У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин нарын ялгаа тодорч эхэллээ
МАН-ынхан ямар Ерөнхий сайд томилохдоо ямар том алдаа гаргаснаа одоо л ойлгож түрүүчээсээ гашуудаж эхлээд байна.
МАН-ынхан ямар Ерөнхий сайд томилохдоо ямар том алдаа гаргаснаа одоо л ойлгож түрүүчээсээ гашуудаж эхлээд байна. Яаж сонгохоороо У.Хүрэлсүхийг Ө.Энхтүвшин нь дээр гэж үзсэн бэ гэдгээ өнөөдрийн өдрөөс эргээд харсан чинь тэнд ямар ч зарчим баримтлаагүй, ерөөсөө л дараагийн Засгийн газарт орох сонирхол байсан бөгөөд энэ зорилгоо өөрөөсөө ч нуух шахам “Сайд болох гээгүй” гэцгээж байсан. Гэтэл өнөөдөр намаа ч хагалахад тусалж, өөрөө ч сайдын суудалгүй болоод ирэх нь тэр.
Өнөөдрийг хүртэл МАН-ынхан талцсаар Засгийн газраа байгуулж чадахгүйд хүрээд байна. Эцэст нь одоо л нэг шийдэлд хүрч байгаа нь У.Хүрэлсүхийг дэмжсэн МАН-ын гишүүдийн даанч хүсээгүй тэр гарц байв. Шинэ Ерөнхий сайдын хэлээд байсан “бяртай” Засгийн газрын “бяр” нь юундаа байсныг одоо л мэдэв. Түүнд Ерөнхийлөгчийн суганд хавчуулагдаж, АН-ынхны дэмжлэгтэйгээр, бүлэг дотор өөрийг нь дэмждэг зөвхөн тэр гишүүдээс сайд нараа томилохоор шийджээ.
Энэ нь юунд хүргэх вэ гэвэл Ерөнхий сайд өөрийгөө Ерөнхийлөгчид, АН-ын бүлгийнхэнд барьцаалж байгаа хэрэг юм. Учир нь дээрх хүч байхгүй бол түүний танхим бүрдэхгүй төдийгүй цаашид ажиллахад ч маш хэцүү болж ирэх нь тодорхой болсон. Ингээд амлаж байсан “давхар дээлгүй” байх, “дан, давхарын холимог” байх зэрэг бүх хувилбарыг таягдан хаяж зөвхөн өөрийгөө бодож танхимын сайд нараа зөвхөн УИХ-аас бүрдүүлэхээр шийдсэн байна. Угтаа өөрийгөө цаашид ямар ч авралгүй болох замыг сонгож байгаа хэрэг л дээ.
Хэрэв Ө.Энхтүвшиндээ итгэл хүлээлгэж Ерөнхий сайдаар томилсон бол тэр У.Хүрэлсүхээс илүү туршлагатай, зарчимч учраас хэлсэндээ хүрч томилгоо хийхдээ давхар дээлийг тайлуулах, мэргэжлийн хүнээр удирдуулах хийх, ядаж л “дан, давхарын холимог” хувилбараар хагарсан намаа нэгтгэж, өнгөрсөн хугацаанд сонгогчдоо гомдтол гаргасан алдаагаа марттал засч гялалзтал ажиллаж чадах байв. Тэрбээр намынхаа эв нэгдлийг хангах эхний ажил нь танхимаа бүрдүүлэхээс эхлэх тул баттай, зөв, зарчимч Засгийн газрыг байгуулах байсан.
Юун Ардчилсан намын бүлгийн дэмжлэгийг авах, айхаараа ахынхаа араар нуугддаг жаал шиг Ерөнхийлөгчөөр “хамгаалуулж” УИХ-д даалгавар өгүүлэх мэт үг хэлүүлж байж УИХ дээр дэмжлэг авч томилогдох, намаа ийм муухай харагдуулахгүй байсан. Хэрэв Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болсон бол УИХ-д 65 суудал авсан нам Засгийн газрыг удирдахдаа хэрхэн төрийн бодлого, намын бодлогоо, мөрийн хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлж үр дүнд хүрч болдгийг харуулах байлаа.
Тэгэхээр одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нар зөвхөн УИХ-ын гишүүд байх нь ойлгомжтой боллоо. Ерөнхийлөгч, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийн дэмжлэгийг авсан учраас Уул уурхайн сайдаар өөрийн санал болгосон хүнийг дэмжүүллээ гэхэд Ашигт малтмал, Газрын тосны газрын дарга нь тэдний л хүмүүсийг томилох нь тодорхой. Яг ийм маягаар дараагийн Засгийн газар үзэгддэг бус, үзэгддэггүй МАНАН байгуулж манай Ерөнхийлөгч бараг Засгийн газартай, түүний Тамгын газрын даргын “уурга улам уртсах” зам нээгдлээ. Хууль зүйн сайд нь Ерөнхий сайдын томилгоо ч ЦЕГ, ТЕГ, ШШГЕГ, ХХЕГ гээд Ерөнхийлөгч болон АН-ынхан хаана нь ч өөрсдийн хүнийг томилж болно. Улстөрч гэмт хэрэгтнүүдийн асуудлыг шийдэхэд хүртэл цагдаагаасаа эхлээд шүүхээ хүртэл бүх зам шулуун, дардан, үнэхээр гүйцэтгэл сайтай байгаа биз. Үүнийг л “төгс тохироо” гэж байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газрын бяр нь эндээ л байж.
Харин Ө.Энхтүвшин Ерөнхий сайд болсон бол Ерөнхийлөгчийг сөрөхдөө сөрж, улс төрийн хувьд, гадаад дотоод харилцааны асуудал дээр ч Ерөнхийлөгчөө зөв чиглэлд нь хөтлөх арвин туршлагатай түшиг тулга нь байх байлаа. Тэрбээр энэ талаараа налж унаад, дагаж намираад байгаа У.Хүрэлсүхээс нь хавьгүй илүү билээ. Магадгүй МАН дотроос тэр л чадах байсан болов уу гэж тус намынхан эмгэнэж сууна. Төрийн институци эв нэгдэлтэй байна гэдэг нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дотно байхыг хэлдэггүй юм. УИХ дотроо эв нэгдлээ хангасан байхад л төрийн эрх барих дээд байгууллагын эрхээ эдэлж чаддаг гэдгийг өнөөдрийн үйл явдлууд харуулж байна.
Галт тэрэг нэгэнт хөдөлжээ. Ерөнхий сайд “төгс барьцаалагдахаар” шийдсэн. Энэ шийдэл дээр түүний Засгийн газрын “насжилт”, улс төрийн карьер нь тогтож яваа. Тун эвгүй Засгийн газар байгуулагдах нь. Бодлого шийдвэрүүд нь харахад У.Хүрэлсүхийнх мэт харагдавч “тамга” нь өөр бүлэглэлд очсон шүү. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүх тэр хүчтэй бүлэглэлийн зөвшөөрлөөр л хөдлөх ёстой замыг бараг сонгочих шиг боллоо. У.Хүрэлсүх, Ө.Энхтүвшин хоёрын ялгаа энэ.