Өрөлт тавилт нь буруу байршчихаар
Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.
-Монголчууд амьдралаа шал дэмий юманд үрдэг
Шүүмжлэлт нийтлэлдээ зөвтгөл хайж байна. Монголд болж бүтэж байгаа гэгээтэй юм зөндөө байна, тэрийг үгүйсгэх санаа надад хэзээ ч байгаагүй, байхгүй. Олшроосой л гэжхүсэх юм. Болж бүтэж байгаа, гэгээтэй юм нь 3 сая хүн арддаа жигд тархаад, хүн ард нийтээрээ түүний үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод ирдэгсэн бол–ганц мөрөөдөл маань энэ л дээ. Үр шимийг амсаад, дагаад сэргээд босоод гэдэг чинь эдийн засагт нэмэх оноо авчраад, мөнгө санхүү нь арвижаад, хүн ард нь чинээлэгжээд, эрүүлжээд, зөв амьдраад гэсэн санаа юм шүү дээ.
Гэтэл тийм үр дүн байхгүйд л би, бид бухимдаад байгаа юм. Төрийн тэргүүн хэдэн арваар нь, жилдээ бол хэдэн зуугаар нь шагнаж байнаа. Гавьяатууд ярайж байна. Одон медаль, алдар цол энгэр даахгүй болж байна. Төрийн ордны төв асарт, төв талбайд амьд цэцгийн баглаа алаглаад л, дан цоо шинэ дээлээр гангарсан ахан дүүс, анд нөхөд баярлалдан бахдана. Ердөө хоёр гурван зуун метрийн цаана гуйлгачин түүлгэчин амьдрал, хог ухдаг золбин тэнэмэлүүд язганаад л. Харьцуулаад үз дээ. Ордноос хойшоо км яваад гэр хороолол руу ороод ирэхэд л нүд хальтарна. Эмзэг ба зорилтот бүлгийн нэн ядуу айл өрхүүд ярайж харагдана. Захуудыг тойроод ёстой тамын амьдрал оволзоно. Аль хэддүгээр зуунд, хаана, ямар улс оронд яваагаа мартмаар. Эрхбиш монгол хүмүүс тэр тамын амьдрал дунд байх шиг байна. Нарантуулын хойд хаалга хавьд үдээс хойш очоод үзээрэй. Миний бичсэн үнэн үү, худал уу?
Корона гэх нүгэлт вирүс дэлхийг нөмрөөд манай улс бас давхар хэлмэгдээд явж байгаа энэ цаг мөчид эмч, эмнэлэг, сувилагч, эмийн сангийн талаар монголчууд нэгдсэн мэдлэг ойлголттой болж авсан байх. Бас онцгой байдлын алба, цагдаа, цэргээ ч ялгаж танихтайгаа болж авлаа. Хүн ардын тархинд суусан өнгөц мэдлэгийг нь би хэлж байна.
Бүтээн байгуулалт нь мөнгө бүтээдэг, экспортолдог, ажиллуулдаг, цалинжуулдаг салбар байгаасай гэтэл коронагийн энэ цаг үед арай өөр бүтээн байгуулалт яригдаад байх шиг. Эмнэлэг олныг байгуулаад эмч олныг бэлтгээд улс хөгжчихдөг бол манай улс тэр шалгуурыг өлхөөн хангачихсан байна. Дээр нь энэ олон эмийн сангуудыг нэмчих, бас тэнд нь цагаан нөмрөгтэй хэдэн зуун хүн лав эрүүл энхийн манаанд зогсож байгаа.
Корона дуусдаг, энэ их ажил үйлс төгсдөг. Баахан гавьяат эмч, одонтонгууд төрнө. Найрлаад баярлаад дуусна. Ард түмэн ядуу хэвээрээ үлддэг. Би үүнд л харамсаад эгдүүцээд байгаа юм.
Коронахүн төрөлхтөнд хүнд сорилт боллоо. Гэхдээ аливаа хүнд сорилт хөгжлийг өдөөгч байдаг гэдгийг бодолцох учиртай. Корона хүн төрөлхтөнд санаж сэрэх их дохио өглөө. Монголчуудад ямар дохио өгөв? Хөл хориотой, гар тушаатай олон сарыг өнгөрүүлэхдээ өөрийгөө нээж таньж, мэдлэгээ ахиулж, мэдээллээ баяжуулж, цоо шинээр хийх эхлүүлэх ажил үйлсээ төлөвлөсөн болов уу? Шал өөрөөр ажиллаад үзье, өөрөөр сэтгэе, залхуутай буруу амьдралаасаа салъя гэх хүн олон гараасай! Хөл хориог суллахтай зэрэг хэдэн мянгаараа лангуу чингэлэгээ нээгээд юмаа зарах гээдманаад суучихвал мөн их харамсалтайя!
Ямар ч улс орон өөрсдөө хийж бүтээж нөөцөлж, түүнийгээ хэрэг болсон цагт гаргаж хэрэглэдэг бол манай нөөц нь 100сая руу дөхөж яваа мал сүрэг, хөрсөн дор буй түүхий нүүрс л юм байна. Өөрөөр хийсэн бүтээсэн, ургуулсан, тарьсан, нөөцөлсөн юм коронагийн үед дуусчих дөхлөө. Идэш уушны үнэ тэнгэрт хадлаа. Импортоос хэт хамааралтай нь бүр ч ил тод харагдлаа. Дотооддоо монголчууд өөрсдөө тарьж ургуулах, үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авсаар ирсэн ба хойшдоо ч авах гэж байгаа нь үндэсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, газар тариалан, ядаж өрхийн аж ахуй хөгжүүлэхэд хориг саад болдог нь хөл хорионы үед бүр ч их мэдрэгдлээ. Хүнсний ногоогоо өмнөд хөршөөс биш дотооддоо ургуулъя үйлдвэрлэе гэж улиг болтлоо ярьцгаасан. Гэвч өмнөөс импортлогдон орж ирэх бүтээгдэхүүний давалгаан дороос бид өндийж чаддаггүй.
Олон жилийн өмнө дөө. Гачууртад манайх хашаа байшинтай байлаа. Манай арын нэг хашаанд ирланд, швейцарь хоёр хос айлын хашаа түрээслэн амбаарт нь амьдарч байхдаа хөл гишгэх газаргүй болтол битүү хүнсний ногоо тариалаад нойл ордог чулуун жим гаргачихсан алагласан цэцэрлэг байдаг байлаа. Тэр айлын хашааны гадна ийм нэг утга бүхий томоос том төмөр самбар лав дөрөв таван жил болсон байх аа. Утга нь: Хүнсний ногооны үр үнэгүй тараана, хүнсний ногоо тариалж ургуулах арчлахыг цаг наргүй зааж сургана гэсэн байлуу даа. Ямар ч л гэсэн 24 цагийн турш сургалт явуулахад бэлхэн гэсэн утгатай байсан санагдана.
Гадаадын тэр хоёр хосыг Гачууртад амьдрахад дагаж суралцсан монгол хүн, монгол өрх хэд байсан бол, би бол бараг л байхгүй гэж боддог. Авч хэрэглэх, идэхдээ уургын морь шиг, авч идэж хэрэглэдэгээ өөрсдөө хийдэг юм гэдгийг монголчууд нэг л ухаж өгөхгүй, нөгөө хоёр гадаад тэгсгээд нүүсэн, нутаг буцсан байх. Нөгөө хашаа нь мөдхөн нохойн хороо болоод ноорхой айлын гарт үрэгдэж Гачууртыг хүнсний ногоожуулах швейцарийн төсөл дуусах нь тэр ээ. Үлгэр төгсөв. Энд би нөгөө ам шүдээ билүүддэг хужаа нарын (хятад ногоо, хятад ногоочид) тухай бус соёлжиж гэгээрсэн европчуудын тухай ярьж байна шүү.
Манай улсад ажил яагаад жигдрэхгүй, ард иргэд нь байнга орлого мөнгөгүй, ядуу зүдүү, тэгээд нөгөө шударга ёс нь дутаад байдгийг шалтгааныг л хайгаад бичээд байна. Ганцхан жишээг Гачууртын тэр хашааны түүх бэлхнээ илтгэнэ. Түмэн жишээг би болон уншигчид гаргаад ирж чадна.
Яагаад, яагаад, яагаад ийм байнав? Гарчигт би хэлчихлээ. Өрөлт тавилт нь буруу байршчихсан гэж. Юунаас угшилтай юм. Лав ардчиллаас биш, ардчилсан сонгуулиар гарч ирээд төр барьсан улс төрчдөөс 100 хувь бүр ч биш. Нүүдлийн гэх тодотголтой нөгөөх соёл иргэншлээс нь юм уу? Байж болно. Цаг наргүй, өөрийн хүслээр, байгалийн аясаар, дагаад байгальлаг, амьтанлаг шинжийг олчихсон. Ахай ижийсэг, хамаатанлаг ёс нь хэтэрчихсэн. Хэдэн биенээ харж үздэг, тэжээдэг, орогнуулдаг, хариуцлага огт тооцдоггүй. Гул Аранжин ихтэй. Тэд нь өөрөөсөө зугтаж амьдардаг. Ажил хийхгүй, ажил сурахгүй, мэдлэгийг шүтэхгүй байгалийн зөнгөөрөө яваад байгааг нь тэгж хэлж байна. Нэгэнт өөрөөсөө зугтаад эхэлбэл зөв амьдарч чадахгүй болчихно. Өөрөөсөө зугтаж байна гэдгээ олон хүн мэддэггүй, зөвшөөрөх ч үгүй. Гэвч хийж бүтээхгүй, сэтгэхгүй, цаг нөгцөөгөөд хорвоог туулж байгаа чинь өөрөөсөө зугтаж байгаагаас юуны ялгаа байна? Өөрөөсөө зугтсан хүн өөрийгөө танихгүй, бусдыг танина гэж бүр ч байхгүй. Таньж чадахгүйгээсээ болоод итгэхгүй, хүндлэхгүй, нийгмийн зөрчил ийм дэвсгэр дээрээс эхэлнэ. Итгэл хүндлэл хэзээ ч байхгүй, мөчөөрхөл л байна. Зэрлэг зан нэмэгдчихнэ. Нийгмийн ийм сэтгэхүй нь буруу өрөлт тавилтыг дэвэргэнэ. Буруу өрөлт тавилт оршсоор байх ахул шударга ёс хэзээ ч тогтохгүй, УИХ-ыг хичнээн сонгоод хичнээн олон нам солиод нэмэргүй. Тэгэхлээр ажил үйлс, хөдлөх хөдөлмөрлөх, аж төрөх нь буруу болно. Монголчуудын ихэнхи нь амьдралаа шал дэмий юманд үрдэг. Манай нийгмийн ихэнхи ажил үйлс буруу замаар эхлээд буруу замаар (ар өврийн хаалга, намчирхал, идээ уугаа, авилга) жирийлгээд эцэст нь үр дүн багатай. Одон медаль, алдар цолтой хоцрохыг нь хэлээгүй шүү. Улс оронд маань огтоос ач холбогдолгүй. Хөдөлмөрийн бүтээмж болж чадахгүй одон тэмдгүүдээр яах ч юм? Ямар ч гоё урлаг уран сайхан, шоу тоглолт, төрөл бүрийн одон медаль өргөмжлөл байгаад ийм их муу муухай үзэгдэл араас нь дагачихсан байдаг учраас ямар ч үнэ цэнэгүй!
Ингэхэд бүтээн байгуулалт–мөнгө арвижихгүй байгаа шалтгааны эрэлд гарчихаад ээлжит бичвэрээ толилууллаа. Мушгихгүй байхыг хүсье. Эмнэлэг сургууль цэцэрлэг олныг байгуулахыг би буруу гэхгүй, гэхдээ тэдгээрийг бүтээн босгодог мөнгө-санхүү нь дан зарлага болж үлдээд Монгол Улсад төсвийн дарамт нэмэгддэгийг юугаар нөхөх вэ гэдэг асуудал л тавиад байна. Монголын төрөөс зулгаадаг хүн дэндүү олон байна. Тэд нь хийдэг бүтээдгээсээ давчихаад байна. Экспортод бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг ажиллах хүч нь хүн амдаа хувааж үзвэл дэндүү хөөрхийлөлтэй байна, тэднийгээ олшруулаач ээ, төрөөс халамж хүртдэг ажлын насны эрүүл саруул бүх хүндээ өөрөөр “тус” хүргэж хариуцлага тооцооч ээ хэмээн би улиглан бичсээр байх болно!