Сонгинохайрханчууд аа Бат-Үүлийгээ сонго
Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй.
Би дахиад л бичив. Дахиад л зүхүүлэх нь. Бичихээ больё гэж шийдсэн ч тэвчсэнгүй. Сургуульд заалгасан хичээл, гэдэс тэжээсэн ажил мэргэжил минь дон-архаг хууч болдог янзтай. Бичихээ цэглэж төвдөхгүй бол хумь гэх шинж тэмдэг нь: тархи элийрч, тэнхээ барагдсаар.
Сонс Бат-Үүлээ. Заавал бичих сэдэв надад ганц хоёр үлдсэн. Нэг нь чиний тухай. Чамайг дэмждэг минь ах чинь хэврэгшиж буй ардчиллаа л хайрласан хэрэг. Чи Ц.Элбэгдорж, Х.Баттулга шиг Ерөнхийлөгч, Н.Алтанхуяг шиг Ерөнхий сайд, З.Энхболд шиг УИХ-ын дарга байтугай шилэн Цогоо шиг орлогч сайд ч болоогүй. Болгоогүй. Чамайг голсон юм биш. Чиний дэвэргэдэг-хуулийн өмнө бүгд тэгш байх, үг хэлэх эрх, шилэн данс гэх мэт эгдүүцэм зарчмаас айдаг юм цаадуул чинь. Чи ардчиллын онолд бузгай нэвтэрч, үнэт зүйлсээ хамгаалах ёс зүйгээр арай тууштай нь. Энэ үгэнд дэлбэрэх хүн бишгүй. Тэдэнтэй мэтгэлцээд зөвийг олохгүй. Тэд зөнөг өвгөний үгэнд автах байтугай Төр засгийг жижигрүүлдэг “гар”-ууд.
ХХI зууны аяс-ардчилал чөлөөт зах зээлээр замнаж, гадны эрхшээлээс ангижирч, хөршүүдтэйгээ эрх тэгш, хэн хэндээ ашигтай харилцах гэсэн чиний тэмцлийг ажиглахын хажуугаар чамайг эрхэм журмын нөхөр С.Зоригийгоо алсан болгох гэж хэн хэн яаж дайрсныг би мэднэ. Баривчлагдан ачигдаж байгаа, аавынх шигээ цагаан халимгаа зулгаалгаж байгаа зэргийг чинь телевизээр хараад чамайг өрөвддөг. Биширдэг зохиолч-ааваас чинь болж би чамайг өмөөрөөгүй. 30 гаруй жил дүү минь чи өөрийгөө үзүүлсэн. Хэцүү цагт аавын чинь хэлбэрэлтгүй баримталсан алсын хараа чамд бас надад нөлөөлсөн.
Халдашгүй суут ганц нам бус олон нам ухаан уралдуулан улсаа жолоодох замыг бид сонгосон. Өдгөө нэр дэвшигч хэн бэ гэж шилэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг хөндүүр сэдэв болж. Сонгогчид гэгээрвэл зөв лидерүүд гарч ирнэ. Сонгогчид харанхуй бол бурхан ч дэвшээд нэмэргүй. Сүүлийн хоёр сонгуулиар нэг нам 65-62 суудлаар ялав. Буруутгах аргагүй. Таалагдаад л үнэмлэхүй олонх болсон. Харин ухаан уралдуулах сөрөг хүчин унтрав. Сөрөг хүчнээ хар. Өлсгөлөн зарлаад талбайд муухай царайлж хэвтсэн хэд. АН-аа нулимаад бие даагч гишүүн болсон Н.Алтанхуягийг түүний шүлстэй АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх гэж тэр. Тэд намынхаа төлөө, эх орон, ард олон, шударга ёсны төлөө өлсгөлөн зарлаагүй нь илэрч булхайгаа булах гэж яаж хөглөлөө. Нэг үгээр шившиг болсон.
Нөхөн сонгуулиар УИХ дахь АН-ын бүлэгт бүл нэмэх-Сонгинохайрхан дүүрэг төдийгүй Монгол улсын хувьд үнэтэй нөхцөл үүсгэв. Гэхдээ 1990 онд сонгосон замаа хамгаалагч гишүүн сөрөг хүчинд чухал. Энэ орон зайг хэн чулуу болгож чадах вэ гэхэд-үзэлдээ тууштай, тэмцэх туршлагатай Бат-Үүлээс давуу хүн санаанд орсонгүй. Бат-Үүл маргагчаа Ц.Нямдорж шиг айлгаж “ялдаггүй”, мэдлэг ухаанаар давдаг. Зөвөө баталж үнэмшүүлэх чадвартай. Тэр АН-ын бүлэгт маш хэрэгтэй хүн. Түүнийг сонговол ардчилал амилж юун магад.
МАН-аас угшилтай төрийн гурван өндөрлөг, 62-ын өөдөөс цагаан толгойтой ганц баавайн хуцах чимээг (сонсох мэдэх эрхээ алдаж буй иргэд) анирдаж суувал ардчилалтай улсад амьдарч буй санагдах сан. Дангаар ноёрхсон Төрд төлөөллөө сонгох ноцтой хариуцлага сонгинохайрханчуудад учирчээ. 30 гэр бүлийн 200-300 хүний толгойг овоолоод тойрч бүжиглэгчийг сонгох уу, амны нь салиа арилаагүй пацааныг сонгох уу, эсвэл олон буудуулсан олон сорвитой бурхи Бат-Үүлийг парламентын тэнцвэр алдагдсан энэ үед сонгох уу?
Бат-Үүл 28-р тойрогт ээлтэй. Хотын дарга байхдаа нийслэлийн захиргааг Сонгинохайрхан дүүрэгт нүүлгэж, супер төв сүндэрлүүлэх романтик бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Метро ч мөрөөдсөн. Хашааныхаа газраар орон сууцанд орох төсөл зүтгүүлсэн. Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр олон мянган өрх тохилог сууцтай болсон. Төслөөс бус хүнээс шалтгаалж орж чадаагүй нь ч бий. Энэ төслийг янз бүрийн шантаажаар хорлож гацаасан. Дараагийн дарга нар дахин сөхөгдөхгүй болтол муулсаар хашааны газар сууц болох төсөл унтарсан.
Бат-Үүл хотын дарга болмогц газрын наймаагаар баяжигчидтай үзэлцэж өөрийн эсрэг дайснууд босгосон. Түүнийг гүтгэгчид энэ бичвэрийг уншаад зүхэхийг үзүүлж өгнө. Сонгинохайрханчууд Үүл баатрыгаа сонгож, түүнтэй дуугарвал дуугаа, дугтарвал хүчээ нийлүүлбэл, хотын дарга байхдаа түүний сэдсэнийг гүйцээж гэр хорооллын та нар хожно. Бат-Үүлийг “баатар”, “ардчиллын анхны хараацай” гэхэд тэчъядсан атаа хорсол дэлбэрдэг. Бат-Үүл шиг шинэлэг лидерт баатар гэх хоцрогдсон алдар хэрэггүй байсан юм. Зохиогүй. Өндөр албанд тавиагүйн төлбөр гэж би харддаг. Коммуны хуаранд доромжлогдсон хөөрхий олноо эрхтэй, өмчтэй болгосон зүтгэлд чинь ирээдүй мөргөнө. Баатартай баатаргүй Бат-Үүл миний бахархал. (Аавд чинь хэлж буй үг).
Өлсгөлөн зарлаж Улс Төрийн Товчоог огцруулсан, ардчилсан сонгууль, олон намын систем, өмч хувьчлал зэргийг анхны хэд эхлүүлсэн гэж дурссаныхаа төлөө АН хүчирхэг нударганд 30 жил дэлсүүлсээр балайрчээ. Нагдаунд орсон намаар өөдгүй олигархиуд тоглочихов. 200 000 түшмэл хуйгаараа МАН-ын татаас гэвэл ардчилагчид Төр засагт хамраа яаж цуйлгах билээ. Үүнийг залруулах лидерүүдийг сонгогч олон гаргаж ирэх эрхтэй.
Чанга гараар атгах нэг намын тогтолцоо-Орос Хятад шиг том гүрнүүдэд ашигтайг үгүйсгэхгүй ч Монгол шиг өчүүхэн эдийн засагтай 3-хан сая хүнтэй улс нэг намын ноёрхолд орвол нэгд хүний эрх, эрх чөлөө хумигдах эрсдэлтэй, хоёрт гадны нөлөөнд ганц нам, ганц хүн сөхрөх-хялбар. Тиймээс жижиг улсын Төрд хараа барааны хоёр бүлэг зөвлөлдөж явбал ухаалаг шийд гарахаас гадна, гол нь олонх цөөнх-Чойбалсан Цэдэнбал хоёроос илүү дархлаатай. Мөн бодлогоо хамгаалахад хоёр нам ганцаардахгүй. Гадны түрэмгийлэгч хоёр намын алиар МАХН-ыг орлуулж, олонх цөөнхийн хэнийг Чойбалсан Цэдэнбалын хойд дүрээр тодруулах-санасны зоргоор бүтэхгүй. Аль намыг, хэнийг тоглоомын этгээд болгохоо 76 гишүүнтэй Монголын парламент олонхоороо шийднэ гэвэл гадны хоншоор шогнойно.
Гэтэл ардчиллын энэ алтан боломж алдагдах ёр нүүрлэв. Гадна дотноос дарангуйллын үл үзэгдэгч бүслэлт сэм хумьж эхэллээ. Сэхээнд орсон сөрөг хүчнийг сэргээх лидер АН-д ховорджээ. Лам олдохгүй бол гэгчээр Бат-Үүлийг залах шалтгаан энэ. (Ингэж хаяагаа манахгүй бол намайг Бат-Үүлийг долоолоо, эсвэл мөнгөөр бичлээ гэнэ). Бат-Үүлээс илүү хэлэх үгтэй хийсэн ажилтай, түүнээс ухаалаг, түүнээс илүү туршлагатай тэмцэгч арваад нэр дэвшигч дотор байна уу? Байхгүй л юм шиг. Тиймээс түүнийг сонго гэж хоёр төрийн нүүр үзсэн би уриалав. Монгол улсын өөдлөх чадвар-гурван сая иргэний ухааны нийлбэр шүү сонгогчдоо.
Хэрэв ардчилал коммунизм шиг нурж, нэг намд атгуулбал Бат-Үүлийн хийсэн ажил Бат-Үүлдээ хаяглагдах юм биш үү? Ардчилал сүйрвэл ардчиллаар эхэлсэн бүх ажил буруудаж таарна. Бурууг санаачилсан этгээд хэн бэ гэнэ. Өмч хувьчлалыг санаачлагч нар хэн бэ? Бат-Үүлийн нэр дуун дээр гарна. Иргэддээ гадаад паспорт олгохыг хэн сэдсэн бэ? Бат-Үүл. Нэгдлийг хэн тарааж, малыг малчдад хэн өгсөн бэ? Орон сууцыг хувьд өгсөн шийдвэрийн мөрөөр яллах эздийг хайна. Буруудагч нарын эхэнд үйлийн лайтай муу Бат-Үүл ял сонсоод цагаан халимгаа хийсгэж зогсох бий. Тариачдыг газартай болгох-тракторчдын самууныг хэн турхирлаа. Бат-Үүл. Эх орноо хоосолж, иргэдээ ядуурлын балчиг руу түлхсэн хамгийн том гэмт хэрэгтэн Бат-Үүл гэж намайг бичихэд сошиалаар уухайлж гарна. Ардчилал нурвал Бат-Үүлийн амжуулсныг хэн ч булаацалдахгүй. Энэ өнцгөөр харвал Бат-Үүл ардчиллын бүх өөрчлөлтийг сэдсэн этгээд мөн нь нотлогдоно.
Харин ардчиллын өгөөжөөр хожсон бялуугаа хуваахад Бат-Үүлийг санах бол уу яах бол. Ямартай ч МАН+МАХН-ын далд санаа дурсахгүйг хичээнэ. Бат-Үүлийн үзэл үйлдлийг дөвийлгөлгүй-байгаа бодит хэмжээгээр нь харуулахад ч дургүй. Тэр ардчиллыг өмчлөх эрхгүй гэж ноцдог. Тиймээс түүнийг гутаах суртал өрнөдөг.
28-р тойргын бүх сонгогчид хоёр хуваагдана. Нэг тал нь МАН+МАХН-ын сонгогчид. Тэд саналаа жагсаалаар өгнө. Нөгөө тал 9 хуваагдана. (Бат-Үүл, Найдалаа, Ш.Гантулга, Төмөрсүх, Отгонбаатар, Цог, Чулуунбат, Ц.Гантулга, Бат-Ялалт гээд). Дээр өгүүлсэн дарангуйллын үл үзэгдэх бүслэлтийг сонгогчид мэдэрвэл ардчиллаа аварна гэснээ давтъя. Нэр дэвшигч хэн бэ гэхээс илүү сонгогчид хэн бэ гэдэг ийм учиртай. Бат-Үүл ялбал дараалан ялагдсан ардчиллыг дэмжигчдийн гутрал нэмгэрнэ.
Улстөрд үүссэн хэт тэнцвэргүй эрсдэлтэй нөхцөл-ардчилалд аюул учруулж эхэлсэн тул бусдыг бус Бат-Үүлийг сонгох Монголд амин чухал гэх гээд байна би. МАН нэг суудлаар хотойхгүй. Э.Батшугар хүүд эх орондоо зүтгэх хугацаа их. ХҮН-д нэг хоёрын ялгаа мэдрэгдэхгүй. 2 жил гаруйхан наслах нэг суудал нэмэгдвэл залуу намд 2024 онд томоор хожиход хэрэгтэй ч энэ сонгуулиар Бат-Үүл ялах (улсаа ардчиллаа бодвол) маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг болоод байна. Өдрийн сонинд “Бат-Үүл бол нэг намын дарангуйлал 70 жилийн туршид ноёрхсон Монгол Улсад ардчилсан хувьсгалыг эхлүүлж хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн шинэ нийгэм тогтоход түүхэн гавъяа байгуулсан гэдгийг бид байтугай дэлхий мэднэ” гэж бичжээ. Ортой.
Бат-Үүл бол харьшгүй ясны ардчилагч. Тийм ардчилагч манайд бий нь бий. Даанч цөөн. Цус урсгасан 70 жилээрээ монголчуудыг чичрүүлсэн коммунист араатны өөдөөс амиа анх дэнсэлсэн Зориг Бат-үүл нарыг мангар жаалууд гэж дотроо басамжилж, хумсаа нууж явсан мань мэт Зөвлөлт импер сэхэмгүй хазаймагц ханцуй шамалснаа нуугаад яах билээ. Аюул суларсанд зарим нь анхдагч хэдийг бүдгэртэл ардчиллаар галзуурсан даа. Ардчиллаа аврах тэмцэлд Бат-Үүл түшиг болохоос гадна Сонгинохайрханд бүтээн байгуулахаар сэдсэнээ гүйцээж, сонгогчдынхоо амьдрах орчныг өөд татна гэдэгт би итгэж байна.
2021-09-22
Өндөр настан
Зочин
зочин
Зочин
зочин
Иргэн
Цогтоо
Зочин
Ардчилал
тг
Зочин
Зочин
уншигч
Иргэн
партизан
мат
zochin