ГАНЦААРАА ИРЭЭД ГАНЦААРАА БУЦНА
Хүний үйлсээр хүүдэгнэдэг, татвар төлөгчдийн мөнгөөр зоологсод эцсийн зогсоолдоо ирснээ мэд.
Ганцаас олон болдог ч ганц хувь ирээд ганцаараа буцах жамтай долоон тэрбум гаруй хүнийг аж амьдрал, бүтээн байгуулалт, тэмцэл цөхрөл, атаа жөтөө, алдаа оноо, сайн муу, ололт амжилт бүхий л үйлдэлтэй нь ачаалж дэлхий нарыг тойрон эргэсээр л... Байгалийн давтагдашгүй гайхамшигтай үзэгдэл, үйл явцыг гуйвуулж хаа газрын төрчинцрүүд хүнийг айлган сүрдүүлж, мухар сүсэг дээр нь дөрөөлж эрх мэдлийнхээ сэнтийд байнга мордоостой байх дон шүгэлсээр олон зууныг үджээ. Эр, эм хоёр ганцын дундаас нэг нэгээрээ бас ихэрлэн мэндэлж хүмүүн амьдралаа, амьд байх үнэ цэнийхээ төлөө зүтгэн тэмцсээр л... Хүний хуруу, өндөг, алганы хээ нь давтагддаггүй нь нотод үнэн тул би бээр хүн ганцаараа ирээд ганцаараа буцна гээд байгаа юм аа.
Нэг хүн бусадтайгаа аливаа харилцаанд өөрийнхөөрөө хандах нь хамгийн үнэ цэнэтэй, нандин, бие биеэ хүндэтгэсэн, асар өргөн хүрээтэй, үзэгдэл юмсыг олон өнцгөөс харах соёл, жудаг юм шүү дээ. Ийнхүү өөр өөр санаа бодолтой хувь хүнийг албаар нэгтгэсэн тамлан талхи, бусармаг үйлдлийн харанхуй цэвдэг хүйтэн агуулах бол буруу төр.
Түүх өгүүлсү. Төрийн эрх хаан эсбөгөөс хатны гарт байваас харьяат албатууд нь тэдний зангаагаар амь дүйж, эзнийхээ зарлигаар үхдэг. Язгууртнуудын засаглалтай улс оронд эрх мэдэл өвлөгдөн элитүүдийн гарт байх агаад тэд нийгмийн доод давхрагаа гишгэлдэг. Шашинт төрүүд бурхны эсвэл далдын хүчний нэрийн өмнөөс лүндэгнэхэд сүсэгтнүүд үг дуугүй дагадаг. Ардчиллын эрх мэдэл нь олонхоороо түрий барьж, цөөнхийгөө боорлож байдаг. Олон зууны туршид хувь хүнийг золиослон залхааж, эрхийг нь бүдээлгээр зөрчиж, яргалан тамалсаар өдий хүрчээ. Тэвчишгүй муухай гэм зэмт хэрэг үйлдлийг буруу төрийн хар муйхар бодлогоор гүйцэлдүүлдэг хүн л хувь хүний эсрэг цус үнэртүүлнэ.
Баримт өгүүлсү. Хаан Томас Мүүрийг цаазалсан, язгууртнууд тариачдыг хядсан, лам нар Галилейг гэрийн хорионд тарчлааж, Бруног шатаасан, Афины ардчилагчид Сократад хор өгч хөнөөхөд тэр “Нүгэл нь хүний сүйтгэл, харин үхэл нь хүний үргэлжлэл” гэж хэлээд амьсгаа хураасан...
Эдүгээ газар газрын улс орон буруу төрийн 01, 02, 03-уудаараа хүнийг эрхийг, эрх чөлөөг, өмчийн эрхийг зөрчиж, оюун санаа, бие махбодыг мөглөнд байлгасан хэвээрээ байна. Мэдсээр харсаар байж манай төрчинцрүүд Үндсэн хуулинд хутга дүрж эхлээд нэлээд ужгирч, сүүлдээ нөгөө л муу социалист залиа хэрэгжүүлж айраг найрын улирлаар, монгол хүний ид алмай үеэр, амралтын цаг хугацааг нь ашиглаж эрх мэдлээ бүтэн жилээр сунгаж, дарга мяндагтнуудынхаа тоог нэмж аваад төрийг улам л данхайлгаж сурталдах шинжиндээ орж явчихлаа.
Манай 01 Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэмэр болгож парламентийн хугацааг таван жил, гишүүдийн тоог 108 хүртэл нэмэхээр санал гаргасан нь хаанаас олж авсан тоо вэ гэмээр. Таван мэдрэхүй, таван өнгө, таван тансаг, 108 суварга, эрхиний тоо 108 гэх мэт тооны бэлгэдэл харжээ дээ, янз нь? Магадгүй таван жилийн төлөвлөгөө ч байж болох, өнгөрсөн социалист мөрөөдлийн. Наадмын нээлтэд “Чингис хаан минь морь чинь хурдан, бөх чинь бяртай, харваачид чинь цэцэн байна аа” гээд л авна билээ. Хорин нэгдүгээр зуунд бэлгэдэл, домог зүйгээр амьдарна гэдэг инээдтэй л хэрэг. Яагаад бодитой харахгүй байна вэ? Бодит чиг хандлага, ончтой үр дүнгээс зугатаагаад, гажуу авир гаргаж хууль ёс, горимын, жам ёсны үнэ цэнийн хөрснөөс хөндий, хөөсөрсөн зохиомол загвараасаа салах хэрэгтэй л дээ. Ер нь хүний жудгийг, хувь хүний үнэ цэнийг дээдэлдэг капитализмыг алгарлаад байгаагийн гай шүү энэ дампуурал чинь хөөе!?!
Өөрийгөө хүндэлдэг, үнэлдэг хүн бүхнийг сэргээж, урьж, талархан дэмжиж байна, би. Эх орон ч дүр эсгэсэн сэхээтнүүдийг биш шүү, андуурав даа! Эсвэл та нар өөрчлөгд. Цэвэр оночтой, рациональ чиг хандлага руу анзаараад үз. Оюун сэтгэлгээ, амь амьдрал, амьд байх тэмцэл, эрх, эрх чөлөө, өмчлөх эрх, жудаг, аз жаргалаа ариун байлгах, байгаагаараа байхын төлөө тууштай зогсох залуус өсөж өндийж, бойжиж байгааг мэдэж байгаа учраас бардам байна, би. Улс үндэстнээ өөдрөгөөр харж, эрдэм мэдлэгтэй, боловсролтой, юмс үзэгдэлд судалгаатай ханддаг, цэгцтэй, оноч хараатай, ажил үйлсдээ үр дүнтэй хандаж, ач тус, ашиг хүртдэг хувь хүнтэй яриа өрнүүлж, мэтгэлцэж суухад ямар таатай гээч. Тэд л үндэстнээ бас өөрийгөө аврах, хөгжил хөдөлгөөний үйлсийг дэлгэрүүлэн бэхжүүлж чадна.
Нам төрийн дээр залрахаа болих мөчийг, төр хувь хүний зарц нь болох агшныг тэвчээр заан хүлээнэм, би. Дээрэмчин нам, тонуулчин төрийнхөн одоо болно оо, зогс. Дэлхий даяар цуурайтуулж хэлье... Үндсэн хууль төрд бүрэн эрхийг бэлэглэдэггүй. Харин хувь хүнийг төрөөс хамгаалах баталгаа. Товчхондоо энэ.
Хуульчид аа, Монгол Улс парламентийн бүгд найрамдах улс байна гэдгийг есөн зуун мянган хүний саналаар шийдэж, 1992 оны Үндсэн хуульд тусгасан. Энэ шийдлийг аливаа улс төрийн нам, хэн нэгэн улстөрчийн хүслээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад шийдчих асуудал биш. Хэрвээ тэгвэл жинхэнэ төрийн эргэлт болно. “Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр биш ээ, Үндсэн хууль өөрөө байдаг юм” гэж хэлсэн Б.Чимэд багшийн чинь хэлсэн үгийг сануулъя. Хууль эрх зүйт нийгэм, бөх бат оршиж, хувь хүний тусгаар тогтнолыг бүхий л талаар хамгаалан бэхжүүлнэ гэдэгт хазайшгүй үнэмшдэг юм аа, би.
УИХ-ын гишүүний бүрэн эрх гэж дэлхий дээр байхгүй... Хүний эрх, эрх чөлөө, өмчийн эрх л гэж бий. Өөртөө хэзээ ч итгэдэггүй хүмүүс айснаасаа болж төр бузарлаж гүйцлээ. Одоо болно. Ул улаан шагайж, бөгс бөөрөө ухахаас өөр үйлс сэдэхгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Тэр нь сонгуулийн үеэр бүр ч гаарна гээч. Юуны ч төлөө гэлээ нэг нөхөр цамцаа гандтал тэмцсэн ч гэх шиг, шахааны наймаагаа алдаад бачимдаж харагдсандаг. Харин би бээр төр ариун байхын тухайтад төрийг өөрийнхөө төлөөлөл болгож сонгосон сонгогчдынхоо зарц байхыг харахын төлөө амьсгаа хураах мөчөө хүртэл ухралтгүй зогсоно.
Хүний үйлсээр хүүдэгнэдэг, татвар төлөгчдийн мөнгөөр зоологсод эцсийн зогсоолдоо ирснээ мэд.
Санал. 1992 оны Үндсэн хуулийг хүндэтгээд 2000 онд хийсэн дордуулсан долоон өөрчлөлтөө буцаагаад байранд нь зоочих. 1992 онд улстөрчид эвдрээгүй, эрүүл сэтгэж байсан юм. Харин Үндсэн хуулиа шинэчлэхийг хууль эрхзүйн өндөр мэдлэгтэй, үндсэн хуулиар мэргэшсэн, XXI зууны сэтгэгчдэд үлдээчих. Эрх мэдэлтнүүд Үндсэн хуулийн нугас руу буруу эшилсэн сүр аль хэдийнэ зоочихлоо.
Төрөөр хамгаалалтын цайз хийж, өөрсдийгөө нууж болох хуулиар хуяглаж, гэмт хэргээ далдалсан сэжигтнүүдээр, яг үнэндээ яллагдагч нараар Үндсэн хуулиа төнхүүлэх нь буруугийн буруу. Б.Чимэд гуай амьд байсан ч болоосой. Төр өмчгүй болоход, үнэ чөлөөлсөн үед, зах зээл жамаараа эргэлдэж, чөлөөт өрсөлдөөн хөгжихөд садаа болдог төрийн оролцоо устсан цагт л төр ариусаж эхэлнэ. Хууль нь хүнийг хамгаалаад ирэхээр хүн нь хуулиа өмөөрөх ийм л тогтолцоог цогцлооё. Хүн ганцаараа ирээд ганцаараа буцна. Уйлж ирээд, уйлуулж одно.
Жич: Күнзийн суртаал, Марксын албигнал, ОУВС-д бурантаглуулахаасаа бүрэн татгалз. Тэдний зангаагаар биш монгол хүн бүхэн өөрийнхөө оюун санааны эрчмийг ундрааж, өөрсдөө болоод үндэстнээрээ улам бие даан хөгжих нь зүйд нийцнэ.