьсан)… орон сууцыг төр худалдан авч орлого багатай иргэдэд түрээсээр эзэмшүүлэх…гэсэн байв. Тэгээд, гэр хорооллыг орон сууцжуулахын тулд “…гэр хорооллын газар олголтыг шинэчлэн зохион байгуул…”-аад “…гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн хэсэгчилсэн ерөнхий төлөлөвгөөний дагуу ойрын хугацаанд 35 байршилд орон сууцны цогцолбор барих…” ажээ. Гэр хорооллыг орон сууцжуулах мөнгийг ашигт малтмалын орд газраас нийлүүлэх бүтээгдэхүүнээрээ төлбөрийн баталгаа гарган олж ирэх юм байна.
Маргааны үеэр Баттулга сайдын ундууцан бухимдсан шалтгаан ойлгомжой байлаа. Багагүй хөдөлмөр зарж боловсруулсаар оруулж ирсэн хөтөлбөрийг нь эсэргүүцээд унахаар дүрсхийлгүй яахав. Энэ хөтөлбөрийг боловсруулахын тулд их хөдөлмөр зарцуулсан гэдгийг би мэдэж байсан л даа. Гэхдээ надад бас бачимдах шалтгаан байсан билээ.
Гэр хорооллыг орон сууцжуулахтай холбогдсон хөтөлбөрийн өгүүлбэрүүдийг хэлхэж холбоод цаад санааг тайлж уншъя. Юуны өмнө, гэр хорооллын газар олголтыг шинэчлэн зохион байгуулах нь ээ. Тодруулбал, хашааны газрыг дахин хуваарилна. Тэгснээр, одоогоор тодорхойгүй байгаа, орон сууцны цогцолбор барих 35 байршилд өртөгдөх ”төлбөрийн чадваргүй” хэмээн цоллогдсон иргэд, орон сууц авахаар хашааны газраа төрд буцааж өгөх нь ээ. Тэр газар дээр нь компаниуд орон сууц бариад төрд худалдах юм байна. Мэдээж тухайн компанийн барьсан орон сууцыг уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаар барьцаалан олсон мөнгөөрөө төр худалдаж авах баталгаа байгаа юм чинь тэр компанид банк зээл өгөлгүй яахав. Төр худалдаж авсан байраа мөнөөх төлбөрийн чадваргүйгээсээ болоод зээл авах эрхгүй хөөрхий гэр хорооллын иргэдэд түрээсийн орон сууц болгон өгөх ажээ. Ийнхүү, төр иргэнийхээ хувийн өмчийн газрыг улсын тэгээд түрээсийн байраар сольж “гийгүүлэх нь ээ”. Үгүй ээ, мөн…
Энэ санаа, иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэлэлцэж батлах 2000 оны үед л хотын захиргааныхнаас анх гарч ирсэн. Тэр үед Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдийн нутаг дэвсгэр дээрх гэр хорооллын айлуудын хашааны газрыг барилгажих талбайн зориулалтаар буцаан авч газар нь хураагдсан өрхүүдийг Тахилтад суурьшуулахаар төлөвлөж байсан юм. Хураагдсан талбай дээр орон сууцны цогцолбор барихаар зэхэж байлаа.
Хотын захиргаа гэр хорооллын ард иргэдээ орон сууцжуулах гэсэн сайн санааны үүднээс энэ арга хэмжээг төлөвлөсөн гэдэг нь эргэлзээгүй. Гэхдээ, иргэддээ хашааны газраар нь барьцаалж орон сууцны урт хугацааны хөнгөлөлтөй зээл өгөх замаар тэднийг орон сууцжуулахын оронд газрыг нь хурааж аван нийтийн орон сууц барих замаар орон сууцжуулах социалист аргыг сонгон авсан явдал буруу байсан юм. Ямар ч хүн нийтийн орон сууцнаас хувийн байшинг илүү эрхэмд үздэг. Хашааны газар манай гэр хорооллынхонд үлдэж хоцорсон, үр хүүхдүүддээ гялайлгах цорын ганц өмч хөрөнгө нь байсан. Тэдний, энэ эрхэм зүйлээ хадгалж үлдэх эрхийг нь хамгаалахын тулд газрын хөдөлгөөнийхөн бид трактортайгаа Сүхбаатарын талбайруу орж ирсэн билээ.
Гэтэл өнөөдөр, асуудлыг шийдэх социалист арга явуургүй гэдгийг хэнээс ч илүүтэй мэдэх арвин туршлагатай Баттулга маань мөнөөх орон сууцжуулах социалист төлөвлөгөөнд “Утаагүй Улаанбаатар” гэсэн малгай өмсүүлчихсэн орж ирж байдаг. Үүнд нь би эмзэглэн цухалдсан ажгуу.
Гэр хорооллыг орон сууцжуулахын тулд яах ёстой вэ? ”Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрт гэр хорооллыг орон сууцжуулахад шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх арга замыг зөв тодорхойлжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирж байгаа орлогын нэг хэсгийг иргэдээ орон сууцжуулах хөрөнгө оруулалт болгох нь тухайн улсын эдийн засгийн цаашдын үсрэнгүй дэвшилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хөгжлийн эдийн засгийн онол өнөөдөр бараг нотлоод байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийхээ борлуулалтаар баталгаажуулан орж ирж байгаа тэр эх үүсвэрийнхээ нэг хэсгээр нь орон сууцны зээлийн сан байгуулж, жилдээ 4-6 хувиас хэтрэхгүй хүүтэй, хорь, гуч, дөчин жил гэх мэтээр урт хугацаагаар олгогдох зээлийг, өмчлөх эрхийн улсын бүртгэлд өмчлөлийн газраа бүртгүүлсэн иргэдэд хашааны газраар нь барьцаалж олгоод өөрсдийн нь сонголтоор орон сууц бариулна. Харин төрийн хөрөнгө оруулалтаар баригдсан тухайн орон сууцыг цахилгаан, дулаан, бохирын шугам, цэвэр ус гэх мэтээр хангах суурь дэд бүтцийг тавьж өгнө.
Ийм арга замаар гэр хорооллыг орон сууцжуулж эхэлбэл:
Нэгд. Хашааны газраа өмчлөлдөө авч улсын бүртгэл бүртгүүлэх иргэдийн тоо эрс нэмэгдэнэ. Энэ ажил одоогийн байдлаар маш хангалтгүй явагдаж байгаа. 2009 оны 12-р сарын 31-ний байдлаар бараг сая хүн амтай Улаанбаатарт ердөө л 46 мянга гаруй хүн газраа өмчилж аваад улсын бүртгэлд бүртгүүлжээ. Төрөөс нэг удаа үнэгүйгээр 0.07 га газар хувийн өмч болгон өгөх гээд байхад ийм хойрго байгаа нь үнэхээр ер бусын. Үүний шалтгаан нь иргэдийн хувьчилж авсан хашааны газрыг тухайн өмчлөгч эзэн захиран зарцуулах эрх тун хязгаарлагдмал байдагт оршино. Монгол улсын иргэн зөвхөн монгол улсын иргэндээ зарж, барьцаалах эрхтэй хэмээн Үндсэн хууль болон хуульд заасан тул хуулийн бусад этгээд, аж ахуйн нэгж, банкууд худалдан авах, барьцаалах эрхгүй болчихож байгаа юм. Гэтэл компани, банк зэрэг хуулийн этгээд газрын зах зээл дээрхи хамгийн том хэрэглэгчид бөгөөд эрэлтийг бий болгож байдаг юм. Хэрэвзээ, дээр дурдагдсан орон сууцны зээлийн сан байгуулагдаад хашааны газраар барьцаалан зээл олгоно гээд зарлах л юм бол газраа өмчилж аваад бүртгүүлэх хүний тоо “дүрэлзэн асах” болно. Газар зээл авах эрхтэй болсон үедээ л “амь” ордог.
Хоёрт. Орон сууцжуулах хөтөлбөр төр болоод компани зэрэг хөндлөнгийн этгээдүүдээр хийлгэснээс хавьгүй эрчимтэй явагдаж, хэрэгжилт нь бага хугацаанд дуусна. Гэр хорооллын өрх бүр хотын төвийн орон сууцанд амьдарч байгаа бусад хүмүүсийн адил “боловсон” сууцанд амьдрахыг нойроо хулжаан байж мөрөөдсөөр өдийг хүрсэн. Ийм “боловсон” сууц барих мөнгө нь олдвол манай гэр хороолынхоны идэвх санаачлага үерийн ус шиг сад тавин төрийн ямар ч оролцоогүйгээр орчин цагийн амины сууцны хорооллыг богино хугацаанд босгож орхино. Иргэндээ өөрт нь зээл өгч орон сууцжуулсан Чили улсад жилдээ 120 мянган амины орон сууц баригдаж байна. Гэтэл манай төр арван жилд 75 мянган айлын орон сууц барьж чадах эсэхээ мэдэхгүй хуйхаа маажиж зогсоно.
Гуравт. Гэр хорооллын өрх бүр үл хөдлөх хөрөнгө “үйлдвэрлэж”, үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэн идэвжинэ. Зөвхөн Улаанбаатарт гэхэд Сотогийн хэлсэнчлэн 7,8 тэрбум доллартай тэнцэх “үхмэл” хөрөнгө амилж эдийн засгийн эргэлтэнд орно. Монгол улсын үндэсний хөрөнгийн нөөц төдий хэмжээгээр нэмэгдэн эдийн засаг маань хөрвөх чадвартай болно.
Дөрөвт. Ажилгүйдлийн асуудал шийдэгдэнэ. Нэг айлын сууц барихад дунджаар 10 хүн ажиллана гэж бодвол Улаанбаатарын 75 мянган байрын сууцнаас 750 мянган ажлын байр шууд бий болно. Барилгын салбарт ажиллаж байгаа нэг ажилчин бусад салбарт дор хаяж 3 ажлын байр бий болгодог аж. Аргагүй. Шинэ сууцандаа орсон айл сайхан хөшиг, гоё тавилга гэх мэтээр юу эсийг хүсэх билээ. Энэ бүхэн ахуйн хэрэгцээний барааны асар том эрэлт зах зээл дээр бий болно. Ингэж бусад салбарын ажлын байр бий болох юм. Нийслэл болон бусад хот суурин газрын гэр хорооллыг орон сууцжуулахад манай нийт ажиллах хүчин хүрэлцэхгүй бөгөөд гаднаас ажиллах хүчин оруулах шаардлага ч үүсч магадгүй юм. Мэдээж, би тооцоог ихэд хялбарчлан механикаар нэмсэн боловч гэр хороолол орон сууцжихад залуус маань ажлын байраар бүрэн хангагдах нь эргэлзээгүй.
Тавд. Хувийн өмчгүй хүн “тэнэмэл” байдаг хэмээцгээдэг. Тэнэмэл хүнд хариуцлага гэдэг мэдрэмж бараг л байхгүй дээ. Тийм учраас тухайн улс хичнээн их тэнэмэл “нуугдмал” иргэдтэй байна төдий чинээ хууль хэрэгжих үндэсгүй болно. Хууль хэрэгжих үндэс бүрдэхгүйгээр барахгүй бүхнийг харлуулан муучилж, эгзэг нь таарвал өнгөтэй өөдтэйг сүйтгэчих гээд байдаг атаархалаас өөр сэтгэлгүй улстөржсөн “анги” бий болдог. Тэднийг Маркс пролетари ангийн хувьсгалч тэргүүний хэсэг гэх зэргээр “хошгоруулж” байжээ. Харин орон сууц зэрэг өөрийн хувийн өмчтэй иргэн алдах онохыг дэнслэх чадвартай бөгөөд капиталист нийгмийн хариуцлагатай иргэд, түшиг тулгуур нь болж байдаг. Ямар сайндаа Ленин хэмээх “алуурчин” тэднийг жижиг хөрөнгөтөн, бэртэгчингүүд гэх мэтээр дайрч, толгой дараалан устгах ёстой гэж ил цагаан зарлаж байх билээ.
Гэр хорооллыг иргэдийн өөрийнх нь хүсэл зориг дээр тулгуурлан орон сууцжуулахын ач тусыг тоочихоо түр зогсъё. Сотогийн тоолсноор өөр бас олон сайн үр дагавар байна билээ. Ямар ч атугай “жинхэнэ” капитализмд хүрэх оньс нь яах аргагүй мөн.
Хэрэв Баттулга сайдын оруулж ирсэнээр гэр хорооллыг орон сууцжуулах социалист аргаар явбал юу болох вэ? Орон сууцжуулах ажилд зориулагдах төрийн хөрөнгө үр ашиг муутай зарагдах, үл хөдлөх хөрөнгийн зах зээл унах, хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн арван жилийг дамнасан өртөг ихтэй ажил болох зэрэг сөрөг үр дагаварууд ар араасаа жагсана. Тэр бүгдийг тоочилгүй онцгой анхаарах хоёр асуудлыг дурдъя.
Нэгд. Орон сууцжуулах ажил эхлэхтэй зэрэг өөрийн өмчийн хашааны газартай боловч зээл авах эрхгүй иргэд, өөрийн гэх газаргүй атлаа төрийн худалдан авах гэрээгээр барьцаалан зээл авах эрхтэй болсон компаниуд гэсэн хоёр “ангийн” үл ойлголцол олон янзын бэрхшээл учруулна. Хашааны газрыг хүчээр авч компанид өгөх гэвэл улстөрийн нөхцөл ч хүндэрч мэднэ. Зээлжих эрхгүйн улмаас “амь” орж өгөхгүй байгаа хөрөнгөө голоод компанийн барих орон сууцанд найдах хүн цөөнгүй гарах байх. Гэхдээ л ядуу байна гэдэг тэнэг байна гэсэн үг биш учраас хашааныхаа газрын үнэ цэнийг мэддэг, түүндээ өөрийнхөө сонголтоор байшин баривал үеийн үед үр хүүхдүүддээ үлдээх хөрөнгөтөй болно гэдгийг олон хүн ойлгох бөгөөд горьдлого тээсэн эдгээр хүмүүс хашааныхаа газрыг “хэвтүүлээд” л байх магадлалтай. Ер нь л хэрүүл нь сунжирсан, ажил нь явдаггүй нэг хөтөлбөртөй болох биз.
Хоёрт. Баттулга сайдын төлөвлөж байгаагаар компанийн барьсан орон сууцны хорооллыг төр худалдаж аваад ядууст түрээсээр өгчээ гэж бодъё. Олон улсын практикаас хархад ийм халамж тун уршигтай үр дагавартай байдаг юм байна. Байрныхаа түрээсийг арайхийж төлөх ядуус орон сууцаа арчилж чадахгүй бөгөөд элэгдэлд орж өнгө алдсан тухайн хорооллын засварын ажил яалт ч үгүй төрийн нуруун дээр буудаг ажээ. Мөн ядуусын хороолол зохион байгуулалттай гэмт хэргийн үүр уурхай болдог гэнэ. Түүгээр барахгүй тус хорооллыг хянаж байгаа гэмт хэргийн бүлэглэлүүд улстөрийн зохион байгуулалтанд орж нийгмийн тогтворгүй байдлын голомт болон хувирдаг байна. Ядуус болон цагаач иргэдээ халамжлан орон сууцны том том хороолол барьж өгсөн Парис тэднийхээ бослогод шатах шахаж байсныг бид телевизээр саяхан харж суусан.
Орон сууц барина гэдэг зөвхөн байшин барьж байгаа асуудал төдий бус нийгмийн харилцааг тодорхойлж буй хэрэг гэж Х. Наранхүү гишүүн их онож хэлсэн. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг яг энэ өнцөгөөс нь харж сайтар хэлэлцэх хэрэгтэй билээ.
zochin
Барилгачин хүн