4 сая хүнтэй Гүржийн парламент 151, 9 сая хүнтэй Шведийн парламент гэхэд 181 гишүүнтэй. Тэгэхээр манай хувьд 150 гэдэг бол илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тохирсон тоо. Үүнээс илүү гарна уу гэхээс дутаж болохгүй. Ядаж одоогийнх шиг 39 хүн хуруугаа дараад 20-ийнх нь саналаар хууль батлагддаг байж болохгүй.
Нэг зүйлийг баталгаатай хэлье. Уучлаарай, бид одоо яаж ч гуйгаад, ёстой нөгөө “тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод” нэг хэсэгтээ л манайд гаднын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй. Түүнээс наана дотоодынхоо хөрөнгө оруулагчдыг дэмжих, үүд хаалгыг нь нээж өгөх явдал нэн тэргүүнд. Тэгж чадвал Монгол Улсын өрсөлдөх чадвар одоо байгаагаасаа урагш ахих боломжтой. 69-р байраас 50 руу дэвших тийм хүнд зүйл биш шүү дээ.
Mанай төрийнхөн хувийн хэвшил, хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглосоор удлаа. Эдийн засаг хүндэрлээ, хөрөнгө оруулаач, дэмжье баръя гэж гуйж гувшиж, хошгоруулж байгаад яг сайхан мөнгөө бариад хашаанд нь ороод ирэнгүүт хаалгаа түгжээд, хулгана барьж байгаа муур шиг базаад авдаг. Өчнөөн хөрөнгөө гаргаад, машин техник оруулж ирээд, хүн хүч дайчлаад, хөрөнгө оруулалт татаад, зээл хүртэл авчихсан компани амь тавиад, муужраад ирэхийн цаг савраа суллаад хэсэг харна. Нөгөөх нь өндийж босоод, хөдлөөд эхлэнгүүт нь дахиад базаад авдаг. Ингэхдээ дандаа орон нутаг, иргэдийн нэрийг барьдаг. “Бид ингэж хүсч байна” гэж хэзээ ч үнэнээ хэлэхгүй.
Энэ улс орныг бүтэн найман жил эрхшээсэн, эрх мэдлийг хэрэгжүүлсэн нам өнөөдөр хийгээгүй ажлаа маргааш хийнэ гэж байхгүй ээ. Тэнэг хүний ухаан орох нь үдээс хойш гэдэгтэй л адил юм. Үдээс хойш гэдэг чинь үгүй л гэсэн үг байхгүй юу даа.
Төсвийн мөнгөөр сан байгуулаад түүнийгээ өөрсдөө ээлжилж тоноод, татвар төлөгчдийн нуруун дээр ачааг нь буулгаад явах нь зөв үү? Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар шиг хийгээгүй хэргийн ял үүрээд, шоронгийн тав болоод суух нь дээр үү? Хуулийн байгууллага, шүүхийн систем маань яг ямар схемээр ажиллаад байна аа...?!
УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлнэ гэхээр УИХ-ын гишүүд нь өөрсдөө “Би хэн ч биш болох гээд байна” гээд эсэргүүцэж байна. Бүр нэг хэн ч биш болгож баймаар нөхөд энэ парламент дотор хэтэрхий олон байна.