Монгол хэлэнд нэвтэрсэн зээлдмэл үгийн тайлбар толь номоо ийнхүү туурвиж дууслаа. Зээлдсэн үгсийг нэлээд хэдэн жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн ба эцэст нь нэгтгэж бүтээл болгохоор жил гаруйн хөдөлмөр зарцуулав. Энэ тольд өнөөгийн дундаж монгол сэхээтэн ойлгодог, хэрэглэдэг таван мянга орчим зээлдмэл үг сонгож, аль хэлнээс гарвалтай, цаашлаад ямар хэлнээс угшилтай зэргийг тодорхойлов. Улмаар үгийн шууд утга нь юу гэж байсан хийгээд монгол хэлэнд нэвтрэхдээ ямар утга агуулах болсныг тодруулах оролдлого хийлээ. Зээлдмэл үгийн уг сурвалж нь уг хэлээрээ хэрхэн бичигддэгийг эхээр нь олж тавьсан. Иймээс зөвхөн үсгийн тэмдэгт гэхэд латин, герег, кирил, хятад ба япон ханз, солонгос, санскрит, араб ба перс, руин зэрэг арав гаруй төрлийн үсэг тэмдэгтээс бүрдэв.
Монголчууд бүгдээр тэмбүүрсэн байсныг зөвлөлт ах нар 1958 онд улаан тариа хийгээд эдгээсэн гэсэн гүтгэлэг одоо болтол “амьд сэрүүн”. Үнэндээ тэр онд эрсдэлтэй бүлгийн 2000 хүнд үзлэг хийхэд 1700 нь бэлэгсийн өвчтэй гэж оношлогджээ. Харин суртал нэвтрүүлэг энэ хувь процентийг нийт хүн амд тохсон төдийгүй бэлэгсийн янз бүр өвчнийг нийлүүлж бүгдийг нь "тэмбүү" гэж нэрэлсэн аж. Зөвлөлөтөөс худалдаж авсан бихинол хэмээх тариа нь антибиотик ч биш, шарх, ядаргаа зэрэгт хэрэглэдэг, тосонд уусдаг висмуттай коэнзим. Гучаад оны дундуур зөвлөлтийн хүн эмнэлэгийн экспидицийн хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 25-30 хувь бэлэгсийн өвчтэй гэсэн дүн гарчээ. Ийм үзүүлэлт тэр үед бараг бүх оронд байсан. Бэлэгсийн өвчин, ялангуяа тэмбүү хожим антибиотикоор л бүрэн устсан. Антибиотикийг 1926 онд Англид нээсэн, дэлхийн II дайны үед АНУ-д үйлдвэрлэж эхэлсэн, Монголд тавиад оны дундуур зөвлөлтийн антибиотик анхлан орж ирсэн. Намаа магтах гэхээрээ “би тэмбүүтэй авгайгаас төрсөн” гэж зарлаад яваа юм биш үү?!
Тавиад оны үед кирил бичигт шилжсэн өнөөгийн кирил монгол бичиг өөрийн дүрэм бүхий латин галиггүй явсаар өдий хүрлээ. Нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн латин галиггүй учир зөвхөн Чингис хааны нэрийг Chingis, Chinggis, Genghis, Chinghis, Chengis, Jengis… гэх мэтээр арваад янзаар галиглаж байна. Нэгдсэн дүрэмтэй латин галигтай болох гэсэн хорин хэдэн жилийн оролдлого бүтэхгүй явсаар өдий хүрчээ. Энэ бүтэлгүйтэл үргэлж хэл шинжээчид дээр ирээд зогсдог. Тэд Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг шинэчлэнэ гэх мэтээр хадуураад давхичихдаг. Уг нь галигчилах нь хэл шинжээчдэд огт хамаагүй асуудал, байгаа дүрмийнхээ дагуу латин үсэг орлуулан нэгдсэн шийдэлд хүрэх гэж байгаа болохоор ердөө л айтигийнхэний санаачлага, Засгийн газрын тогтоол байхад л болоод явчих учиртай юм.
Зөвлөлтийн 80-100 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй том арми 1967 онд Монгол орж ирэн байралснаар Монголын эдийн засгийн амьдралд анх удаа томоохон өөрчлөлт гарлаа. 1971 оноос эхлээд 5 жил тутамд СССР-ээс БНМАУ-д 3 тэрбум шилжих рублийн зээл олгох боллоо. Энэ нь хуралдсаар 1990 он гэхэд 9,8 тэрбум шилжих рубль болжээ. Энэ бол асар их мөнгө!. Үүгээр Монгол улсын нүүр царай ихээхэн өөрчлөгдсөн юм. 1960-1990 оны хооронд СССР-т 16 мянган дээд мэргэжилтэн бэлджээ. Улаанбаатарт орон сууцны олон байр байшин ашиглалтад орсон. Эрдэнэтийн зэсийн баяжуулах үйлдвэр хавсрага хотынхоо хамт боссон.
Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.
Лалын шашинтнуудын дайнд монголчууд Месопотам, Сири, Палестиний загалмайтнуудыг ивээсэн Шар загалмайтны аян дайны оролцогч болж хувирчээ. 1246-54 онд Хархорумд ирсэн Ромын пап, Францын хааны элч төлөөлөгч Плано Карпини, Гийом Рубрук лалынхны эсрэг тэмцэж буй загалмайтнуудад туслахыг хүсжээ. Энэ ёсоор, мөн Ойрхи Дорнодын загалмайтнуудын хүсэлтээр 1255 онд Мөнх хааны дүү Хүлэгүгийн удирдсан монгол цэрэг Багдадын халифын эсрэг дайн зарлав. Хүлэгү өөрөө буддын шашинтай ч түүний хатан Догуз, цэргийн жанжин онгууд ноён Хитбух нар нэсторын шашинтай байлаа. Багдадыг эзлээд Хүлэгү халифын ордныг нэсторын шашны патриархт бэлэглэв. Хүлэгү Месопотамыг эзлээд Иран руу буцсан бол тэнд үлдсэн Хитбух загалмайн шашинтнуудад ээлтэй бодлого хэрэгжүүлжээ. Хитбух Армяны Киликигийн хаан Хэтум I, Антиохийн гүн католик шашинтай Боэмундтэй холбоо тогтоож, Боэмундаар дамжуулан Ерүсалимын хаант улстай холбогдож, загалмайн шашинт ахан дүүстээ туслахаар Сири, Палестин руу их цэргээ хөдөлгөв.