Хэдий өрөвдөлтэй ч харанхуйчуудыг мэхлэхэд хялбар агаад эрсдэлгүй. Яагаад гэвэл дүнхүү духнууд мэхэлсэн хорлогчоо аврагч минь гэж бурханчлан мөргөсөөр үхдэг. Шашны сургаалаас юу ч гадарлаагүй атлаа ганц мухар сүсгээр бурхандаа духаа цоортол мөргөж явснаа болчхоод Ленин багшийг хэн бэ гэдгийг тунгаалгүй сохроор шүтсэн коммунистууд. Мухар сүсэгтнийг нэг үзлээс нөгөөд урвуулах түвэггүй. Учир нь тэдэнд эргэлзэх суурь мэдлэг гэж байдаггүй.

“Ойлгохыг бүү хичээ. Гагцхүү шүт” гэсэн лам багшийн бурангүй ч юм шиг сургах номлолын босго мэдлэгээр хар нялхдаа дан ганц өрөвч сэтгэлийн наад захын дадалд оюун ухаанаа эзэмдүүлээд, дараа нь шат шатаар бясалгал үйлдэж, бурхны гүн ухаанд яргадаг байж. Тэгсэн бол бид өдгөө лам биш юмаа гэхэд бүгд энэрэнгүй өрөвч сэтгэлтэй, бусдад буян үйлдэх ёс заншилтай, нүгэлгүй орлогоор амьдрах шүтлэгтэй, нийлмэл санаа нэгдсэн хүчээр эх орноо хөгжүүлэх зарчимтай, гадныханд эелдэг, жаргал зовлонгийн учир шалтгааныг танин мэдэх хүсэлтэй, шинжлэх ухааныг эзэмших тэмүүлэлтэй иргэд болох байжээ. Заяаныхаа цэвэр монгол онолыг эндээс хайх юм биш үү? Яриад эрээд буй нөгөө үндэсний үзэл, үндэсний бахархал, тэр ч бүү хэл, үндэсний омогшил гэж онгироод буй чинь энүүхэн хавьд оршиж буй юм биш биз? 

Харанхуй ч гэсэн өрөвч сэтгэл байвал тэр чинь бага юм биш. Нигүүлсэх сэтгэлээр минь бурхангүйчүүд тоглочхож. Мэдээгүйжүүлчхэж. Бурхны номд гэгээрч, түүгээр өөрийгөө жолоодож дадсан хүмүүний зовлон хөнгөн, үхэл нь айдас бус болдог гэсэн. Тийм зэрэгт хүрч гэгээрдэг төрмөл увидсыг минь бурхангүйчүүд биднээс огтлоод хаячихжээ. Бидний үеийнхэн тийм эмгэнэлт хувь заяатай улс. Бид хичнээн шүтэх гээд бурхны сургаалд жинхэнээр итгэх буянгүй болчихсон хүмүүс. Ёс суртхууны эмгэгтэй, оюуны хатингаршилтай амьтад болжээ. Бурхангүй хүний зүрхнээс аллага, архидалт, донотолт, луйвар, хулгай, янхан бадрамтгай байдгийг бид эдэлж явна. Нүглээс айдаггүй хүнийг шунал, уур хилэн, үзэн ядалт хөтөлдөг. Учир нь түүнд өрөвч сэтгэлийн орон зай нь хоосон онгойж байдаг.

Бурхан хувилгаан биш. Бурхны ном ид шид бус зөв амьдрах сургаалуудын нэг. Мэргэ төлөг арга чаргад сохроор итгэж, юу ч бүтээхгүй зөвхөн эрих имэрч лам багшаа сохроор шүтээд, хүлцэнгүй номхон залбирч суу гэсэн сургаал бурхан багш айлдаагүй. Бурхан үхээнц байх номлол тулгадаг гэсэн үзэл суртлыг коммунистууд Монголд шашныг устгах зорилгоор тараажээ. Нүгэлгүй орлогоор амьдрахыг бурхны сургаал номлодог. Ухаанаа шавхаж, хөлсөө дуслуулж, өөрийн алд биеийн хүчээр олсныг нүгэлгүй орлого гэнэ. Хулгай луйвар, бэлэнчлэх сэтгэлгээ, тэгш бус хуваарь, лазан залхуу, ашиг завшаан, заль мэх бүгд нүгэл. Нүгэл шингэсэн орлого бурхны номд харш. Тэгвэл нүгэл шүглэсэн орлогоор өдгөө бялуурч тансаглаж яваа нь хэд билээ? 

Буддизм Монголд анх үрсэлсэн цагаас хойш урт хугацаанд жалга дов болгонд сүм хийд үүсэж, лам хувраг гэгчид сүүлдээ хогийн ургамал шиг тархжээ. Зөв амьдрахын тулд өөрийгөө дайчлан гэгээрч, шавь олноо ариусгахын төлөө шахамдуулан хөтлөх учиртай бурхны сургаалыг мөнөөх жалга довын түмэн гэлэн хувьдаа ашиг олох хэрэгсэл болгон гуйвуулж бузарлав. Яг л одоогийн УИХ-ын гишүүд, сайд нар ардчилал чөлөөт зах зээлийг өөртөө ашиглан гутааж буй шиг. Номтой номгүй лам нар засал хийх ид шидээр шүтлэгтэн шавь нараа шулна. Сөрөг заслаар бусдыг хорлож чадна гэж дүвчигнэнэ. Буддын үнэт сургаал харанхуй Монголд луйвар болж хүчижсэн нь хусаад хусаад арилахгүй гутамшиг болсныг өдгөө бид эдэлж явна. Цус сорогч хувалзууд олон зуун жил бурхны дүрд жүжиглэв. Бурхны ариун сургаалыг сүжигтэн олонд шингээсэнгүй. Будда багшийн сургаалыг үнэгүйдүүлсэн чарлава Монголоос аль ч зуунд салсангүй.

Монголд бурхны шашин бөөгийн ид шид гэгч солиоролтой хутгалдаж, хөгийн дампуу дүвчигнөл сүсэгтэн олныг арчаагүй мал болгосон аж. Одоо ч манай лам нар өөрсдийгөө гай барцад аргалагч ид шидтэн хэмээн дүвчигнэж, мухар сүсэгтэн массыг мэхэлж монжсоор явна. Шашныг монгол сүсэгтэн ид шид гэж ухаарч, бусдыг хорлосон бузар нүглээ хүртэл бурхнаар арилгуулах гэж хахуульдана. Бурхнаар тэгж нүгэл үйлдүүлж яаж зүрхэлнэ вэ. Шашныг гуйвуулсан хуурамч хуврагуудыг сохроор шүтсэнээс уул усандаа мөргө. Экологид ашигтай. Эртний түвд хэлээр дүнгэнүүлэх тарнийн утгыг хэн ч ойлгохгүй. Түүнийг ойлгодог лам ч ховор. Ойлголоо ч тэнд тийм суут ухаан байхгүй. Зүгээр л ерөөл магтаал төдий бэлэгдэл байдаг. Харин бурхны гүн ухаан бол огт өөр аугаа сургаал-шинжлэх ухаан билээ.

Монгол лам нарын бантагнуулсан шарын шашин дампуураад бараг онолгүй, гэнэхэн домог, бүдүүлэг зан үйлд торж байв. Эрүүл ухаантан итгэхийн аргагүй болхи тэнэг ид шидэд тулгуурласан шарын шашны монгол хувилбар коммунист үзэл сурталд арчаагүй сөхөрсөн. Үүний улбаа нь одоо ч бурхан шашныг “баялаг бүү бүтээ” гэж номлодог бурангуй шашин гэж дамшиглах хүн цөөнгүй. “Зөв явахын тулд нүгэлгүй орлогоор амьдар” гэдэг бурхны сургаал бол буяны үйлс. Хүч оюунаа шавхаж олсныг нүгэлгүй орлого гэнэ. Нүгэлгүй орлогоор амьдрах олны зүтгэл бол хөгжлийн зүтгүүр. Үүнийг идэвхгүй үзэл гэхэд дэндүү дэгсдэнэ. Бурхан буян үйлдэхийг ямагт эрхэмлэдэг. Буян заавал идэвх зүтгэлээр арвиждаг. Арвижсан буян гэдэг наад зах нь дэд бүтэц мөн биз дээ. Цахилгаан гаргах, онгоц бүтээхийг Христ зөвшөөрч Будда зөвшөөрөөгүй гэсэн ухуулга өдгөө ч бий. Зовлонгийн шалтгааныг хааж, жаргалын үүдийг нээх нь идэвхгүй зарчим яав ч биш гэдэг нь барин тавин тодорхой харагдаж байна. 

Унхиагүй хамба ламтан нарыг олны өргөл барьцад ялхайж суух зуур бөө удган зайран зурхайч төлөгч үзмэрч гэх хувилгаад ХХI зууны Монголын шарын шашны “од” болцгоов. Эрс тэс ялгаатай шашин, ид шид хоёрыг зааглалгүй мянган жил хольж хутган бантагнуулж ирсэн монголчуудын богино ухаан үүний суурийг тавьсан нь дамжиггүй. Шашин, ид шид хоёрыг хооронд нь огт ойртууламгүй нь бүр ч тодорлоо. Эдүгээ манайд шашны сургаалд нэвтэрсэн жинхэнэ шүтлэгтэн ховор. Дийлэнх нь бурхан багшийн сургаалын анхны мэдэгдхүүнгүй мухар сүсэгтэн нар. Зальжин дүвчингүүд мухар сүсгийг дөрөөлөн тоглолтоо хийж санаанд багтамгүй амжилтад хүрч, ингэснээр бурхны нигүүлсэнгүй сургаал бөөгийн зан үйл, ид шидэд идэгдэв. Үүний гол буруутан ид шидтэн гэхээсээ илүүтэй мунхаг харанхуй мухар сүсэгтнүүд өөрсдөө мөнөөсөө мөн. Мухар сүсэгтнүүд бурхны гүн ухаанд шамдсан аваас ид шид ингэж галзуураагүй аяндаа үнэгүйдсэн.

Боинг хөлөглөж, компьютер ухаалаг гар утас хэрэглэсэн монголчууд цагаан далаар мэргэлэгч хүүхэнд хамаг мөнгөө бариад өнгөрсөн долоо, ирээдүйн долоо, нийт арван дөрвөн үеэ тольдуулаад сууж байх юм. Дал шатааж үнс нурам тарьж новшроогүйгээ “цагаан дал”-ны мэргэ гэхчхэж. Технологийн эрин зууны гавал, мухар сүсэгт харанхуй гавал хоёр ХХI зуунд зэрэгцэн оршиж буй нь гайхалтай.

Зуун дамнасан төөрөгдөл сэтгэцийн эмгэг болсон нь

Би түүхч биш. Түүхч болъё гэх хүсэл энэ насанд минь төрөөгүй. Түүхийн боловсролыг дундач иргэний хэмжээнд эзэмших нь иргэн миний үүрэг. Үзэл суртлаар бохирлосон түүх намайг төөрүүлж орхижээ. Надад түүхийн нэг мөр ойлголт алга. Миний толгойд бөөн эргэлзээ. Над шиг төөрсөн хөөрхийс зөндөөн. Бид түүхч нарын бүтээгдхүүн. Түүхчдийн үйлвэрлэдэг түүхий бүтээгдхүүн. Сургуульд заадаг хуудуутай түүх миний ижил бракуудыг буй болгосон бөгөөд бид түүхээ мэдэхгүй сохор амьтад шиг тэмтчиж явна. Худал түүх заалгасан монголчууд зуун жил улаан Оросын утсан хүүхэлдэй болсон билээ.

Нам засгаас албан ёсоор хэвлэдэг түүхийн сурах бичгүүдээ сөхөөд үз. Тэнд үзэл суртлаар гуйвуулсан болхи ухуулга ноёлж байгаа. Манжийн харгис дарлал мөлжлөгийн эсрэг эх орноо хамгаалж амь хайргүй тулалдсан Галдан Амарсанаа нарын шударга дайн, Түшээт хаан Чихундорж, Өндөр гэгээн Занабазар хоёрын шившигтэй урвалт, 1911 онд дөнгөн данган бүрэлдэж асан нялх тусгаар тогтнолоо атга чихэр, ам торгоноос худалдсан шанзудба Бадамдорж мэт халхын ичгүүргүй шуналт ноёд хуваргууд, 1921 оны нийгмийн социалист хувьсгал, ардын дайсан, японы тагнуул, нударган баячууд, сэхээтний төөрөгдөл, намын эсрэг бүлэг гээд түүхийн оргил үе бүгд итгэх аргагүй бөөн хуудуу.

Нүдээр үзэж, чихээр сонссон сайн мэдэх саяхны түүхийг хүртэл гуйвуулсан. Залруулах гэвэл хуучныг баримтлагч, үндэсний үзэлт гэж яллаад эхэлсэн билээ. Тэгмэгц амиа алдах, шоронд хатахаас айсан ард түмэн түүхийн үнэнээс зай барив. Тэгээд дотроо нуудаг хувийн түүхтэй, гаднаа ярьдаг хувьсгалт түүхтэй боллоо. Түүхийн үнэн ингэж үнэгүйдэж, албан ёсны түүх гэгч хууран мэхлэгч суртлаар монголчуудын сэтгэцийг гэмтээсэн билээ. “Үнэн”-ийг гишгэлсэн түүх гэгчид уур хилэн дотогшоо зумарч чимээгүй яргасан. Түүхээ юун дээдлэх манатай. Итгэх нөхцөлгүй мушигсан ташаа дампуу түүхийг сургуулиудад түүхийн багш заасаар, хажуугаар нь түүхийнхээ үнэнийг сэтгэлдээ тээсэн шударга иргэд бухимдлаа нуусаар өдгөөтэй золголоо. 

Нэг баримт дурдъя: 1927 онд Намын VII их хурлын төлөөлөгч Гэндэн хэмээгч “Түүх бичнэ гээд байсан. Тэр юу болсон бэ?” гэж асуухад хурал даргалагч “Манай түүхийг зөвлөлт нөхөд бичээд ирүүлчихсэн. Одоо ганцхан орчуулах ажил үлдээд байна” гэж хариулсан байдаг. Энэ тухай манай нэрт түүхч доктор, гавъяат З.Лонжид: Долдугаар их хурлын асуулт хариултын тэмдэглэл 11 дэвтэр бий. Түүний 10-рт энэ баримт байгаа гэжээ. Бидний тархийг зуун дамнуулж гэмтээсэн “түүх” гэгч анх ингэж мэндэлсэн аж. 

1921 оны ХII сард баталсан намын ТХ-ны сургагчийн Дүрэмд: “Төв Хорооны тогтоол шийдвэрийн эхийг сургагч зохионо. Тэргүүлэгчид ерөнхий хэлтсийн санааачлан гүйцэтгэх зүйлүүдэд зөвхөн сургагчийн бодлогыг хэрэглэнэ” гэж заажээ. Монголын удирдлагад хэнийг тавих, хэнийг огцруулах, хэнийг цаазлах тушаал Кремлээс бууна. Томчууд Москвад цаазлагдах жишигтэй. 40-50 мянган монгол хөнөөсөн мангас-манж бус улаан орос гэвэл бид орос ахаа өмөөрч туйлна. МАХН хэрэг дээрээ ЗХУ-аас Монголд суух Амбан байв гэвэл энэ зүйрлэлд зүрх нь сагсайж цөс нь хөөрөх амьтад яаж ч мэднэ. Зуун дамнасан төөрөгдөл сэтгэцийн эмгэг болжээ гэж би үүнийг л хэлээд байгаа юм.

Хэлмэгдлийг залгаад мэхлэгдэв

Феодализмын түнэр харанхуйд зам мөр гаргаж явсан эрдэм номын зах зухтай удам судраа шилж хөнөөв. Тэгээд сүнсний нь араас шороо цацаж, шар хар феодлаар нь дуудаж, кино жүжигт итгэхийн аргагүй ой гутахаар дүрсэлсэн. Барууны соёлтой эрхбиш танилцсан 30 гаруй насны Бодоог 50-60 насны жүжигчин гутаасан. Авъяаслаг жүжигчний бүтээсэн өвгөжөөр Бодоогийн шившигтэй карикатурист дүрийг бодит Бодоо гэж итгэн жигшдэг сэтгэхүйн эмгэгтэй хүн эдүгээ ч зөндөөн. Сүх жанжны дайчид Хүрээг чөлөөлж буй кинонуудыг одоо ч байн байн үзүүлж нялхсын тархинд шингээсээр. Киноны үг яриа бүр цээжлэгдсэн. Гудамжинд гав гинжтэй тамлагдсан эх орончид, сөгдсөн мөлхсөн гуйлгачид хөглөрнө. Шонгоос унжигнах дүүжлээтэй үхдэлүүд. Ерөнхийдөө аймшигт тамаас аварч буй Ардын хувьсгалын бахдам гавъяаг магтсан кинонууд одоо ч гарсаар.

Хамгийн гол нь кинонд гарч буй аймшиг-зохиомол бус Их хүрээг чөлөөлөхөд кино хальсанд буусан бодит амьдрал мэтээр харанхуй монголчуудын тархинд үлджээ. Үлдээжээ. Урлаг нэрийн дор түүхийн үнэнийг ийнхүү мушгиж гуйвуулснаа бодит түүхийг кино хальсанд буулгасан баримтат бичлэг гэж лавшруулахаар өдгөө телевизийн сувгуудаар түүхийн үнэн болгон ухуулж, нялх үрсийг минь төөрүүлж, онгон тархийг нь бузарласаар байна. 

Арай оюунлаг золбоотой эх оронч сэхээтнүүдээ сорчлон тонилгосны дараа тэднийг ардын дайсан, японы тагнуул гэх гүжирдлэгээр 70 жил лекцдүүлсэн монгол тархи коммунизмээс ондооныг эргэцүүлэх чадвараа бүрэн алджээ. Тэд буудуулсан өвөг эмэг, эцэг эх, удам судраа дайсан гэж жигшээд, буудсан болъщевик улаантныг аврагч гэж мөргөсөөр үхэх тавилантай амьтас. Буудсан нь бурхан, буудуулсан нь чөтгөр гэсэн үзэл суртлыг зөвшөөрөөгүй хүнийг тэд дээш нь матаж, тэдний зовлонгоор цатгалан амьдарсан коммунистууд. Орос сурталд бишрээд оюун нь сэргэшгүй гэмтчихсэн нөхөд одоо ч уур хүргэсээр. Тархинд нь эдгэршгүй эмгэг суусан хөөрхийст уурлаад ч яалтай. Тэд өөрсдийнхөө төлөө алуулсан эх орончдоо ардын дайсан гэж хараадгаа эргэцүүлэх ухаанаа эгүрт алдсан амьтад. 

Хууртана гэдэг ямар ужиг хортойг мэхлэгдсэн хүмүүст мэдрүүлэх гэж би энэ сэдвээр бичдэг. Муу гэснийгээ үүрд үзэн ядах мөнхийн заналд мунхарсантайгаа ижил, сайн гэснийгээ тэнгэрт тултал худлаа магтах хийрхэлд бид эмчилгээгүй солиорчээ. Орос Хятад хоёрт ямар ялгаатай ханддагаа эргэцүүл. Муулах сайлах бидэнд хоёул ав адил сэтгэхүйн эмгэг болж архагшсан аж. Үнэмших аргагүй магтдаг, үнэмших аргагүй муулдгаараа бид соёлт ертөнцийн доог болсон. Сайлах муулах хоёр туйлширлыг бодит үнэнд дөхүүлэх-өчүүхэн миний саваагүй хүсэл юм.

Ойрад Халх улаан Оросын түүхийг үнэнээр нь мэдэх юуны өмнө монгол хүмүүст л сургамжтай. Нотлох түүхэн эх сурвалжгүй шахам, бараг хоосон домгоор Манжид хонзогнодог заналыг улаан Орос бидний тархинд суулгав. 

Орос ятгалгаар бид аль газрын нүглийг далдалж, хэнийг алдаршуулж, юу хожив? Ганц улаан оросыг шүтэх өвчинд зуун жил мунхарсан нь хожоо гэж үү? Улаан оросод яаж ч алуулж, яаж ч шулуулж байсан мөргөж л байдаг сэтгэцийн гажигт нэрвэгдсэн нь үсрэлт гэж үү? Цусан зам татуулсан болъщевик улаантны нүглийг оросын гэмгүй ард түмэнд үүрүүлсэн нь түүхийн боловсрол гэж үү? Түүхийн үнэнийг улайм цайм мушгиж, Галдан бошигтыг дэгс мандуулж, Түшээт хааныг хилс ялласан нь дэвшил гэж үү? Их гүрний тулгалтаар зохиогдсон ташаа түүх биднийг тэр улсын хүлцэнгүй зарц, үндэс угсааныхаа үнэт зүйлсийг санах ой санамжгүй, гэмтсэн сэтгэцтэй боол болгожээ. Тийм зарц, тийм боол ХХI зуунд сошиалаар давлагаалж нөлөө бүхий масс болов. Тэднийг дөрөөлсөн хулгайч луйварчид сонгуульд ямагт ялж улсаа жолоодох нэрээр эх орноо цөлмөж гүйцлээ.

Эцэст нь хэлэхэд үнэн түүхээ эрхэмлэн дээдлэх эрхээ монголчууд ХХ зуунд алдсан улс. Түүх бол залуурч-багш, түүх бол сургамж гэх үзлийг би дээдэлдэг. Түүхчид та нар эдүгээ ардчиллын буянд түүхийн хуудууг яагаад угаар нь залруулж, үнэн түүхээ яв цав тогтооё гэх эр зориг гаргахгүй геополитикийн зөөлөн хоол болох-төөрсөн шавь нар бэлдэж, ирээдүй хойчоо юуны төлөө хоролном бэ. Түүхчид та нар түүхийн гажуудлыг жирийн биднээс үлэмж илүү мэдэж буй. Мэдсэн атлаа манаас яагаад нууна вэ. Үнэн түүхээ ард олон мэдэхгүй төөрсөөр хорвоог барах хэнд ашигтай юм бэ? Зуун жил төөрлөө. Одоо болоо бус уу! Түүхчид энхрий хайрт намынхаа үзэл суртлын дайчин байлдагчид байсан, байсаар байх уу.

Уншигч бүрт ул болсон сэдвийг яагаад нуршив гэвэл гадаад дотоодын өөдгүй хүмүүсийн тоглоом болдог маань бидний оюун дутмагаас болоод байна. Ухаалаг хүн ам хүчирхэг бөгөөд гадны гацаа, дотоодын ямар ч хулгайчдад мэхлүүлдэггүй. Жишээ нь Жидү, ХБ, нүүрсний хулгайн үндэс тэнэг ард түмэн. Хүн ам нийтээр ухаажаагүй цагт хулгай луйвар салахгүй-элэг бариад. Засгийн эрх хууль бусаар авсан этгээдийг “эх оронч баатар” хэмээн уухайлаад байсан. Мунхаг харанхуйнхаа үйлийн үрийг эдэлцгээ.

2023-01-07