Малчныг зуднаас, хотынхныг хямралаас...
Зудад нохой цаддаг. Энэ жилийн зуд яг энэ үгийг батлаж байна.
Зудад нохой цаддаг. Энэ жилийн зуд яг энэ үгийг батлаж байна. Зузаан цас дарсан бэлчээрийг харвал энэ өвөлдөө бүх малаа алдана гэсэн үг. Хайллаа ч мөсөн бүрхүүл тогтож малд хамар хатгах юм гарахгүй. Малчид хаашдаа үхэх малыг нүдээ аньж, шүдээ зууж байгаад хядаж байна. Ингэвэл ядаж махыг нь хот руу оруулж хямдхан ч атугай зарна, арьсыг нь өвчөөд авчихад арай ч турсаганы үнэнээс ахиу хэдэн төгрөг олно гэж найдаж байна.
Малын хорогдол сая хүрлээ гэсэн мэдээг ноцгой комиссоос цацсаны маргааш нь л зах дээр махны үнэ 400 төгрөгөөр өсөж байна. Зудад нохойноос гадна ченж таргалдаг ажээ. Мал мэддэггүй ченжүүд үхсэн малын тоог зарламагц үнэ өснө гэж тооцжээ. Зах дээр хэрэглэгчдэд хүргэх үнийг өсгөхийн хамт хотод орж ирж буй махны үнийг доод хэмжээнд нь хүргэж буулгаж байна. Баруун зүгийн аймгуудаас ирж буй малын махыг килограммыг нь 800 орчим төгрөгөөр, зүүн аймгаас бол арай тарга сайтайг нь 1000 төгрөгөөр бөөндөж авч байна. Дээрээс нь сар шинэ болж байгаа тул махны үнийг өсгөхийг чармайж байгаа хэрэг. Хоттой малаа бүгдийг нь хядаад хотод ирсэн эхний малчин хамаг малаа ийм үнээр өгөөд буцахдаа юу гэж хэлж очих нь тодорхой. Ямар ч ашиг алга, ченжүүд нь боож байгаад мянгаар авч байна, бензин машины хөлсөнд шатаж дууслаа, хот руу мах бүү ачигтун. Малчид малаа алаад махыг нь хаяад арьсыг нь хямгадаж эхэлжээ.
Одоо авч байгаа үнэ, зах дээрх үнийн зөрүү нь гурав нугалсан ашгийг ченжүүд олж байна. Хол нутгийн ядарсан малчдыг хараад өрөвдсөн нутгийн зөвлөлүүд хандив тусламж гуйж эхэллээ. Уг нь эхлээд нутгийнхаа компаниудад ханддаг гэтэл эдийн засгийн хямрал бизнесийг гайгүй сайхан сүйтгэсэн учраас энэ жил илүүчлэх юмаар маруухан байна. Тиймээс эцсийн арга болж олон нийтээс дэмжлэг гуйдаг.
Харин хот хөдөөгийн хооронд багахан зөрчил үүсчээ. Зун цагт аяга цайгаа үнэлдэг тэдэнд одоо бид туслах ёстой юу гэж асуугчид байна. Зам дагуух нь тэгээ л биз, зах хязгаарынхан хэцүүдлээ гэхэд зун, намрын зургаан сард найр хуримаас өөр ажилгүй, наадам хэсэхээс өөр санаагүй явсны гай ч гэлцэнэ. Өөрийнх нь мал юм бол үмх тэжээл бэлдэж байгаагүй малчдын хохь гэх. Цаг уурын байдал хүндэрмэгц манайхан амраар нь улсын фондыг царайчилсан авч бэлдсэн өвч тэжээл нь аманд ч үгүй хамарт ч үгүй болов. Энэ жил ийм хүнд үед өвч тэжээл үнэгүй өгч болохгүй юу гэж асуухад “Малчид өнгөрсөн жил 400 гаруй сая төгрөгийн өвс тэжээл зээлээр аваад буцааж төлөөгүй” тул үнэгүй өгөхгүй гэлээ. Үнэгүй юм гэж байдаггүй нийгэм яая гэх вэ? Хэрэв энэ 400 сая буцаж орж ирсэн бол улс арай л ахиу хадлан, тэжээл базаах байсан. Ингээд бодохоор малчид нээрээ арчаагүй залхуу байна.
Зуд улс орны газар нутгийн тэн хагасыг хамарчээ. Яах вэ? Энэ жил лав хотынхонд “тусламжийн гар” гэгч ургахгүй нь бололтой. Арга байхгүй, яагаад гэвэл хямрал нэрвээд хотынхныг ягт нь тулгасан. Түүнээс бус хэчнээн шавар байшинд суудаг ч гэлээ Монголчууд өрөвч улс. Цаг уурын хүйтрэл хотод ч бөөн асуудал үүсгэж байна. Хотынхон дулаан хонохын тулд илүү их нүүрс түлэх хэрэгтэй болжээ. Энэ хэрээр утаа аймшиг болж байна. Зам талбайн мөс иргэдэд эдийн засгийн их хохирол учруулж байна.
Малчдын байдлыг нөгөө талаас нь харъя. 400 гаруй сая төгрөгийн тэжээл авчихаад зээлээ төлөөгүйн шалтгаан дотор эдийн засгийн хямрал чухал үүрэгтэй. Энэ жил урьд өмнө үзэгдээгүйгээр малын түүхий эдийн үнэ, ханш унасан билээ. Ноолуур арай ядаж 30 мянгын хоёр талд савласаар хятадуудын гарт ороод дууссан. Хонины нэхий, ямааны арьс “үнэгүй” болсон. Наадмын өмнө малчид малаа хотоор нь тууж ирээд наадмын хорхог, боодог болгох гэж оролдсоноос хот орчим малаар дүүрч, бага хонь 10 мянга болж үнэгүйдэж байв шүү дээ. Түүхий эдийн үнэ унахаар л малчид эцсийн арга болгож малаа мах болгон зардаг.
Ирэх жил түүхий эдийн ханш өсөх байх гэсэн горьдлогоор л ядаж арьс хөрсийг нь чанартай авах гэж малчид “нүгэл” үйлдэж, хоттой малынхаа амийг таслаж суухав дээ. Намраас анхааруулж байсан. Дэлхийн дулаарал, цөлжилтийн нөлөөгөөр манай газар нутгийн 70 гаруй хувь нь гантай байв. Зуд эцэстээ зун дагуулдаг, ган ардаа гамшиг дагуулдаг гэж юутай үнэн. Гангийн араас зуд залгахаар хөөрхий хэдэн мал нь хиарч байна. Өвс хадлан ургаагүй, нутаг бэлчээр хомс. Хүний нутагт оторловол малтайгаа хүнтэйгээ ад болно. Ийм үед хоёрхон гарц байдаг. Нэг бол малаа махлах, эсбөгөөс нүүх. Малчид өвөл хатуу болохыг мэдээгүй биш мэдсэн, тэгээд бас л мах экспортолдог компаниудад олноор нь өгсөн. Өөрсдөө ч нядлаад гаргаж байсан. Ховдын Булганы Ярантын боомтоор мах гаргахад килограммыг нь 5-7 юаниар л авсан юм билээ. ОХУ руу ч гаргахыг оролдсон авч ихийг гаргаж амжаагүй. Оны эцсийн мал тооллогын дүн гарахад мал бараг өсөөгүй, хэдхэн зуун мянгаар л нэмэгдсэн байсан. Шалтгаан нь зуд айсуй сургаар малчид малаа хядсан байв.
Малчид энэ намар хэзээ хэзээнээс урам зориггүй байв. Юу ч олсон бүгдийг өрөнд хураалгаж байсан тул тэд хэдэн малаа гаргуунд нь хаяжээ. Намууд амлаж эхэлмэгц л банкууд уралдан малчдыг ятган зээл олгож эхэлжээ. Гэтэл нөгөө 1,5 сая, 1 сая нь байдаггүй. Банк ч хүндэрч, малчид ч мөнгө хүүлэлд автан тамирджээ. Өрийн үлдэгдэл 3000 төгрөгт өнчин ишгийг маань хүртэл аваад явчихлаа гэж ярьсан малчин цөөнгүй.
Байгалийн тусгай хамгаалалттай газруудыг нээж малчдыг оруулах тухай аль намраас л яригдсан. Ингэсээр байгаад гэнэтийн хүйтрэл, их цастай золгохоор малчид маань хүндхэн байдалд орчихлоо. Арчаатай, айхтар хэд нь ч бас ч яахав болгоод /болоод биш шүү/ байгаа юм. Арчаагүй, ариггүй хэд нь хөөрхий.
Одоогийн байдлаар 1 сая шахам толгой мал хорогджээ. Үүнээс хэд нь үхсэн, хэдийг нь нядласныг хэн мэдлээ. 43,9 сая толгой малтай, 171 мянган малчин өрхтэй гэсэн тоонд үндэслэвэл нэг өрхөд 260 шахам толгой мал оногдож байна. Сая шахам мал хорогдвол 4000 орчим өрх, 20000 шахам мянган хүн амьжиргаагаа алджээ гэсэн үг. Хэдийгээр амны билгээс ашдын билгэ гэдэг ч билгэдсээр яваад ийм байдалд орчихсон хойно сэжиг, сүжиг ч арилсан шиг байна.
Одоо малчдад яаж туслах вэ? гэж биг, тэднийг яаж мөнгөжүүлэх вэ? гэдгээ боддог цаг. Тусламж улс орныг ч, айл өрхийг ч, хувь хүнийг нь нэг их өөд татдаггүйг бүгдээрээ л мэднэ. Харин хэрхэн мөнгөжүүлэх вэ? Юуны өмнө яаралтай задгай захуудын нээх хэрэгтэй болжээ. Намрын намарт ногооны үзэсгэлэн худалдаа нээдэг хэд хэдэн задгай талбай бий. Өдгөө өвөл цаг, урьд жилүүддээс илүү хүйтэн байгаа учраас мах муудна гэхгүй сайн талтай байна. Хэрэв ийм задгай захууд нээвэл малчид малынхаа махыг шууд хэрэглэгчдэд хүргэх болно. Ингэвэл худалдагч ба худалдан авагчийн дундаас нугалсан ашиг олж байгаа ченжүүдийн хорон ашиг л сүйднэ. Ченжүүд гэгч үзэн ядаад байх хүмүүс биш л дээ, тэдний мах хавар өнгөртөл зарагдах л болно. Гэхдээ хямдрах л болов уу.
Өдийд нядалсан малын махны яанар арай л гайгүй байгаа, үүнээс хойш бол хүнсэнд хэрэглэхийн аргагүй туранхай муу мах гарах байх л даа. Малчид ченжүүдэд 800 төгрөгөөр өгч байсан махаа ядаж 1500-1700 төгрөгөөр өгөөд буцвал килограмм тутмаас 800-1000 төгрөгийн нэмэгдэл орлого олох ба хэрэглэгч хотынхон жижиглэнгийн худалдаачнаас 2500 авч байсан махыг 1500-1700 төгрөгөөр авбал мөн л 800-1000 төгрөгийн хэмнэлттэй байна. Энэ бол аль аль талдаа ашигтай. Ердөө л ченжүүдийн олж байгаа “гэнэтийн ашгийг” хувааж авах бололцоог төрөөс зардал багатайгаар нээж байгаа юм. Сар шинэ дөхөж байгаа энэ л үед махны хэрэглээ хамгийн оргил үедээ тулна. Зуд, хямралд өртөж ядуурсан иргэдэд энэ нь маш том дэм, санхүүгийн хэмнэлт болно. Ашиггүй талаа давуу тал болгон хувиргах энэ мэт санааг засаг захиргаанй байгууллагууд авч хэрэгжүүлснээр зөвхөн санхүүгийн төдийгүй нийгмийн маш том ашиг олж чадна.
Цагаан сарын буузны махаа дундалж, хүчээр шахуу хандивын тоглолт үзэх гэж явснаас малчнаас шууд махыг нь худалдаж аваад, тэгэхдээ хямдхан аваад мөнгөө өгчихсөн нь бодтой тусламж мөн юм. Малчид тэр мөнгөөрөө гурилаа авна уу, өвч тэжээл авна уу, хадгалж байгаад зудын дараа өөр нутгаас залуу өсөх мал авна уу өөрийнх нь л сонголт. Яагаад гэвэл мөнгө нь өөрийнх нь юм. Өнгөрсөн хавар “Эрх чөлөөний талбай” дээрх цагаан идээний үзэсгэлэнгээс нэг малчид 7 хоногт 4,6 сая төгрөг олоод буцаж байсан. Энэ удаад зах нээвэл малчид иргэдэд маш эрэлттэй байгаа хямдхан махыг нийлүүлээд овоохон мөэнгөтэй болох боломж байна.
Сайнтай, муутай учраас магадгүй үхсэн малын мах зарах оролдлого гарч магадгүй л дээ, гэхдээ сайтар хянаад ажиллуулбал төр зүгээр л талбай гаргаж өгснөөр нэгд малчдаа мөнгөжүүлж, хоёрт иргэдээ хямд махаар хангаж чадах нь байна. Энэ талаар Нийслэлийн холбогдох албаныхнаас асуухад ХХААХҮЯ-тай ярилцаж байгаад хавраас зах нээх санаатай байгаа гэдэг байгаа. Хотынхон, бас ХХААХҮЯ-ныхан махны зах зээлийг атгадаг ченжүүдээс бүрддэгийг мэднэ л дээ, гэхдээ энэ жил тэр ажлаа хаявал таарна. Үгүй найз аа, хавар чи тэр зах зээрээ мах биш яс зардаг юм байгаа биз дээ... Хотын даргатай 10 минут үг солих зуур энэ саналаа хэлэхэд “Нээрээ боломжийн юм байна” гэж байна билээ.
Хотод ингэх шалтгаан бий юм. Энэ өвлийн зудны дараа малаа барсан үй олон малчид хот руу нүүж эхэлнэ. Энд л бага боловч мөнгө олох боломж, амь зуух зах зээл бий. Дээр тооцсоноор лав одоо 20 шахам мянган малчин цаг дулаарахыг хүлээж суугаа. Үлдсэн жаахан мөнгөөрөө хашаа байшин ч болохноо авч тохижих, эвдэрхий ч болохноо машин аваад халтуур хийх санаа бий болсон байх. Хот нүүж ирэх малчдыг хүлээн авах суурьшлын бүс бэлтгэх, хотын ачаллыг зохицуулахын тулд их хөрөнгө зарах бэлтгэл ажил хийхгүй бол хотын нийгмийн асуудал хүндэрнэ. Муу амлаж байгаа юм биш, ядуу малчид хотод хурдан зохицож чадахгүйгээсээ болоод гэмт хэрэг хийж эхэлбэл бас аюултай. Хямрал, зуд нийлэхээр ёс суртахууны уналт дагуулж, нэг ёсондоо нийгэмд амьдрахын төлөөх, амьд явахын төлөөх байгалийн шалгуураар л хэмжих тэмцэл эхэлнэ.
Дараагийн алхам болгож өдийд хотын хоёр захад шахан гаргассан түүхий эдийн агуулахуудыг зохицуулах ёстой болжээ. Агуулахууд хэдийнээ дүүрсэн байна. Одоо түүхий эдийн ченжүүд Засгийн газарт түүхий эдийн экспортын татварыг чөлөөлөх шаардлага тавьж эхэлнэ. Үйлдвэрүүд хагас боловсруулсан түүхий эд гаргах ёстой учраас Туул голын усыг хоромоор бохирдуулан ажиллаж байсныг түр хаагаад байгаа билээ. Ус гэсмэгц асар ихээр хуримтлагдсан түүхий эдийг боловсруулахын тулд голын усыг бохирдуулах гэж байна. Ийм үед нэгд хямд түүхий эд цуглуулах боломжтой дотоодын арьс ширний үйлдвэрүүдэд зээл олгож эхлэх, эсбөгөөс түүхий эдийг яаралтай экспортлож, дараагийн түүхий эд цуглуулах хөрөнгө гаднаас татах хоёр зам байна. Аль алиныг нь зэрэгцүүлэн зохицуулахгүй бол, урсгалаар нь хаявал хотод экологийн сүйрэл, үндэсний үйлдвэрүүдэд санхүүгийн сүрэд дагуулж болзошгүй болчихжээ.
УИХ хөгшид хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 70 мянган төгрөг өгөх шийдвэр гаргасандаа найдаад зүгээр суугаад байж магадгүй янзтай. Гэвч энэ мөнгө хэзээ ч малчдын гар дээр очихгүй. Яагаад гэвэл малчид малаа банкинд барьцаалаад зээлд авчихсан юм. Үүнд итгэдэггүй хүн хотод олон байдаг юм шиг байна билээ, гэтл Ховд аймгийн Манхан сумын нэг л банкны салбар тэрбум төгрөгийн зээл олгож, түүнийгээ бахархал болгон ханандаа хадсан байна гэж Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнийхөн ярьж байна. Тэр ч байтугай нас барсан хүмүүсийн оршуулганд нэмэр болдог төрөөс олгодог мөнгийг хүртэл банкууд суутгаж авч байгаа тухай малдчын яриаг сонсвол 70 мянга ердөө л зээлийн хүүнд л суутгагдаад өнгөрөх нь бололтой.
УИХ-ын гишүүд шахааны календарь бариад айлд очих нүүргүй болжээ. Гэхдээ энэ гай гашигаас гарахын тулд бүгд ажиллах л хэрэгтэй, эстэгвээс нийгэмд тогтоож болшгүй аюултай тэсрэлт гарахад бэлэн болжээ.
2010.01.16
Krotkii
3piotik
Sysadmin4ik
Medgid
Sekretnik
Kran
FrankiZero
Зочин
MGL
facilitas
Зочин
bi malchin hvn bna
Бар
Бар
Бар
Бар
Бар
Бар
Бар
Бар
Бар
Joogii
Зочин
байгалийн тэнцвэр
Зочин
minj
minj
minj
minj
minj
shine nom
shine nom
Зочин