Улаан сувдан эрих

Хос ёсны сургаал Улаан сувдан эрих хэмээх энэ номыг Тавдугаар Далай лам Агваанлувсанжамц Халхын Түшээт хан Гомбодоржийн хүсэлтээр туурвижээ. Уг зохиолд төрийн ёс буюу ертөнцийн аж төрөх ухаан, номын ёс буюу гэгээрэлд хүрэх замыг товч тодорхой өгүүлсэн байна. Өвөг дээдсээс өвлөгдсөн дорнын их билиг ухаан өнөө үед ч үнэ цэнээ алдаагүй, санаж сэрэхийн дохио учир дээжлэн толилуулъя.

...Цэнэж үзвээс дээдэс, доодос бүгдээр ойлгох
Чилээ багатай үгсэн тасалбарын сувдыг
Чингис тэнгэрийн язгуурт хааны хоолойд
Чимэг болгохын тухайд хэлхэн өргөе.

Эдүгээ Энэтхэг, Хятад, Монгол, Төвдөд
Эртний гайхамшигт хос ёсны сургаал
Эвдэрч сарниад, зүдэг мууд автсан тул
Эеэр номловч зүдаан хоёр хөлтөн болно.

(Өрөөсөн хөлт зүда хэмээх төрөлтөн амьдардаг тивд Замбутивийн хоёр хөлт хүнийг очвоос эрэмдэг хэмээн шоолдог гэсэн домог бий. Түүнчлэн билгүүн ухаантан цөвүүн цагийн нийгэмд ад шоо үзэгдэхийг хэлжээ - орч)

Буруу харсан нүхэнд нарны гэрэл
Буцаж орохгүй нь лавтай үнэн боловч
Бусад газар ургасан гэрэл гэгээгээр
Будангуйн бүрхээс сэмрэх явдал бий.

Бурханы ном байтугай хүмүүний ном ч
Буян заяанд харгалзан бүтдэг учраас
Гурван эрдэнийг тахиж, гуйранч ядуусыг тэтгэж,
Арван цагаан буяныг аль болохоор хураалтай.

Далдыг хардаг шидтэн биш хэдий ч
Дайсан, садан, завсар гурвын хэмжээг
Дайран гарах тохиол тутамд нь
Даруй онон мэдвээс мэргэн буюу...

Саар гэж бүү гонсойлго, засарч магадгүй.
Сайн гэж бүү хөөргө, завхарч болзошгүй.
Сайн, муу явдалт хэнийг ч үл ялгах
Шалдар булдар цуурхлаар зарга тасдах хэрэггүй.

Амраг хөвүүн ч бай асрал дэндвээс уруудна.
Атаат дайсан ч бай хорсол дэндвээс буруудна.
Аливаа үйл хэрхэн эргэхийг таашгүй тул
Амандаа гаргахыг яаралгүй, дотроо хадгал.

Загнах хэтэрвээс янагийн сэтгэл гутдаг.
Зандчих олширвоос зарцын сэтгэл мятардаг.
Захирах хатуудваас шадрын сэтгэл хувирдаг.
Залхаах дэндвээс андын санаа урвадаг.

Ууртай царайгаар дайсныг номхотгох хэцүү.
Уран аргаар хэргийг даацтай шийд.
Угтан мишээж, үгийг анхааралтай сонсоод
Уян эвлэгээр утгыг нийцүүлж хариул.

Хав дарлаа гээд хөрөнгө зоорь арвижихгүй.
Харамлаж явлаа гээд эдийн буян дэлгэрэхгүй.
Харсалгүй зууг гаргаад, хариуд нь мянгыг авчрах
Хавтай сэргэлэн ухааныг барих нь ивээлтэй.

Хөвгүүний гэмийг хэлбэл хожмоо тустай.
Хөөргөн бардамналаа тэвчвэл хэтдээ үнэтэй.
Аминч хүслийг барилгүй нийтийг тэтгүүштэй.
Алдар нэрийг хөөлгүй чанарыг эрхэмлүүштэй.

Увайгүй муу хүнд эрхийг бүү өг.
Урвамхай сэтгэлтэнтэй зөвшлийг бүү хий.
Хутган үймүүлэгчийг чуулганд оруулсны хэрэггүй
Хурц билигтэн, хашир өтгөсөөс асуу.

Янзгүй шүүмжийг өөрт хэлвээс нарийн шинжил.
Ялимгүй ашгийг чухалд тооцвоос гарз ихдэх вий.
Өөдгүй үгийг цээжний мухарт хадгалах хэрэггүй.
Үнэн журамтныг цагийн аясаар гутаах зохисгүй.

Олиггүй хүнийг өндөрт гаргавал сэрвээ нь хөшнө.
Оюун билигтнийг гаргуунд орхивол эрдэм хомстоно.
Олонд бүү дайсагна, саданд татагтун.
Онгирч бүү амла, дотроо тунгаагтун.

Омтгой шуналтанд эрдэнээ бүү харуул.
Олхиогүй санаатанд сэтгэлээ бүү тушаа.
Олон үгтнээс зүрхний үгээ нуу.
Охор бодолтноос дотны харьцааг тасал.    

Өмөөрөвч утгагүй башрыг хаясан нь дээр.
Өргөвч нэмэргүй тэнэгийг орхисон нь дээр.
Өширхөл удвал садны холбоо ч сарнина.
Ачирхал дэндвэл амрагийн сэтгэл ч уйдна.

Бүгдээр хүндэлвээс даруу дордыг барь.
Бүтэх болгоныг хийлгүй ашиг тусыг дэнсэл.
Олны манлай болбол хувиа бүү хичээ.
Онцгойлон үзэгсдээ ил бусаар тэтгэ.

Ажил хэрэг бүгдийг гартаа авах хэрэггүй.
Авсан ажлаа дутуу орхих хэрэггүй.
Алив сонссон үгээ үнэнд баримтлах хэрэггүй.
Амтат идээг хүнд өгч, үнэт эдийг өөртөө тат.

Хүний зүрх хэрчих үгийг амнаасаа барь.
Хүчир ууртны эдэнд бүү шунахайр.
Амтгүйд хамраа атируулж, амттанд шүлсээ савируулж,
Аягүйцэх төдийд уруул дурдайж, нүд хялмалзахыг тэвч.

Тусгүй үйлэнд шамдаж өөрийгөө бүү чилээ.
Тулалдах хэрэгтэй болбол зүрхээ бүү агшаа.
Алба татвараар ардыг бүү дарамтал.
Ашиггүй ажлаар олныг бүү чирэгдүүл.

Янаг янагтаа автваас хэтдээ муудна.
Мэргэн мэргэндээ автваас хожмоо мунхарна.
Ариун ариундаа автваас аажмаа замхарна
Агуу агуудаа эрэмшвээс аяндаа доройтно.

Эс хэлвээс эцэг ч ойлгохгүй тул тодруулж өгүүл.
Эс зэмлэвээс хүү ч сонсохгүй тул тааруулж зандар.
Эс зааваас ухаантан ч мэдэхгүй тул тайлбарлан сурга.
Эс тэтгэвээс садан ч эргэхгүй тул тохируулан тэтгэ.

Үргэлж захисныг биелүүлэгч боол эрхэм.
Үнэнч шударгыг сахигч нөхөр эрхэм.
Үг цөөн, гар арвин болбоос үнэлэмж их.
Үнэрхэл тунирхал ихэдвээс тоомж бага.

Цуурхай амт, зуурхай сэтгэлтэнтэй бүү эвс.
Цухал омогтны цуугиан хоригийг бүү уудал.
Санаа хар, цараа богинотой бүү нөхөрлө.
Сайрхуу үгт, хийрхүү зантнаас сэрэмжилж яв.

Хэрэглэж чадвал буяны эд арвижна.
Хэмнэж ариглавал ядуугийн гачаал багасна.
Хэцүүг тэсвэрлэвэл гуйранчийн зориг хатуужна.
Хэв ёсыг сахивал хүмүүний суурь батжина.

Эрээ цээрийг үл мэдэх нөхрөөс
Ичгүүр сонжуурыг мэдэх дайсан бахтай.
Итгэл үл даах элгэн саднаас
Эгнэгт нууцыг хадгалах анд урамтай.

Эрдмээр хомс хүрээлэнгийн багш болсноос
Билгээр дэгжих сургуулийн шавь дээр.
Самуун булхайт ардын ноён байснаас
Сайн явдалт дээдсийн боол амар.

Саруул ухаантныг дүүрсэн тэнэгтэй эндүүрэх нь бий.
Саваагүй мунхгийг хэрсүү ухаантантай андуурах нь бий.
Сагсуу худалчийг сайн эртэй эндүүрэх нь бий.
Савсгануур авиртныг самбаа хурцтай андуурах нь бий.
 
Үнэн сэтгэлтнийг башир хуурмагтай эндүүрэх нь бий.
Үзэл буруутныг шударга хүнтэй андуурах нь бий.
Өөдгүй зальтныг хорвоог огоорогчтой эндүүрэх нь бий.
Үлэмж мэргэдийг амьтныг мэхлэгчтэй андуурах нь бий.

Аяа, тийнхүү энэ ертөнцийн үйл хэрэгт
Авах, гээхийн гэм, эрдмийг ухаараад
Ая зөөлөн, хүчир шулуун элдэв аргаар
Ашид ялан дийлэхийн суу залийг бадраа.

Тэглээ ч Эсрүн, Хурмаст, Загарвардын хаан
Тэнгэр хүмүүний цог учралыг эдэлсэн хойноо
Төмөр ширэм урсах халуун тамын галд
Түлш болон энэлвээс сэтгэл батдах юун?

Энэ ертөнцийг гийгүүлэх наран саран хүртэл
Эртний сайн үйлийн хаялга дууссан цагт
Эгнэгт гараа сунгах, хумихыг ч үзэхгүй
Энэлэнт харанхуйд живэхийг санахад нулимс бөмбөрнө.

Цэцгийн дэлбээ шиг эөөлхөн хувцсаар хулдахад
Цэмцгэр биед нь ширүүддэг тэнгэрийн охин
Хүүр шатаах зуух мэт ширмэн байшинд
Хүчит галаар хуйхлуулбаас хэн тэсэх вэ.

Билгэр эрдэнийн тивд зорчсон олзоороо
Бисман тэнгэрийн хүүд мөчөөрхсөн сартваах
Бирдийн оронд төрчихөөд дусал ус, үртэс идээ
Бэдрэн тэнүүчлэхийн авир ёсыг үзэгтүн.

Саднаа тэтгэж, дайснаа дарсан цог заль
Сааршгүй ирмүүн, цэцэн эрэмгийд тооцогдовч
Сайхь хүний нас нь огторгуйн гилбэлгээн тул
Сарних зүүдний төдий жаргалд хууртаад яах вэ.

Будангуй энэ орчлоос гарахын тулд
Буцалтгүй нирваанд хүрэх зам болсон
Буяныг дээдэлж, хилэнцийг тэвчих ёсыг
Буруугүй ухаарч, гажуугүй мөрдвөөс мэргэн буюу...

Үгүйрч ядуурсныг эд өглөгөөр баясга.
Өвдөж шаналсныг эм, тэжээлээр тэтгэ.
Үхлээ хүлээсэн бойны мал, цаазын ялтныг
Өршөөн хэлтрүүлж, авралын өглөг үйлд.

Сайн заяаг олохын үүтгэл болсон
Санахуйяа хялбар найман гишүүт мацаг сахилыг
Сарын найман, тэргэл, битүүнд аван
Сахил ёсыг алдалгүй бариваас зохино.

(Нэг өдрийн мацаг сахилыг сар бүрийн шинийн найман, битүүн, арван таван зэрэг онцгой өдөр хүртэж, сахиж дадуулах нь нэгэн өдрийн ариуслаар мянган галвын харанхуйг үлдэх буяны шалтгаан болно гэжээ.)

Харш үгийн мэсэнд үл ажрахуйн
Хатан хуягийг өмсвөөс сэтгэл амар.
Хамаг буяны үндсийг таслахгүйн дээр
Харин ч арвижуулах энэ аргад шамдагтун.

Алмай залхуу зангийн эрхэнд орвоос
Аливаа эрдмийн үр боловсрох аргагүй.
Алжаас уйтгар үгүй чин сэтгэлийг бариваас
Асар хэцүү үйлс ч аяндаа бүтэх болно.
    
Ариун Бурханы дүр тэргүүтэн зоригдохуунд
Анхаарлаа бат тогтоосон дияаны залгамжийг
Алдалгүй хэлхвээс нисванисын толгой бөхийж,
Ашид бие сэтгэлээ жолоодсон самадийг олно.

(Амьсгалын орох, гарах урсгалыг ажих, эсвэл зүрхэн хүрд, дотоод бурханы дүрд төвлөрөх зэргээр сэтгэл үймрэлээс ангид тайван төлөвт орно. Энэ нь оршихуйн мөн чанарыг ажиглан таних – үлэмж үзэхүйн суурь болдог.)

Уг чанартаа хоосон юмс тус тусын нэрийн сууринд
Ухаан бодлоор нэрийдсэн төдийгөөр оршдог.
Уялдаа холбоонд нь таних төв үзлийн зам
Ухан шинжлэх билгийн илдээр хүлээсийг тасдана...

Хос ёсыг шүтэн барилдуулсан дээдэс
Хотлын эзэн болж, дэлхийг төвхнүүлэхдээ
Ханьцашгүй чанадын мөрийг ч эдэлсэн тул
Хамаг энэ хойтын хэрэг нь аяндаа бүтжээ.

Шашин төрийн авч, гээх нарийн ухааныг
Шавилхан өөрөө төгсгөөгүй мөртлөө тоть адил
Саваагүй өгүүлснийг минь мэргэд сонжих боловч
Шамдсан сэтгэл минь намрын cap шиг тул гэмгүй еэ.