Украин дахь хэрэг явдал өрнөх тусам Владимир Вольфович Жириновский гэх орос улс төрчөөс янз янзын авир гарч ирээд байх шиг. Түүний улс төрийн хөргийг бичих сонирхолтой нийтлэлчдэд бол бэлэн хоол л урсаад байна гэсэн үг. Украины талаархи Оросын байр суурийг хамгийн сонирхолтой хэлбэрээр илэрхийлээд байгаа нөхрөөс ер нь хэлж таашгүй юу ч гарч ирж мэдэхээр байна. Кремлийн албан бус суртал нэвтрүүлэгч гэхэд ахдана, гэхдээ Оросын Төрийн Думын (Улсын Дум) албан ёсны нөлөө бүхий нэг фракцын лидер гэхлээр яалт ч үгүй ОХУ-ын байр суурь юм шиг.      

Энэ адтай еврей ингэхэд их оросын шовинизмыг хамгийн ихээр сурталдан манлайлж яваа нь ямар гээч парадокс вэ?  Шовинизм гэдгийг үндсэрхэг дээрэнгүй үзэл, парадокс гэдгийг эдгээд гаж үзэгдэл гээд ойлгочиход бараг болно. Парадокс гэлэг нь санамсаргүй гэнэтийн үзэгдэл бас байж болно. Жириновский шиг баялаг намтартай нөхөр өнөөгийн Оросын улс төрчид дотор бараг байхгүй, намтар нь үнэхээр гайхам, бахдам, бүр оригналь. Уг нь өдийд жүүдийн төр улс – Израильд бол улс төрийн ихээхэн өндөрлөгт хүрчихсэн цохиж явахыг хэн байг гэхэв. Гэтэл бүр эсрэгээр “Орос  Гитлер” гэж хоч нэр зүүх хүртлээ еврей нараа зүхэж яваа нь бүр супер парадокс!

Би 1990-1993 онд Москвад суухдаа энэ танхай нөхрийн гудамжны улс төрийн ухуулга цуглаанд мөн ч их очдогсон. Тэрээр “Сокольники” метроны буудлын яг аман дээр захын хажууд бямба гариг болгонд цуглаан хийнэ, манайх ганц буудлын цаана “Преображенская площадь” метроны ойр байрлана. Метродоод гараад ирмэгц мань хүний дуу хадаж байх нь тэр. Заримдаа цангинаж байна. Түүх рүү үсчиж, тэгэх ёстой байсан юм, түүн дээр тэгж алджээ гэж их ярина. 1945 онд Улаан арми Германыг чөлөөлөөд хэзээ ч гарахгүйгээр тэндээ суугаад мөнгө нэхээд байх ёстой байсан юм гэж ярьж байснаа хоёр зуун руу ухраад фельдмаршал А.Суворов Венаг туркуудээс чөлөөлөөд тэндээ үлдчих байсан юм болж хувирна. Өмнөшөө мусульман ард түмнүүдийг үзэхгүй. “Өмнө зүг сүүлчийн удаа довтолгохуй” («Последний бросок на Юг») хэмээх номдоо Монголыг айхтар харааж зүхсэн шиг зүйл өнөө болтол улиг болтол ярьсаар яваа энэ эрхмийн баялаг намтар гэдгийг нотлох баримтыг ухаж үзье!



Исаак (Айзик) Эйдельштейн хэмээн польшийн еврей хөрөнгөтний ач хүү, 1964 он хүртэл Эйдельштейн хэмээх овог нэрээрээ явж байснаа хойт эцэг Владимир Андреевич Жириновскийн зөвхөн овгийг авсан гэх. Орос нэрний инициал буюу “тэр гуай” гэж хэлүүлдэг хос нэр нь бүр этгээд. Өөрийнхөө Володяг аваад төрсөн эцгийнхээ Вольфыг нэмээд, араас нь хойт эцгийнхээ Жириновскийг залгачихсан, ийм этгээд орос нэртэй хүн бас олонгүй. Эцэг Вольф Исаакович Эйдельштейнийх (1907-1983) нь шарил Израильд буй. Израилийн Засгийн газарт сайд хийгээд явдаг, одоо ч сайд байгаа Юлий Эйдельштейний хамаатан гэх хардлага хэвлэлд цухалздаг ч арай биш бололтой. Өвөө Исаак нь мод боловсруулах хувийн үйлдвэртээ 200 ажилчин хөлсөлж байсан гэхлээр томхон хөрөнгөтөн яалт ч үгүй мөн. Энэ ч гол биш.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тасралтгүй 5 удаа өрсөлдсөн (1991, 1996, 2000, 2008, 2012), “ЛДПР” гэх нэрнээсээ тэс өөр шовинист евразист намыг үндэслээд тасралтгүй лидерээр нь яваа, 2000-2011 онд Төрийн Думын дэд спикер, 1993 оноос тасралтгүй Төрийн Думын гишүүн яваа, Оросын армийн хурандаа, ОХУ-ын гавьяат хуульч, маршал Жуковын одонт гээд нэмээд байвал түүнтэй өрсөлдье гэхнээ коммунистуудын удирдагч Г.Зюганов ч бараагүй хаягдахаар.

ОХУ-ыг цэцэглэн хөгжиж байсан Хаант Оросын XVIII-XIX зуун руу нь ухраая гэх энэ эр 7-12 губерн байгуулаад ОХУ-ын үндэстэн ястны холбооны улс, мужуудыг шууд тараая гэж уриалан дууддаг ба Путины өнгөн дээр холбооны том тойргууд байгуулагдаж, муж ба БНУ-ууд нь тэдгээрт хуваагдсан нь Жириновскийн идей арай байгаагүй байх, гэхдээ л тэрээр уухайлан дэмжигч нь гарцаагүй мөн. Холбооны гишүүн БНУ-ууд нь тус бүртээ Ерөнхийлөгчтэй байсныг “БНУ-ын Тэргүүн” хэмээн нэрлэх болсон нь (дэс зиндаа буурсан) мөн л Жириновскийн хийрхлийн нэг байв. Жижиг ард түмнүүдийг том нь ассимиляцад оруулж уусгаж байх ёстой гэж ярьж эхлэхлээрээ тэрээр алдаршлыг шууд олно гээч. Украин, Белорусс хоёр ОХУ-ын бүрэлдэхүүнд холбооны шинэ тойргийн эрхтэй орох хэрэгтэй хэмээн өнөөгийн хэрэг явдлаас бүр өмнө, бүр 20 жилийн тэртээ ярьдаг байв. Гастарбайтер гэж нэрлэдэг гадаадын цагаач ажилчдыг ёстой нэг нүдээрээ үзэхгүй. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тэрээр сурталчилгаандаа “Бүх цагаачдыг хөөж гаргаад орос иргэдэд ажлын байрыг нь гаргаж өгнө” гээд баахан  манаргасан.
 


Өвөг дээдсийнхээ ясыг одоо хүртэл өндөлзүүрсээр, еврей нарыг мөн ч их харааж яваа. СССР тарсан, Орос орон доройтсон бол буруутан нь шууд л еврей нар гэнэ. Явж явж еврей нар нь орос бүсгүйчүүлийг гадаадад гаргаж, биеийг нь үнэлүүлсэн, орос хүүхдүүдийг гадаадад худалдаж, эд эрхтэнийг нь зарж борлуулдаг, холокост буюу жүүд нарыг хомроглон устгасныг нацистууд бус еврейчүүд өөрсдөө өдөөн хатгасан гэж ярьж эхэлбэл Жириновскийн үгэнд итгэмээргүй, бараг сонссон би нүд чихэндээ итгэхгүй болж таарах нь бий. Ваффен-СС-т алба хааж явснаараа одоо болтол ил бахархдаг, австрийн нацист асан бизнесч Эдвин Нойвирт гэгчтэй Жириновский хошуу холбоод холокостыг үгүйсгээд няцаагаад ирмэгц нь “Орос Гитлер” гэх хоч нэрийг германы хэвлэлүүд анх түүнд өгсөн хэрэг.  

Кавказын бүх үндэстэн, ястан, мөн түрэгүүдийг үзэн ядна. Алс Дорнодоос бүх хятадуудыг хөөж гаргая гэнэ. Хасагийн ард түмнийг айхтар доромжилсных нь төлөө Казахстаны  прокурорын газар түүнд “Персон нон грата” (“тааламжгүй этгээд”) өгч энэ улсад гишгэх эрхгүй болгосон. Тэр ч бүү хэл Оросын өөрийнхөө нутаг дэвсгэрт “Персон нон грата” авчихаад байгаа. 2011 онд Бүгд Найрамдах Коми Улс түүнийг нутагтаа оруулахгүй хэмээн зарласан. Мань хүн мөн л зурагтын эфирээр цамнахгүй юу. ОХУ-аас үндэстний 6 бүс нутгийг буулгаад хаячихад юу нь муу байгаа юм бэ? Жишээ нь Коми-Пермяцкийн өөртөө засах тойрог, Пермийн хязгаар гэж хэн ялгаж салгаж байгаа юм бэ? Пермийн хязгаарт оросууд ч, комичууд ч сайхан л байгаа шүү дээ. Хаана л очно дан оросууд, Комийн нийслэл Сыктывкар хотод хүртэл оросууд олонхи, комичууд цөөнхи нь байгаа гэж тэрээр ярьж байв. Хасагуудын гомдлын адил киргизүүд “Персон нон грата” түүнд 2013 оны хавар тулгасан. Учир нь Киргизстан ОХУ-д 500 сая долларын өртэй тул өрийнхөө оронд Иссык-Куль нуураа Орост бэлэглэчих хэмээн тэрээр санал тавиад Киргиз рүү очих эрхгүй болжээ.

“Россия-1” ТВ-ийн “Поединок” нэвтрүүлгээр 2013 оны намар ярьж байсныг нь санаж байна. Кавказын хүн амын өсөлтөд Москвагаас хяналт тавьж, хоёроос  илүү хүүхэд төрүүлсэн эцэг эхэд торгууль ногдуул, хэрэв Москвагийн энэ шаардлагыг Кавказ хүлээн авахгүй бол өргөст тороор хүрээлээд ав гэж гэж ярьж байсан даа. “Орос Гитлер” гэх хоч нэр өөрт нь бүр зохихоор цамнаж байсан гээч. “Яблоко” намын дарга С.Митрохин энэ ярианых нь төлөө Жириновскийг мөрдөн байцаахыг ОХУ-ын Мөрдөх хороонд санал болгож, аргаа барсан В.Путин Жириновскийг урьж уулзан хэл амаа татаж явахыг уриалсан ба өөрөө ч Төрийн Думын хуралдаан дээр гэмшсэн царай гарган хүлцэл өчсөн.

Жириновскийн баялаг намтар дотор түүний “нэрэмжит” бүтээгдэхүүн хүндтэй байр эзэлнэ. 1994 онд Черноголов хотын архины завод “Жириновский” хэмээх цагаан архи гаргасан ба 7 жилд 30 сая шил архи зарагдаж рекорд тогтоожээ. Мань хүн өөрөө тэр архиа өөрийнх нь “намын архи” гэж нэрлэн гишүүддээ шахаж өгчээ. Пенза хот, Пенза мужид “Мөсөн байшин” гэж хүнсний нэг компани “Жириновский шоколаданд” хэмээх зайрмаг хийгээд орлого олно гэдгийг алж өгчээ. Арбатын гудамжинд Жириновскийн зурагтай цамц, модон хүүхэлдэй 20-иод жилийн турш гүйлгээтэй байна. Ийм жишээ ганц хоёроор тогтохгүй.

Энэ мэт баялаг намтар туулсаар 2014 оны Украины хямралыг тэрээр үзлээ. Төрийн Дум, зурагтын эфир гэж түүний хувьд нээлттэй индэр бэлэн байна. Ганц Украин гэлтгүй Орост халтай санагдаж мэдэх бүх улс үндэстнийг нулимаж шүлсдэж эхлэв. Кавказыг өргөст тороор хүрээлээд ав гэж яриад гэмшиж байснаа мартчихаж. Азербайжан гэж юу юм бэ гэж ирээд л мань хүн саяхан Төрийн Думын индрээс авч өглөө. “Азербайжан” гэдэг үгийг би Та нарт орос хэлээр буулгаж өгье. “Азер”- энэ бол “Хазер денизи” гэсэн үг, өөрөөр хэлбэл Каспийн тэнгис, “бажа” гэдэг бол хязгаар гэсэн үг. Өөрөөр хэлбэл Каспийн тэнгисийг хөвөөлөн суугаа хүмүүс, оросоор бол каспийчүүд. Үүнийг үндэстэн гэж хэлдэг юм уу, тэнд амьдарч байгаа л хүмүүс болохоос энэ чинь тэгээд үндэстэн юм уу хэмээн   Жириновский чичлэн хашгичав. Одоо мань хүнд ээлжит “Персон нон грата” гарцаагүй. Гэхдээ мань эр хотойхгүй дараагийн авираа гаргав.

Ердөө саяхан даа. Дөрөвдүгээр сарын 15-нд Жириновский оросын армийн хурандаагийнхаа хээрийн хувцастай Төрийн Думын нэгдсэн чуулганы индэр дээр гарч ирэв. Ерөөсөө л дайтах нь гэж хар авахаар. “Команданте Же ганц ч буун дуу гаргалгүй Думын индрийг авлаа” хэмээн твиттер дээрээ Думын гишүүн Роберт Шегель гэж нэг герман нөхөр бичжээ. – Би өнөөдөр хурандаагийн цэргийн формоо өмсчихлөө, хуулиараа бол өмсөж болдог юм. Киев дэх цэргийн хунт яаж хувцасласныг би харлаа. Турчинов болон бусад энгийн нөхдөд дүрэмт хувцас тавьж өгчээ. Би тэгэхлээр нь өмсчихлөө гэж тэрээр сэтгүүлчдэд яриад Думын танхим руу оров. “Киевийн эрх баригчид өнөөдөр Донецк муж руу цэргийн техник, танк, хуягт оруулах тухай ярьж байна. Тийшээ зүсэн бүрийн бөөн хүч: тусгайнхан, арми, үндэсний гвард зүглэж явна.  Тэгэхлээр Майданыг яах гэж хийсэн нь тодорхой боллоо. Авилгатай тэмцээд, засгийн эрх солиод байхын тулд Майданыг хийгээгүй болж таарлаа. Майданыг АНУ зохион байгуулжээ. Тэгэхдээ энэ шөнө л зохион байгуулжээ. Европт дарины үнэр ханхалж, тэгэхлээр нь төсвөө огцом нэмэхийн тулд л Майданыг сэджээ.  Хүмүүс үхэж л байдаг, үхэх тусам нь брюссель, вашингтоны Засгийн газрын танхимуудад  Европыг хэрхэн хуваахаа тохиролцож сууна” хэмээн Жириновский Думын индрээс алдарт үгээ цууриатууллаа.
 
ОХУ-ын Төрийн Думын Ёс зүйн хороо гэж Жириновскийн талаархи гомдлын цуглуулгын товчоо. Зодолдлоо л болдог, ус цацлаа л болдог, бүсгүй хүн рүү дайрч давшлан үстлээ л боддог, яадаг ч үгүй.  Депутатын эрхийг нь хасъя, үгүйдээ ЛДПР намын лидерийн эрхийг нь түтгэлзүүлье л болдог, яадаг ч үгүй. Уучлал гуйлгана гээд цөхрөлөө барсан иргэн, албан байгууллага, улс төрийн нам, муж, БНУ тоогоо алдсан. Саяхан жирэмсэн сэтгүүлч эмэгтэйг хэлэх хэлэхгүйгээр хэлж эмнэлэгт хэвттэл нь дарамтлаад хээв нэг. Хүссэнээрээ тэр Укриандаа гүйж очоод үзэшгүй муухайгаар хүчиндүүлбэл чи таарна гээд хэлчихэж! Тэгснээ “Христос дахин амиллаа!” “Үнэхээр дахин амиллаа!” “Xристос дахин амиллаа!” “Дахин амиллаа үнэн байна!” гэж хашгирчээ!