Өнгөрсөн долоо хоногт манай дотоодын урлагийн ертөнцөд болсон хамгийн том шоу Монгол улсын гавъяат жүжигчин Т.Ариунаагийн  „Гайхамшигт үдэш” тоглолт байлаа. Улаанбаатарт ойрын үед үзэгчдийн сэтгэлийг юутай хээтэй нь ийнхүү хөөргөж, өвлийн хүйтнээр дотроос нь халуу шаттал буцалгасан томоохон хэмжээний шоу тоглолт болоогүй гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Соёлын төв өргөөнөө хоёр өдөр тавьсан „Гайхамшигт үдэш” тоглолт үнийн хувьд ч, тоглолтын нүсэр бүрэлдэхүүнийг багийн хөдөлмөрөөр зангидаж чадсанаараа ч,  амьд хөгжмийн нүргээн, бүжиг, циркийн элементийг дуучны уран чадвартай хослуулж тавьснаараа ч бусад дуучдын өмнө цоо шинэ босго зоолоо. Ялангуяа сүүлийн үед нэлээдгүй шүүмжлэлд өртөх болсон гавъяат жүжигчин хэмээх алдрыг тойрсон хэмжүүрүүдийн өмнө шинэ шалгуур, шинэ зиндаа босгож тавьсан уг тоглолт бидний сайн мэдэх дуучин Т.Ариунаагийн дуулалт огт өөр түвшинд очсоныг харуулав.  

Тэр өмнө нь эрос дуучин, НҮБ-ын хүүхдийн элч дуучин, поп дива, гавъяат жүжигчин хэмээх албан хийгээд албан бус олон алдрын эзэн байв. Тэр зарим үед үргэлж урагшаа тасралтгүй давшиж, ямар нэгэн төлөвлөгөөг давуулан биелүүлэхээр зүтгэж байгаа үйлдвэрийн ажилчин шиг харагддаг байв. Уйгагүй хөдөлмөр, цаг мөч бүхэнд урлагийн төлөө цохилж байдаг зүрхнийх нь халуун хэмнэл энэ бүхнийг гэрчилнэ.

Нэгэн цаг үед амьдарч буй нэртэй дуучных нь хувьд түүнтэй олон удаа уулзаж ярилцлага авч байсан. Ихэнхдээ уран бүтээл тойрсон ярианууд болдог байж. Мэргэжлийн сэтгүүлчийн ажил гэхэд зарим үед өөртөө тааруу дүн тавьж, сэтгэлээ нээдэггүй Ариунаад дотроо „уурлаж” үлддэг байснаа нуумааргүй байна. Хамгийн сүүлд ”UPTOWN” сэтгүүлийн хүсэлтээр хийсэн ярилцлага маань харин  нэлээн халуухан өрнөж, фенүүдийнх нь ширүүн дайралтад би өртсөн. Хүмүүс хайртай дуучин руу нь хайр найргүй довтолсон гэж намайг буруутган зэмэлж, зарим нь бүр харааж, „Ганчимэг сэтгүүлчийн хамгийн бүдүүлэг ярилцлага энэ болов”, „Хохь чинь шүү, бид фенийн хувьд Т.Ариунаагаа хамгаална”, „Адилхан эмэгтэй хүн байж хэт хатуу дайралт хийжээ” гэх мэт ширүүхэн үнэлгээнүүдийг надад ирүүлсэн юм. Бидний маш олон ярилцлага дуучны сэтгэлийн гүн рүү ойртож очоо ч үгүйгээр барахгүй зарим тохиолдолд түүний ээлжит тоглолтын сурталчилгаа болоод өнгөрч байсныг тэд эргэж санахыг ч хүсээгүй. Энэ бүхэн надад цаг үеэ эзэлж чадсан дуучин хүн тэр цаг үеэрээ хичнээн гайхалтай хайрлуулж чаддагийг ойлгуулсан билээ. Алдарт дуучин Н.Норовбанзад гуайг муу хэлсэн бол тухайн нийгэм нь тэр хүний хэлийг тасдаж хаяж мэдэхээр хилэгнэх байсан гэдэгт эргэлзэх юм алга. Ингэж би энэ адармаатай, адтай, аюултай эмэгтэйн шүтэн бишрэгчдийн ачаар айхтар том сануулга авсан.  

Магадгүй хүмүүс Ариунааг эмэгтэй хүнийхээ хувьд амьдралын шалгууруудтай хангалттай нүүр тулсан, мэргэжлийн дуучныхаа хувьд цагийг эзэлсэн, бас маргашгүй хөдөлмөрлөсөн учраас ингэтэл итгэдэг байх.     

Т.Ариунаа хүнийхээ хувьд цагаан цайлган, илэн далангүй, гэрэл гэгээтэй харагддаг ч яг тулаад ирэхэд хөвчийн гүнд ургадаг олон давхар хальстай зэрлэг сонгино шиг бүсгүй юм. Т.Ариунаа ямар нэгэн төгс рүү зогсолтгүй давшиж яваа мятрашгүй тэмцэгч юм. Т.Ариунаа нас тогтож, намба сууж, тэтгэвэртээ нам тайван сууж буйгаар нь төсөөлшгүй гал цог юм. Т.Ариунаа монгол эмэгтэйн тэвчээрийг нэвт шувт ханхлуулан, нулимсаа дотогшоо эгшээн барьж байдаг тэсвэр юм.         

Түүний энэ удаагийн тоглолт манай хотын дээдэст зориулагдан зарлагдаж, үнэ хийгээд агуулгын хувьд цоо шинэ мэдээллийг тээн цацагдаж, анхаарал татсан ч товлосон цагаасаа хойшлон тоглогдлоо. Зөвхөн бэлтгэлд гэхэд бараг бүтэн жилийн хугацааг зарцуулснаа дуучин мэдэгдсэн. Түүний „Гахаймшигт үдэш” –т „On and off” продакшн, Гитарчин Өөжгий, бөмбөрчин Золбоо, бүжиг дэглээч Төгсөө, „The most” орчин үеийн бүжгийн хамтлаг, бүжиг дэглээч Батсайхан, латин америкийн бүжгийн „Star” хамтлаг, „New star студи”-ийн найруулагч С.Гантөр, A saund хамтлагийн ахлагч Пүрэвсүх, басс гитарчин Билгээ, туслах бөмбөрчин Жерри, бүх цэргийн эрдмийн дуу бүжгийн чуулгын эстрад найрал оркестор, Баянмонгол чуулгын хөгжимчид, Натур саунд студийн багш Мөнгөнсүх, СУИС-ын оюутнууд, Monlun компанийн дизайнер Номунгэрэл, Туяарах салон, Швецарын Цюрик хотын циркийн сургуулийн багш Д.Цэрэннадмид багш зэрэг томоохон баг хамтран ажиллажээ. Үйлчилгээний албанд гэхэд 200 гаруй ажилтнууд ажилласан гэх тооцоо гарч байгааг үзэхүйд энэ тоглолотод нийтдээ 500 орчим хүн сэтгэл нэгдэн зүтгэсэн байна. Энэ үдшийн нэгэн гоё шигтгээ Монгол улсын гавъяат жүжигчин Х.Төмөрбаатартай хамтран дуулсан „Сайн байна уу, Улаанбаатар”,” Нартай бороо” дуунууд байв. Хуучин нийгмийн мартагдсан од Х.Төмөрбаатарыг тайзнаа урин мэхийсэн хатагтай Т.Ариунаагийн хүндэтгэл үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, бараг уйлуулах шахсан. Тэр ингэж өмнөх үетэйгээ амин зүрхний хэлхээ холбоотой явдгаа тунхагласан юм.   

Үзэгчдийн сэтгэлд хэдий нь байр сууриа эзэлсэн түүний бүх төрлийн шигшмэл бүтээлүүд хөгжмийн шинэчилсэн найруулгаар сонсогдов. Хуучин уран бүтээлээ тэр чигээр нь эргээд тавьчихдаг халтуурын гэмээр хандлагыг энэ удаа тэрбээр ёстой таягдан хаясан. Мэдээж хувцаслалт, хэв маягийн гайхалтай донжийг нь сонжих боломжийг тэр үзэгчдэд дуртайяа олгодог зангаа тавьсангүй. Нэлээдгүй жин хаяж, арван наймтай охин шиг болчихсон Ариунаа адраас олсоор дүүжлэгдэн бууж ирж, агаарт циркийн үзүүлбэрүүдийг чадварлагаар үзүүлж үзэгчдийг анхнаас нь л дуу алдуулж байв. Үргэлж шинийг эрэлжийлж, янз бүрийн адармаатай сюрпризүүдээр хүмүүсийг бужигнуулж байдаг зангаа энэ удаа ч орхисонгүй. Бие галбир, ур чадвар, дотоод хүсэл тэмүүлэл, зан чанар сэлтээ бүгдийг нь хөшиггүй цонхны цаанаас нэвт шувт харуулах гэсэн эмэгтэй хүний ад мөрийн зан ч мөн дөө. Залуухан гоолиг охидтой ямар ч комплексгүйгээр мөр зэрэгцэн бүжиглэж, зоримогоор цагаан, хөх ногоон мэтийн тод өнгүүдээр хувцсаа урласан зэрэг нь Т.Ариунаагийн „би”-г олж мэдрэх бас нэгэн өнцөг юм. Би бүжигчдээсээ мяраалаг харагдаж болохгүй биз дээ хэмээн тайзан дээрээс шулуухан мэдэгдэж, эр эм бүгдийнх нь аазгайг хөдөлгөсөн хөдөлгөөнүүдийг хальт шидлэн булгилуулж байгаа мөртлөө эрх чөлөөлөг араншингаараа цаад далд сэдлүүдээ бүгдийг нь булчихаж байгаа зэрэг нь  өөрийн эрхгүй „ёстой ад мөрийн амьтан шүү” гэх дотно үнэлгээг үзэгчдээс татаж байв.       

Манай поп урлагийн нэртэй зүтгэлтэн авхай энэ үдэш Sara Braitmanii „Anytime anywere”-г дуулж, өөрийн мастерствог жинхэнэ тунхагласан. Sara Braitman бол дэлхийд алдартай поп опера хослуулж дуулдаг дуучин юм. Т.Ариунаа софран хоолойтны гайхалтай ид шидийг  „Anytime anywere”-г дуулснаараа ахин нотолж, монголын урлагийн ертөнцөд өөрийн орон зайгаар гайхуулж байгаа хосгүй авъяастай дуучин болохоо илэрхийллээ. Мөн тэрбээр урын сандаа алдарт Мяасүрэнгийн хөгжим „Буурал аав” гэж ард түмний хайртай дууг нэмэн оруулж иржээ.

Нарлаг өндөр алтайн уулсад

Намрын хяруу унаа даа

Настай буурал аав минь

Намайгаа харуулдан суугаа даа...

 Аргагүй сайхан дуу. Сэтгэлээ шингээж дуулсан болохоор үзэгчдэд их хүрэх шиг болсон.  „Ижий минь байвал жаргалтай”-гаар ээжийгээ дурсан нулимс унагаж, „Буурал аав”-аар аавынхаа дурсгалд цучил нэмсэн дуучин бүсгүй олон түмний сэтгэлээр өөрийгөө дуртай үедээ хучуулж байдаг атаархмаар хүн юм.

Манай хотдоо л акустик сайтайд тооцогддог Соёлын төв өргөөний тав тух, дотоод орчин харин харилцагчдаас авч буй үнэ хөлстэйгөө хэр дүйдгийг мэдэхгүй юм. Ямартай ч 30, 40,50 мянга хэмээх үнүүдээр зарагдсан дуучны тоглолтын тасалбар хоёр дахь өдрийн орой ч олдохгүй байсан. Шагийн үнээр ч хамаагүй авъя гэсэн хүмүүс үүдэнд олноороо таарч байсан нь „Гайхамшигт үдэш” тоглолтыг дундаж үнээр олон хүний багтаамжтай танхимд ахин тоглож, үзэгчдийн хүртээл болгох ёстойг сануулах шиг.   

Одоогоос хорин хэдэн жилийн тэртээ “Машина временна” гэдэг хамтлагийн “Цаг хугацаа харвасан сум шиг хурдан өнгөрдөг” хэмээх дуугаар уран бүтээлээ эхэлж байсан Ариунаагийн цаг ид үргэлжилж байна.   

Социалист нийгмийн үеийн алдартай хамтлаг, монголын рок попын эцэг групп “Соёл эрдэнэ”-д дагалдан дуучнаар орж, үзэгчидтэй анх мэндэлж байсан Ариунаа төд удалгүй Болгарын хөгжмийн консерваторт явж суралцсан түүхтэй.  Тэр үед “Соёл эрдэнэ” хамтлаг „Би чамд хайртай” киноны анхны хайрын дууны хөгжмийг тоглосон байсан нь түүнд анхны хайрын дууг дуулах боломжийг авчирсан. Энэ дуу Ариунаагийн хувьд хожмоо нэр алдарт хүрсэн том дуучин болох гүүр болсон ч байж мэдэх юм. Цар хүрээ, үг, олон түмнийг байлдан дагуулах увидас зэргээрээ гайхалтай бүтээлд зүй ёсоор тооцогддог энэ дуу балчир жаахан Т.Ариунаад буй дуулаачийн авъяас, хоолойн царааг нээсэн. Сүүлд энэ тухай тэрбээр „Тэр зөвшөөрлийг  Н.Жанцанноров гуай авторын хувьд надад өөрөө өгч дуулуулж байсан. Надад ирж байсан том том зөвшөөрлүүдийн нэг нь энэ байх” гэж өгүүлж байсан удаатай.  

Болгарын хөгжмийн консерваторт явж суралцсан нь эдүгээн данагар дуучин Т.Ариунааг цогцоор нь бүтээсэн. Тэр том сургуульд зургаан жил суралцаж төгсөөд, Югославт нэг жил дуулсныхаа дараа  эх орондоо дуулиан шуугиантайгаар хөл тавьж байв. „Уг нь би Италийг мөрөөдөж байсан. Даанч виз нь бүтээгүй юм” гэж Т.Ариунаа энэ талаар дурсдаг. Мэргэжлийн дуучны будаг нь ханхалсан дипломтой Т.Ариунааг энд харин ч нэг ширүүхэн өрсөлдөөн угтсан даа. Поп хатагтай Б.Сарантуяа ид нэрд гаран мандаж, түүний тухай элдэв сенсаацаар нийгэм жинхэнэ амьсгалж байсан үе. Шударгаар хэлэхэд Сараа аль хэдийнэ од болсон байв. Төрхөө олоогүй шинэхэн нийгэм, шинэ шинэ зүйлс, үзэгдлүүд, шинэ одууд, шоу бизнесийн сонихон ертөнц...Энэ бүгдийг хоёр хатагтайн халуухан өрсөлдөөн тодорхойлолцоно. Хэвлэлүүдээс гадна шоу бизнесийн менежерүүд ч тэднийг цэвэрхэн нэрээр өрсөлдүүлэх, далд утгаар сөргөлдүүлэх бодлого баримталж байлаа. Хэн хэн нь бууж өгөөгүй. Хоёуланг нь нийгэм хүлээн зөвшөөрч, төр засгийн өндөрлөгүүд гавъяатын алдрыг хүзүүнд нь зүүж өгсөн байна. Одоо тэд урлагийн ертөнцөд том байр суурьтай хэвээр байна. Нэр хүндээ хамгаалах, урлагт амьдрах цагийн зүүг зогсолтгүй эргүүлэх, нүд эрээлжилж, чих шуугисан хэмнэл нь үргэлжилсээр. Нөгөө л хэдхэн хоногийн зайтай нэг хотод тоглодог хэвээрээ. Нөгөө л Сараа ба Ариунаа, Ариунаа & Сараа гэсэн хандлага тандлага янзаараа. Энэ бол нэг талаас хэтэрхий явцуу бөгөөд ядаргаатай харьцуулалт. Чин үнэндээ Ариунаа Болгараас ирээд бүгдтэй нь бас цаг хугацаатай өрсөлдсөн юм. Өнөөдөр энгэртээ адилхан зиндааг илтгэх гавъяат жүжигчны алдартай ч энэ удаа Т.Ариунаа бусдаасаа түрүүлж шинэ шалгуур зарлалаа. Түүний ээлжит тоглолт нь ээлжит довтолгоо болов. Энэ удаа түүний тавьсан тоглолт орчин цагийн иж бүрэн шоу тоглолт болсон төдийгүй дуулаачийн уран чадвар, амьд хөгжмийн гайхамшигтай нүргээн, бүжгийн ансамбел, тоглолтыг босгосон зардал бүх зүйлээр тасарч, урагш бүтэн алхам түрүүлж гишгэв. Ариунаа бас л үзэгчдийг буцалгаж, тэдний сэтгэлээс элдвийн уйтгар, амьдралын зовлон зүдгүүр, гуниг ганцаардал, цаг үеийн дарамт...ер таагүй бүхнийг үлдэн хөөж гаргав. Боллоо...Үүнээс өөр юу хэрэгтэй гэж...Юу ч хэрэггүй биз дээ...Тийм ээ, юу ч хэрэггүй.  

Дурлал минь хэзээ ч

Жаргаж үзээгүй зул юм аа

Зүрх сэтгэлдээ

Хадгалж явдаг гал юм аа...хадгалж явдаг гал юм аа....түүний дуу ийн одоо ч зүрх сэтгэлийг уудлан дэнслүүлсээр...


Сэтгүүлч Б.Ганчимэг