Төмөр замын "романтик" төслийн реформ нь юундаа байна аа!
Улс төрд ч, бизнест ч “Хэрвээ...” гэж байдаггүй гэлцдэг. Харин өнөөдөр Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод орсон өөрчлөлтөөс харахад өөрийн эрхгүй “Хэрвээ Х.Баттулга, А.Гансүх нарын бодлогоор төмөр замаа барьсан бол...”, “Хэрвээ тэдний Засгийн газрын үед бол хэрхэн шийдвэрлэх байсан бол”, “Яг энэ замаар явах байсан уу”...гэхчлэн бодогдоно.
“АСПЭЙР МАЙНИНГ”-Д МОНГОЛЫН ТӨР ХААЛГАА НЭЭВ ҮҮ
Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг өнгөрсөн зургаадугаар сарын 29-ний УИХ-ын хаалтын чуулганаар баталсан. Ингэснээр Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д Эрдэнэт-Арцсуурь”,“Зүүнбаян-Ханги“ гэсэн чиглэлүүдийг шинээр тусгалаа. Энэ өөрчлөлт нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын II шатанд баригдах Нарийнсухайт- Шивээхүрэн 45.5 км, Тавантолгой- Гашуунсухайт 267 км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380 км, Хөөт-Бичигт 200 км гээд нийт 900 км төмөр замын чиглэлд хамаарч дээрх хоёр чиглэлийг нэмж тусгаснаар нийтдээ 1900 орчим км болж байгаа юм.
Төртэй хамтарч ажиллахад тэвчээр ихэд чухал бололтой. “Шинэчлэлийн” болон “Шийдлийн” Засгийн газрын үед Хөвсгөлийн фосфоритын ордтой “хардагдаж”, тодорхой хэмжээнд хавчигдаж байсан “Аспэйр Майнинг” өнөөдөр “гол тоглогч” болж байна. “Аспэйр Майнинг” энэ удаад коксжих нүүрсний Овоотын орд газраар дайран ОХУ-тай хиллэх Арцсуурь боомт хүртэлх 780 км, Дорноговь аймгийн Зүүнбаян баг дахь төмөр замын өртөөнөөс БНХАУ-тай хиллэх Ханги боомт чиглэлд 280 км төмөр замыг тус тус байгуулахаар хоёр тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр “тайзнаа” гарч ирлээ.
Тэдэнд барилгын ажлыг хийж гүйцэтгэх таван жилийн хугацаа, төмөр замын төслөө хэрэгжүүлэх 30 жилийн хугацаатай Концессийн эрх, өөрийн хөрөнгө оруулалт болох 1.25 тэрбум ам.доллар гол “зэвсэг” нь болж байна.
“Эрдэнэт-Арцсуурь” чиглэлийн нийт 780 км төмөр зам нь Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор”, ОХУ-ын Тувагийн Кызыл хотоор дамжих “Кызыл-Курагино” чиглэлийн төмөр замтай холбогдоно. Тиймээс Ази-Европыг холбосон транзит тээврийн шинэ коридорыг бий болгож, гуравдагч зах зээл, далайн боомтод хүрэх түүхэн үйл явдлын гол баатар болж таарна. Эртнээс бий болгосон энэ “боломж” нь улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан “Аспэйр Майнинг”-ийг орхичихоод байсан ч тэд тэвчээртэй хүлээсээр “дараагийн галт тэргэнд” сууж чадлаа. Одоо боломжийг алдахгүй биз ээ. Тэднийхийг Австралийн Засгийн газраас гадна Монголын Засгийн газар ойлгодог, дэмждэг, гэрээндээ эзэн болдог өдөр ирдэг юм байж.
Давахгүй гэсэн даваагаар гурав давдаг гэгчээр нарийн царигийн талаар хэрэлдсээр хэтэрхий олон жилийг өнгөрүүлсэн Монгол Улсын “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д оруулсан дараагийн өөрчлөлт нь тун гашуухан шийдвэр байлаа. Гэвч үнэнтэй, гарах гарцгүй өгөгдөлтэй нүүр тулахаас яах вэ. Хаалттай чуулганаар хэлэлцэж баталсан дараагийн өөрчлөлт нь Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Хятадтай хиллэх Ханги боомт хүртэл 280 км төмөр зам байгуулах тухай байв. Үүний нийт өртгийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын өртгөөр жишиг болгон тооцоход 1 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай гэнэ. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар Замын-Үүдийн боомтоор Хятадын зах зээлд экспортлогдож буй төмрийн хүдрийн экспортын туулах замаа 600 орчим км-ээр дөтөлнө. Ингэснээр экспортын төмрийн хүдэр тонн тутамд 4-6 ам.доллараар хямдарч Австрали, Хятадын дотоодын түүхий эдтэй өрсөлдөхүйц үнэд хүрэх боломжтой гэж тооцоолжээ. Мөн төмрийн хүдрээс гадна коксжих нүүрс, зэсийн баяжмалыг Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэж Хятадын аж үйлдвэрийн бүс нутаг Бугатын төмөрлөгийн кластерийн төв болох зорилтот зах зээлд өрсөлдөхүйц үнээр нийлүүлэх боломжтой юм.
“МТЗ”-Г ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
Дээр дурдсан сайд нарын бараг нэрийн хуудастай нь хамт нэрээ дуурсгасан төрийн өмчит компани бол “Монголын төмөр зам”/МТЗ/ байлаа. Төрийн өмчит компани өөрийг нь үүсгэн байгуулсан улстөрчидтэй хамт сэргэж, хамт гундахын жишээг энэ компаниас л харав. Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөний бий болгох зорилготойгоор үүсгэн байгуулсан “Монголын төмөр зам” Төрийн өмчит компани 10 дахь жилтэйгээ золгож байна. Түүний гараа маш гоё байв. Тэднийх шиг баян компани ховор, үйл ажиллагаа нь маш чухал зиндааных, хүний нөөц нь дандаа шилдэгүүд, дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлэх зорилт, төрөөс өгсөн даалгавар хүртэл ёстой л “брэнд” байлаа шүү дээ. Гэвч “мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэгчээр яг үүрэг аваад ажиллах болоход орж ирэх хөрөнгө оруулалт ч найдвар муутай, түншүүд ч тийм ч цэвэр сонголт биш, улс төрийн ашиг сонирхол ч хурцдах зэргээр саад мундахгүй байв.
Эцэстээ төмөр замын салбарт биш гэмт хэргийн ертөнцөд хөл тавихад хүрч дээрх төсөл хаалгаа хаасан. Хаахдаа бас харамсалтай ул мөр үлдээсэн байдаг. Наад зах нь төмөр замын хил холболтын цэгийн зөрүүтэй тогтоосон нь өнөөгийн ажилд саад болоод зогсохгүй нэмэлт санхүүжилт олох тулгамдсан асуудал болж үлдсэн. Өнгөрсөн онд Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэхээр ажиллаж бай¬сан ч амжилтгүй болсон. Одоогоор “МТЗ” компанийн өнөөгийн удирдлагууд хил холболтын цэгийг тогтоож байж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, санхүүжилтээ ярих эрхтэй болно.
Ямар ч байсан “МТЗ” Монголын төрийнх гэдэг утгаараа хамтарсан байгууллагыг бодвол “гол тоглогч” хэвээрээ байх бололтой. Тухайлбал энэ төсөл дээр 51-ээс дээш хувиа ч эзэмшинэ, тээвэрлэлтийг ч хариуцах нь тодорхой. Дашрамд дурдахад Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл хоёр хөрш орны аль алиных нь сонирхлыг татсаар ирсэн. Энэ төслийн техник, эдийн засгийн суурь судалгааг “Монголын төмөр зам” компани 2016 онд хийж гүйцэтгэж өнөөг хүртэл ЗТХЯ-ыг шаардлагатай мэдээллээр ханган ажиллаж байгаа аж. Мөн “МТЗ” ТӨХК БНХАУ-ын CREC буюу Хятадын төмөр замын зураг төслийн зөвлөх групп компанитай байгуулсан санамж бичгийн хүрээнд тус чиглэлийн ТЭЗҮ-ийн судалгааг гүйцэтгүүлж, одоо хяналтын шатанд яваа аж. Эцсийн шийдийг УИХ, ҮАБЗ гаргана.
Гэтэл наадмын өмнөхөн Засгийн газрын хуралдаанаар Төрийн өмчийн 51-ээш доошгүй хувийн оролцоотой “Тавантолгой төмөр зам” компани байгуулахаар шийдвэрлэв. “Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг шинээр байгуулсан компанид шилжүүлж, “Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болжээ. Мөн компанид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгож, дээрх чиглэлийн төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг нүүрсээ урьдчилан борлуулах замаар санхүүжүүлэхээр тогтов.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэх “Тавантолгой төмөр зам” компанийн төрд ногдохоос бусад хувьд хөрөнгө оруулах этгээдийг урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой гадаадын хөрөнгө оруулагч нараас судлан хэлэлцээ хийж, үр дүнг энэ онд багтаан танилцуулахыг холбогдох сайд нарт даалгалаа. Энэ бүхэн давтагдаж буй сценари биш гэж үү. Төгсгөл нь л сайхан байгаасай.
ҮАБЗ ЯМАР ШИЙДВЭР ГАРГАХ БОЛ...
Хил холболтын цэгийг Монгол, Хятад хоёр улсын хилийн хэлэлцээгээр тогтоох ёстой байдаг. Монгол Улсын санал бол хилийн 699-700 дугаар баганын хооронд буюу өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил хүрсэн 208.5 км дэх цэгээс цааш улсын хил хүртэл 12.1 км үргэлжлэх трасстай хувилбар байгаа. Хятадын талын хил холболтын саналын хувилбараар барилга угсралтын зардал 75 сая ам.доллараар нэмэгдэх хэдий ч нүүрс тээвэрлэх зай Монголын газар нутагт 22.8 км-ээр нэмэгдэх, тээвэрлэлтээс олох орлого ч 10 орчим хувиар өсөх боломжтой гэж тооцоолсон байна. Тиймээс Хятадын талын хил холболтын саналын хувилбараар шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Яг энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар дүгнэлт, зөвлөмж гаргах бол.
Цаг хугацаа, нөхцөл байдал богино хугацаанд түргэн өөрчлөгдөж байна. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын тэргүүн болсон. Түүний орыг залгаж ажилласан сайд А.Гансүх эдүгээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Өнөөдрийн нөхцөлд зөвхөн эдийн засгийн үр дүн харах уу. Экспортын орлогоо жил тутамд 1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломж чухал уу. Эсвэл эдийн засгийн үр ашиг ба улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал “урвуу пропорциоаль” хамааралтай гэдэг талаас нь дүгнэлт гаргах болов уу.
Ямар ч байсан Монгол, Орос, Хятад гурван хөрш зүүн коридорын хэмжээнд хамтран ажиллах эхний алхмаа хийж Монголын зүүн бүсийн төмөр замыг Европ, Азийг холбосон олон улсын төмөр замын транзит тээврийн томоохон гарц болгохоор ажиллаж байна. Мөн Хятадын Засгийн газраас Тяньжины чөлөөт бүсэд Монгол Улсад хагас зуун жилийн хугацаатай, хөнгөлөлттэй нөхцлөөр 10 га газар олгосон. Тэнд Тээвэр ложистикийн төв байгуулах учиртай. Гэхдээ хэдийгээр Монгол Улсад энэ газрыг олгосон ч Хятадын талтай хамтарсан компани байгуулснаар тэр газрыг эзэмших эрхтэй болно. Энэ талаар Шадар сайдын тушаалаар, Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд эхлээд холбогдох гэрээ, санамж бичгүүдээ шинэчилж, “Монголын төмөр зам” компанитай хамтран ажиллах дотоодын аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн тэр компани нь Хятадын талтай хамтран төслийн компаниа байгуулах юм байна. Ийнхүү хөдлөх бүрт Хятадтай хөтлөлцөх болзол, тулган шаардалт бүрийг туучиж гэмээнэ “далайд гарцтай” гэх уриатай болж “эдийн засгийн хөдөлгөгч хүч” шахуу болоод байгаа нүүрсээ “дэлхийн ханшаар” зарах болох нь. Шинэ төмөр замын “Романтик” төслийн реформ нь үүнд л байгаа юм.