Юмны үнэ өсч байна. Энэ ч яахав, нүдэнд ил харагдаж байгаа зүйл. Нарийн ярьвал барааны үнэ өсөв үү, төгрөгний худалдан авах чадвар буурав уу гэдэг тэгтлээ нүдэнд ил харагдахгүй л байна. Монгол улс арваад жилийн өмнөөс үндэсний мөнгөө америк доллартай уячихсан, долларын ханш нь алт, евро, хятад юань, япон иентэй харьцуулахад сүүлийн хэдэн жил нэлээд эрчимтэй унаж байгаа. Ингэхээр барааны үнэ нэмэгдэж байгаагийн нэлээд хувь нь төгрөгийн уналттай ч холбоотой байх. Америк долларын монопол хаанчлал хориод жилээс нэлээд хязгаарлагдаж, евро, юань гэсэн валютууд хүчтэй өрсөлдөгч нь болж байгаа шүү дээ. Хэдхэн хоногийн өмнө түүхэнд анх удаа канад доллар ханшны хувьд америк доллартай яг тэнцэж орхилоо. Удахгүй австрали доллар ингэх биз.

Нөгөөтэйгүүр бүх дэлхий даяар түүхий эдийн үнэ ямар ч валюттай харьцуулахад аймаар өсөж байна. Монгол улсын валют олох чадвар тэрнээс ч хурдацтай өсөж байгаа. Өнгөрсөн жил улсын төсөв тэрбум доллароор бүтэж байсан бол одоо тэрнээсээ 100 хувь илүү мөнгөөр төр засаг маань наргихаар төлөвлөчихөөд байна. Ганцхан жилийн дотор шүү дээ! Мөнгө ихсэх тутам түүнийг зарцуулах ухаан нэмэгдэх ёстой. Дөнгөж данган хүрэлцэх мөнгөтэй бол проблем ч бага байдаг. Хоол байрандаа арай гэж хүргэхэд тахианы тархи хүрэлцээтэй байж магадгүй. Харин ийм жижиг багтаамжтай толгойгоор асар их мөнгө зарцуулахаар юу болох нь ойлгомжтой. Иймээс л байгалийн баялагтай орон ядуурдаг гэсэн үг гарсан юм. Байгалийн баялаг нь ядууруулсан юм биш, тэндээс буй болсон мөнгө нь тархиндаа томдоод сүйрүүлсэн хэрэг шүү дээ. Асгаж цутгаж ам хамраараа савируулах нь ч дүүрч, нийгмийн тун өчүүхэн хэсэг нь хомхойрч хуссаар байгаад үлдсэн олонхио нүднээс гартал тураадаг л аймшигтай. Индонез маш ядуу орон. Гэтэл Ерөнхийлөгч Сухарто ганцаараа 20-30 тэрбум доллар завшсан байхаар яахав? Нигери ядуу, гэхдээ цэргийн эргэлтээр гарч ирсэн ганц генерал хоёр жилийн дотор 10 тэрбумыг хусчихаар яахав? Тэртэй тэргүй ганц айл яаж ч гүрийгээд ийм их мөнгийг хэдэн үеэрээ барахгүй шүү дээ. Өөрийнх нь мэдэлд тавхан литрийн багтаамжтай ганцхан ходоод бий гэдгийг тахианы тархи ерөөсөө ойлгодоггүйд л түүнд захирагдаж буй үндэстний хамаг эмгэнэл оршмой.

За ингээд Монгол улс Индонез, Нигери ах нарынхаа араас орж, улам их мөнгөжих хэрээрээ нийгмийн дийлэнх хэсэг нь улам ядуураад л байдаг. Цалин нэмэх хэрээр бараа үйлчилгээний үнэ нэмэгдэн үндсэндээ аягүй бол улам дордоно. Ингэж цалингаа нэмүүлээд яах ч юм билээ? Ингээд сонгууль ойртсон тул элдэв хэл амнаас айсан Засгийн газар үнэ нэмэгдэж байгаагийн шалгаан болоод буруутныг олоод ир гэж ШБӨХГ (За нэг иймэрхүү л товчлолтой байсан байх аа? Шудрага бус өрсөлдөөнийг хянаж суудаг газар юм гэнэлээ) –д үүрэг өгчээ. Засгийн газрын урьдчилаад мэдээд хардаж байсантай нь яг тохирч өнөөх ШБӨХГ нь тэр дор нь учрыг нь олоод буруутныг нь шилэн дээрээс нь атгаад гаргаад ирэв. Зурагтаар харин ч нэг сайхан дураараа бурж байнаа! Нэгдүгээрт цалин нэмж байгааг сэм олоод сонсчихсон үйлдвэрлэгч нарын шунал тачаал урьдахаасаа улам ихээр оволзсон гэнэ. Хоёрдугаарт энэ мэдээг сонссон ченж нарын шуналын микроб зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан гэнэ. Үнэ хэрхэн бүрэлддэг тухай эдийн засгийн ухаанд гарч буй шинэ нээлт. Одоо хойтонгийн Нобелийн шагналд тодорхойлох хэрэгтэй. Яаж засах вэ гэж үү? Тэрийг нь бас мэдэж байна лээ. Их амархан, төрийн оролцоо дутаад байна гэнэ. Хянаад үнийг нь тогтоох гэнэ. Тэдний ярианд үнэмших юм бол бүх дэлхий даяар ингэдэг гэнэ үү, ингэх учиртай аж. Үйлдвэрийн ашгийг 10 хувь, ченжийн ашгийг 3 хувиар тогтоогоод үүнээс илүү шуналтаж үнэ нэмэх юм бол барьж авч шоронд хийгээд байх болтой юм. (Тийм амархан бол мөн гоёо!) Шоронг нь цагдаатай нь төр гаргана. Мань агентлагийнхан хянаад л ажиллаад л, хөлсөө цувуулаад л, улс орноо улам хайрлаад л... Өөрөөр хэлбэл монополийн эсрэг агентлагийн захирал нь ажилтнуудтайгаа нийлж аваад төрийн монопол нэхээд суугаа хэрэг шүү дээ.

Үнэ нь түүнд шингэсэн хөдөлмөрийн өртгөөр тодорхойлогдох ёстой гэсээр Марксын ном авчраад маргаад унах байх л даа. Чухам тэгэж үздэг байсан нь худлаа болсноос коммунизм сүйрээд унасан. Худалдан авагч, худалдагч хоёр аль алин нь ханамжтай байх тэр цэг дээр үнэ бүрэлддэг гэж зах зээлийн эдийн засгийн ухаан сургадаг. Нэг нь илүү үнээр авахгүй, нөгөө нь дутуу үнээр өгөхгүй тэр цэг хэний ч зохицуулалтгүйгээр өөрөө буй болдог хөдөлгөөнт эд гэнэ. Хэдийгээр хэл яриа болоод үнэ ханш нь зөвхөн хүний бодож олсон зөвхөн хүний нийгэмд байдаг зүйл боловч алийг нь ч хүмүүс тэр дундаа төр зохицуулж болдоггүй аж. Плитка гэж ярьж болохгүй цахилгаан тулга эсвэл хоовон гэж хэлж бай гэж хэлний эрдэмтэд хичнээн шаардаад ч хүмүүс өөрийн тогтсоноороо пилээтэг л гэнэ. Эдийн засагч дарга нар бараа үйлчилгээг ийм үнээр биш тийм үнээр зар гэж загнаж сүрдүүлээд нэмэр байхгүй, зах зээл аяндаа тогтоосон тэр үнээр л хүмүүс худалдаа хийх болно. Уг нь эдийн засагч гэдэг үнэ ямар байхыг урьдчилан тогтоогч биш, тухайн бараа яагаад ийм үнэтэй болчив гэдгийг араас нь судалдаг нэгнийг хэлдэг юм л даа. 1995 онд махны үнэ 300 төгрөг хүрэхээр нь эдийн засагч Жасрай гуай 350 төгрөгнөөс илүү гаргаж болохгүй тогтоол зарлиг гаргасан чинь хэдхэн хоногийн дараа мах кило нь 500 хүрчиж билээ. Хүнээс гадна төр бас өөрийн ой санамжтай байх ёстойсон.

Үр тариа нь олон жилийн турш мал аж ахуй, хүнс гэсэн хоёрхон хэрэглэгчтэй байжээ. Газрын тосны үнэ солиотой өссөнөөс болж гурав дахь хэрэглэгч гарч ирэв. Үр тариагаар этанолын спирт хийж шатахуунтай хольдог боллоо. Ингээд бүх дэлхий даяар үр тарианы үнэ нэмэгдэж байна. Ер нь бүх төрлийн түүхий эдийн үнэ сүүлийн хоёр гуравхан жилийн дотор огцом өсч байна. Мэдээж Нью-Йоркийн бирж дээр газрын тос баррель нь 90 доллар хүрч буйн хариуцлагыг Монголын төр үүрч чадахгүй. Хэдийгээр ийм шалтгаан байгаа боловч хамгийн гол нь төлбөрийн хэрэгслэлд их учир байх шиг. Худалдагч, худалдан авагч хоёул солилцооны хэрэгслэлдээ итгэсэн байх хэрэгтэй. Манайд тэр нь төгрөг. Төгрөгт итгэх хүмүүсийн итгэл зарлиг тогтоол болон сүрдүүлгээр бүрэлддэггүй. Албадаж итгүүлдэггүй учраас үүнийг судалдаг эдийн засгийн ухаан нь манай дийлэнх эдийн засагчдын боддогчлон тийм амар хоол биш бололтой. Хүмүүсийг төгрөгт итгэлтэй болгохын тулд нэлээд нарийн ухаан, нэгдсэн бодлого, урт удаан ажиллагаа шаардлагатай. Үүнийг хийлгэхийн тулд УИХ, Засгийн газар, Төв банк гэх мэтийн институцийг бодож олжээ. Тэнд ажилладаг хүмүүс болон сүйтгэл зардлыг нь ердийн татвар төлөгчид санхүүжүүлдэг. Тиймээс тэднээс ажлаа сайн хийхийг шаардах эрх нь ард түмэнд бий.

Үүнийг мөнгөний бодлого гэнэ. Үүний чиглэлийг гаргаж өгдөг газар нь УИХ. Хэлэлцэж байна гэж танин мэдэхүйн чанартай хэдэн асуулт асуугаад шуураад өнгөрдөг Төрийн мөнгөний бодлогод мөнөөх Шудрага бус өрсөлдөөний төлөө агентлагийнхны яриад байдаг зүйлийн ихэнх нь бий. Төгрөгнөөс гурван тэгийг нь хасаад хаячихвал гурилын үнэ хэдэн зуун төгрөгөөр биш хэдэн арван мөнгөөр нэмэгдэх нь хүмүүсийн психологид ч гайгүй тусаж болох л юм. Тэрбум долларын нөөцтэй болсон монгол төгрөг гурван тэг байтугай, евротой уялдсан ханш ч тэсэхээр болжээ. Ийм тохиолдолд Монгол банк тэрбум долларын нөөцийн баяр хийж одон тэмдэг авах гэж улайрч зах зээлд долларын хомсдол зохиомлоор буй болгож байхаар ор мөргүй алдаж алга хийсэн тавь жаран сая доллар нь төгрөгт итгэх нийгмийн сэтгэлгээнд аль хэр туссаныг судалж тайлагнавал дээрсэн.