Соёмбын голд байдаг загас буруу эргүүлэгтэй байх учиртай юм шиг билээ.  Судлаач биш, эрдэмтэн биш, анзаарч харахад Ардын хувьсгалын дараах төрийн одон медалиуд, жишээ нь бичгийн гавъяаны одонгийн “тайцзи” буюу эргүүлэгтэй загас буруу эргэсэн байдаг. Өндөр гэгээн анх соёмбыг зохиохдоо Монгол, Манж, Төвдийн соёл, улстөрийн холбоог давхар билэгдсэн бололтой байдаг. Голын загас нь Хятадын бумбын суртал, доаг билэгдсэн байна. Соёмбын ил утга нь загасны дээр доороос хашсан гурвалжин буюу зэвсэг, тэгш өнцөгт буюу номын хүчээр хятадыг дарах ба хоёр босоо тэгш өнцөгт буюу цагаан хэрэмний дотор байлгавал Монгол улсын голомт /гал/ наран мандаж, сар мэлтийж байхад үүрд мандан бадарна гэсэн үг юм.

Шар мөрний орчим үлдсэн “даогийн вирус” идэвхжихээрээ Төвдийн бөөгийн ёстой холилдож бонпо хэмээх орон нутгийн шашныг бий болгосон ба Төвд дэхь буддизмын урсгалууд тэдэнтэй ширүүн тэмдэг байжээ. Гагцхүү устгахад хүнд нь хятадын соёлын улбаатай байж, тангудыг 1409 онд хядан арчсан шиг устгачихаж болдоггүй нь соёлын нөлөөллийн давуу тал юм.

Монголчууд түүхэн туршдаа баруунаас соёл авахыг эрхэмлэж байлаа. Үүний баталгаа болсон бичиг үсэг, хэл зүйн үй олон баримт дурдаж болно. Яагаад Монголчууд япон, солонгос шиг ханз үсэг авсангүй вэ? Өргөн хэрэгцээний бараа, наад зах нь бөс, гурилын хувьд үргэлж Хятадаас хараат байсан, Монголчуудад л Хятадаас авах зүйл их байснаас Хятадуудад Монголоос авах зүйл юу ч байгаагүй нөхцөлд яагаад Монголчууд өнө удаан хугацаагаар тэсч үлдэв? Зүрчид, Кидан, Табгач байтугай үй олон үндэстэнг уусган шингээсэн Хятадын түрэлтийг цөөн Монголчууд хэрхэн сөрж үлдэв? гэх мэт асуултын хариу нь соёлын ондоошилд буй. Лев Николаевич Хятадыг өнөөгийн Европын холбоотой зүйрлэсэн байна. Хятад бол нэг үндэстний улс биш, соёлын нийтлэг. Энэ нь өвөрлөгч, уйгур, манж, солонгосын тухай биш хятадын өөрийнх тухай тодорхойлолт. Хятад үндэстэн бол угсаатны нэгдэл бус соёлын нэгдэл юм. Тэгэхээр соёлын хувьд хятадаас өөр байх нь уусгахаас хамгаалдаг, түүнээс бус ахуйн шалтгаанаар, жишээ нь хятад хоолны амтанд орохоороо уусчихдаггүй ажээ.

Харин ХХ зуун гарснаар байдал өөрчлөгдлөө. Чин гүрэн унахад эхлээд Монгол, дараа нь Хятад тусгаар тогтнолоо зарласан ба Түвд ч хоцроогүй юм. Тухайн үедээ Монгол, Түвд хоёр нэгнээ хүлээн зөвшөөрч байлаа. Дундад улсын таван өнгөт далбааны бусад нь болсон манж Хятадад уусчихаад байсан ба Шинжааны киргис, хасаг, уйгур, хотон, ойрдууд үндэстний байдал болон газар зүйн нөхцөл байдлаас болоод нэгдэж чадаагүй тул Хятадын цэрэгт бутцохиулж, эрхэнд нь үлджээ. Шинжаан тусгаарладаг юм гэхэд үхрийн бөөр шиг эрээвэр хураавар улс болох байв.

Халх эргэн тойрны Монголчуудаар бамбай хийгээд тусгаарлав. 1911-1915 онд Монголын цэрэг Хятадтай амжилттай байлдаж, өвөрмонголд Хятадын Засгийн газрын цэргийг бутцохисон ба дараа нь бутран сарнисан Хятадууд 1949 оныг хүртэл Монголд цэрэгэх чадалгүй болсон юм. Сталин Монголын цэргийг зүүн хойд Хятадыг чөлөөлөх дайнд оролцуулсан нь Монголын тусгаар тогтнолыг Чан Кайши, Мао хоёр хүлээн зөвшөөрөхөөс аргагүй байдалд оруулжээ.

Хятад дотоод Монголтой зууралдсаар Ар Монголд хүрч чадахгүй байлаа, харин Октябрийн хувьсгалын дараа буриадууд Монголд туслахаар ирэв. ЗХУ хэдий аугаа ч бүр 1944 онд л Монголын 22 дахь аймаг байх учиртай болов уу, соёдыг өөртөө нэгтгэжээ. Ийнхүү Монгол тусгаарлав. Дараа нь ар өвөр Монголын хэлхээ холбоог таслахын тулд БНХАУ, БНМАУ-тай хил тогтоохдоо дуртай байлаа.

Төвд тусгаар тогтнолынхоо төлөө удтал тэмцсэн юм, одоо ч тэмцсээр л байна. Гэвч хамгийн сүүлд Далай лам буулт хийж, Хятадын Засгийн газарт гурван улсын гэрээний дараахь Ар Монголын статусыг санал болгож байх шиг байна. Далай лам буулт хийж байгаа нь Монголчуудын хувьд алсын аюул даллаж болзошгүй юм. Өөрөөр хэлбэл Монгол-Төвдийн соёлын хэлхээ холбоо нь хожим Хятадуудад ашиглагдаж болзошгүй. Төвд Хятадын мэдэлд бүрэн орсноор аажим уусах ба тэрбум хүний дотор хэдхэн сая Төвд удаан тэсэхгүй шинжтэй байна. Харин төвдийн соёлын өв нь Хятадад хадгалагдах болно. Хятад тэлсээр…

Хэрэв Төвд Хятадад уусвал Монголчууд соёлын хэлхээ холбоогоо таслаж байж тэсч үлдэх болно. 1921 оны хувьсгалын дараа Монголчууд дорноос зугтаж илэрхий оросжиж, 1990 оны хувьсгалын дараа ахин нэг алхаж өрнөжиж байгаа ч соёлын түүхэн хэлхээ холбоо  тийм ч амархан тасрахгүй.

Хүн амын 15 орчим хувь нь өөрийгөө жинхэнэ буддист гэж боддог, олонх нь атейст буюу шашингүйн үзэлтэн болсон Монголчуудын хувьд шашин соёлын асуудал тийм ч чухал биш мэт санагдаж байж магадгүй л дээ. Гэвч ахиад нэг лавлан харван Монголын 10 хүн тумын нэг нь төвд нэртэй байна. АНУ-ын тархи хятадуудын халаасанд, мөнгө жүүдийн халаасанд байдаг гэж нэг үгийг санаж явахад илүүдэхгүй.

Хятад хүчирхэгжих тусмаа өрнөджихийн зэрэгцээ үндэсний үзэл нь сэргэснээр Күнзийн суртал орчин үеийн маягаар амилж байна. “Хятад бол ертөнцийн төв, XV зуунаас өмнө дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн нь Хятад байсан гэдэг” Моагийн үг үнэн юм. Конрад Зайцийн гярхай ажиглан бичсэн эргэн ирж буй дэлхийн төв болох амбицтай Хятад өнөөдөр бүхнийг худалдан авахаас илүүтэй, бүхнээр өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх уламжлалаа сэргээж байна. Ийм нөхцөлд Хятад уламжлалаа дагавал Монголыг түшмэг хараат улс байлгахыг зорино, эсбөгөөс орчин үеийн үндсэрхэг үзэлтнүүд нь Монголыг шууд нэгтгэх санаархлаа илчилнэ.

Хэрэв зөвхөн уламжлалаа дагадагсан бол яая гэхэв. Хятадын соёлын нөлөөгөө тэлэх бодлого нь ойр орчмын ард түмнийг эрхэндээ байлгахад чиглэж байна. Ялангуяа өвөрлөгчид болон ар Монголын соёлын хэлхээ холбоог сэргээн дэмжихийг чармайж байгаа Хятадууд Монголчуудад сайндаа биш, оюун санааны хувьд ойр гинжлэх гэсэн санааных.  Хятадын соёлын нөлөөний хүч боломж олон талтайн дээр санхүү, төрийн бодлогын хүчирхэг тулгууртай юм. Орчин цагт улс орныг зэвсгийн хүчээр ч биш, эдийн засгийн шахалтаар ч биш, оюун санааны нөлөөллөөр эрхшээх тийм үе ирж буйг бид анзаарах ёстой.

Хамгийн сүүлийн жишээ бол хүйтэн дайны төгсгөл бөгөөд энэ дайн цэвэр үзэл суртлын, оюун санааны дайн байсан юм. Нэг буун дуу гаргалгүй, бүхэл бүтэн системийг задлан нурааж, эвдлэн сүйтгэсэн тэр хүч бол оюун санааны хүч байсан юм. Төвдийг эрхшээх хятадын дотоодод сайтар боловсорч туршигдсан суртал нэвтрүүлэг нь алсдаа Монголыг нөлөөндөө барих зэвсэг болж магадгүй. Одоохондоо Хятадын түүхчид Монгол-Төвдийн түүхийн хамгийн олхиогүй хэсгүүдийг түлхүү судлан эргэлтэнд оруулж байгаа боловч хагас зууны дараа эсрэгээр эргэчих боломжтой.

БХАТИХ-аас гаргасан шийдвэрийн дагуу шарын шашны хутагт хувилгаадыг БНХАУ-ын төрөөс батлан тодруулах болсон нь төвдийн тусгаар тогтнолын төлөөх тэмцэлд маш хүчтэй дарамт болж байна. Энэ шийдвэрийн дараа Далай лам удтал маргасны эцэст аргагүйн эрхэнд буулт хийсэн юм. Удаан үргэлжилсэн Банчин Богдын асуудал нь эцэстээ хятадын талын ялалтаар дуусав.

Төвдийн тодруулсан Банчин Богд сураггүй алга болж, Хятадын тодруулсан Банчин албан ёсных болж байна. Өвөр Монгол, Хөх нуур, Төвдийн зүүн мужид нөлөө бүхий шашны энэ хувилгаан Хятадынх болсноор Төвдийн ирээдүй туйлын бүрхэг болжээ. Нас өндөр болсон Далай лам амьд ахуйдаа хойд дүрээ хаанаас тодруулах вэ? гэдэгт санаа тавьж эхэлсэн нь санамсаргүй юм биш.

Төвдийн бослогын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын Хятадыг барьсан бодлогын дараа Далай лам Монголд итгэхгүй байгаагаа илэрхийлж, Н.Энхбаярын БНХАУ-д хийсэн айлчлалын ердөө маргааш нь л миний хойд дүр Монголоос тодрохгүй гэж Германы “Шпигель” сэтгүүлээр зарласан юм.

Монголчуудад Далай ламыг өөрөөсөө тодруулах санаархал байхгүй. XV Далай лам Монголоос тодордог юм гэхэд Монгол улс Төвдийн асуудалтай шууд хутгалдах болно. Шууд хутгалдана гэдэг Хятадын улстөрсоёлын довтолгоог шууд өөртөө татах эрсдэлтэй. Гэвч өнөөгийн Хятад оронд тэртээх 1930-аад онд Монголд болж байсан түүхийн үйл явц давтагдаж байна. Төвдийн шашин доройтож, сүи хийд нь оюун санааны төв гэхээсээ илүүтэй үзмэрийн газар болон хувирч, хутагт хувилгаад нь хавчигдан зовж, дүрвэн зугтаж байна. Харин яг үед Монголчуудын шашин доройтлын үеэ өнгөрөөгөөд сэргэн мандлын үедээ орж байна. Манай сүм хийдүүд үзмэрийн газар бус шашин соёлын, номын төв маягаар сэргэж байна.

Гахай ханиад, таван толгойн гэрээнээс болоод IX Богдын Монголд заларч буй нь олон нийтийн анхааралд төдий өртөхгүй байгаа ч үзэл санааны маш өндөр үр дагавартай үйл явдал юм. 1920-иод оны сүүлчээр МАХН-ын шийдвэрээр наймдугаар Богдын хойд дүрийг тодруулахгүй болсон нь Монголчууд шашныг албан ёсны суртал байлгахаас татагалзаж, коммунист үзэл суртлыг хүлээн авснаа нотлосон хэрэг байлаа.

Удтал буддизмаас ангид байсан Монголчууд одоогоос 10 гаруй жилийн өмнө есдүгээр Богдыг  анх ирэхэд нь шашны хамбууд Монголын шашны тэргүүн гэж баталсан ч олон нийтээр хүлээн зөвшөөрөөгүй. Гэхдээ энэ удаагийн айлчлалын гол агуулга нь дараагийн Богд хаанаас тодрох вэ? гэдгийг шийдэхэд тун чухал нөлөөтэй билээ. 20-р зууны эхээр Жавзандамба хутагт Далай ламтай өрсөлдөхүйц хэмжээний шашны лидер болсон байв. Халхын шашны тэргүүн тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг толгойлсноор амжилтанд хүрсэн ба энэ нь Жавзандамбын нэр сүрийг улам өндөрт өргөсөн билээ.

Манай өнөөдрийн гол зорилго бол дараагийн хутагтыг Монголоос тодруулахад чиглэх ёстой. Ингэснээр магадгүй алсдаа БНХАУ-ын хүлээн зөвшөөрснөөр л баталгаажих учиртай болж магадгүй шашны тэргүүн Жавзандамба хутагтаа Монголчууд эгнэгт өөрийн мэдэлд авах боломжтой юм. Жавзандамба хутагтын анхны хоёр дүр Монголоос тодорсон бөгөөд ухаалаг алсын хараатай Түшээт хан өөрийн хүүг Халхын шашны тэргүүнээр зарласан нь оюун санааны тусгаар байдлаа өөртөө хадгалахыг зорьсон хэрэг юм.

Тэр цагаас хойш Төвдүүд  шашны эрхийн төлөө уран нарийн аргаар тэмцэлдсэн ба Манжийн хаан хоёрдугаар Богдыг Чингүнжавын бослогыг дэмжсэний улмаас хорлож, Төвдөөс тодруулах зарлиг буулгасан юм. Харин наймдугаар хутагт Чин гүрнийг унасны дараа Монголыг тусгаарласан нь халхын хутагтуудын хүсэл мөрөөдлийг биелүүлсэн хэрэг байв. Жавзандамба хутагтын дүрүүд бол Монголын тусгаар тогтнолын билгэ тэмдэг бөгөөд төвдүүд Хятадын эрхэнд бүрмөсөн орсны дараа үзэл санааны ач холбогдол нь улам өсөх юм. Тиймээс алсдаа Хятадууд бус Монголчууд өөрсдөө Богдоо тодруулах эрхийг олж авах нь чухал байна. Далай ламын Засгийн газар ч алсдаа нөөц буудал бэлтгэхийн тулд Жавзандамбыг Монголоос тодруулахыг хүлээн зөвшөөрч болно. Үнэндээ төвд Хятадын мэдэлд бүрэн орсны дараа үндэсний хувьд тэсэн үлдэх эрмэлзэл нь соёлын хувьд ондоо байх эсэхээс хамаарахдаа тулах тул шашны тэргүүнийг Хятадаас хол тодруулах зайлшгүй шаардлага төвдүүдэд байгаа билээ.