Хоёр аймар хөрштэй, цаг агаар нь аймшигтай хэлбэлздэг нүүдэлчид угаасаа хэнд ч, юунд ч 100% итгэдэггүй. Ямар нэг зүйлд хамгийн ихдээ 80-90 хувь итгээд л юмыг яаж мэдэх вэ гээд үлдсэн 10-20 хувь итгэлээ "нөөцөлдөг". Хамгийн шинжлэх ухаанч шашингүй нэгний сэтгэлд ч "аан юмыг яаж мэдэх вэ" гэсэн 10% бурхан шашин, уул тэнгэрт сүслэх юм байна. Хоёр өөр шашныг ч зэрэгцүүлж шүтэж чадна. Нийгэм нь хүртэл одоогоор "зэрлэг өрнөд" маягийн, юм төлөвлөж болдоггүй, юу ч яаж ч өөрчлөгдөж мэдэх учир "тухайн үеийн байдлаас болно" гэдэг хандлагатай. Монголчууд босстоо асар үнэнч байх боломжгүй учир мафи байгуулж чадахгүй гэдэг бас л оносон егөө. Дэлхийн хамгийн найдвартай төгс аяллын компани байлаа гэхэд бусад гадаад хүмүүс бүгд төгс аялал болно гэж 99 хувь итгэх бол монголчууд 90 хувь л итгэнэ. "Тухайн үеийн байдлаас болно" гэдэг үг бол бараг манай "үндэсний identity" ч юм уу хаашаа юм. Сайн тал нь юунд ч дасан зохицох "survival" инстинкт, хурдан маневр, муу тал нь муриач, туйлбаргүй, үнэнч шударга биш чанар.

Бүгд ямар нэг байдлаар өөрчлөлт хэрэгтэй гэдгийг хар зөнгөөрөө мэдрээд байна. 30 жилийн өмнө ч яг ийм мэдрэмж төрж, хэний ч эсэргүүцэлгүй Ардчилсан хувьсгал хийж нийгэм өөрчлөгдсөн. Бусад улс орнуудаас хавьгүй хялбар, шуурхай, хурдан, үймээн самуунгүй, “хулганы хамраас цус гаргахгүй” хувьсгал явсан нь өөрчлөлтийг хүсдэг нүүдэлчдийн инстикт. Одоо 30 жил өнгөрөхөд өмнөх алдаагаа ойлгож, яг энэ маягаар цаашаа явж болохгүй гэдгийг бүгд мэдээд хар зөнгөөрөө өөрчлөлт шинэчлэлт хүсэмжлэх аж. Сүүлийн 30 жилийн хугацаанд шинэ цахилгаан станц барьж амжаагүй л биз, гэхдээ хүний хөгжил, хувь хүний амьдралыг харах өөрчлөлтийн тал дээр бол сүүлийн 1000 жил байгаагүй дэвшил авчирсан юм. Өөрчлөлт шинэчлэлт бол манай хэвийн горим, “default settings”. Өөрчлөлт байж гэмээнэ нүүдэлчид тэсэж үлдэнэ, өөрчлөлт үгүй бол үхнэ. Бид дэлхийн дээр анхны 1 саяас дээш хүнтэй хот байгуулсан нүүдэлчид, бүгдийг шинээр суралцаж, алдаж онож яваа нүүдэлчид. Үндсэн хуулийн өөрчлөлт бол гудамжинд үймээн дэгдээж, хувьсгал хийх шаардлагагүйгээр зөвхөн үзэг, цаасаар л хувьсгал хийх боломж юм, ийм боломжгүй улс дэлхийд олон доо олон.

Нэг сонин зүйл анзаарагддаг юм. Яг өнөөдрийн байдлаар МАН-ыг бүхэлд нь том намынх нь хувьд муулж, доромжилсон, гутаасан ямар ч үгэнд намаасаа сонгогдсон УИХ гишүүн тоож эмзэглэдэггүй. Харин сонгогдсон тойрогт нь ямар нэг асуудал гарвал нойргүй хонож мэднэ. МАН гэж брэндийг “адидас” шиг шүтдэг 20 жилийн өмнөх романтизм дууссан, энэ брэндээр амбиц хөөж ашиглах хүмүүс харин улам олон болсон. Миний бодлоор энэ нь буруу. Нам гэж жирийн нэг гангарааны лого биш үзэл санааны илэрхийлэл, намын дарга нар нь биш намын үзэл санаа нь гишүүдээ дагуулдаг байх ёстой. Монголд бүх юм тодорхойгүй ч тодорхой нэг л зүйлийг баталгаатай хэлж чадна. Хэрвээ яг одоогийн нөхцөл байдлаар 2024 оны сонгууль явбал МАН дахиад л 60 суудал авна. Эрх баригч намын зүгээс өөрчлөлт хийж, бусад намууддаа боломж өгөх гэж байвал нээрэнгээсээ аз, романтизм мөн билээ. Зарим нь яагаад эсэргүүцэж буйг ойлгохгүй юм. Бүгд өөрчлөлтөд бол дуртай байгаа ч өөрчлөлт хийх гээд байгаа хүмүүстээ л дургүй байгаа хандлага юм болов уу даа.