Атаа жөтөө, гүжир гүтгэлэг дагуулсан хөгийн хэл үг сэтгэл сэмлэж, өдөр тутмын барайсан амьдралын ачаанд заримдаа зүрх хөндүүрлэж, орох байх газар олдохгүй бөглөрч, ажиллаж амьдарч яваа мөчүүд минь амтгүй, хөггүй болчих яасан хэцүү.

Амьдрал юм болохоор ийм үеүд цөөнгүй морилон ирж, хэсэгтээ л холдож өгөхгүй хөлд орооцолдож зовоох нь жам гэлтэй.  Яаж энэ байдлаас салах вэ. Яаж бүгдийг мартах вэ...гэж үглэн үгтэн гуниж явахад нэг л мэдэхэд цоо шинэ өглөө хөшигний цаанаас гийн  ирж, нөгөө чөдөрлөгдсөн сэтгэл чөлөөлөгдсөн байх бас сайхан. Одоо би чөлөөлөгдсөн. Огт юу ч болж байсан гунихгүй. Яаж энэ байдлаа удаан хадгалах вэ. Яавал гомдохгүй, бас шаралхахгүй, өөрийгөө хэнээс ч өмөөрөхгүй омог бардам алхах вэ. Яг энэ чигээрээ...гэж шивнэн, хар аяндаа тайтгаран уужирч явахад цээжинд хурсан бүх будан сарниж, хаашаа ч юм зэрэглээтэн холдсон байх сайхан. Алхаад л баймаар...

Аз болж  Ч.Хүрэлбаатарын зургууд, Л.Өлзийтөгсийн шүлгүүдтэй миний арван нэгдүгээр сар ирэв. Аварлын арван нэгдүгээр сар. Арван нэгдүгээр сар чинь нээрээ ийм гайхамшигтай сар бил үү.

Манай хотын даруухан, жижигхэн, хэдхэн хүн л тойрон эргэлдэж байдаг төв галерей. Гаднаа даавуун дээр тодоос тод, томоос томоор бичиж өлгөсөн Ч.Хүрэлбаатарын үзэсгэлэн нээгдэх зар.

Ойртож явна. Очиж явна. Ондоо болчихсон, оволзсон гэрэл гэгээтэй амьтан орж явна.

Зурагдаж байхаас нь эхлээд урланд нь гүйж очоод үзчихсэн танил зургууд нөгөө муу бүдэг саарал өрөөнөөсөө сугаран холдож, шил толь болсон шал ондоо өргөөнд залагдсан байгаа. Гялгар, цаанаа л нэг тэнэг, дотроо хов хоосон атлаа гаднаа бөөн бриллиант болчихсон баян эмэгтэй шиг жаазнууд байдаг даа. Алтадчихсан, боронз моронз болчихсон. Тэрнээс тэс ондоо, цаанаа л үнэтэй, донжтой, энгийн жаазнууд дотроос аль эрт сэтгэлээ тавиад туучихсан танил зургууд эрхэмсэглэн байгаа. Очиж явах замдаа ийн бодож явав. Бодсон минь таарав. Би үзмэрч шиг мэджээ. Яагаад ч юм түүний зургуудыг тоосоо ч гөвөх дургүй, хана тааз нь хагарч сааралтсан, чамин тансаг юм юу ч үгүй атлаа       янжуурын цэнхэр утаа, кофеных нь эхүүн үнэр баян болгож байдаг урлангийнх нь жижигхэн өрөөнд „унших” гоё байдаг. Үзэсгэлэн болчихоороо өөр үнэ ороод явчихдаг ч юм шиг. Өнгө өнгийн гийчдийн өөртөө томдсон хүсэл шуналд хулдагддагчихдаг ч юм шиг. Өргөөнийх нь эзэн өнөө танил хямсгар зангаа таягдаад хөөчихсөн, үсээ самнаад, үгээ цэнээд, болоогүй ээ бас инээмсэглэчихсэн, ирсэн зочидтой тэвчээртэйгээр юу ч юм ярьж зогсох нь  харагдаад нэг л болдоггүй юм. Тийм болохоор би хамгийн эхэлж ирээд, түрүүчийн гийчин ирэх чимээнээр гарч оддог. Тэр зангаараа л гарлаа.

Шав шар намар. Шав шар ой. Шав шар ойн чөлөө. Хязгааргүй их эрх чөлөө юм шиг. Хязгааргүй их ганцаардал юм шиг. Ганцаардлын цаанаас эрхэмсэглэн тунарах гэгээ юм шиг. Ганцаардлын цаадах гэгээ...

Тэнгэр...өөр хэний ч зурганд байдаггүй тэс өөр тэнгэр. Тэнгэр бол тэр зураачийн хэл гэлтэй. Хийморь нь гэлтэй. Хань нь гэлтэй...Газрын хаанаас ч тэнгэрээр нь тэмтрээд ч болов таниж болох брэнд орон зайн эзэн.

Байгаль дэлхий бол тэр хүний амин сүнс нь юм шиг. Байгалиа хайрлаад багтартлаа уурладаг, байшин барилга, уул уурхай, улс төрийг уурсан хараадаг өвөрмөц араншингаас нь юу ч энд үзэгдэхгүй. Ердөө ертөнцийн гоо сайхныг л  дуулсан байх...уран бүтээлч болгонд тэмцэх өвөрмөц чадвар, өөрийнхөөрөө хэлэх өөр философи байдаг ажээ.

Гарч явна. Гадаа гайхамшигт арван нэгдүгээр сар. Арван хэдэн жил алхаж орсон хашаа, амьдарч дассан ноолгор шар байшин. Ажлын маань хогшил сэлтгүй өрөө.

Ахиад гадаа гармаар ч юм шиг. Алхаад л алхаад л...алга болмоор юм шиг. Цонхоор хараад хэсэгхэн зогсох боломж олгохгүй цочтол хаалга татан хэн нэгэн орж ирэв. Салхи Дамбий шиг амьтан шүү. Энэ Цогоо...гэсэн шүү юм бодон дотроо инээж, гаднаа гайхасхийх зуур сүр сар хийн ойртож ирснээ цүнхээ ухан бүсгүй хүний ном гэдэг нь харваас илт цав цагаан ном гаргаж ирэн барив аа.

Л.Өлзийтөгс „Төсөөллийн өрөөнд”...Ганаадаа Өлзийгөөс...гэсэн турьхан бичиг.

Гарч одов. Гайхах юмгүй хана цонх, хамаг юм доргитол хаалга тас хаагдав. Миний нууцаар бодож адилтгасан салхи Дамбий гэдэг хөөрхөн нэр манай хүнд хачин зохьсон байгаа биз. Б.Цогнэмэх маань шүү дээ. Энэ сахилгагүй бор „хүүг” би зэмлэж ерөөсөө чаддаггүй. Жижигхэн хоёр нүд нь үгнээс урьтаж цоролзоод тэр дорхноо инээмээр, уучилмаар, бас өмөөрмөөр болоод явчихдаг юм. Дүү маань амаар нь дүүрэн тайлбартай, сэтгэлээр нь дүүрэн мөрөөдөлтэй залуухан, халуухан амьтан. Шуугиж орж ирээд гарахдаа ширээн дээр хоёр ширхэг янжуур үлдээчихжээ, бас. Нэгийг нь шүүгээнд хадгалахгүй бол маргааш өөрөө ганц ширхэг...байна уу гээд хуруугаа гозойлгочихсон орж ирж мэднэ. Ийн би өрөөндөө аз жаргалаар бялхан үлдлээ. Номоо эргүүлж эхнээс нь дуустал уншив. Яаж уншсан болох вэ дээ. Ийм номыг гэртээ, сайхан халуун кофе дэргэдээ тавиад, орон дээрээ түрүүлгээ харж тухтай хэвтээд нэг нэгээр нь шимтэн уншиж байж л өөртөө таашаал авчирна шүү дээ. Маргаашийн ажил будаа. Би нэг иймэрхүү зарчимгүй зантай хүн л дээ. Гадагшаа толгойгоо ч цухуйлгахгүй, утсаа таслаад нам жим бүгэх дуртай. Өөрчлөгдөж, өөрөөр ном журамтай амьдрая гэж хичнээн бодоод сурсан зуршлаа хаяж чаддаггүй.

Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Б.Галсансүх, Б.Одгэрэл, Ц.Батбаатар, Хөтөлийн Отгонжаргалын шүлгүүд миний сэтгэлийн өвчинг сэдрээгчид юм.

Тэд бол ерэн оны хувьсгалаар төрөгсөд. Хувьсгал яруу найрагчдыг бөөн бөөнөөр нь бэлэглэдэг байж магадгүй гэж Баабарын дуу алдсантай тэднээс болоод шууд санал нэгддэг.

Амьдрал гоё, амьдарч яваа минь сайхан байна шүү...Ингээд „Өрөөсгөлийн өрөөнд” бид хоёр өөрийнхөөрөө амьдарч эхэллээ. Мөддөө би энэ номыг тавиур луу тавихгүй дээ. Өдөөгдөөд тэнэг юм шиг болчихно. Тэгж байснаа тэртээ дээр үед хэвлүүлсэн „Тэргүүн бүлэг”-ийг ухаж олж авна. Энэ үед надад юм бүхэн утгагүй санагдаж, төдөлгүй юм бүхэн утга учиртай болж хувирдаг. Өрөвдмөөр энэ амьдралд би өөрийгөө өөрөөр шагнаж чаддаггүй. Тэрийг минь хэн ч ойлгодоггүй. Ажилдаа ирэхийг, цагаа бүртгүүлэхийг, цалингаа хасахыг сануулсан өдрүүд цан хүүрэг татуулаад зогсч байдаг. Энэ ч бас гоё оо.

Чи бол миний зовлон

Зовлондоо би яасан их хайртай юм

Чи бол миний зогсоол

Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм

Чи бол миний төөрөгдөл

Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм

Чи бол миний сүйрэл

Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм

Чи бол миний нүцгэрэл

Нүцгэрэл минь чи миний төгсгөл

Чи бол миний ялалт

Ялсны дараах их хоосрол...Галзуурмаар энэ мөрүүдийг ганцыг нь ядаж би яагаад бичээгүй юм бол...Чи бол миний зовлон...зовлондоо би яасан их хайртай юм. Чи бол миний зогсоол...зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм...Чи бол миний төөрөгдөл...Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм. Чи бол миний сүйрэл...Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм...

Урлагийн гоо сайхан гэж үүнийг л хэлнэ. Яруу найргийн ид шид гэж яг энийг хэлнэ. Яагаад бид ийм уран бүтээлчийг дуураймал хүүхэлдэйнүүдээс ялгаж салгаж хардаггүй юм бол. Яагаад зарим даган баясагчид яруу найрагч гэдэг нэртэй байдаг юм бол...Ингээд л би бухимдаж эхэлдэг.

Би чинийх, чи минийх байсан бол

Би хэзээ ч өтлөхгүй байж чадах байлаа

Би хэзээ ч үхэхгүй байж чадах байлаа

Би чинийх биш, чи минийх биш болохоор

Би чамаас үүрд явж байна

Юу юугүй дуусах гээд байгаа

Залуу насны төгсгөл минь чи

Хэзээ хэзээгүй ирэх гээд байгаа

Хэт эртийн үхэл минь чи...Баярлалаа...Миний амьдран буй цаг үеийн нэгэн сод гэрэл гэгээ чамд. Баярлалаа, тэгэхээс тэгэх гэсэн юм шиг намайг чөлөөлж өгөөд тэнгэрийн хаяа руу хөхөмдөг гэрэл татуулан одсон арван нэгдүгээр сар чамд.

Ертөнцийн төгсгөл мэт буйд энэ газар

зам ингээд дуусч байна

Үүнээс цааш хэн ч байхгүй

юу ч байхгүй

Таван зуун настай моддын

тахиралдсан битүү мөчир завсраар

Халуун гарыг шургуулан тэмтрэхүйд

Хаяагүй их манан

чийгт манан

Өөр юу ч үгүй...Хэн нэгнийг шүтэн бишрэхгүй, хэнэггүйхэн, дур зоргоороо өдрүүд баяртай.Заримдаа зэвүүцэн шүүмжилж, зад „мууддаг” Өлзий чамд ахиад л хайртай болчих юм. Би энгийн нэг бүсгүй. Чи харин тэнгэрт суудалтай охин...  

Намар дуусч буй нь энд

ертөнц эхэлж байх мэт

Навчис унаж буй нь

их төрөлт мэт

Эндээс цааш явах газар үгүй

үгүй,

юу чиг үгүй, гэвч

Эрхгүй төгсгөл рүү л харан зогсоно

Манан

эцэс үгүй манан,

тэмтрэгдэх юу ч үгүй манан...Одоо харин хатагтай Л.Өлзийтөгсийг урьж ярилцмаар. Тэр жил дутуу орхисон ярилцлагаа дуусгамаар...Ярилцъя. Гэхдээ тэр зөвшөөрөх болов уу...? Төсөөллийн өрөөгөө дотроос нь түгжчихээд, буйдан дээрээ хөлөө ороож суучихаад гарч ирэхгүй гөжүүдлэх болов уу.   

Миний зочид ийм зовлонтой олддог. Миний амьдрал ийм нажидтай үргэлжилдэг. Намайг эргэн тойрон хачин хачин юм тойрон оршдог. Хар таамаглалууд, хар тамууд, хараал, зүхэл бас хайр хүрэм хорвоо....Байгаагаар минь хэзээ ч хүлээж авч чаддаггүй бачуурсан олон уншигчид...

Чөлөөлж өгдөггүй, чөдөрлөж уячихаад үргэлж шахаж шаардаж, бас шүүж, шүүмжилж, зарим өдөр шагнаж, бас магтаж, есөн шидийн өнгөөр эрээлжилж, ер бусын байж болох ч байсан юм шиг тавиланг минь булаачихсан ерөөлтэй орчлон. Энд би сэтгүүлч Б.Ганчимэг гэдэг нэртэй.

Сэтгүүлч Б.Ганчимэг