Хөл хорионд орлогогүй гуриатсан иргэд коксжих тонн нүүрс 500-600 доллар хүрснийг сонсоод төмөр зам гацаагчдыг олж сэгсэрье гэж хуйлрахад тэвдсэн зарим золтой “орос гацаасан” гэж ам алдсангүй. Ер нь дөхсөн. Дружба-найрамдал вирустээгүй ч ковид-19 утсан чинээ улаан гол гогдчихов.
Монгол улсын дотоод хэрэгт гадны нөлөөг тусгахгүйн тулд бүгдийг хийх болно гэж мэдэгддэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын өмнө одоо Монгол хэрхэхээ харуулах болж дээ. Орос ахаасаа айж хүн зоноосоо үнэнийг нуух мөч хөөрхий томчуудад минь тулгардаг байлгүй. Гэвч үнэнийг сөхөх боломж зохиолчдод ардчилал олгосон. “Үнэн”-ээр бид цангаагүй гэж үү. Зохиолчийн үг бол төрийн мэдэгдэл биш. Эрх баригчдын хэлэлгүй залгисан үгийг иргэд илчилж, төрөө сэлбэж явцгаая. Ардчилал хөгжсөн оронд тийм байдаг.
Гэрээ буулгаж, олон ачилга хөсгөнд тааруулан хувааж, хөнгөхнөөр ачаад нүүдэг, нутаглах газраа очмогц хэдхэн хоромд түвэггүй барчихдаг, тийм авсаархан тохилог дулаахан угсармал нэн эртний оромж сэтгэсэн ухааныг “гайхалтай монгол дизайн” гэж үнэлдэг гадаад эрдэмтэдтэй учирч баясаж явав. Зөөврийн оромжийг хамгийн хөнгөн, дулаан, тохилгоор сэтгэсэн дизайн бол монгол гэр гэх ойлголтод эдүгээ дэлхий даяар хүрсэн нь магтуулах юмаар хомс бидэнд таатай сонсогддог.
Монголчууд юуг сүлдлэх вэ гэдэг л гол нь. Ер нь бид юуны ачаар өдий зэрэгтэй амьд мэнд явна-түүнийг л сүлдэлье. Өөрөөр хэлбэл монгол хүний амийг зогоож буй язгуур сурвалжийг хайя. Юу байх вэ олъё!
Үсрэнгүй дүүлэх ирээдүйгээ баллуулсан ястан гомдол тээж явах туйлын зөв. БНДАУ-аа тунхагласан бол (ЗХУКН-ын сурталдаж байснаар социализм байгуулж дуусчихаад коммунизм сүндэрлүүлж эхэлсэн) Зөвлөлтийн ам бүл-тувачуудтай дөрвөдүүд мөр зэрэгцэн өнөөгийнхөөсөө хавьгүй илүү хөгжих байсан ч юм билүү. Дөрвөдийн том үсрэлтийг халхууд хаасан аваас гомдол тээж явахаас өөр яалтай.
Дарга болохгүй бол жир гишүүн байж тэвчдэггүй нөхдийнхөө хорхойг дарж, шинжлэх ухааныг шүтсэн гавлуудаар бүтцээ сэлбэж, намынхаа онолд нягтар. Хөгжилд хурд нэмэх хөгшин залуу лидер АН-д байна уу? Байвал ардчиллыг үерлэн дэмжих багачууд жилээс жилд олширч, гарааныхаа зураа дээр тэмүүлж байна. Намаа самарчихаад ард олноо ялалт өгсөнгүй гэж буруутгах атгаг санаа аль ч намд харш.