Тэгтэл Комти, Аруша руу эргэсэнгүй, шатахуун хүрнэ гэж тооцсон бололтой, харцаа доошлуулан газрын гадаргуугаас төдий л өндөрт биш анхны цас аятай хийсэн сарних хөвөн ягаан үүлсийг ажиглан харав. Өмнө зүгээс нүүж буй царцаа юмсанж тэр үүл. Төдхөн онгоц өндөр авч, зүүнийг барин нисэх шиг боллоо. Тэгээд гэнэтхэн харанхуй нөмрөв. Аадрын үүлэн дунд нисээд орчихсон нь тэр байжээ. Хүрхрээн дундуур нисэх шиг, хаашаа л харна аадар цутгана. Үүлэн дундаас гарахад Комти эргэж хараад инээмсэглэн урагшаа зангахад тэр зүгт тэнгэрийн уудмыг эзэгнэн ноёлсон асар өндөр, алтан наран доор цасан цагаанаар гялтганан гялалзаж харах орчныг бүрэн эзэлсэн Килиманжарогийн ам дөрвөлжин орой тодрон үзэгдлээ. Тэрүүхэн мөчид эцсийн зогсоол нь энд байгааг тэр ухамсарлан ойлгов.