ЗТЯ-ны хэргийн сургамж ба цүнх баригчийн 'дээд анги'-ийнхан
…Маш харамсалтай. Төрийн яамны газрын дарга нар бараг ажил дээрээ, тэгээд төрийн тусгай хамгаалалтын дор нэгнийхээ аминд хүрч байсан тохиолдол дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй
…Маш харамсалтай. Төрийн яамны газрын дарга нар бараг ажил дээрээ, тэгээд төрийн тусгай хамгаалалтын дор нэгнийхээ аминд хүрч байсан тохиолдол дэлхийд байдаг эсэхийг мэдэхгүй. Би л уншиж, сонсоогүй. Энэ үйл явдлаас хоёр сайхан гэр бүлийн амьдрал орвонгоороо эргэсэн нь зарим хүн хугацаат албан тушаалаа өгснөөс хавьгүй илүү харамсалтай. Хатуу байж магадгүй, гэхдээ үнэн гэвэл одоо хоригдож буй Махбал буруутай нь нотлогдож ял шийтгэлээ авсан ч, тэр нь Гомбосүрэн агсны гэр бүлийнхтэй харьцуулахад зовлон биш шүү дээ. Эрх чөлөөгүй ч гэсэн амьд байна гэдэг юутай үнэ цэнэтэйг, эргэж ирэх аавгүйгээр хоцорсон нялх үрсийн өнчрөлийг хэн ч орлож чадахгүйг хагацал үзсэн зүрх бүхэн ойлгоно, мэдэрнэ. Харин төр засаг ойлгож, мэдэрч байна уу?
Ажлын байрандаа архи уувал өчиггүй хална гээд төрийн албан хаагчдын шүүгээ нэгжсэнээр тооцох хариуцлагаа дуусгавал даанч хангалтгүй. Энэ хэрэг явдалд хэн буруутайг, юунаас болж гарсныг одоо хуулийнхан тогтооно, тэдний ажил. Харин төр засгийн хийх ажил бол цаад шалтгааныг олж тогтоогоод онож засах. Мэдээж тэр нь зөвхөн архидалт биш, архи бол бүр биш ээ. Энэ бол, яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэргийн цаад шалтгаан бол бүлэглэлүүд, улстөрчид харилцан наймаалцах зарчмаар төрийн албанд өөрийн хүнээ тавьдаг, томилуулдаг болсноос л улбаатай. Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар тэдний төлөөлөл байсан гэхгүй, тийм нотолгоо ч байхгүй. Харин салбарын сайдаасаа үүдний жижүүрээ хүртэл нэг эрх ашигт захирагдах ёстой төрийн яамд өнөөдөр олон эзний, олон эрх ашгийн бөөгнөрөл болсон нь уг гэмт хэрэг гарахын сэдэл, эхлэл болсон гэх хардлага нь энэхүү харамсалтай явдлаас авах хамгийн чухал сургамж юм.
Ер нь бол төрийн ажлыг чин шударгаар хийхийг бус, харин өөрийг нь томилуулсан эзнийхээ даалгаврыг л биелүүлэхийг итгэл үнэмшлээ, үндсэн ажлаа болгосон “бие төлөөлөгч” нар бүх яаманд бий. Яланугяа их мөнгөтэй, олон тендертэй аж ахуйн яамд бол чадвартай нь ажилладаг төрийн алба бус, чадалтай нь хүнээ томилуулж хүссэнээ шийдүүлдэг арилжааны талбар болоод хэдэн сонгууль дамнав. Томилуулсан ар нь найдвартай хамгаалалт болдог, ажиллах хугацаа нь “сонгуулийн нас”-тай учир тийм хүмүүсийн дуу чанга, сайдаасаа ч илүү эрх мэдэл эдлэх гэхийг яана! Магадгүй, Монголын төр нэр хүндгүй, шийдвэр нь сүр хүчгүй байгаагийн нэг шалтгаан нь төрийн яамд ийм тавиулуудаар дүүрсэнтэй холбоотой биз ээ.
Өнөөдөр гэхэд, ажилтнуудаас нь хэн, хэн орохыг хянах гэж байгаа мэт бие биеийнхээ өрөөнд камер тавьчихаад хараад суудаг дарга, орлогч хоёр байна гэх. Хоёр тийшээ харчихсан, дундын зуучлагчаар дамжиж харилцдаг нэг байгууллагын хоёр дарга ч буй гэнэ. Салбарын сайд нь зөвхөн дэд даргатай нь тулж харилцаад жинхэнэ дарга нь сул гунхаж явдаг агентлаг байгааг гишүүд шүүмжилж харагдсан. Хариуцлагаа хүлээж ажлаа өгье гэж ам гарчихаад, маргааш нь “манай гишүүн боль” гэлээ гээд гэдийж яваа дарга ч байна. Иймэрхүү “хамтын ажиллагаатай” сайд-дэд сайд, сайд-төрийн нарийн бичгийн дарга нар ч цөөнгүй бололтой. Үүний баталгаа нь, сайд нарын хүсэл сонирхлыг харгалзан саяхан хэд хэдэн төрийн нарийн бичгийн даргыг “өөрийн хүсэлт” нэрийн дор сэлгэн томилох гэж Засгийн газрын хуралдаанаар яриад бүтээгүйн жишээ юм. Сайд дэд хоёр, эс бөгөөс сайд төрийн нарийн хоёр гар нийлэхгүй байна гэдэг бол тус яаманд нэг эрх ашиг, нэг дүрэм үйлчлэхгүй байнаа л гэсэн үг. Хууль, хэм хэмжээнээс давсан эрх эдэлж сайдтайгаа эн тэнцүү арсалдана гэдэг бол сайдаасаа том артай л хэрэг.
Улс төрийн шинжлэх ухаанд клиентелизм гэх ойлголт бий. Энгийнээр энэ нь том бүлэглэлүүд, улстөрчид нэр нөлөө, мөнгө санхүүгийнхээ сүр хүчээр өөрийн хүнийг төрийн удирдах өндөр албан тушаалд тавиулж, дараа нь түүнээсээ албан тушаал, тендер, татварын хөнгөлөлт зэрэг төрөөс үзүүлж болох элдвийн дэмжлэгийг хувьдаа, компанидаа авдаг харилцаа юм. Тендер бол бага хэрэг. Клиентээрээ дамжуулж татварын хөнгөлөлт авдаг, шинэ хууль батлуулдаг, хууль засуулдаг, шүүхийн шийдвэр гаргуулдаг клиент-клиент /үйлчлүүлэгчээс үйлчлүүлэгч/ бүхий харилцаа Монголын төрд байх ёстой дүрэм мэт газар авлаа. Захиалагч, цаад эзэн-клиент нь эргэж өөрт үйлчлэх клиентдээ зориулж төрийн яаманд шинээр орон тоо гаргуулах, шинээр хэлтэс байгуулах ч хэвийн үзэгдэл. Баянгол дүүргийг л С.Эрдэнийн буюу Эрдэнэ вангийн дүүрэг боллоо гэж шүүмжилдэг. Гэтэл ил мэдэгдэж, мэдрэгдэж байгаа нь Баянгол дүүрэг болохоос төрийн өмчит улсын үйлдвэрийн газрыг хувьдаа өмчлөөд авчихсан мэт босоо удирдлагаар хангадаг гишүүн, эдийн засгийн бүлэглэл ч байна. Тэр бүү хэл, АН-ыг засаглаж байх өмнөх дөрвөн жилд төрийн яамдыг харьяалах агентлаг, улсын үйлдвэрийн газартай нь намынхаа фракцуудад хуваарилж л байв.
Ер нь яаманд гэнэт шинээр хийсэн томилгоо, эсвэл удсан хүмүүсийн ихэнх нь төрийн албан хаагч гэдгээс гадна “тэрний хүн, энэнийн хүн, тийм гишүүний хүн, тэр компанийнхан тавиулсан юм” гэх давхар хаягтай. Тэд тавиулсан, томилуулсан том улстөрчийнхөө нэр, бүлэглэлийн таних тэмдэг, лого-г духан дээрээ наагаагүй л болохоос нэг хүн, тухайн компанийн цүнх баригчаас ялгаагүй, “дээд анги”-ийнхан нь л гэсэн үг. Ялгаа нь цүнх баригчид болон намын томилгоотой хүмүүсийн хаяг нь ил учраас нийгэмд элдвээрээ шүүмжлүүлдэг бол, ийм клиентүүд улс төрийн “гал атгадаггүй”, төрийн албан хаагчийн нэрэн дор нуугдаж үргэлж нэр цэвэр явдаг. Гэхдээ нийгэмд, төрийн ажилд үзүүлж байгаа хор хөнөөл, сөрөг үр дагаврын хувьд клиент-клиентүүдийн түншлэл нь цүнх баригчдынхаас хамаагүй илүү. Тэд томилуулсан эзэн-клиентийнхээ төлөө төрийн нэрээр муухай бүхнийг хийгээд муу нэр нь засаглаж байгаа нам дээр ирдэг. Яаманд, агентлагт клиент-клиентүүд л хүчтэй, эрх мэдэлтэй байж, эцсийн дүндээ хождог, харин тэднийг явсны дараа төрийн яам, салбар нь л хохирч хоцордог. Зүйрлэхэд, замын хүн алтыг нь ухаж аваад явдаг, нутгийнхан /салбарынхан/ нь ухсан нүхтэй үлддэгтэй адил гэх юм уу даа.
Иймд ЗТЯ-д болсон хэрэг явдал нь Монголыг авлигаас дутуугүй муухай харагдуулж, төрийгхүчгүйдүүлэн сульдааж байгаа клиентүүдийн түншлэлийг таслан зогсоох, одоо улаан шугам татах цаг болсныг илтгэх сануулга, сэрүүлэг болов. Олон жил бэтгэ болтлоо бугшсан клиент төвтэй улстөрөөс Монголын төрийг, төрийн яамдыг цэвэрлэж, тухайн салбарын мэргэжилтнүүдийг тавиулуудаас хамгаалах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайдын, энэ Засгийн газрын хийх хамгийн том ажлын нэг юм. Мөнгө зарахгүйгээр, улс төрийн эр зоригоор хийх энэ шинэчлэлийг хийж эс чадвал нэгэн төрийн албан хаагчийн алтан амь дэндүү, бүр дэндүү хайран байна. Монгол төрийн албанд шинээр ажилд орох, дээшээ карьер өгсөхөд заавал “том ах”-тай байх, цаашдаа “ахын ачийг мартахгүй явах” албагүйг нийгмээрээ ойлгох, эвлэрэхэд үүнээс илүү өндөр үнэ төлөх ёстой гэж үү, Ерөнхий сайд аа!