Таван секундын үнэтэй 350 амь
350 хүний амийг аварсан, мөн тооны гэр бүлийг амьдралтай нь үлдээж чадсан энэ цагийн эгэл нэгэн баатрыг танилцуулъя.
Энэ цагийн монголчууд бид буруутныг тодруулахдаа ихэд гаргуун болжээ. Уургын морь шиг л ухасхийнэ. Нийлж байгаад балбана. Харин гавьяатныг алдаршуулахдаа тун хойрго. Хонины морь мэт хойшоо сууна. Хүн бүр шагналд дургүй гэх атлаа шагналтны нэрсийг түрүүлж уншаад шагнуулсан шалтгааныг хамгийн адагт ярьдаг болов. Үүнийг “манай үеийн парадокс” гэж том дүгнэлтгүйгээр эдийн засагтайгаа адилхан түр зуурын, шилжилтийн үзэгдэл байгаасай гээд орхиё.
Харин одоо 350 хүний амийг аварсан, мөн тооны гэр бүлийг амьдралтай нь үлдээж чадсан энэ цагийн эгэл нэгэн баатрыг танилцуулъя. Түүнийг Юубилээгийн Ганболд гэдэг. Тэр Улаанбаатар төмөр замд ажилладаг олон зуун машинчийн л нэг. Энд түүнийг онцлохын учир нь өнгөрсөн наймдугаар сарын 12-нд Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөө, 747 дугаар км-ийн 9 дэх зуутад болсон осолтой холбоотой. Улаанбаатараас Сайншандыг зорьж явсан суудлын галт тэрэг энэ өдрийн үүрээр осолдож зүтгүүрийн нэг секц хажуугаараа газарт унаж, нөгөө секц нь зорчигчийн гурав, ачааны нэг вагоны хамт замаас гарсан юм. Буруутан нь хэн, бас юунаас болсноос үл хамаараад вагон замаас гарна гэдэг бол осол. Төмөр замд бүр ноцтой осолд тооцогдоно. Уг ослын тухай, Айраг сум бүхэлдээ усанд автсан энэ өдрүүдийн тухай хэвлэлүүд хангалттай мэдээлсэн дээ. “Азаар хүний амь эрсэдсэнгүй, аймшигт осол болоход ойрхон байлаа” гэх зэргээр мэдээлж, унасан вагоны зураг хөргийг нийтэлсэн. Тийм ээ, тэнд азаар хүний амь үрэгдээгүй нь сайн хэрэг. Гэхдээ “азаар” гэхээс илүүтэй машинчийн ур чадвар уг галт тэргэнд зорчиж, бас ажил үүргээ гүйцэтгэж явсан 350 хүний амийг аварч чадсан нь бодитой дүгнэлт юм.
Машинчийн ур чадвар гэдэг нь нэгд, осол болохыг мэдэрсэн, хоёрт, яаралтай тоормоз хийж галт тэргээ богино зайд зогсоож чадсан чадвар хоёрын нийлбэр юм. Галт тэрэг бол автомашинтай адил тоормоз гишгэхэд арав хүрэхгүй метр яваад зогсдог унаа биш л дээ. Хүч их зарцуулж явдаг хүнд зовлоготой нүсэр техник. Яаралтай тоормоз хийхэд галт тэрэг хурдаасаа хамаарч, 80 км/цагаас дээш хурдтай явахад л 800-1000 метр буюу бараг нэг км урт зам явж байж бүрэн зогсдог. Харин Цомог өртөөнд болсон ослын үеэр машинч, туслах машинч хоёр галт тэргээ яаралтай тоормоз хийснээс хойш ердөө 120 орчим метр яваад зогсоож чаджээ. Энэ тухай машинч Ю.Ганболд “Би 35 жил машинч хийж, тэр замаар 30 гаруй жил явж байна. Ерөнхийдөө 80 км/цаг хурдтай явж өнгөрдөг зам. Осол болохоос 19 минутын өмнө Замын-Үүд-Улаанбаатарын хурдан галт тэрэг тэр замаар зүгээр өнгөрсөн. Манайх зөрөөд гарсан, бороо их орсон, үзэгдэлт тааруу учраас 70 арай хүрэхгүй км/цагийн хурдтай явж байсан. Гэтэл гэнэт зам төмөрт үл ялиг доргилт мэдрэгдэх шиг болсон, дор нь яаралтай тоормоз хийсэн, 120 гаруй метр яваад л зогссон, зүтгүүрийн туслах бид хоёрын сууж явсан секц хажуугаараа унаж, цувааны урд талын дөрвөн вагон замаас гарсан. Зам төмөрт доргилт мэдрэгдэхээс зүтгүүрийн секц унах хүртэлх үйл явдал ердөө хэдхэн хормын төдийд, тав зургаахан секундын дотор л болсон байх” гэж ярилаа. Эндээс олон хүн яаралтай тоормоз хийсэн тулдаа тоормозны замын уртыг багасгаж, галт тэргээ зогсоож чаджээ л гэж дүгнэх байх. Үнэхээр тийм ч, яаралтай тоормоз бол үнэндээ хоёрдугаар асуудал. Хамгийн гол нь зам төмөрт үүссэн доргилтыг мэдэрсэн нь машинчийн чадвар бөгөөд гавьяа, 350 хүн амьд үлдсэний үндсийн үндэс байлаа. Хэрвээ машинч доргилтыг мэдрээгүй бол эцсийн мөчид хийсэн тоормоз ч оройтох байв. Хэрвээ доргилтыг ганц, хоёр секундээр хожимдож мэдэрсэн бол юу болохыг төсөөлөхөд бэрх, магадгүй муу мэдээ сонсох байлаа. Жишээ нь, зам төмрийн жижиг доргилтыг мэдрээгүй, үгүй бол ганц хоёр секундээр хожимдож яаралтай тоормоз хийсэн бол, тоормоз хийснээс хойш 120 биш, түүнээс урт зам явна, энэ тохиолдолд зүтгүүрийн нэг секц биш, замаас гарсан дөрвөн вагон дөрвүүлээ, түүнээс ч олон вагон газарт унах аюултай бөгөөд бодит эрсдэлтэй. Эсвэл цувааны дундаас аль нэгэн вагон нь газарт унасан бол холбоотой явсан бусад 13 вагоныхоо хэдийг татаж унагах байсныг хэн ч таашгүй. Ийм л аюулыг машинч Ю.Ганболд, туслах машинч Батболд нар зайлуулж чаджээ. Баатарлаг үйлсийг заавал байлдаж байгуулдаггүй. Мэргэжлийн ур чадвар гаргаж, ажил үүргээ нэр төртэй биелүүлснээр баатарлаг үйлс бүтээж болдгийн бодит жишээ энэ буюу.
Ерөөс хугацаа, хэмжээ хоёр бол төмөр замын цусаар бичигдсэн дүрмийн хураангуй юм. Энэ тухай Р.Раш даргын нэг үг байдаг. Төмөр зам бол хэмжээ нь мм-ээр, хугацаа нь секундээр хэмжигддэг салбар гэж. Улаанбаатар төмөр замын анхны монгол дарга, 13 жилийн турш “толгой” нь явсан энэ эрхмийн дээрх үгийн үнэ цэнийг Цомог өртөөнд болсон ослын үеэр бодитой харуулсан, мэдрүүлсэн хоёр машинчид Монгол тэр аяараа талархахад буруугүй ээ. Тэд үүргээ гүйцэтгэсэн ч, өчнөөн олон хүний амь насыг аварч чадсан нь бодит үнэн юм. Гэтэл хүмүүс уг ослын зургийг л нийтэлж нэвтрүүлээд байснаас бус, аймшигт осол болох дөхсөн аюулыг зайлуулж чадсан машинчийн зургийг нэг ч гаргасангүй. Бусдыг алдаршуулах, бусдад баярласнаа илэрхийлэх үгэндээ гуйлгачин байх хэрэггүй. Хармын сэтгэлээ хойш тавь. Бусдынхаа сайн сайханд баярлаж яв, хувь заяаны чинь шанага том болно гэж монгол бөхийн домог Х.Баянмөнх аваргын хэлсэн сайхан үг байна.
Энд өгүүлж буй гурван хүүхдийн аав Ю.Ганболд өөрөө гурван үеийн төмөр замчны төлөөлөл. Түүний аав Юубилээ нь 1958 оноос эхлэн насаараа Сайншандын депод машинчаар ажилласан бол, охин нь өвөө, мөн аавынхаа адил төмөр замын мэргэжилтэй юм байна. Ямар ч хүнийн амьдралд “хамгийн хамгийн” гэх тодотгол хамгаас тод мөртэй үлддэг. Ю.Ганболдын хувьд мэргэжлийг нь өвлөн аавтайгаа найман жил нэг депод хамт ажилласнаа хамгийн сайхан үед тооцдог. Мөн дөрвөн Ерөнхийлөгчөөс дөрвүүлэнгээс нь шагнал авснаа ихэд бэлгэшээдэг. Түүний энгэрт Н.Багабанди Ерөнхийлөгч Хөдөлмөрийн хүндэт медаль, Н.Энхбаяр Ерөнхийлөгч Алтан гадас одон, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, сая болсон ослын дараа Х.Баттулга Ерөнхийлөгч Шударга журам медаль зүүж өгчээ. Уг нь 2014 онд УБТЗ нийгэмлэгийн 65 жилийн ой тохиож, төмөр замаас Монгол, Оросын хүндэт төмөр замчин, замын мэргэжлийн хоёр удаагийн аварга Ю.Ганболдыг болзол биелүүлсний учир Хөдөлмөрийн баатарт тодорхойлсон ч Хөдөлмөрийн гавьяаны одон дээр буусан гэнэ. Харин Цомог өртөөний саяын ослын үеэр Ю.Ганболдын амьдралд “хамгийн…” гэж болох хоёр тохиол зэрэгцсэн байна. Эхнийх нь, зөвхөн Сайншанддаа, мэргэжлээрээ 35 жил ажиллаж амьдарч байгаа Ю.Ганболд Цомог өртөөнд болсон явдлыг “Миний мэдэхийн Монголын төмөр замын түүхэнд суудлын галт тэрэгний хамгийн том осол” гэж тодотгов. Харин хоёр дахь “хамгийн…”-ыг ослын дараах хэдэн минут гэж тодотгов. Тэрээр унасан зүтгүүрээсээ гарч, хамгийн түрүүнд замаас гарсан суудлын вагон руу гүйжээ. Очоод:
-Хариулаарай, та нар зүгээр үү, амьд хүн байна уу гэж хоёр удаа хашхирсан. Дотроос хэн ч дуугараагүй. Тэгэхэд амьдралдаа айж үзээгүйгээрээ айсан. Сонин болдог юм билээ. Хүмүүс дуугарахгүй болохоор нь шууд вагоны цонхыг хагалсан. Тэгсэн чинь л гэнэт хүмүүс орилолдоод сандраад эхэлсэн. Дотор айсан хүмүүс орилолдож, айж байхад, би гадаа тэдний амьд байгаад нь баярлан зогсч байлаа. Гэхдээ тэднийг амьд байгааг мэдээд баярласан нь вагон доторхи хүмүүс дуугарахгүй, хариулахгүй тэр мөчид айснаас маань илүү гэж Ю.Ганболд машинч ярилаа.
Энэ ослын дараа Ю.Ганболд туслах машинчийнхаа хамт шууд эмнэлэгт хэвтэж, залгаад Үйлдвэрчний хорооноос нь Булагтай сувилалд сувилуулжээ. Ингэж эмчлүүлж байхад нь УБТЗ-ын дарга, орлогч нар бүгдээрээ шахуу,мэргэжил нэгт олон нөхөд нь хоёр машинчаа эргэж баяр хүргэн, баярласнаа илэрхийлжээ. Энэ нь Цомог өртөөний ослын шалтгаан нь байгалийн гамшиг ч, ослоос хүний амины хохиролгүй гарч чадсан нь машинчийн гавьяа болохыг удирдлагууд нь хийгээд энэ салбарын мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрч буйн нотолгоо биз ээ.
Тиймээ, энэ хоёр машинч бол маргаашийн Монголыг бүтээхийн төлөө өмнөх ажил, мэргэжилдээ л үнэнч манай үеийн баатруудын нэг л төлөөлөл юм.