Засаг Төр тогтвортой, Хууль журам боловсронгуй, Хууль биелүүлэх сахилга хариуцлагын асуудлыг шийдэхгүй бол улсын эдийн засаг зохих хурдаар тогтвортой хөгжих, ядуурлыг арилгах боломжгүйг өнгөрсөн гуч шахам жилийн амьдрал харууллаа.
Монгол улсын Үндсэн Хуульд зарим өөрчлөлт орууллаа. Тулгамдсан зарим асуудлыг шийдэх, гажуудлыг засах өөрчлөлтүүд тусгагдсан нь сайшаалтай. Гэвч шударга, чадварлаг биш этгээд эрх мэдэл албан тушаалыг улс төрийн намын нэрээр эзэмдэхээс сэргийлж чадаагүй, өнгөц өөрчлөлт боллоо гэж үзэж байгаа хүмүүс цөөнгүй.
Өнгөрсөн оны судалгааны дүнгээр Монгол Улсын маань хөгжлийн хурд удаан буюу эрэмблэгдсэн 63 улсаас 62 дугаарт орсон байна.
Ард иргэд Үндсэн Хуулийн дагуу өөрсдийн сонгосон төрийн эрх барих дээд байгууллагад байх төлөөлөгчдөөр уламжлан төрийн үйл хэрэгт оролцож байх боломжгүй байгаа учраас талбайд жагсаж шаардлага тавихад хүрч байдгийг ухаарах юмсан.
Үндсэн хуулийн нэг дүгээр бүлгийн гурав дугаар зүйлийн 1 –д : “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэнэ” гэж заасан байдаг.
Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хамгийн эхэнд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн чухал заалт бий. Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх засаглал, тухайлбал Парламентийн хууль тогтоох эрхтэй танхим, Засгийн газар, Шүүх байгууллагын үйл ажиллагааг хянаж, зөвийг дэмжиж, бурууг засуулж байх эрхийг ард түмэн эдлэх ёстой гэсэн заалт. Энэ бол Төр ба Иргэн хамтын хүчээр улс орноо хөгжүүлж байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой заалт.