-МАХН-ын 89 жилийн ойн босгон дээр манай улс орны  түүхэнд ардын хувьсгалын гүйцэтгэсэн үүрэг болоод МАХН энэ үйл явдалд ямар хувь нэмэр оруулсан талаар Тантай ярилцах гэсэн юм. Зууны өмнөх үйл явдалд Та ямар үнэлэлт дүгнэлт өгдөг вэ?

-1921 оны үйл явдал бол Монголын нийт ард түмний, тэр дундаа монголын ноёд язгууртнуудын эх орныхоо тусгаар тогтнолыг олох гэсэн хөдөлгөөний нийлбэр байсан юм. МАХН гэдэг байгууллага 1990-ээд оны үе хүртэлх дүр төрхөөрөө 1928 онд бий болсон. 1920 оны зургадугаар сарын 25-наас 1928 оны МАХН-ын VII их хурал хүртэлх процесс нэлээд төвөгтэй.

1920 онд Хятадын “Анфу” бүлгийнхний явуулсан Сю Шүжан Монголд орж ирээд автономит улсыг унагаасны дараа Монголын язгууртнууд, ялангуяа Богд хааны зүгээс улс орноо тусгаар тогтнуулахын тулд гаднаас тусламж гуйж олон арга хэмжээ авсан. Америк, Япон, цагаан, улаан Оросод хандаж тусламж гуйсан байдаг. Ер нь эрт дээр үеэс монголчуудын эсэргүүцлийн нэг хэлбэр бол дугуйлан байгуулах явдал байсан. 1920-иод онд төрийн алба хашдаг түшмэлийнхэн нэг дугуйланд нэгдэж, ард гаралтай сэхээтнүүд нэг дугуйлан байгуулсны зэрэгцээ ноёдын дугуйлан ч бий болсон. Богд хаан энэ бүлэглэлүүдийн зардлыг даагаад бүгдийг нь нууцаар гадагшаа илгээсэн байдаг юм. Энэхүү хэд хэдэн бүлэглэлүүдийг нийлүүлээд өнөөгийн МАХН гэж хэлэхэд бас хэцүү.


-Тэгэхээр энэ дугуйлангууд улстөрийн намын хэлбэрээр ажиллаж байгаагүй гэсэн үг үү?

-Эсэргүүцлийн нууц дугуйлан, хөдөлгөөнүүдэд тусгаар тогтнолоос өөр улстөрийн зорилго байгаагүй. Тусламж авахын тулд зарим дугуйлангууд нэгдэж тусламж өгч магадгүй газрынхаа аяг аашт тохируулан тэдний заавраар элдэв үг үсэг хавчуулсан явдал бий. Эдгээр дугуйлангаас эхэлсэн бүлэглэлүүд арваад жил салж нийлж явсаар үзэл суртлын зорилго бүхий улстөрийн намын хэмжээнд хүрсэн гэж хэлж болно. Түшмэдийн дугуйлангийнхан, ардын дугуйлангийнхан хамтарч Монгол ардын нам гэдэг нэрийг өөрсдөддөө өгсөн. “Нам” гэдэг үгийн анхлан утга нь “нам нийлж сэм хуйвалдана” гэдгээс гаралтай. Энэ нь улстөрийн нам гэж ярьдаг өнөөгийн бидний ойлголтоос огт өөр, эсэргүүцлийн нууц дугуйлан, хөдөлгөөн гэсэн санаагаа агуулж байна. Энэ дугуйлангийнхан 1920 оны намар Улаан Оросоос тусламж гуйхаар явсан байдаг. Колчагны цагаантан бут цохигдоод Сибирь, Алс Дорнод улаантны гарт орсон үетэй давхацсан хэрэг л дээ.

Нэгтгэн дүгнэхэд 1921 оны үйл явдал бол эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсэн нийгмийн янз бүрийн давхаргааны хүмүүсийн оролцоотой том процесс, үйл ажиллагаа байсан. Энэ үйл явдлыг бид одоогийн олон намын аль нэгд нялзааж ойлгох нь түүхийн талаасаа үнэнтэй нийцэхгүй санагдана. Тухайлбал, 1924 оны долдугаар сард Бодоогийн Засгийн газар байгуулахад гурван өөр дугуйлангийнхан суудлыг хувааж авсан. Одоогийн ойлголтоор эвслийн Засгийн газар гэсэн үг шүү дээ. Ноёдын бүлгээс хоёр суудал авсан. Ардын намаас Ерөнхий сайд Бодоо, түшмэдийнхээс нь Данзан, Сүхбаатар нар байсан.


-Та улстөрийн нам ардын хувьсгалаас хойш хожуу үүссэн гэж хэлэх гээд байна уу?

-Улстөрийн тодорхой үзэл баримтлалтай улстөрийн нам бол хожим төлөвших байдлаар үүссэн. “Монголын Засгийн газарт итгэх арга алга. Большевизм, коммунизм, ангийн дарлалын тухай ямар ч ойлголт байхгүй учраас шинэ бүлэглэл байгуулъя” гэж оросуудын гаргасан томъёолол байдаг юм. Тэр нь 1921 оны наймдугаар сарын 25-нд байгуулсан Бошгыг халах залуучуудын эвлэл. Энэ эвлэлийг Монгол ардын намын эсрэг тавьсан хэрэг л дээ. Монгол ардын нам, Бошгыг халах залуучуудын эвлэл хоёрын хооронд асар их зөрчил гарч байсан. Бодоо, Данзанг барьж авч алдаг чинь тэр эвлэлийнхний хийсэн ажил. Эвлэлийг буриад, оросууд толгойлж байсан.

1928 он хүртэл Коминтернээс 1921 оны явдлыг “хөрөнгөтний хувьсгал” гэж нэрлэдэг байсан шүү дээ. МАХН гэсэн нэрийг 1925 онд өгсөн. 1928 оны долдугаар сард болсон намын VII их хурал бол төрийн эргэлтийн шинжтэй байсан. Тэр хуралдаанаар намын удирдлагад байсан хүмүүсийг зайлуулж “хөдөөний фракц” гэгчийнхэнээр толгойлуулсан улстөрийн ангич шинжтэй нам шинээр бий болсон юм. Тэгэхээр энэ үйл явцыг өнөөдөр тэрнийх, энэнийх гэж хамаатуулах учир шалтгаан тааруу. 1920-1921 онд болсон бүхий л үйл явдал нь эх орны тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөөх тэмцэл байсан. Сүүлд янз бүрээр нэрлэж тайлбарлан үзэл сурталжуулсан нь тусдаа асуудал.


-Тухайн үеийн нийгэм ганц намын тогтолцоотой байсан. МАХН-ыг 89 жилийн түүхтэй гэж ярьдаг биз дээ?

- Би өөрийнхөө үзэл бодлыг л хэлж байна. Өнгөрсөн үе дээр анализ хийж үзэхээр 1911 оны ч, 1921 оны ч, тэр байтугай 1937 оны үйл явдал монголын ард түмэнд бүгдэд нь хамаатай, бидний өнгөрсөн түүх л юм. Улстөрийн нам гэдэг утгаар нь ярих юм бол 1990 оны өмнөх МАХН, одоо байгаа МАХН хоёр бол нэрийг нь үргэлжлүүлээд аваад явж байгаа болохоос биш шал өөр утга агуулгатай, үзэл сурталтай, нийгмийн өөр байгууламжийн субъектүүд.


-МАХН-ын түүх ардын хувьсгалын үеэс эхлэхгүй гэвэл хэзээнээс эхлэлтэй гэж Та үзэж байгаа юм бэ?

-1990 оны тавдугаар сарын 20-нд МАХН анх удаа Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Олон намын системийг хүлээн зөвшөөрсний дагуу манай улсад үйл ажиллагаа явуулж буй улстөрийн намуудын нэг болсон. Өнөөгийн МАХН-ын түүх бол бүртгүүлсэн үеэсээ эхлэх ёстой л доо. Би л лав тэгэж бодддог юм. Үзэл санаа, үйл ажиллагааны хувьд ч, зарчмын хувьд ч орчин үеийн цоо шинэ улстөрийн байгууллага шүү дээ. Түүхтэй нь холбоод баймаагүй байна л даа. Аль нэг нам түүхийн үйл явцыг өмчлөөд байх учир шалтгаан байхгүй. Би чамд Крыловын нэг ёгт үлгэр ярьж өгье. Тариачин захаас хэдэн галуу худалдаж аваад гэр рүүгээ туугаад харьж явна гэнэ. Гэтэл өнөө галуунууд өөрсдийг нь хэтэрхий ширүүн туулаа гэж гомдоллон, галуунууд тэгэж ярьвал Ром хотыг аварсан гэцгээжээ. Ром руу шөнөөр дайснууд сэм довтлоход цочсон галуунууд орилолдон хотыхныг сэрээсэн гэдэг домог байдаг юм. Тариачин асуужээ: та нар юу хийсэн, ямар гавъяа байгуулсан юм бэ? “Бид яг өөрснөө  хараахан гавъяа байгуулаагүй байгаа”. Тариачин тэгэнгүүт: “За тэгвэл ширүүхэн алхаад гэрт очиж буцалсан тостой тогоо руу минь үсрээд марш!“. Бид 1990 оноос эхлэн нийгэм, улстөрийн цоо шинэ системд орсон. Улстөрийн намууд төрдөө бүртгүүлж үйл ажиллагаагаа ил тод, ардчилсан зарчмаар явуулдаг болсон. 1921 оны улс орны тусгаар тогтнолын төлөөх үйл явдал МАХН-ын батлахтай улсуудад хамаатай юм бол батлахгүй хүмүүст ч хамаатай. Манай эх орны өнгөрсөн түүх шүү дээ. 1990 онд бүртгүүлсэн үеэс үйл ажиллагаа нь эхэлсэн МАХН одоо улстөрийн идэвхтэй том нам.


-Гэхдээ 1921 оноос хойшхи Монгол Улсын түүх, хөгжил, дэвшлийг одоогийн МАХН-аас салгах аргагүй санагдах юм?

-Би одоогийн МАХН гэж тусдаа улс төрийн орчин үеийн ардчилсан бүлэглэлийн тухай яриад байна. Хэрвээ өнгөрсөн түүхээ үе мөчөөр нь салгах юм учир замбараа нь алдагдана. Өнгөрсөн зуун бол бидний нийтийн, хамтын нийтлэг түүх юм. Одоо тэрийг хэн нэг нь барьж аваад өмчлөх нь утгагүй мэт. Түүхийн талаасаа ч, логикийн талаасаа ч. Алдсан ч, оносон ч бидний л өнгөрсөн үе. Яг үүнтэй адил 1990 оны ардчилсан хувьсгал ч Ардчилсан намын өмч биш. Цаг үеийн тохироо, ард түмний дэмжлэг байгаагүй бол энэ бүхэн болох байсан юм уу? Миний өвөг эцэг МАХН-ын III их хуралд Өвөрхангайгаас ирж оролцож байсан. Их хуралд суусан 108 төлөөлөгчийн нэг. Гэтэл түүнийг Гэндэн Дэмидийн хэргээр 1938 онд буудчихсан. Охин нь болох миний ээж 1958 оноос МАХН-ын гишүүн. Ач нь болох би МАХН-ын сөрөг хүчин байгуулалцаж явлаа. Ингэхээр ингэтлээ сүлжилдсэн юмыг чинь одоо хэдэн хэнээтнүүд өмчилж толгойгоо марлиар ороогоод дүвчигнэж явах утга байна уу?

Ярилцлага хийсэн “ҮНЭН” сонины сэтгүүлч Н.Хажидсүрэн


2010 оны 2 дугаар сар 24