Ё.Отгонбаяр: Тийм том, сайхан газар Богд ууланд байвал аваад төрийн өмчийн аль нэг том Их сургуулийн хотхон барьчихъя л даа
БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаа боловсролын сэдвээр үргэлжлүүлэхээ уншигчдадаа амласан билээ. Ингээд бидний хоёр дахь ярианд анхаарлыг тань хандуулъя.
БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяртай хийсэн ярилцлагаа боловсролын сэдвээр үргэлжлүүлэхээ уншигчдадаа амласан билээ. Ингээд бидний хоёр дахь ярианд анхаарлыг тань хандуулъя.
-Монгол дуучин глинкийн хөгжмийн наадамд тэргүүллээ. Үнэхээр гоё амжилт. Сайд дуурийнхны амжилтыг хэрхэн яаж үнэлэх гэж байна даа?
- Энэ тэмцээн олон улсын нэр хүндтэй том тэмцээн. Өмнө нь гавъяат П.Ганбат агсан энэ тэмцээнд гуравдугаар байранд орж байсан санагдаж байна. Монголчуудын хувьд болон Монголын урлагийн хувьд бахдам сайхан амжилт. Мэдээж хэрэг салбарынхаа шагналаар шагнана. Мөн ийм тэмцээн уралдаанд түрүүлсэн хүмүүсийг мөнгөн шагналаар шагнадаг Засгийн газрын журам бий. Түүнийг ойрын үед шийдүүлээд уран бүтээлчидтэйгээ уулзаж гардуулна даа.
-Рок поп, драм, дуурийн урлагт шинэ шинэ ахицууд гарсаар л байна. Сайдад харин аль урлаг илүү ойр санагддаг вэ. Хамгийн сүүлд үзсэн үзвэр тань юу вэ?
- Хамгийн сүүлд Дуурийн театрт Хунт нуур бүжгийн жүжиг үзсэн. Тэр болгон үзээд байх зав олдохгүй юм. Парисын дар эхийн сүм жүжгийг үзэх гэж хоёр ч төлөвлөөд чадсангүй. Хувь хүнийхээ хувьд рок поп урлаг болон сонгодог урлагийг илүү сонирхдог. Өчигдөрхөн Дуурийн театртай ирэх онд Аида дуурийг тавихаар тохиролцлоо. Монголын тайзан дээр анх удаа амилах дуурь болно. Ганц нэг сонин сюрприз бас дагалдах байх. Түүнийг нь дөхүүлж байгаад яръя даа.
-Гоё мэдээ байна. Шинэ ерөнхий сайдын ирсэн хамгийн эхний салбар боловсролын салбар байлаа. Тавьсан илтгэл нь ч танайхны сэтгэлийг татсан гэсэн?
-Ерөнхий сайд томилогдонгуутаа УИХ-ын чуулган дээр дэлгэрэнгүй илтгэл тавьсан. Тэр үгэндээ монгол хүн боловсролтой байх ёстой. Чанартай, дэлхийд өрсөлдөх чадвартай боловсролыг олох ёстой гэж онцолсон. Манай салбарынхан түүний анхны илтгэлд тусгагдсан энэ зүйлийг маш талархалтай хүлээж авсан. Шинэ Ерөнхий сайд манай салбарт их анхаарал тавих юм байна гэсэн итгэл найдвараар хүлээж авсан гэсэн үг. Хамгийн анхны ирж ажилласан салбар нь боловсрол байсан явдал ч энийг нотолсон. Анхны хэлсэн үгэндээ боловсролын салбарт чиглэж нэг л абзац хэлсэн. Тэр үгээ сая боловсролын салбарт ирж ажиллахдаа задалж, дэлгэрэнгүй ярилаа. Өөрийн бодож байгаа, харж, тусгаж байгаа зорилтуудаа бүгдийг нь задлаж ярьсан гэж би хувьдаа ойлгож байгаа. Бидний түрүүний уулзалтын үеэр та Ерөнхий сайд монголын бор хөрснөөс жааран хөндийдүү юм ярьчихав уу гэж асууж байсан. Би тэр Канад технологи, Кембрижийн боловсрол гэх зэрэг зүйлстэй холбож асууж байна гэж ойлгосон. Манайд Кембрижийн боловсролын стандартад орчихсон сургууль хоёр байна. Монгол багш нар зааж байна. Нэг сургууль нь бүр кембрижийнхээ гэрчилгээг хүүхдүүдэд өгөөд эхэлчихсэн. Арван хэдэн хүүхэд сая авсан байгаа. Тэгэхээр энэ бол тийм хүрч болохгүй ноён оргил бас биш байгаа биз дээ. Нөгөө талаас бид нар чинь ерэн он хүртэл оросын боловсролын стандартаар явлаа. Тэгээд ерэн оноос хойш бид боловсролын стандартаа өөрчилсөн. Хэлэхдээ бол дэлхийн жишигт хүргэж байна гэж яриад байдаг. Дэлхийн жишиг гэдэг маань юу юм бэ. Яг дэлхийн жишигт байгаа нэг гэсэн стандарт нь хаана байгаа юм бэ гэдэг асуулт гарнаа даа. Бид одоо Америкийг дагаад байгаа юм уу. Английг дагаад байгаа юм уу. Германыг дагаад байна уу. Аль нь ч ойлгомжгүй өдий хүртэл явлаа. Тэгээд мэргэжлийн улсуудтай яриад үзэхээр энэ бол Оросын академик боловсролын тогтолцоог хадгалаад барууны чөлөөтэй сэтгэлгээг оруулж ирсэн эд юм аа гэж тайлбарладаг. Ухаандаа бол монгол гутал өмсчихсөн костюмтай нөхөр л байх гээд байна л даа, тэр. Ийм л байдалтай тогтолцоо яваад байгаа юм аа. Уг нь хорвоод боловсролын тогтолцоо универсаль болох хандлагатай байгаа. Гэтэл Робинзон Крузогийн арал дээр амьдарч байгаа хүмүүс шиг зөвхөн өөрийн замаар явна гэж юу байх вэ? Ерөнхий сайдын хэлсэн үгэнд Кембрижийн стандарт гэдэг ойлголт гарч ирлээ. Энийг би юу гэж ойлгож байгаа юм бэ гэхээр ерөөсөө олон таван юм яриад л, хаана ч байхгүй нэг боловсролын тогтолцоог бий болгох гээд яваад байхын оронд ерөөсөө зүгээр л толгойгоо эргүүлэлгүйгээр Кембрижийн стандарт гэдэг юмыг авчихъя. Тэр лүү л өөрсдийнхөө боловсролыг чиглүүлье гэсэн ийм санаа юм байна гэж ойлгосон. Бид оросыг дагаж олон жил явсан бол одоо шууд дэлхийн боловсролын эталон гэж яригдаж байгаа тэр стандартыг аваад л, тэрэнд хүрэхийн төлөө ажиллъя гэсэн үг. Энэ бол нэг жилийн ажил биш. Ерөнхий сайд өөрөө ч энэ амар ажил биш ээ, асар их хүч шаардах ажил шүү. Гэхдээ бүгдээрээ ийм зорилт тавъя аа гэж онцлон тэмдэглэсэн. Та тэгээд төсөөл л дөө. Ерөнхий боловсролын дугаар сургуулийг төгссөн хүүхэд Харвардад очиход шууд авдаг болно гэвэл гоё биз дээ. Тэгвэл манай боловсол үнэхээр дэлхийн жишигт хүрсэн сайхан боловсрол болжээ гэж бид хаана ч ам бардам хэлнэ дээ. Тэрний төлөө л зүтгэе ээ гэж байгаа юм.
- Таны тэр яриад байгаа Кембрижийн стандартыг хувийн өндөр төлбөртэй сургуулиуд л хийж байгаа шүү дээ?
- Одоохондоо тийм байна. Ардын хүүхдүүд дотор толгойгоор дутахгүй хүүхэд зөндөө л байгаа. Тийм хүүхдүүдэд адил тэгш бололцоо олгохын төлөө ийм ажлыг бид хийх ёстой л гэж үзэж байна. Би гэхэд Ажилчны районы энгийн сургууль төгссөн хүүхэд. Сурлагаар сайн байсан учраас сайн сургуульд явах боломж надад олдсон. Шударга үе байсан юм шүү. Ийм бололцоо одооны хүүхдүүдэд олдоосой гэж чин сэтгэлээсээ хүсдэг учраас энэ ажлыг би хийнэ.
-Дээд боловсролын орон зайд ер нь ямар шинэчлэл явагдаж байна вэ. Нэг хэсэг хувийн сургуулиуд борооны дараах мөөг шиг олширсон. Дараа нь магадлан итгэмжлэл гэдэг зүйл гаргаж ирж жаахан хумих гэж оролдсон. Гэхдээ амьдрал дээр сөрөг тал олон байна?
-Байгаа байгаа.
-Ажилд орох гээд очиход нь ямар ч эргэлзээгүйгээр улсын сургуулийн дипломтойг нь сонгож байна. Дөрвөн жил эцэг эхийнхээ мөнгийг үрж сурсан болоод ажилгүйчүүдийн эгнээ рүү марш. Үүнээс болоод хүүхдээ яаж ийж байгаад улсын гэсэн шошготой сургуульд л оруулах гэж зүтгэдэг болж. Авилгыг нь өгч байгаад ч хамаагүй шүү дээ. Энэ талаар сайд таны бодлогыг сонсмоор байна?
-Ер нь дээд боловсролын байгууллагын тоо нэг хэсэг 187 хүрсэн билүү дээ. Хоёр сая хүнтэй улсад бол ахадчихсан тоо гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Янз бүрийн байдлаар шалгаж, хаах нийлүүлэх мэтийн олон арга хэмжээ авсны хүчинд яг өнөөдөр бол 146 дээд сургуультай байгаа. Энэ ч бас ахадчихсан тоо. Ерөнхий сайд бол төр өөрөөсөө эхлэ ээ. Төрийн өмчийн 40 гаруй дээд сургууль байгаа. Төр одоо ийм олон сургуулиар яах юм бэ. Эднийгээ нэгтгэ, нийлүүл гэсэн чиглэл өгсөн.
-Төрдөө ийм олон сургуультай улс орон байхгүй байх шүү?
-Байхгүй байх аа. Дээд боловсролд ч, ерөнхий боловсролд ч, сургуулийн өмнөх боловсролд ч, мэргэжлийн боловсролд ч аль алинд нь төр дэмжлэг үзүүлж байгаа. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол хоёрыг төр бүтэн дааж байгаа. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг тэр чигт нь дааж байгаа. Дээд боловсролд бол төр жилд 34 тэрбум төгрөг зарж байна. Бага мөнгө биш. Их мөнгө. Төрийн мөнгө учраас төрийн өмчийн сургууль руу голлон явж байгаа. Одоо бол чи стандартаа хангасан, үнэхээр хэрэгтэй боловсрол олгож байгаа гэдгээ л нотлох юм бол төр, хувийн хэвшил хоёроо ялгахгүй олгоё гэж байгаа. Ерөнхий сайдын үгэн дээр яг хэлж байна лээ. Хэрвээ төгсөн гарсан хүмүүсээ ажилтай болгочихож чаддаг юм бол тэр сургуульд нь төрийн дэмжлэгийг өгье гэж. Энэ бол шударга ёс. Төрийн сургуульд л хүүхдээ оруулах гэж байгаа эцэг эхийн хандлаганы цаана бол сэтгэлгээний гэхээсээ илүү яг үнэнийг хэлэхэд төрийн сургуулиудын элсэлтийн босго оноо өндөр. Ерөнхийдөө сурлагын дундаж түвшин нь сайн хэвээрээ байгаад байгаа юм. Төрийн өмчийн сургуулиуд чинь доод талдаа 50-60 жилийн түүхтэй байна. Хувийн өмчийн сургуулиудыг буруутгах үндэс алга. Төрийн сургуулиуд 50-60 жилийн турш сургалтын баазаа төрийн мөнгөөр босгосон. Хувийн сургуулиуд бол 20 жилийн өмнө л шаваа тавьсан. Тэгээд л бор зүрхээрээ явж байгаа. Ийм нөхцөлд шууд энэ хоёрыг харьцуулах нь хэцүү шүү дээ. Ер нь ойрын үед төрийн өмчийн сургуулиудын бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийнэ гэсэн бодолтой байгаа.
-Та намайг нутгархаж байна гэж битгий бодоорой. Би Д.Бадарч докторыг монголын дээд боловсролын салбарт маш том технологийн шинэчлэл хийсэн хүн гэж үздэг. ШУТИС үнэндээ яваад орохоос цаанаа л нэг өөр байдаг. Энэ сургууль одоо тэр тэргүүлэгч байр сууриа хадгалж байгаа юу?
-Д.Бадарч ректор энэ дээд боловсролын шинэчлэлд тодорхой зүйл хийсэн хүн мөн үү гэвэл мөн. Би саяхан уулзсан. Надад үе үе монголынхоо боловсролын тогтолцооны талаар бодол саналаа бичиж ирүүлдэг. Би ШУТИС-ын тэнхимийн эрхлэгч байх үеэс нь танина л даа. Тийм болохоор надад хэрэгтэй санаа оноо өгнө гэж үргэлж хүсэж хүлээж байдаг эрдэмтдийн нэг. Ер нь ШУТИС-ын хүрээнд хийх тодорхой өөрчлөлт шинэчлэл хиймээр байгаа юм аа. Хотын төвд ийм хэлбэртэй байхаа болиод, ШУТИС гэсэн хотхон болж гараад, тэр хотхоны хажууд зориуд газар нутгийг нь гаргаж байгаад татварын онцгой орчин бий болгож байгаад мэдээллийн технологи, техник технологийн чиглэлийн аж үйлдвэрийн паркийг ШУТИС-ын хотхоныг түшиглэж байгуулмаар байгаа юм. Эрдэмтэй боловсон хүчин нь бэлэн хажууд нь байж байна. За тэгээд боловсролтой, харьцангуй хямд ажиллах хүч бий болчихно. Оюутнууд чинь бас завсраар нь ажил хийж, амьдралаа залгуулах шаардлагатай болно шүү дээ. Гэх мэтчилэн энэ хүрээнд хийх ажлууд байгаа. Манай ШУТИС-ын нөхдүүд хотхоныхоо зураг төсвийг хийгээд, одоо хөрөнгөний л асуудал дээр зогсч байгаа юм билээ. Үзэл баримтлалын хувьд бол одоогийн сонгосон газрыг нь би нэг их таашаахгүй л байгаа. Жижигхэн л газар байна лээ. Цаашаа үйл ажиллагаагаа өргөтгөх боломжоор хязгаарлагдмал. Гэхдээ энэ бол хэн нэгэн сайдын таашаалаар болчихдог асуудал биш байх л даа.
-МУИС мөн яах аргагүй үндэсний сэхээтнүүдээ бэлтгэж ирсэн арвин туршлагатай, эрдмийн том өргөө. Харин сүүлийн жилүүдэд үргэлж л хэрүүл тэмцэл явагдаж байдаг газар болжээ. Ц.Ганцог гэж том эрдэмтэн энэ сургуулийн ректороор олон жил ажилласан. Ноцолдсоор байгаад л тэр хүнийг явууллаа. Өнөөдрийн Даваа ректор бас л баахан дайрлага хавчилганд байдаг бололтой юм. Иймэрхүү дотоодын тэмцэл гадагшаа их эвгүй харагддаг. Та сайд болсноос хойш иймэрхүү дажинг зогсоосон уу?
- МУИС хөгжих хөгжихгүй нь хэн ректор байхаасаа ч нэг их хамаарах юм болов уу даа. Ер нь манай дээд боловсрол дээр явагдаж байгаа процесс дээр гарцаагүй хэлэх ёстой нэг зүйл байна. Энд үе хоорондын зөрчил яваад байна. 1990 оноос чинь хойш 20 жил өнгөрчихлөө шүү дээ. 20 жилийн хугацаанд баруунд төгссөн залуу эрдэмтэд нь өнөөдөр хамгаалдаг юмаа хамгаалаад ирчихсэн байна. Тийм болохоор өнөөдөр үеийн зөрчил л яваад байгаа юм уу гэж би хувьдаа хардаг. Эрдэмтдэдээ хандаж хэлэхэд энэ асуудлаа зөрчил болгож ингэж гаргах хэрэггүй юм шиг байгаа юм аа. Яриад байгаа сэдэв нь бол уг нь хэн ректор байх вэ гэсэн сэдэв биш юм байгаа юм шүү дээ. Хэн МУИС-ыг хөгжүүлэх вэ л гэсэн сэдэв юм. Тэрэн дээрээ нэгдэж яагаад болдоггүй юм бэ. Заавал ингэж бие биенээ элдвээр хэлж, дээшээ доошоо орж, ингэж эвгүй байдалд орж байж тэр байгууллага хөгжих ёстой юм гэж үү. Би л лав тэгж бодохгүй байна.
-Ингэж байгаад МУИС гэдэг идеалаа унагавал яана?
-Ер нь нэр хүндэд нь бол сөргөөр нөлөөлж байгаа. Гэвч хуулиараа сонгон шалгаруулалт явуулдаг хуультай. Сонгон шалгаруулалт явуулаад таван хүнээс нэгийг нь л тавьчихаж байгаа юм. Дотроо зөрчилтэй л байгаад байвал дэмжихэд хэцүү шүү дээ. Айлаар бодсон ч гэсэн, гэрээрээ нэг хэрүүлтэй хүнд та ажил итгэж найдах уу даа.
-Дээд боловсролын салбарт үүнээс өөр асар олон асуудал байдаг. Жижиг зүйл хөндөж байна гэж битгий бодоорой?
-Та асуух юм аа асуу асуу.
-Биднийг оюутан байхад ч ийм л байсан. Хэнд ч хэрэггүй баахан зузаан зузаан ном зохиодог. Тэрийгээ оюутнуудад хүчээр өндөр үнээр шахдаг. Албаар оюутнуудаа шалгалтад унагаж байгаад дарамталж мөнгө авдаг. Нэр усаар яахав. Гэхдээ ярихаас өөр аргагүй ийм нэг муухай үзэгдлүүд байсаар л байх юм?
-Багш нарыг сайжруулахгүйгээр дээд боловсролын чанар сайжрахгүй гэдэг дээр би ёстой 100 хувь санал нэг байна. Тийм учраас ирэх оноос сургалтын төрийн сангийн тодорхой хэсэгт энэ их дээд сургуулиудын багш нараас гадаадад сургах, топ 100 их сургууль гэж бидний нэрлэж заншчихсан нэртэй сургуулиуд бий л дээ. Тэр сургуулиудаас багш нар урьж авчирч монголд хичээл заалгах гэсэн энэ хоёр асуудал дээр бид хүч тавьж ажилланаа. Үүнийгээ ч ерөнхий сайдад хэлсэн. Ерөнхий сайд ч дэмжиж байгаа. Бид үүн дээр мөнгө зарна. Түрүүнд та МУИС-ын жишээг иш татлаа. Тэд маань тогоон дотроо л хоёр биенээ харьцуулаад байнаа даа. Ингэж хэрэггүй л дээ. Шууд Стенфордын их сургуулийн профессор авчраад тэр хүнээр лекц уншуулж байгаад харьцуулъя л даа. Тэгээд хэн нь жинхэнэ хоцрогдсон байна. Хэн нь хүзүү дутуу байна. Хэн нь тэнцүү байна гэдгээ харж авъя.Тэгж байж бид энэ дээд боловсролын тогтолцоогоо шинэчилж авъя. Сайжруулж авъя. Түүнээс биш өнөөдрийн оюутнаас жилдээ авч байгаа 800 мянган төгрөгөн дээр дээд боловсролын сайн тогтолцоо хэзээ ч гарахгүй. Та хэдийг төлсөн. Яг тэрэндээ таарсан бүтээгдэхүүн л авдаг шүү дээ. Та бод доо. 800 мянган төгрөг гэдэг чинь хэдэн доллар юм бэ. 500 жаахан гаруй л доллар байгаа биз дээ. Тэгэхэд хувийн дунд сургууль хамгийн доод талдаа 1000 доллар байгаа шүү дээ. Дээд тал нь 15 мянган доллар байгаа. Бид үүнээс багцаагаар 30 дахин бага үнээр дээд боловсрол олгоод. Тэгээд чанаргүй байгаа бурууг нь нэг ректорт юм уу, нэг сайдад юм уу тохох нь утгагүй болчихоод байгаа байхгүй юу. Тэгэхээр бид тогтолцоог нь л өөрчилж байж энэ дээд боловсрол чанартай болох ёстой.
-Хувийн дунд сургуулиудын төлбөр өндөр байгаа. Зарим нь еврогоор, доллараар төлбөрөө авдаг. Дээд сургуулиас ч өндөр өртөгтэй. Зарим нь дэргэдээ хадгаламж эзэмшигчдийн хоршоо хүртэл байгуулсан байсан. Ийм зүйлд та хяналт тавьж чаддаг уу. Энэ сургуулиуд ардаа дандаа улс төрд байр суудлаа олсон эзэдтэй байдгийг та мэдэх үү?
-Ерөнхий боловсрол бол стандарттай байгаа. Тийм болохоор хувийн сургуулиуд бүгд энэ ерөнхий боловсролын стандартыг мөрдөж ажиллах ёстой. Хувийн хэвшлийн дунд сургуулиудыг би юу гэж хардаг юм бэ гэхээр одоо байж байгаа нийтэд боловсрол олгож байгаа түвшнээс илүү мэдлэг олгож байгаа, түүнийхээ төлөө мөнгө авч байгаа улсууд л гэж ойлгодог. Дэргэдээ санхүүгийн байгууллага хүртэл байгуулсан гэж та Орлёнок сургуулийг ярьж байх шиг байна. Тэр сургуулийн хувьд бид өөр тийшээ орно гэсэн хүүхдүүдийг нь бүгдийг шилжүүлээд дуусгасан. Шүүмжлэлтэй хэлмээр юм энд нэг байдаг юм. Дунд сургууль байгуулах зөвшөөрлийг орон нутгийн засаг захиргаа олгочихдог. За тэгээд нөгөө дунд сургууль нь үйл ажиллагаагаа явуулж хүчрэхээ байгаад сөнөхөөр яамны толгойны өвчин болоод явчихдаг гэм байдаг юм.
-Хүмүүс Боловсролын яам руу л дайрдаг шүү дээ. Сургууль байгуулах эрхийг болохоор дүүргийн засаг дарга олгочихдог. Ёстой инээдтэй хэрэг байна даа?
-Тийм. Яам руу л давшаад байдаг. Тийм юм бол нэг талд нь гаргаад, бүтэлгүй нөхдүүдтэй нь хариуцлага тооцох эрхийг нь олгочих хэрэгтэй. Эрх зүйн энэ орчныг цэгцлэх хэрэгтэй байна. Боловсролын сайд хамгийн том төсвийн багцтай, хамгийн баян сайд гэцгээгээд байдаг. Төсөв батлагдсаны маргааш өглөө орон нутгийн засаг дарга нар энэ төсвийн 70 гаруй хувийг нь шилжүүлээд авчихдаг. Сургуулийн захирлыг, цэцэрлэгийн эрхлэгчийг нь сум, дүүргийн засаг дарга томилдог. Асуудал үүсэхээр сайдтай нь хариуцлага яриад байдаг. Ийм л тогтолцоотой байна. Төсвийн мөнгийг нь аваад, шууд захиран зарцуулах хүнийг нь өөрөө томилоод байгаа засаг дарга нар хариуцлага хүлээх л ёстой шүү дээ. Сургууль дотор багш хүүхэд зодлоо, Боловсролын яам яасан бэ гэж шүүмжилдэг. Багш байтугай, захиралтай нь ч асуудал ярих бололцоо нь надад байдаггүй. Хариуцлага тооц гэсэн бичиг өгөхөөс цааш хэтрэхгүй байна. Тооцдог нь ч байна, тооцдоггүй нь ч байна.
-Барилгын коллеж дээр оюутнууд сургуулийн захиргаагаа эсэргүүцсэн. Сайдын нэр тэр дунд бас тууж л явна лээ?
-Маргаан гарсан талууд аль аль нь уулзана гэж ирсэн. Би алинтай нь ч уулзаагүй. Манайхаас шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн гарахаар л ярина. Би маргалдаж байгаа аль ч талыг дэмжээд байгаа юм биш. Төрийн өмчийн боловсролын байгууллага учраас төр өөрөө мэдэж шалгаад шийдвэрээ гаргана. Ер нь тэгээд яаманд шахалт үзүүлэх замаар асуудлаа шийдүүлэх гэсэн элдэв оролдлогыг өөгшүүлж болохгүй.
-Тийм байх л даа. Бас Хөгжим бүжгийн коллеж дээр „асуудал” үүссэн мэдээ гарсан байна. Энэ талаар та мэдээ авсан уу?
-Нийслэлийн удирдлагуудтай байгуулсан гэрээн дээр боловсролын байгууллагын газраас өөр зориулалтаар олгохгүй гэсэн заалт бий. Нийслэлийн холбогдох газрууд энэ заалтын хүрээнд шийдвэрээ гаргах биз ээ. Цаашид энэ сургуулийг өргөтгөх бодолтой байгаа тул тэнд элдэв байгууллагад газар өгөхгүй байх. Мөнгө цагаан, нүд улаан гэгчээр Монголдоо ганц байгаа газраа өөд нь татаж авахад хувийн эрх ашгаараа саад болж байгаа хүмүүстэй эвлэрэхгүй гэж бодож байгаа.
-Гадаадад залуучуудаа сургах талаар төр ихээхэн анхаарч байна. Гэхдээ энэ асуудал нөгөө „Ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам уу” гэдгийн үлгэрээр л шийдэгдээд яваад байх шиг байх юм. Танай яамныхныг тэтгэлэгт хуваарийг 15 мянга хүртэл доллараар „зардаг” гэх шивэр авир яриа ч явдаг. Та энэ асуудалд хяналт тавьж байгаа юу?
- Саяхан манай нэг ажилтныг ийм байдлаар гүтгэсэн хэрэг гарсан. Цагдаагийн байгууллага шалгаад, гүтгэлэг болохыг нь тогтоосон байна лээ. Гэхдээ тогтолцоог нь зөв болгож өгөхгүй бол ийм үйлдэл гараад байхыг үгүйсгэх аргагүй. Ийм учраас ирэх оноос сонгон шалгаруулалтыг ил зарлана. Шалгалтанд нь тэнцвэл хэн ч байсан явж сураг л дээ. Харин “гараа ийм аргаар цайлгасан” байвал шууд хариуцлага тооцно доо. Энэ онд харин иймэрхүү яриа хөөрөө дуулдахгүй л байна.
-Саяхан өдөр тутмын нэг сонинд Таныг Богд ууланд том газартай, сейфнээс нь их мөнгө гарсан гээд бичсэн харагдсан. Та тийм баян хүн үү?
Би Байгаль орчны яаманд хандаж, тийм том, сайхан газар нь Богд ууланд байгаа юм уу, байвал аваад төрийн өмчийн аль нэг том Их сургуулийн хотхон барьчихъя л даа гэсэн. Ер нь улс төрийн зорилгоор утга учиргүй “зохион бичлэг” хийдэг явдлыг болимоор юм. Элдэв ёс бус зүйл хийхийг хүсээд, зөвшөөрөхгүй болохоор сониноор гүтгэлэг явуулж, дарамт үзүүлдэг жишиг манайд бий болоод удаж байна шүү дээ. Намайг элдвээр бичүүлэх гээд мөнгө бариад яваад байгаа хүмүүст танай сониноор дамжуулаад хэлчихье. Би яаж ч дарамталсан хамаагүй, хийнэ гэсэн ажлаа хийнээ. Энэ ажлыг хашиж байгаа цагтаа зөв юмны төлөө явна шүү.
-Шинэ жил болох гэж байна. Дандаа „асуудал” тойрч ярилаа. Танд онцгүй байсан бол уучлаарай. Ингэхэд шинэ жилийн баярыг сайд хэрхэн яаж тэмдэглэдэг бол?
- Шинэ жил ч гэр бүлийн баяр шүү дээ. 12 цаг дөхүүлээд хүүхдүүдтэйгээ салют буудуулдаг уламжлалтай. Хүүхдийн баяр хөөр гэдэг хамгийн сайхан баяр гэж боддог. Энэ уламжлалаа л хадгална даа.
-Та гэр бүлээ танилцуулж болох уу?
-Миний эхнэр хүний их эмч. Том хүү дээд сургуулийн 2 дугаар курст сурдаг. Бага хүү дунд сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Энэнээс цааш юу хэлэхэв дээ. Адилхан л монгол хүмүүс.
-Та нээрээ гахайн ханиадны вакцинаа хийлгэсэн үү. Сайд нарыг хамгийн түрүүн хийлгэсэн гэж сонссон?
-Үгүй. Биеийн эсэргүүцлээ сайн байлгаад, ариун цэврээ сахиад байвал зүгээр гэсэн л ойлголттой байгаа шүү дээ. Энэтхэгт байхдаа тахлын голомтод хүртэл амьдарч үзсэн болохоор хувийнхаа ариун цэвэр, халдвараас хамгаалах дэглэмээ сайн сахих ёстой л гэж ойлгодог.
-Саяны хөл хориог ингэхэд танай салбар ямархуу дүнтэй давав. Телевизээр явуулсан теле хичээлүүд шинэ үзэгдэл боллоо. Орон нутгийн багш нарт ч „үзүүлэх сургалт” болсон юм биш үү?
-Бололцоотой болгоноо хийсэн л гэж бодож байгаа. Ер нь бол салбарт хүнд туслаа шүү. Хичээлээ нөхөх ёстой хүүхдүүд, шахуу хөтөлбөртэй багш нар гээд бидэнд амаргүй даваа олон тулгарч байна. Санхүүгийн хувьд ч зардал их гарлаа. Төрөөс гаргасан мөнгө бүгд өвчинтэй тэмцэхэд зарцуулсан. Бид салбарынхаа зардлыг өөрсдөө даасан. Телехичээлийн хувьд сайн боллоо, муу боллоо гээд янз бүрийн дүгнэлт хэвлэлээр явлаа. Юу ч хийгээгүй бол хэлэх ч юмгүй л байх байсан байх. Ажил хийсэн хүн л алдаа, онооны тухай дүгнэлт сонсдог. Миний бодлоор бол телехичээл аргагүй байдалд, тулгуухан бэлтгэлтэй хийгдсэн боловч салбарт шинэ үзэгдэл боллоо гэж бодож байгаа. Багш нар маань ч их хичээсэн, хэвлэл, мэдээллийн байгууллагууд их тусалж дэмжсэн. Манай хэвлэлийн байгууллагууд нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа мэдэрдэг гэдэг нь эдгээр хичээлийг үнэ төлбөргүй явуулснаас харагдаж байгаа. Олон хүн нойр, хоолгүй ажилласан. Телехичээлийг цаашид багш нарын заах аргыг сайжруулах, ахлах ангийнхны шалгалтанд бэлтгэх чиглэлээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. Багш нар ч ихээхэн сонирхож байгаа нь мэдрэгдэж байна. Ер нь сайн багш нар их гэж бодоход зуун хүүхдэд хүрч хичээл заадаг. Тэднийг телехичээлээр хэдэн арван мянган хүүхдэд хүргэх нь зөв гэж л бодож байна.
-2010 оныг боловсролын байгууллага ямар жил болгохоор төлөвлөж байна вэ. Шинэ, сонин зүйлээс нь дуулгавал?
-Шинэлэг үйл явдлаар дүүрэн он болох байх аа. Шинэ шинэ зорилтууд тавигдаж байна. Тавигдсан зорилтуудаа хэрэгжүүлж, шинэ амжилт гаргахыг бодож байна. Олон түмэн маань бидний хийж буй ажлыг дэмжээд өгвөл энэ салбарт чанарын өөрчлөлт хийх эхлэл тавигдах болно. Танай сониноор дамжуулан салбарын ажиллагсад, багш сурган хүмүүжүүлэгчид, оюутан сурагчид, соёл урлагийнхан, шинжлэх ухааны ажилтнуудад 2010 оны шинэ жилийн баярын мэнд хүргэж, ирэх ондоо аз жаргалтай, эрүүл энх, хөдөлмөр сурлагын их амжилт олохын ерөөл дэвшүүлье.
-Баярлалаа. Танд болон танай салбарын нийт хамт олонд “Үндэсний шуудан” сонины зүгээс ажлын амжилт хүсье. Бид боловсролын салбарт ээлтэй индэр байх болно. Харин та бүхэн хэвлэл мэдээлийнхэнд нээлттэй гэрэл гэгээтэй “айл” байгаасай?
-Бяарлалаа. Санал нэг байна.
Сэтгүүлч Б.Ганчимэг