Талибаны Афганистан: Эцсийн найдвар Шанхайн Байгууллага л үлдлээ
Өчигдөржингөө гадаад сувгуудаар шувтан Афганистаныг харууллаа. Талибан гэх мангасаас дэлхий нийтээрээ айн чичэрч, хэлж мэдэхгүй аюулын өмнө мэгдэж суугаа дүр зураг. Өөрөөр юу гэж дүгнэх юм? Одоо хэлж ярьж бичиж шуугиж байгаа биш ч эцсийн найдвар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), тэр дундаа Орос, Хятад хоёр байгаасай гэсэн чин хүсэл энд тэндээс ганц нэгээрээ цухалзах боллоо. Барууны ганц нэг сайт, хэвлэл, судлаачид бичээд таамаглаад эхэлсэн.
“London Institute for Economics and Peace” гэх судалгааны хүрээлэнгээс терроризмын аюулыг хэмждэг “Дэлхийн Терроризмын Индекс 2019” тайлангаас эхлээд эшлэе. Уг судалгаагаар терроризмын аюул “маш өндөр”, “өндөр”, “дунд зэрэг”, “бага зэрэг”, “маш бага”, “огт байхгүй” гэсэн 6 ангилалд дэлхийн 163 улс орныг хуваан үнэлжээ. Тэр дотор эх орноо олоод үзчихвэл Монгол маань терроризмын аюул “огт байхгүй” ангилалд Хойд Солонгос, Камбож, Кубa, Сингапур, Португал зэрэг 25 орны хамт жагсаж байв. Гэтэл терроризмын аюул хамгийн өндөрт байдаг улс орнуудын нэгдүгээрт Афганистан жагссан бол араас нь Ирак бичигдэж байжээ. Хоёр жилийн өмнийн судалгаа боловч одоо нэг их өөрчлөлт ороогүй гэж үзээд эшлэж байна.
Бас нэг эшлэл. АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Д.Трамп албан тушаалдаа очихоосоо өмнө сонгуулийн кампанийнхаа үеэр ярьж явсан яриа.
- Бид Ойрхи Дорнодыг юу болгоод тавьчих ваа? Ойрхи Дорнод өмнө нь хэзээ ч тийм байгаагүйгээр тогтворгүй, эмх замбараагүй боллоо.
- Тэндхийн улс орнуудыг барууны ардчилал болгож хувиргаж чадна гэх осолтой үзэл суртлаас бүх гай эхэлсэн шүү дээ.
- Тэд чинь барууны маягийн ардчилалын ямар ч туршлага, хүсэл сонирхолгүй байхад нь шүү.
- Иракт бид хэдийнэ хоёр триллион ам.доллар зарцуулчихсан! Тэдний өмнөөс дайтсан гэсэн нэр хүнд олохын тулд шүү дээ!
- Иргэд нь террорист үйл ажиллагаа явуулдаг
тийм улсынцагаачдад виз олгохгүй. Терроризмтой холбогдсон бүс нутгаас цагаачлахыг зогсооно. - Мусульманчуудыг АНУ-д нэвтрүүлэхгүй.
- Одоо бид Сири зэрэг улсуудын дүрвэгсдэд дааман хаалгаа нээж өгч байна.
- Үнэн хэрэгтээ ISIS-ийн гишүүдийг урьж байгаа хэрэг. Энд ирээд, манай улсыг хамтад нь устга гэсэн урилга ч гэж ойлгож болно гэжээ.
Трампын хэлсэн Ойрхи Дорнод, Сири, Ирак гэснийг яг одоо татаж авчраад Афганистан дээр жишээлэхэд үг үсэг, дүгнэлт нь нэг их зөрөхгүй.
Бас нэг эшлэл. Афганистан хэмээх энэ орныг барууныхан оптимист атлаа гэгээтэй идеалист үзлээрээ 20 жил тойлжээ. Олзуурхмаар мэдээ: Талибаны дэглэмийн харанхуй үетэй нь (1996-2001 он) харьцуулахад 15 сая сурагч оюутантай болсон, төрийн мэдлийн 40, хувийн 100 гаруй их дээд сургууль ажиллаж, 500 радио, 70 телевизийн суваг, 200 сонин хэвлэл гарч байна гэхчлэн. Энэ тоо юуг илэрхийлэв гэвэл Aфганы нийгэмд цаагуураа асар том дэвшил гарч, орчин үеийн төрт улсын хэв шинжийг олж хүчирхэгжиж байгаа мэт.
Мөнгөн дүн ч Цагаан ордноос дуулдаад эхэллээ. Триллион ам.доллар зарцуулсан, 300 мянган афган цэрэг цагдааг сургаж бэлтгэж өгсөн ба АНУ нь хамгийн тэргүүний, нэн орчин үеийн зэвсэг байлдааны техникээ өвлүүлээд гарч яваа гэх мэт.
Ардчилалд суралцуулах гэж АНУ, НАТО сүржигнэж орсон гэж Цагаан ордон арай дүгнэхгүй байх. Гэтэл өрсөлдөгч Орос нь аль хэдийнээ нэрлээд дүгнээд (бараг тавлаад) эхэлсэн. Байнга хэлж сануулсаар ч ирсэн дээ. Юу сануулсан юм? Пессимист атлаа реалист, ямар ч өөдрөг бус Афганистан орны ирээдүйг!
Одоо яах вэ? Өчигдөржингөө гадаад сувгуудаар шувтан Афганистаныг харууллаа. Талибан гэх мангасаас дэлхий нийтээрээ айн чичэрч, хэлж мэдэхгүй аюулын өмнө мэгдэж суугаа дүр зураг. Өөрөөр юу гэж дүгнэх юм? Одоо хэлж ярьж бичиж шуугиж байгаа биш ч эцсийн найдвар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ), тэр дундаа Орос, Хятад хоёр байгаасай гэсэн чин хүсэл энд тэндээс ганц нэгээрээ цухалзах боллоо. Барууны ганц нэг сайт, хэвлэл, судлаачид бичээд таамаглаад эхэлсэн.
ШХАБ бол дэлхий дээрхи улс төр-эдийн засгийн аварга том нэгдэл мөн. Гишүүн байгаа улс орнуудынх нь хүн ам гэхэд дэлхийн хүн амын 45 хувь. Дэлхийн эдийн засагт Хятад, Энэтхэг, Орос гээд дээгүүрт жагсаж яваа хүчирхэг эдийн засгууд ШХАБ-д буй, энэ гурван улсын ДНБ нь АНУ ба Европын Холбооныхоос давна. Дээрхи гэгээтэй хэдэн тоо баримтыг манай уншигчид андахгүй.
Харин энэ тоо баримтыг олж мэдээд гэнэт ухаарсан Лалын Бүгд Найрамдах Афганистан Улс (удахгүй Афганистаны Лалын Эмират!) ШХАБ руу нэгдэж жинхлэе гэсэн уриа цууриатуулаад лав 6 жил болсон. Олон жил Афган даяар энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Тэр өнцгөөс нь ирээдүйг тольдох гээд үзье. ОХУ-ын шахаж лоббидож байснаар 2015 онд Уфагийн дээд хэмжээний уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр, дээр нь Афганистан ажигчлагчийнхаа статусыг халаад ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох дөхсөн. Тэгснээ гишүүнчлэлийн эгзэгтэй асуудал нь нээлттэй үлдсэн. Орос лоббидоод Хятад дэмжээгүйгээс тэгсэн ба гэнэт шийдвэрлэгдэж мэдэхээр өнөө хүрчээ. Удахгүй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад Талибаны төлөөлөгчидтэй зэрэгцэн суух хувь бидэнд тохиохыг огтоос үгүйсгэхгүй.
2015 онд яагаад жинхлээгүй юм бэ гэхлээр ШХАБ-ын Дүрмийн шалгуур чагт болсон. ШХАБ-д элсүүлэх шалгуур гэдгээ 2010 онд Ташкентэд болсон дээд хэмжээний уулзалтаар тодруулсан нь: тэр улс заавал Евразийн бүс нутагт оршдог улс байх, ШХАБ-ын бүх гишүүн орнуудтай дипломат харилцаатай байх, худалдаа-эдийн засгийн ба хүмүүнлэгийн харилцаа хөгжүүлсэн байх, ШХАБ-ын ажиглагч гишүүн болсон байх, эсвэл яриа хэлэлцээний түнш болсон байх, НҮБ-ын Дүрмийг үнэнчээр биелүүлэгч байх, олон улсын хуулийн нийтээр хүлээн зөвшөөрсөн норм хэм хэмжээ, зарчмыг дагаж мөрддөг байх хэмээн заажээ. Цааш нь шалгуур гэж үзэхээр: аюулгүй байдлын салбарт элсэгч тэрхүү улсын олон улсын амлалт нь ШХАБ-ын хүрээнд батлагдсан гэрээ, баримт бичгүүдтэй харшлагүй байх, өөр аль нэг, нэг хэсэг улстай зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцоогүй байх, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хориг тавиулаагүй байх гэсэн болзлууд ярайж байна. Уг болзлоор Ираныг статус дээшлүүлэхийг хойшлуулсаар өдий хүрчээ. Зэвсэгт мөргөлдөөнд татагдан оролцоогүй байх гэх шалгуурыг Афганистан хангаагүй тул бас хойшлуулсаар өнөө хүрсэн.
Афганистанд Талибан засгийн эрх одоо аваад 1996-2001 онд ноёлж байсан шиг “Афганистаны Лалын Эмират” гэх улс болчихлоо гэмэгц нь ШХАБ ажиглагчаасаа шууд хасаад хаячихгүй болов уу. ШХАБ-аас байнга зарлан тунхагладаг үндсэн гурван зорилт: Терроризм, Экстремизм, Сепаратизмтай (“Гурван хорт хүчин”) тэмцэх гэдэг нь чухам яг одоо тус байгууллагад нүүрлээд ирсэн, хийдэг чаддаг, хамтран ажилладаг бол чухам одоо л Афганистан дээр түүнийгээ үзүүлдэг, тэр хэрээрээ дэлхийд үнэлэгддэг цаг.
Гурван хорт хүчинтэй тэмцэх талаар Афганистан, ШХАБ-ын хоорондын харилцан ажиллагааны протоколд 2015 оны 5 дугаар сард Кабулд гарын үсэг зурж байсныг эргэж сануулах нь зөв байх. Тэр үед энэ улсыг ШХАБ-д жинхлүүлэх асуудал ч яригдсан. Энэ байгууллагад бүрэн эрхт гишүүн болсноор Афганистаны эрх ашигт яг нийцнэ, хэрэв өрнөд дэх түншүүд нь саад хийхгүй бол Кабул элсэхэд бэлэн байна, эдийн засгийн талаасаа бол их хожно хэмээн афганчууд үзэж байв. “ШХАБ гэдгийг Афганистан улс эдийн засгийн өнцгөөс харж байна. Яваандаа тус улс бүс нутгийн чухал зангилаа нэг улс болж болно, тэгснээрээ аюулгүй байдал тогтвортой байлын үйлсэд их хувь нэмэр оруулна. Бүр ШХАБ-ын гишүүн ихэнхи орнуудын хувьд гүүр болж болно. Учир нь транзитын ач холбогдол тун их билээ”-хэмээн Афганистаны Худалдааны сайд асан Мохаммад Амин Фархан ярьж байв. Түүний ярьснаар Афганистан ба ШХАБ-ын хоорондын интеграц хэзээ мөдгүй эхлэх ба тэгж эхэлснээр энэ орныг анхаарах шохоорхох явдал дэлхийд шинэ шатанд гарахаар байв.
Өчигдөрхөн зугтаад алга болдог Ерөнхийлөгч Ашраф Гани 2015 онд засгийн эрхэнд гарч ирж байх үед тус улсыг ШХАБ-тай шууд интеграцчилах болно гэх итгэл тэр улсад улам түгсэн байлаа.
Эдийн засгийнталаасаа бус Афган-Пакистаны бүс нутгийн геополитикийн хувьсал л энэ орныг ШХАБ руу чиглүүлнэ хэмээн афган эрдэмтэн Салман Шейх ярьж байв. Учир нь шинэ Ерөнхийлөгчийн өнгөн дээр Кабул нь Исламабад руу огцом эргэсэн, өмнөд хөрш Пакистанаа түших болсноор ШХАБ руу аяндаа хандахаас аргагүй болно. Учир нь Энэтхэгтэй зэрэгцүүлээд түүний өрсөлдөгч Пакистаныг ШХАБ-д жинхлүүлж байгаа бол Пакистаны тал баримталсан АшрафГани нь Пакистаны араас зуурсаар байгаад ШХАБ руу орохоос аргагүй болно. Өрнөдийг баримжаалсан өмнөх Ерөнхийлөгчийн өнгөн дээр Талибантай арван хэдэн жил байлдаад дийлсэнгүй, харин энэ удаа ШХАБ-д элсээд геоэдийн засгийн лут төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлээд геополитикийн ялалт хангана гэж Салман Шейх бичсэн байв.
Геополитикийн хүчтэй өрсөлдөөний талбар болж ирсэн Афганистаныг ШХАБ-д жинхлүүлснээр тэр өрсөлдөөний эрч суларна, тэр утгаараа тогтвортой байдал дээрдэнэ хэмээн афган эрдэмтэд хэлж ярьж байсныг буруушаахгүй. Тэдний тайлбар ч ойлгомжтой. Цэргийн хүчээр энхийг тогтоох гэж 20 жил тэнд байрласан АНУ-НАТО-гийн хүчнийг бодохул ШХАБ нь Афганистаны байдалд шал өөрөөр нөлөөлнө гэдгийг ор тас үгүйсгэмгүй.
НАТО-гийн PAG (Partners across the globe–Дэлхий даяархи түнш) гишүүн 9 орны эрдэмтдийг НАТО-гийн төв, цэргийн штабт урьж айлчлуулахад оролцож явсны хувьд би афган эрдэмтэдтэй илүү ойр ярилцаж хэлэлцэж, санал бодлыг нь сонсож явсан учраас нэр зааж бичээд буй хэрэг. Тэр ч байтугай 1997 оны Орос-Хятадын Москвагийн тунхаглал (Олон туйлт ертөнцийн тухай), 2001 оны ОХУ, БНХАУ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ гэхчлэн тулгуур баримт бичгүүдэд бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин сахиулах системийг зааж өгснийг тэд уухайлан эшлэж байсныг хоёр чихээрээ би сонссон. Ардчиллыг өргөжүүлэн, дэглэмүүдийг солих замаар аюулгүй байдал тогтоодог америкийн концепц Афганистанд хэрэгжсэнгүй, “Арабын хавар”-ын дараахи Арабын орнуудад бүр ч хэрэгжсэнгүй тул ШХАБ руу хандахаас аргагүй гэх дүгнэлт тэд хийж байсныг би уухайлан эшлэмээр санагдаж байв. Түүнийгээ ч одоо бичиж байна.
Брюссельд афган эрдэмтэдтэй ярилцаад би юу гэж дүгнэсэн бэ гэхлээр АНУ, НАТО-гийн хүчнийг гаргасны дараахи Афганистаны аюулгүй байдлын том хар ангалыг ШХАБ-аар нөхүүлэх, хамаг ачааг үүрүүлэх далдын төлөвлөгөө явж байж магадгүй, хэрэв Афганистан ба ШХАБ-ын хооронд жинхэнэ интеграц хөгжүүлэх юм бол, тус улс Шанхайн байгууллагад жинхлэх юм бол Афганистанд буян үйлдэж гишүүнээр авах гэхээсээ хар тамхины зөөвөр, шашны экстремизм, терроризмд нь өөрсдөөр нь хяналт тавиулж хариуцлага нэхэхийн тулд ШХАБ руу татаж оруулахыг зорьж таарна. Энэ л надад дүгнэлт болж үлдсэн юм.
ШХАБ-ын ивээл дор Афганистанд “ТАПИ”, “CASA-1000” гэхчлэн томхон төслүүд хэрэгжүүлэхээр яригдаж байсан. Тэр нь Туркменистан-Тажикистаны төмөр замыг афганы нутгаар дайруулан байгуулах, цаашлаад Афганистан-Туркменистан-Азербайжан-Гүржийн маршрутаар транзит тээврийн коридор буй болгох, энэ үйлсийн хөрөнгө оруулалтын эх сурвалж нь Хятад, Орос, Энэтхэг байх болно гэсэн гэгээтэй мэдээ явж байсныг би тухайн үед нь бичиж сурталчилж байсансан.
Харин одоо Хятадын овсгоо, гүйлгэн ухааныг эшлүүштэй, бүр дэмжүүштэй. Хятад нь Талибантай хэл амаа ололцоод тэднийг Хятадад уриад улс төрийн яриа хэлэлцээ хийгээд, бүр Талибаныг улс төрийн нам болж төлөвшүүлэх, “террорист” гэх им тамганаасаа салахыг уриалсныг зөв гэж үзэж байна. ШХАБ тийшээ явж орох бэлтгэл Хятадаар дамжаад хийгдээд байж ч болох талтай. Хятад-Пакистаны удаан жилийн зузаан найрамдал, дээр нь Пакистан ШХАБ-ын гишүүн байгаа явдал өнөөгийн Афганистаны хямралыг зохицуулах, шинэ Афганистаныг дэлхий нийтийн хөгжлийн гольдрилд оруулахад маш том хөшүүрэг болоосой.
ШХАБ-ыг ОДКБ (Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага) эвсэлтэйгээ нийлүүлэн лалын аюултай хамтран тэмцэе гэсэн Оросын олон жилийн чармайлт одоо бодит ажил хэрэг болохын наагуур байна. Төв Азийн гишүүн 4 улсаа хамгаалах, зовлонд хаяхгүй байх (ялангуяа Тажикистан, Киргиз хоёр) нь ШХАБ ба ОДКБ-гийн үндсэн, ариун үүрэг мөн л дөө. Угаасаа одоо ШХАБ ба ОДКБ-д хийх ажил ундраад гараад ирэхээр нөхцөл байдал үүсчихлээ! ШХАБ ба ОДКБ, Орос ба Хятадыг яг юу бүчин авах бол?