Амьтай бүхэн цэцэглэж, хөгжиж дэвжих хаврын сайхан улирал ирж хүн малын зоо тэнийдэгийн адил Монголын улс төрийн хаврын уур амьсгал цаанаа л зөөлөрч, улс орны ажил эмх цэгцэндээ орж байна.
Ардчилсан намын ҮБХ-ны хурал хар хоргүй, амар амгалан, ардчилалтай шударга болж өнгөрлөө. Ерөнхий нарийн бичгийн даргаар туршлагатай, тулхтай С.Баярцогт сонгогдож, энэ сонголтыг эсэргүүцэн давшлах хэн ч байсангүй. Хоёр сонгуулийн өмнөх ийм эгзэгтэй үед олон фракцтай улс төрийн том нам дотор хүлээн зөвшөөрөгдөж чадна гэдэг хүнээ зөв олсных. Улс төрийн хэрүүл маргаан ойрын үедээ намдаж улс орны хөгжлийн төлөөх тасралтгүй давших их ажил өрнөж эхэллээ.

Өнөөдөр Монголын улс төрд нэгэн сайхан өдөр болж байна. Ардчилсан нам шинэ генсекээ халуун алга ташилтаар хүлээн авсан энэ өдөр нийгэмд хүлээлт үүсгээд байсан Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барив. Яг үүнтэй зэрэгцэн УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа санаачилж, Б.Мөнхсоёл, Д.Энхтуяа, Ц.Мөнхтуяа, Ө.Шижир, С.Эрдэнэболд, О.Алтангэрэл нарын гишүүд хамтран боловсруулж өргөн барьсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг ч өргөн барьсан юм.  

Шаардлага хангаагүй төсөл, арга хэмжээг батлах, тендер зарлах, гүйцэтгэх явцад чадавхгүй, туршлагагүй гүйцэтгэгчийн улмаас тухайн ажлууд гацдаг, гэрээг цуцалдаг, анх батлагдсан төсөвт өртөг нь хэд дахин нэмэгдэж төсөвт дарамт учруулдаг байдлыг зөвхөн сүүлийн гурван жилийн баримтаар судалж нэгтгэн тогтоолын төслийн үзэл баримтлалдаа тусгасан нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр цоорхой байсныг эрхэм гишүүн олж харжээ. Ийнхүү төсөвт өртөг нь анх батлагдсанаасаа эрс нэмэгдсэн төсөл арга хэмжээг ялгаж давхардлыг арилгаж үзэхэд нийт 522 төсөл арга хэмжээ байгаагийн төсөвт өртөг нэмэгдсэн зөрүү нь бараг 2 их наядад буюу 960 хүүхдийн суудалтай 100 сургууль барихуйц хэмжээгээр төсөв нь нэмэгдэж орж ирсэн байх юм.  

Зөвхөн энэ оны нэгдсэн төсвийн төсөлд л гэхэд тэртээх 2010 онд анх улсын төсөвт тусгаж санхүүжүүлж байсан төсөл арга хэмжээний төсөвт өртгийг өөрчилж 475 хувиар нэмэгдүүлээд оруулаад ирсэн ч жишээ байна. Энэ бол Баянзүрх дүүргийн спорт цогцолбор. Анх 2.5 тэрбум төгрөгөөр барихаар 2010 оны төсөвт туусгаж байсан атал нэмэгдсэн өртөг нь энэ оны 14.7 тэрбум төгрөг болчихсон байх юм. Зөрүү 12.1 тэрбум, 475 хувиар өсчихсөн байна. Бүтэн 16 жилийн хугацаанд баривал бариад, барихгүй бол хасахгүй төсөвт өртгийг нэмээд чирээд явдгийн учир юу байна вэ? Тиймээс энэ мэт төсөл арга хэмжээнүүдийг судлан төсөвт дарамт үүсгэж буй шалтгааныг нь арилгах, шаардлагатай бол хувьчлах, дуудлага худалдаагаар борлуулах, зөв эрэмбэлэх, холбогдох тоон мэдээллийг системчилж стандартчилж төсвийг дарамтаас салгаж, үгжирч бугширсан жагсаалтаас цэвэрлэгээ хийхийг Б.Пунсалмаа нарын гишүүд тогтоолын төсөлдөө тусгасан нь ёстой л “нүдээ олсон”, цаг үеэ ч олсон санал санаачилга байлаа.

Цаашид дэлхий дахинд өрнөөд буй геополитик, геостратегийн нөхцөл байдал, улс орнуудын эдийн засгийн ашиг сонирхлын нэгдэл ба задрал, маш хурдтай өрнөж буй шилжилт хөдөлгөөн дунд Монгол Улс Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхиа сайжруулах шаардлага тулгараад байна. Энэ шаардлага шахуу цаг хугацаатай, өрсөж амжихын хэрээр хожно. Иймд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэх, улстөржиж талцах бус айсуй хямралын эсрэг намчирхахгүйгээр ухаанаа уралдуулж нэгдэж, зөв бодлогоор ард иргэддээ хожил авчрах нь хамгийн чухал болоод байна. Ингэж ажиллах таатай нөхцөл байдлыг ч АН-ын өчигдрийн хурал авч ирлээ.

“Тоонд сайн улстөрч” буюу улс орны эрх ашгийн төлөө ажиллаж, олон улсын тавцанд шатар нүүж, хожиж сурсан туршлагатай С.Баярцогт, түүний багийнхан бизнес эрхлэгчдээ ч дэмжиж, иргэдийнхээ ч амьжиргааг нь тэтгэж эдийн засгийн элдэв хүндрэлээс гарах арга замыг нээхдээ эрх баригч намтай бодлогын хүчээ нэгтгэж Ардчилсан парламентын үр дүнг ард нийтээр хүртээх үйлсдээ нэгэнт шуударлаа. Сөрөг хүчний дуу хоолой, зөв шийдвэрийг эрх баригчдынхтай өрсөлдүүлж хамтын шийдвэрээр олуулаа хожихын төлөө улс төрийн хэрүүлгүй, цэвэр бодлогын өрсөлдөөн болгох цоо шинэ өдрүүд ирж байна. Бүгдэд нь амжилт хүсье.