“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ”
Хэзээ ч халагдаж солигдошгүй Ерөнхийлөгч нь төрсөн ганц охиноо Казахстаны нефтийн барон, магнат болгочихоод, Кыргызстаны Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлүүлчихээд Төв Азийг хөндлөн гулд хянаж тэрбум тэрбумаар мөнгө хийж байгааг лав ардчилал, шинэчлэл, шилжилт гэхгүйдэг.
Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй эсэх дээр маргаан мэтгэлцээн өрнүүлж, тэр ч бүү хэл ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэх нийгмийн бүлэг, хэсэг байхыг үгүйсгэхгүй. Тэр тухай 20 орчим жилийн өмнө би ингэж бичиж байснаа засваргүй буулгая. 2004 оноор хүлээн авна уу.
Коммунист тогтолцоо нурсны маргаашаас яригдсан, улиг болчихсон ч юм уу гэмээр сэдэв л дээ. Харин чухам түүнийг сэдэгчид, өрнүүлэгчид чухам Ерөнхийлөгчийн ямар засаглалыг хүсээд буй, хэрхэн төлөвшүүлэх талаар хэр мэдлэг мэдээлэлтэй байдаг бол, энэ талаар зөвлөлгөө болгож дараахи нийтлэлийг толилуулъя.
“Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал” гэж хүсэх ярих нь сэтгэл хөөрлөөсөө илүүтэй, нийгмийн захиалга тулгалт байх ёстойг монголчууд мэддэггүй юм шиг.“Хамар дор хагархай” гэсэн шиг цуурах нэг хэрэг, улс оронд нь эмх замбараагүй байдал бий болчихсон, олон үндэстний эв нэгдэл бусничихсан, эдийн засаг нь мафи ба олигархийн гарт орчихсон, тогтвортой байдал, сахилга зохион байгуулалт амин чухлаар тавигдсан тийм Монгол Улс эдүгээ байгаа бил үү гэж “Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал” хүсэгчдээс асуумаар байна.
1. СССР-ийг тарааж, суурин дээр нь 12 улс (ТУХН) Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Тэр үед тэгэхээс өөр нөхцөл байгаагүй, үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нэн чухлаар тавигдсан, одоо ч хэрэгтэй байгаа нөхцөлд салж гарсан, дөнгөж тусгаар тогтносон шинэхэн улс үндэстнүүдэд ардчиллаас илүүтэй, ямар нэгэн “Үндэсний эцэг” хэрэгтэй байсан нь мэдээж. Тиймдээ ч тэр дүрдээ Ельцин, Назарбаев, Акаев, Каримов, Ниязов, Рахмонов, Алиев... нар дүүрэн тэнцсэн ба тэнцсээр ч байх болно. ТУХН-ийн орнууд бүгд үндэсний төрт-ёсны уламжлалгүй, засаглалын бүтэцгүй, үндэсний зэвсэгт хүчингүй, тэр ч бүү хэл Үндсэн хуульгүй байхдаа эвтэй салж, тусгаар тогтнолоо дор дороо бэлгэнд авцгаасан.
Гэтэл тусгаар тогтнолын нэн баялаг түүхтэй, эртний үндэстний хувьд монголчуудад “Үндэсний эцгийн” хэрэгцээ, нийгмийн захиалга ТУХН-ийн орнуудынх шиг байсан гэж үү. 1992 оны Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Монголын төр засаглалын бүтэц, сонгох арга механизм ТУХН-ийн ямар ч орныхоос илүү боловсронгуй болж чадсан. Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчилал, хүний эрх эрх чөлөөг хуульчилсан, чухам хэрэгжүүлэх аргачиллын хувьд сайжруулах зүйл практикаар нөхцөлдөх биз.
Гэтэл Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай гээд буй ТУХН-ийн орнуудад засаглалын хямрал чинээндээ тулаад юунд хүрч байсан гашуун жишээ олныг жагсааж болж байна. 1993 оны хавар, намрын Москвагийн мөргөлдөөн, цус урсгасан зэвсэгт тэмцэл, Тажикистаны 10 жилийн иргэний дайн, Казахстаны Ерөнхий сайд нь сөрөг хүчнээ толгойлж хөөгдөж гараад Троцкий шиг эдүгээ Вашингтоноос тэмцлээ үргэлжлүүлж байгаа, Ашхабадад Ерөнхийлөгчөө алахаар завдсан, Гүрж, Азербайжанд явагдсан удаа дараагийн төрийн эргэлтүүд, Молдова дахь зэвсэгт мөргөлдөөн ба үндэсний хуваагдал, Орос, Беларусь, Украинд удаа дараа Засгийн газраа халсан сольсон гэхчлэн бүгд ардчиллын эсрэг, хууль бус эдгээр үйлдлүүд Ерөнхийлөгчийн засаглалынх нь ид шидийг үзүүлж байгаа бус уу. Төв Азийн орнуудад Ерөнхийлөгчийн шударга ардчилсан сонгууль явуулахын оронд бүрэн эрхийн хугацааг нь ард түмнээрээ сунгуулдаг солиотой систем хэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл илт давууг “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу ганцаарчлан төр барих” гэгчээрээ зөвтгөж, тогтвортой байдал хэмээх лут үгээр таглачихаж болж байна.Ийм нөхцөлд улс төрийн даацтай сөрөг хүчин нийгэмд бүрэлдэх тухай яриа байж таарахгүй, горьдсоны гарз.
2. Манай баруун хөрш–Казахстанд Ерөнхийлөгчийн засаглалыг жинхэнээр нь хэрэгжүүлжээ. 1991.12.16-нд тусгаар тогтносон энэ орны хүн ам 20 саяд дөхөж яваа ч уугуул хасагууд нь хүн амын 43 хувь, нүүдэллэн ирж суурьшсан оросууд нь 38 хувь (Эдийн засгийн хувьд Оросоос нэн хамааралтай) германууд 5 хувь, украинчууд 5 хувь, цаашлаад татар, крымын татар, месхетийн турк, солонгосчууд гэхчлэн хүн амын үндэстний бүтэц нь нэн адармаатай нөхцөлд “хүчтэй хасаг Ерөнхийлөгч” зайлшгүй хэрэгтэй. Цаг нь болоогүй байхад нийслэлээ шилжүүлж бөөн ажил удаж байгаа нь хасагуудаа төр засагтаа бэхжүүлж, цаадуулаасаа зай барих гэснийх шүү дээ. Хасагууд нь ч дотроо омог отгоороо талцаад эв нэгдэл муутай.
Казахстаны төрийг бүрдүүлэхдээ: дээрээс доошоо - Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газар, Үндсэн хуулийн Зөвлөл, Сонгуулийн төв комисс, улс төрийн гол намууд, ҮЭ гэжбүрдүүлээд Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөлдөх 9 байгууллага байгуулж өгчээ. Тэдгээр нь 1) БНКазУ-ын Үндэсний зөвлөл, 2) ҮАБЗ, 3) Шүүхийн Дээд зөвлөл, 4) Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн БНУ-ын комисс, 5) Ерөнхийлөгчийн дэргэдэх Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх Үндэсний комисс, 6) Казахстаны ард түмнүүдийн Ассамблей, 7) Ерөнхийлөгчийн дэргэдэх ажил бизнес эрхлэгчдийн зөвлөл, 8) Эрх зүйн бодлогын зөвлөл, 9) Ерөнхийлөгчийн дэргэдэх Авилгалтай тэмцэх, албан тушаалын ёс зүйг мөрдүүлэх комисс гэх мэт. Эдгээр лут зөвлөл, комиссуудын дэргэд Парламент нь (Сенат, Мажалис хэмээх 2 танхимтай) хэлбэр төдий юм.
Үндсэн хуулийн дагуу бус Назарбаевын өөрийнх нь тушаалаар байгуулагддаг ҮАБЗ гэгч нь аргагүй “хүчтэй гарын зэвсэг” (“бээлий”) гэлтэй. Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогоор гаргах шийдвэрийг тэнд хэлэлцээд эцсийн хувилбараар Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах аж.
ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг Монголынхтой харьцуулаад үзээрэй. Назарбаевын томилолтоор ҮАБЗ-д: 1) Ерөнхийлөгч өөрөө, 2) Ерөнхий сайд, 3) Төрийн нарийн бичгийн дарга, 4) Ерөнхийлөгчийн Засаг захиргааны удирдагч, 5) Ерөнхийлөгчийн 1 дүгээр туслах, 6) Ерөнхийлөгчийн ҮАБ-ын асуудал эрхэлсэн туслах бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, 7) Ерөнхий прокурор, 8) ҮАБ-ын Хорооны (КГБ) дарга, 9) Гадаад хэргийн сайд, 10) Дотоод хэргийн сайд, 11) Батлан хамгаалахын сайд, 12) Сангийн сайд, 13) Ерөнхийлөгчийн бие хамгаалах албаны дарга, 14) Онц байдлын улсын хорооны дарга орж байна. Парламентын спикер нь хаачив аа. Эрх зүйт төр гэж байна уу гэж гайхмаар ч юм шиг.
Яг л Саддам Хуссейны Иракийн “Хувьсгалт командлалын зөвлөл” нүднээ буух шиг. Эсвэл 1930-аад оны “Онц бүрэн эрхт комисс” ч юм уу.
Би үүнийг гайхуулах санаагаар бичсэнгүй. Манайд яг ийм Ерөнхийлөгчийг хүсээд, түлхээд буй хүмүүс олон байдагт санаа сургамж болгох гэж дээрхи утгагүй нэрсийг жагсааж байна. Хэзээ ч халагдаж солигдошгүй Ерөнхийлөгч нь төрсөн ганц охиноо Казахстаны нефтийн барон, магнат болгочихоод, Кыргызстаны Ерөнхийлөгчийн хүүтэй гэрлүүлчихээд Төв Азийг хөндлөн гулд хянаж тэрбум тэрбумаар мөнгө хийж байгааг лав ардчилал, шинэчлэл, шилжилт гэхгүйдэг. 2004/01