Төв Азиас сэдэлтэй ШХАБ-ын эв нэгдэл & Геополитикийн тоглолт
Орос цөхрөлтгүйгээр шинэ шинэ арга зам, суваг хайн урагш зүтгэнэ. Гол нь Орос ганцаардаагүй байна, хань нөхөд, холбоотон байна, Украин дахь түрэмгийлэл, аннексыг нь далдуур дэмжиж байна гэдгийг Өрнөдийнхөнд нотлон харуулах бүх талбарыг ашиглахыг Кремль хичээнэ.
- Номын хэсгээс
ҮАБЗ-ийн Стратеги судалгааны хүрээлэнгээс 2022 онд өргөн барьсан хамтын шинэ бүтээлд оролцов. Түүнд гарчигт өгүүлсэн сэдвээр бичих үүрэг надад ногдов. Номын хэсгээс дор толилуулъя.
Төв Ази (хуучнаар СССР-ийн Дундад Ази) гэж хэн бэ гэсэн асуулт эцсийн байдлаар хариултаа олоогүй байх шиг санагддаг. Оросын өнцөг, Британийн өнцөг, Энэтхэгийн өнцөг, Хятадын өнцөг, Ираны өнцөг, Туркийн өнцөг гээд олон янзаар тодорхойлогдоно. Орчин үед бол Төв Азийн 5 БНУ-ын нутаг дэвсгэр дээр голлож ярьж байна. Энэ 5 улс бол Оросын эзэнт гүрний үед Уральск, Тургайск, Акмолинск, Семипалатинск, Семиреченск, Ферган, Сырдарья, Самарканд, Өвөр Каспийн муж гэсэн хаягтай Оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд байжээ. Үүний сацуу Бухарын эмират, Хивийн хаант улс автономит эрхтэйгээр оршиж байсан. Нийт нутаг дэвсгэр нь 3.5 сая гаруй хавтгай дөрвөлжин километр. Хаант Оросын үед XIX зууны 90-ээд онд нийт оршин суугч нь 7.7 сая байсан гэх тоо буй. Хаант Оросын Төв Ази дахь экспанс XIX зууны турш явагдаж, колонийн их гүрэн Их Британитай энэ бүс нутагт тулгарч, Энэтхэг дэх эзэмшлээ алдаж мэднэ гэж болгоомжлохдоо британичууд Афганистаныг эзлэн авч буфер бүс болгож байв. “Русская Средняя Азия” (Оросын Дундад Ази) гэх алдрыг тэр үед олж, Оросын нөлөөний хүрээний бүс нутаг болсон түүх.
Энэ тухай их түүхийг өгүүлэх гээгүй. Энэ бодлого хэлбэр дүрсээ өөрчлөн өнөө хүртэл Оросын төрийн гадаад бодлогод (геополитик, аюулгүй байдал, геоэкономик, “оросын ертөнц” гээд бүгд) хэрэгжиж байна. Түүнийхээ төлөө ОХУ ямар ч үнэ цэнээр ялалт хангахын төлөө зогсож байна, зогсох болно гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.
Харин эдүгээ Оросын энэ бодлого элдэв саад бэрхшээл туулахаас аргагүй боллоо. Нөлөөний хүрээгээ алдах уу, үгүй юү гэдэгтээ тулсан геополитикийн тулаанд орж явчихлаа.
Орос-Украины дайны фонон дээр Төв Ази нь өөрөө өөрчлөлтийн замд эргэлтгүй орж байх шиг байна. Энэ нь революц байх уу, эволюц байх уу гэдэг нь цаг хугацааны асуудал. Улс төрийн өнцгөөс дэглэмүүд рүү хандуулан тэгж хэлж буй биш, геополитикийн өнцгөөс тэр бүс нутгийг тэгж үнэлэхээр байна.
Уламжлалт нэр хаяг нь Оросын эзэнт гүрэн, одоогоор бол ОХУ гэсэн нэртэй тэр нэгэн их гүрэн Төв Азиас аажмаар шахагдах, тэр орон зайг нь “Өрнөд” гэхээсээ геополитикийн өнцгөөс Турк, эдийн засаг-санхүүгийн өрсөлдөөнөөр БНХАУ нөхөх магадлал илт боллоо. Украинд хамаг хүчээ барсан, дотооддоо зөрчилтэй бодлого явуулж, нийгмээ ямар нэгэн хэмжээнд бужигнуулаад байгаа Орос нь Төв Азид тоглолт хийх манатай байна. Аман заналхийлэл, устгана, эзлэнэ гэсэн үгсийг Кремльд биш, Төрийн Дум, орон нутгийн хурлын байгууллагууд, эрдэмтэд судлаачдын зүгээс харамгүй урсгаж байгаа боловч ОХУ цэрэглэн хөдлөөд Украинд үйлдэж байгаа шигээ “цэргийн тусгай ажиллагаа” явуулах бодит боломж нөөц хүч, сэтгэл зүйн бэлтгэл даан ч алга.
Владимир Жириновский тухайн үед ингэж мэдэгдэж байв: Тэнд Орос л байна. Тэнд Уральск, Семипалатинск, Петропавловск байна. Энд юун Казахстан бэ?
Гэтэл өнөөдөр ОХУ-ын ҮАБЗ-ийн дэд дарга, Ерөнхийлөгч асан Д.Медведев Казахстаныг ингэж хэлж байх юм. “Казахстан бол зохиомол улс”, “Казахстантай тогтоосон хил, тэр улсын бүрэн эрхт байдал хууль ёсных эсэх нь эргэлзээ төрүүлж байна”, “угсаатны олон бүлгүүдээ тус орон дотооддоо шилжүүлэн суулгаж байгааг эсэргүүцнэ”, “Казахстанд оросууд очоогүй цагт дэг журам тогтохгүй” гэжээ.
“Z” гэсэн үсгийг нь эсэргүүцсэн тул Казахстаныг найрсаг бус орнуудын жагсаалд оруулах хэрэгтэй, Украин дахь халдлагыг нь дэмжээгүйн төлөө Казахстан руу дайлах хэрэгтэй хэмээн Төрийн Дум дэх “Шударга Орос” намын лидер Төрийн Думын Холбооны Зөвлөлийн дарга асан С.Миронов илээр заналхийлэв.
Астанад суугаа Украины Элчин сайдыг хөөлгөх гэж Казахстаны ГХЯ-ыг ОХУ-ын ГХЯ-наас дарамтлаад бүтэлгүй хоцров. “Украинчууд аль болох олон оросыг албал таарна” гэж Украины Элчин сайд Петр Врублевский хэн нэгэн блогерт ярилцлага өгөхдөө ярьсан хэмээн Оросын ГХЯ ял тулган хөөлгөхийг завдсан ч Казахстанд Оросын шаардлагыг хэрэгсэхгүй өнгөрчээ. Үүнээс болж дипломатын үйл ойлголцол нэг хэсэгтээ дэврэв. Казахстаны ГХЯ Украины Элчин сайдыг “неонацист хэмээн үзэхгүй, хөөж гаргах үндэслэл байхгүй” гэлээ. Орос цөхрөлтгүйгээр Казахстаныг ятгана. Блогеруудынх нь бүх зардлыгдаагаад, цэрэг гаргаж хамгаалуулаад ЛДНР буюу Донбасс руу очуулъя, хүсвэл байлдааны гарын цэг дээр аваачиж үзүүлье гэснийг казахууд шууд няцаав. Блогер нэг нөхөр шууд хэлж байна–“Бид Украиныг дэмжиж байгаа” гэв.
Зөрчлийг илтгэх 2022 оны хамгийн ориг, бодитой, илэрхий Оросын эсрэг мэдэгдлийг Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Петербургийн олон улсын эдийн засгийн форумын өргөтгөсөн хуралдаанд В.Путины хамт уригдан оролцохдоо палхийтэл хийчихсэн. Кремлийн суртал нэвтрүүлэгч Маргарита Симоньяны асуултад хариулахдаа: Улс үндэстний өөртөө засан тохинох эрхийг манай гаригт хэрэгжүүлнэ гэвэл одоо НҮБ-ын бүрэлдэхүүнд ордог 193 улс биш, энэ дэлхийд 500, эсвэл 600 улс буй болно, мэдээж ингэвэл хаос үүснэ. Бид ийм шалтгаанаар Тайванийг ч, Косовог ч, Өмнөд Осетыг ч, Абхазыг ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ зарчим квази улсуудын нутаг дэвсгэрт ч хамаарна. Бидний үзэж байгаагаар квази улс гэдэг нь Луганск ба Донецк мөн гэжээ.
Украин дахь дайндаа хамгийн чухал, үнэмлэхүй, баталгаатай дэмжлэг авчих санаатай хуучин Дундад Азийн хамгийн том улсын удирдагчийг байлцуулан ялалт байгуулна гэсэн В.Путины санаархлыг ийнхүү Оросын нийгмийн нүдэн дээр, дэлхий дахинд ноён К.Токаев харлуулжээ. Казахстан хүлээн зөвшөөрөөд дэмжчихвэл бусад нь дагалдана гэсэн итгэл Кремльд байсан нь ийнхүү унтарчээ.
Энэ мэт олон жишээ эш татаж болох авч дүгнэж үзвээс ганц л логик дээр бууж байна. Юу гэвэл Украин дахь дайндаа Астанагаас огтоос дэмжлэг хүлээхгүй байна, харин ч далдуур Украиныг дэмжиж тусалж байна хэмээн хардаж цухалдсан оросын эрх баригчид “Цэргийн тусгай ажиллагаа” явуулж Донбасс шиг болгоно гэсэн заналхийлэл Оросоос тасрахгүйбайгаагийн цаад мөн чанар ил боллоо. Төв Азид бугшиж буй нэг том зөрчил ийнхүү Орос-Казахстаны харилцааны шинэ өрнөлтөөр баяжлаа.
Бас нэг өрнөлт нь Кыргыстан-Тажикистаны хилийн дайн (30 орчим жил үргэлжилсэн, олон удаа сэдэрсэн, байнга дэгддэг гэдгээр тулаан, байлдаан гэхгүйгээр “дайн” гэж авлаа-Зох) юм. Би ярилцлага өгөхдөө ч энэ тухай дурдсан. “Миний хувьд эмзэг хүлээн авахаар шүүмжлэл Кыргыстаны Ерөнхийлөгч С.Жапаровын амнаас уналаа. Түүний ярьснаас үзвэл ШХАБ ба ОДКБ эвслийн өөр нэг гишүүн, олон жилийн түнш хөрш Тажикистантайгаа үхэх сэхэхээ үзэлцсэн дайнд татагдаад орчихсон, Тажикистан нь Кыргыстаны нутаг дэвсгэр рүү байнга өнгөлзөн, хилийн дайн дэгдээгээд байгаа гэлээ.Кыргыстан нь бусад орны хилд өнгөлзөхгүй, гэхдээ өөрийн газар нутгаас нэг сөөмийг ч бусдад алдахгүй, газар нутгийнхаа төлөө хатуу зогсоно хэмээн НҮБ-ын индрээс сануулж, бараг тангараглаж байв”.
Дөрвөн улсын хоёр талын харилцааны зөрчлөөр оршил үгсээ дуусгая. Цаана нь Узбекистан, Туркменистаныг дурдалгүй орхисныг хүлцээрэй. Узбекистан-Казахстан, Узбекистан-Кыргыстан гээд яривал бичигдэх хэрүүл бий юм билээ. Ноцтойг нь дээр жишээллээ.
Энд хэргээр тэмдэглэхэд Төв Азид нөлөөлөх Оросын гурван (эсвэл 4 төрлийн) төрлийн механизм эдүгээ алин нь ч үүргээ тэр бүр гүйцэтгэхгүй байна. Тэр гурав нь ОДКБ, ШХАБ, Евразийн эдийн засгийн холбоо, дээр нь ТУХН байж болно. “Олон туйлт дэлхий төлөвших явцад Ази чухал үүрэг гүйцэтгэж, хүчний шинэ төвүүд бэхжиж, дэлхийн эдийн засгийн өсөлтөд Азийн бүс нутгийн орнууд локомотив болж байна. ШХАБ, АСЕАН, Евразийн эдийн засгийн холбоо зэрэг интеграцын нэгдлүүд эрчтэй өгөөжтэй ажиллаж байгаа” тухай Путин ямагт ярих авч жишээ нь ШХАБ-ыг АСЕАН-тай хамтатган Өрнөдийг сөргүүлэх ямар ч шинж тэмдэг харагдахгүй байна.
Гэхдээ л Орос цөхрөлтгүйгээр шинэ шинэ арга зам, суваг хайн урагш зүтгэнэ. Гол нь Орос ганцаардаагүй байна, хань нөхөд, холбоотон байна, Украин дахь түрэмгийлэл, аннексыг нь далдуур дэмжиж байна гэдгийг Өрнөдийнхөнд нотлон харуулах бүх талбарыг ашиглахыг Кремль хичээнэ. Дорнын эдийн засгийн VII форум (Владивосток), ШХАБ-ын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн XXII хуралдаан (Самарканд), Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын (танигдсан нэршил нь СВМДА) VI дээд хэмжээний уулзалтыг (Астана) жишээлж болно...