Газар нутгаа гадны гуйлагчдад 100 жил ямарч босго үнэгүй зүгээр өгөх хууль саатсанаар самбочийн хулгай цайрч оргил өөд мацав. Араас нь АН-ын УИХ дахь бүлэг шүүхээс бултаж яваа хулгайчаа дагаад намирав уу яав? АН-аас сонгуульд жагсаалтаар дэвшигчдийг Х.Баттулга найруулж буй гэлцэнэ. АН-ын эвэртэн тууртныг Х.Баттулга далдуур томилсон сурагтай. Энэ эрчээрээ нисвэл Женко дүүлэх цартай. Арга ч үгүй биз. Ерөнхий сайдын зөвлөгч гэх том албыг В.Путины дохиогоор эзэгнэсэн гэх хар дагуулдаг эрхэмд юм юм л байгаа.
Ямар сонсогдож байна Чингисийн монгол гуай? “Монголчуудын дунд тэдний дэг журмыг өчүүхэн төдий зөрчихөд тэд бүгд омойрон дайрдаг тийм журамлаг ард түмэн” гэж биднийг гадныхан магтдаг, амьдрал дээр Монгол үнэхээр тийм дэгтэй улс болбол би л хувьдаа ХIII зуунд монголчууд дэлхийн талыг эзэлж явсан гэж онгирохоос хамаагүй илүү нүүр бардам бахархана.
Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа манаас яагаад нууна вэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу! Түүхчид энхрий хайрт намынхаа үзэл суртлын дайчин байлдагчид байсан, байсаар байх уу.
Мега төслүүдийг хаанаас хэн 10-20 жил гацаасныг илчлэхээр УИХ хэлэлцэх болсонд амжилт хүсэхийн ялдамд мэргэдийн шүүлтээр тодрох гацаагчдын нэрс-нийтээр цөхрөлтгүй хараадаг буюу миний бичвэртээ цохдог нэрстэй зөрөхгүй таарах уу, эсвэл гацаагчдын хөлд тээглэгч хэд золиослогдох уу. Харцгаая. Төмөр зам гацсан нь үнэн үү-үнэн. Энэ гацаанаас болж 80 юм уу 100 юм уу их наядын ашиг хаагдсан гээд экс ерөнхийлөгчөөс засаг нэхэмжилж байсныг бүгд сонссон. Цахилгаан станцуудын төслийг зогсоосон уу, зогсоосон. Хаанаас хэн зогсоогоод байсныг энэ долоо хоногийн чуулганаар тогтооно гэж ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэнд догдлон хүлээж байна.
Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй.