МИНИЙ ҮЗЭГ МИНИЙ ХУТГА
Шидэт реалист зохиолчийн цэвэр реалист эргэцүүлэл
Шатокуа дахь “аллага”
2022 оны наймдугаар сарын 11-нд АНУ-ын Нью-Йорк мужийн Шатокуад зохиолч Салман Рушди алуурчны дайралтад өртөн амь нас нь дээсэн дөрөөн дээр очиж, нэг нүдээ алдсан нь соёлт ертөнцийг цочроосон юм. Агуу зохиолчид ч ахуйн зовлон байх. Салман Рушди Шатокуа дахь Үзвэрийн ордонд эх орондоо аюул заналд өртсөн зохиолчдод туслах хөтөлбөрийн тухай ярихаар зөвшөөрөхдөө уг лекцийн төлбөрөөр гэрийнхээ хуучирсан агааржуулалтын системийг засуулахаар төлөвлөсөн аж. 1988 онд 41 насандаа хэвлүүлсэн “Satanic verses” буюу “Ад зэтгэрийн мөртүүд” романаасаа болж үлдсэн амьдралаа Исламын ертөнц, тэр дундаа хэт үзэлтнүүдийн заналхийлэл дор өнгөрөөж яваа Салман Рушди зовлон нэгт зохиолчдодоо орогнол олгоход туслах хөтөлбөрүүдийн дуу хоолой болсоор уджээ.
Салман Рушдигийн амь насанд халдсан этгээд Санжаасүрэнгийн Зоригийн алуурчидтай төстэй. Гэхдээ Рушдигийн амь насанд олны нүдэн дээр халдаж, алуурчин ч газар дээрээ баригдсан билээ. Аллага үйлдэгч этгээд мэргэжлийн бусбайгаагүй бол амь насыг нь аврах ямар ч боломжгүй байсан талаар хожим эмч нь Салман Рушдид хэлэх болно.
Халдлагаас гурван сарын дараа л Салман Рушди бичгийн ширээндээ суух цаг зав, сөхөөтэй болно. Харамсалтай нь бичих онгод нь орхисныг мэдэрнэ. Тэр халдлагын үр дагаварын тухай бичиж байж л уран бүтээлийн зам мөртөө эргэн орж магад гэдгээ энэ агшинд гашуунаар ухаарна. Тийнхүү Салман Рушди амь насанд нь халдах оролдлого, алтан гарт эмч нарын гар дээр хийсэн амьд үлдэхийн төлөөх тэмцэл хийгээд амьдрал нь орвонгоороо эргэсэн тэр цаг хугацаанаас урган гарах эргэцүүллээ сүлжин “Хутга” хэмээх ном бичжээ. “Болор судар” хэвлэлийн газраас энэхүү номыг монгол хэлнээ орчуулан гаргаад удаагүй байна.
“Эргэн төрөх” хүч
Салман Рушдийн “Ад зэтгэрийн мөртүүд” хэмээх цуутай роман “Эргэн төрье гэвээс эхлээд чи үхэх ёстой...” гэсэн үгсээр эхэлдэг. Амь насанд нь мэс хэрэглэн халдахыг оролдсоны дараах саруудыг Рушди эргэн төрөхтэй зүйрлэжээ. Далан таван настай хүн байтугай идэр залуу эр ч даван гарахад хүнд хүчирхийллийн дараа Рушди амьдралд эргэн ирсэн шалтгаан нь, бие хийгээд сэтгэлийн шархаа эдгээж бичгийн ширээндээ ахин суухын сацуу үзэл санаа, мэдрэмж, төсөөллөө хүмүүстэй ахин хуваалцах хүчтэй болсон шалтгаан нь түүний эхнэр Элиза байв.
Салман Рушдийн гэргий Рейчл Элиза Гриффитс бол ид туурвин бүтээж яваа яруу найрагч, хүүрнэлч, визуал уран бүтээлч, өнгөт арьстан эмэгтэй. Эмнэлэгт амь тэмцэж байсан өдрүүдээс нь эргээд хөл дээрээ бат зогсох хүртэл Элиза эр нөхрөөсөө алхам ч холдсонгүй. Арьсны өнгө, насны зөрүү, хэл амны бай, найз нөхдийнхөө гашуун ам, цар тахал, үхлүүт болгосон халдлага гээд асар их зүйлийг даван гарсны дараа Рушди хайр сэтгэлийнхээ тухай бичнэ. Хайр сэтгэл нь гагцхүү хэн хэнээ түших сэтгэл дээр л өндийн босож, насан турхруу үедээ хайрын хүчийг, “жинхэнэ хүч, анагаагч хүч”-ийг ахин мэдэрснээ жаргалтайяа амтална.
”Анхааралд донтсон өнөө цагт ч хоёр хүн хоорондоо нээлттэй, жаргалтай, нууцлаг амьдрах боломж оршсоор буйг бид амьдралаараа нотлон харуулсан”
Агуу их Гёте насан өндөр болсон хойноо дурлаж, алдарт “Маренбаундын элегия”-гаа бичсэн гэдэг. Харин агуу их Салман Рушди ная дөхсөн насандаа, “Далд, нууц байдлыг эрхэмлэдэг, гэхдээ бусдын харааг булаадаг, олонд мэдүүлэн таниулснаар батлах шаардлагагүй, зөвхөн жаргалтай хүмүүст л зориулагдсан, ердөө байгаагаараа байхад л болчихдог тийм аз жаргал байдаг ажээ” хэмээн бичих чадалтай үлдсэн ганц гараараа догдлон товшжээ.
Номын эхэнд зохиолч харилцааныхаа эхэн үеийг дурсана:
“Юмс дэндүү хурдан хөдөлнө. Бидний амьдрал ч ”дэндүү амархан сэвтэнэ”. Хэн хэн нь сэвтэй хоёр хүн анх учирснаасаа ердөө хэдхэн долоо хоногийн дараа хамт амьдрахаар шийдэж билээ. Хоёр талын найз нөхөд болгоомж, сэрэмжийн үгс чулуудна...”
Номын төгсөлд зохиолч Шатокуагийн Үзвэрийн ордонд эхнэрийн хамт эргэн очсоноо дурсана:
“...Бидний аз жаргал шархалж гэмтсэн, бас өнцөг булангаараа сүүдэртэж ирсэн, цаашид ч сүүдэртсээр л байх биз. Гэлээ ч бидний жаргал хангалттай бат бэх юм гэдгийг би түүнтэй тэврэлдэн зогсохдоо ухаарлаа...”
***
“Хутга” ном бол мэдээж хэрэг өвчтөний тэмдэглэл биш. Улс төрчдийн ус гүйсэн зузаан намтарт ихэвчлэн тохиолддог хайрын тухай сэтгэл хөдөлгөм хүүрнэл биш. Энд Рушди шидэт реалист зохиолууддаа далд өгүүлэмж, ёгтлолын сүүдэрт л өгүүлэх боломжтой үзэл бодлуудыг цэврээр нь өгүүлсэн байна. Салман Рушди хүчирхийллийн мөн чанарын тухай, хүн хүнээ сохор мунхагаар хүчирхийлдгийн учир шалтгааныг эргэцүүлжээ.
Сэхээлэг хулчгарууд ба сэхээтэн
Салман Рушди эртний домог зүйг “эргэлтэнд оруулж”, өгүүлэмжийн шинэ, шидэт ертөнц үүсгэхдээ гарамгай билээ. Түүний “Ад зэтгэрийн мөртүүд” романд онгоцны ослоос амьд гарсан хоёр хүн нэг нь сахиусан тэнгэр, нөгөө нь ад зэтгэр болдог. Сахиусан тэнгэр болон хувирсан дүр Фариштагийн зүүдний өгүүлэмж дунд их зөнч Мухамеддийг биеэ үнэлэгч, яруу найрагч, буруу номын санваартантай зэрэгцүүлэн бичиж, Куран судрын агуулгыг ёжилсон нь Рушдиг Исламын ертөнцөд жигшигдэж, Ираны удирдагч Аятолла Рухани Хомейнигээс цаазын ял сонсоход хүргэсэн билээ. Энэ номын орчуулагч, хэвлэн нийтлэгчид амиа алдаж, Рушдигийн уран бүтээлчийн эрх чөлөөг дэмжсэнийхээ төлөө Нобелийн шагналт зохиолч Нагиб Махфуз алуурчны гарт амь насаа алдсан юм. “Хутга” номдоо Нагиб Махфузыг харуусан дурсахдаа Рушди урлаг гэдэг магтан дуулах хэрэгсэл биш, нийгмийн хуран үймээнээс хүний мөн чанарыг салган авч үлдэх боломж болох тухай доорх санааг хэлнэ.
"Урлаг тухайн цаг үе дэх хэвшмэл санааны эсрэг харгуулан тавьсан уран бүтээлчийн тэмүүлэл, алсын хараа мөн. Флоберын “Бувар, Пекюше хоёр” зохиолдоо хэлсэнчлэн хэвшмэл санаа бол урлагийн дайсан гэдгийг урлаг мэддэг. Улиг домог хийгээд үзэл суртал, үл үзэгчдэгч бурхад тэнгэрсийн санкцаас хамаарагч хийгээд үл хамаарагч хоёул хэвшмэл санаа. Урлаг үгүй болвоос бидний сэтгэх, шинэлэг өнцгөөс харах, өөрсдийн ертөнцийг сэргээн шинэтгэх чадвар доройтон бөхнө."
Рушдигийн “Куран” судрыг уран сайхны бүтээлд ашигласан явдалд хандаж буй харгис шийтгэл дундад зууны үеийн Христийн сүмүүдийн харгислалаас үнэндээ өөрцгүй юм. Харин Рушди орчин цагийн дэлхий ертөнцөд дарангуйлал амь бөхтэй оршсоор байгааг сануулж, дарангуйллыг тэтгэгч гол хүч нь үзэл суртал, шашин, уламжлалын нэр барьсан хуурмаг номлол болохыг өгүүлнэ. Дарангуйлал бол хүчирхийллийн нийтийг хамарсан цогц төрх, нэг үгээр машин. Дарангуйллын машиныг хүмүүс өөрсдийн төөрөгдлөөр тэтгэж амилуулаад, мах цусаараа тэжээсээр мангас болгодгийг Рушди “Хутга” номдоо хөндөхийг хичээжээ. Төөрөгдлөө таньсан, оюун санааны хувьд боловсорч төлөвшсөн иргэн гэдэг дарангуй нийгмийн хувьд нүдэнд орсон хог, эрх чөлөөт нийгмийн хувьд үнэт эрдэнэс юм.
“Бид үнэнийг дуулж, худалчуудыг нэрлэж, санаа нэгтнүүдтэйгээ тэргүүн шугамд нэгдэж, тэдний дуу хоолойд өөрсдийнхийгөө нэмэн хүчирхэгжүүлж чадна. Хамгаас чухал нь өрнөн буй бүхний өр зүрхэнд нь дарлагчдын зохиож олонд итгүүлсэн өнөөх худал хуурмаг түүхүүд оршин буйг ойлгох ёстой. Тиймээс бид харгис дарангуйлагч, тархи угаагчдын зохиосон худал түүх, хүмүүн дотор нь амьдрахыг хүсэм сайхан үлгэр домгийг няцаах хэрэгтэй. Дайн зөвхөн дайны талбарт өрнөөгүй. Бидний дотор нь амьдарч байгаа түүхүүд ч мөн тулалдааны талбарын нэг хэсэг”.
Орчин цагийн дэлхий ертөнцөд зэр зэвсгийн дайн биш оюун санааны дайн өрнөх болжээ. Энэ дайны гол зэвсэг нь үзэл бодол төлөвшөөгүй, туйлшралд автахад бэлэн оюун санаа юм. Энэ бол дарангуйлал урган төлжих үржил шимт хөрс юм. Хуучны мухар сүсгийн оронд сэтгэл татам үзэл санаанууд үндэстнүүдийн оюун санааг шимэгчилнэ.
Ялангуяа сэхээтнүүд нь улс орноо ямагт дэлхийгээс алслагдсан арал мэт төсөөлдөг монгол орныг энэ явдал нэрмэж байна. Монголын сэхээтнүүд үндсэрхэг явцуу үзэлд суурилсан, Оросыг загвараа болгосон шинэ дарангуйлал, неосталинизм, эсвэл эдийн засгийн эрх чөлөөнд шүтэх хэрнээ хүний хүмүүнлэг мөн чанарыг орхигдуулсан неолибериализм, эсвэл эдүгээ зөвхөн Төвд, Монголд буй буддизмын асар мухар сүсэгжсэн урсгалаас эх орныхоо оюун санааны ирээдүйг эрэн хайцгаана. Гэтэл энэ бүх сэтгэл татам үзэл санаанууд ердөө л улс нийтийн баялагийг шамшигдуулах зорилгын өмнө үнэ цэнэгүй болж улсынхаа төсвөөс их мөнгө эргэлдүүлдэг, авлигажсан далд эдийн засаг бүхий төр засаг, үзэл бодлоо худалдахад хэзээд бэлхэн иргэдийг төрүүлэгч бүхэл бүтэн машин бий болжээ. Монгол маягийн энэ дарангуйллын машины тэжээл нь улсын нэрээр, дунд гарын луйврын арга замаар буй болгосон асар их хөрөнгө, харин эрэг шураг нь “үнэнийг дуулж, худалчуудыг нэрлэж, санаа нэгтнүүдтэйгээ тэргүүн шугамд нэгдэх” эр зориг хийгээд чадваргүй сэхээтнүүд юм. Монголын сэхээтнүүд өдгөө монголын дайснууд болжээ. Тэд, “харгис дарангуйлагч, тархи угаагчдын зохиосон худал түүх, хүмүүн дотор нь амьдрахыг хүсэм сайхан үлгэр домог”-оор хүн ардынхаа тархийг угаах болжээ. Аж төрөх арга нь энэ болж, уран бүтээл нэртэй ядмаг өгүүлэмж, гэнэн фанатизмын сувсаар сэтгэлээ хууран, “гар газар, хөл хөсөр” суух болжээ.
Төөрөгдлийн эргүүлгээс сугарахуй
Салман Рушдиг хөнөөхийг завдсан этгээд түүний нэг ч номыг уншаагүй бөгөөд эргүүлж харахаас хэтрээгүйгээ баталжээ. Цахим орчин дахь исламын хэт үзэлтнүүдийн лекц түүний бодол санаанд хүчтэй нөлөөлсөн байна. Ингээд тэр Салман Рушди гэх тэрслүү, ёжтой зохиол бичдэг эрийг ертөнцийн муу муухай, төгс бусын шийтгэл болгон, шийтгэхээр шийдсэн байна.
Салман Рушди энэхүү номондоо өөрийг нь хөнөөхийг завдсан этгээдтэй төсөөллийн ярилцлага хийжээ. Номын энэ бүлэг бол сэтгэлгээний хувьд бүрэн төлөвшөөгүй, мэдээллийн их урсгалд хөвж яваадаа сэтгэл ханан, өөртөө эндүү итгэж, нийгмийн харилцаанд харалган, түүхий оролцох болсон хүмүүсийн тухай юм.
“Чи дөнгөж хорин дөрөвтэй ч хэдийн амьдралд, ээждээ, эгч нартаа, эцгүүддээ, боксын авьяасгүйдээ, ер ямар ч авьяас чадваргүйдээ, урд чинь сунайх нүцгэн ирээдүйд, үүнд өөрийгөө буруутгах чадваргүйдээ урам хугарсан чинь илэрхий байна. Гэвч бусдыг буруутгах хэрэгцээ, бүр маш их хүсэл, буруутгал зэмлэлийн их үер чамайг тойрон, дайран урсаж, гэтэл жиргээч үү, видео ч юм уу бүү мэд нэг зүйл тэр их өшил заналын чинь үерийг над руу эргүүлж, миний толгой дээр хуралдуулж, тэгээд л чи төлөвлөгөөгөө боловсруулж эхэлж...”
Өөрийгөө буруутгах чадвар. Рушдигийн энэ үг их чухал үг. Өөрт тохиосон ямарваа асуудал өөр хэнээс ч биш өөрөөс нь л эхтэй, өөрөөс нь шалтгаалдаг гэдгийг ямар нэг булзах юмгүй ойлгож ухамсарлах нь төлөвшсөн хүний эхний шинж. Уламжлалт гэрийн хүмүүжилд эцгийн тэлээний оролцоотой ч юм уу олгогддог байсан энэ чадвар эдүгээ цагт ховорджээ. Магадгүй ахуйн ажил, бодит амьдралын баялаг чанар хүнд нийгмийн харилцааг олон талаар харах, сэтгэлийн ачааллынхаа уг шалтгааныг өөрөөсөө эрэх дадал, тийн бодож ухаарах зай завсар олгодог байжээ. Гэтэл технологи бүхнийг орлох болсон, ямар ч зүйлийг орлуулж болно гэсэн мэдрэмж төрөх болсон энэ үед өсөж өндийж, амьдарч буй хүмүүст өөрийгөө буруутгах чадварын хомсдол нүүрлэчихэж. Энэ хомсдол дээр сийрэгхэн сэтгэдэг хүн хялбархан гэгч нь тоглож, буруутгалын үзүүрийг нь хэн нэгэн рүү эргүүлж, хайр, хүндлэлийн сэжүүрээр нь даажигнан наадаж болно.
Монгол бол хохирогчдын орон. Бид улсаараа ямар нэг зүйлд ямагт сэтгэл дундуур байдаг. Улсынхаа хамаг сэхээтнүүдээ 1930-аад онд буудаж дуусгасан нь Оросын коммунистуудаас болсон хэрэг. Тэдэнд манай атаархуу, боловсролгүй, хулчгар монголчууд уралдан үйлчилж, үндэс угсаа нэгтийхээ цусан дээр гишгэн эрх мэдлийн өөд борголдож байсан нь огтоос хамаагүй. Бүр цаашилбал Манжууд л чухам Монголын эзэнт гүрнийг бутрааж, хорлож, дарангуйлсан. Чингисийн их эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирэх баялагт мөнхөд эзэн суух юм шиг загнаж, бусдынхаа дээр л гарч байвал хэнтэй ч нийлсэн хамаагүй болсон манай өвөг дээдсийн харалган шийдвэрүүд үүнд огтоос хамаагүй.
“Бусдыг буруутгах хэрэгцээ”-ний энэ шавхагдашгүй ундарга түүхийн их нийтлэгээс гэрийн хойморт бууж ирнэ. Төр засаг хулгайчдаар дүүрчээ гэж өдөр шөнөгүй хараах мөртлөө, өнөө хулгайчид нь бохир мөнгөө өөрийн гар хөлд атгуулаад гэр лүү нь явуулахаар маргааш нь харайж хүрээд нэрийг нь дугуйлчихдаг манай монгол эцгүүд бол үүний жишээ билээ. Тэдний хөвгүүд нэг бол хулгайч болох замыг, нөгөө бол хулгайчийг хаацайлан амьдрах зам руу цагийн эрхээр шахагдана. Мэдээж ийм амьдралд яаж сэтгэл хангалуун байхав. Хэн нэгнийг буруутгах хэрэгтэй болно. Тэр нь магадгүй манай мөнхийн хөрш улсууд, мөнгө зээлүүлдэг улсууд, эсвэл зүгээр л ажилтай анхиатай хөрш айл нь болох болно. Энэ бол төөрөгдлийн эргүүлэг юм. Энэ худгаас л хүнийг гаргах гэж, хүн төрөлхтний өчүүхэн хувийг нь ч болов төөрөгдлийн эргүүлгээс гаргах гэж Салман Рушди шиг сэтгэгчид бичдэг.
Хүчирхийллийн тойрог
Салман Рушди чинээлэг айлын хүү. Гэхдээ л хүчирхийллийн мэдрэмж амсаж өссөнөө өөрийн өвөрмөц бичлэгийн аргаар “Хутга” номондоо оруулжээ.
“Дүрс дахин солигдов. Тэр балчир биш өсвөр насны хүү болжээ. Өдрийн цагаар түүний эцэг эхнэрээ хүчирхийлэх бөгөөд хөвүүн хийж чадна гэж огт төсөөлөөгүй үйлдлээ хийж орхино. Гүйж очин эцгийнхээ нүүр лүү тасхийтэл алгадчихаад тэр даруй “Өө бурхан минь, Одоо тэр намайг хариу цохино доо. Ээ тэнгэр минь, эрүүг минь хугалах нь зайлбаргүй” хэмээн бодно. Гэвч тэрээр хүүдээ гар хүрсэнгүй. Цааш явчихав. Энэ түүний өөрөөсөө ичиж, гутсаны илрэл байж болох уу?
Халдлагын дараа анх удаа өөрийн царайгаа толинд харахдаа Салман Рушдигийн дотор дээрх дурсамж нь амилна. Уран зохиолын ур чадварыг нь шинэ түвшинд хүргэж, алдар нэрийн өндөрлөгт аваачсан “Шөнө дундын хүүхдүүд” романд нь гарах архины хамааралтай эцгийн дүр аав Анис Рушдиг нь хилэгнүүлснийг тэр санана. Өөрийнх нь үйлддэг байсан хүчирхийллийн тухай хэлж бичүүлсэн гэж эцэг нь эхэд нь гомджээ. Рушди эцгийнхээ заасан замаас гажиж, алхам тутамдаа урлаг руу тэмүүлж өссөн зөрүүд хүү.
“Хүүхдүүд хаалттай хаалганы цаанаас сонсдог юм шүү дээ...”
Алуурчны хутганд сийчүүлчихээд амь голтой үлдсэн 75 настай хүү сэтгэлдээ ийнхүү шивнэнэ.
“Хутга намайг тодорхойлох боллоо. Би үүний эсрэг тэмцэнэ, гэхдээ ялагдах мэт санагдаад байна. Амьд яваа минь миний ялалт. Харин хутгаар амьдралаа тодорхойлуулах болсон минь ялагдал...”
Салман Рушдигийн амийг таслахыг хүссэн үй олон хутганаас ердөө ганц нь л түүнд хангалттай их хохирол учруулжээ. Амьдрал руу нь чиглэсэн үй олон хутганы эсрэг харин түүнд үзэгнээс өөр зэвсэг үгүй. Гартаа барьсан зүйлээ зэвсэг болгох уу, зэмсэг болгох уу гэдэг хувь тавилан биш хүний амьдралын сонголт болох тухай тэр бичнэ. Алуурчин алуурчнаараа төрдөггүй, алуурчин алуурчин болж хүмүүждэг тухай тэр бичнэ. Ганц хүний сэтгэлээс уугих төөрөгдлийн манан хүн төрөлхтнийг сөнөөх хүчтэй. Төөрөлдсөн хүн өөрийгөө ч, өрөөлийг ч үл ойлгоно. Үл ойлгогдохуйн манан дунд хүний ертөнц живнэ, сайн сайхан нь ч, муу муухай нь ялгарахаа болино. Энэ манангийн, энэ мансуурсан ертөнцийн тухай Рушди бичнэ.
“Флоренцийн шидэт гүнж” романдаа Салман Рушди монголчуудын өвөг дээдсийн тухай бичсэн. Зэрлэг бүдүүлэг, эсвэл нууцлаг хүчний эзэд мэт дүрслэгдэх монголчуудын домог зүй энэ романы гол шугамыг тэтгэх агаад Алунгоо эхийн хувилгаан хэмээн Доголон Төмөрийн удамд итгэгдсэн хүчирхэг бүсгүйн тухай өгүүлнэ. Монгол угсааны Акбар хаан өвөг дээдсийнхээ бүдүүлэг, зэрлэг нүүдэлчид гэдгээс ичих бөгөөд өөрийн хүсэл мөрөөдөл, төсөөллийн туйлын цогцолбор болсон Сикри хотдоо аж төрөн сууна. Акбар өөрийн хүсэл, хайрын дээдээ нэгэн төсөөллийн бүсгүйд шингээн, амилав хэмээн итгэж түүнийгээ хатнаа болгоно. Тэгээд төсөөллийн хатандаа хандан ийн өгүүлнэ.
“Чи төсөөл дөө.Өөр хүний мөрөөдөлд нэвтэрч, түүнийг нь өөрчлөөд, оронд нь зориг гаргаж өөрийнхөө мөрөөдөлд оруулж болдог, бүх дэлхий тэр чигээрээ биелсэн мөрөөдөл болбол яах вэ?”.
Төсөөлөл, төөрөгдлөөс нь амилан биежсэн хатан нь энэ агшинд Акбарыг шоолно. Ингэж хол төөрөгдсөн цуст дарангуйлагчийн оюун санаанаас амилсан өөрийнхөө оршихуйд хатан эргэлзэнэ. Гайхалтай хийсвэрлэл, хийсвэрлэлийн хийсвэрлэл биш гэж үү? Рушдигийн бичлэгийн давтагдашгүй онцлогийн зах зух нь энэ.
Акбарын төсөөлөл рүү эргээд очъё. “Бүх дэлхий тэр чигээрээ биелсэн мөрөөдөл болбол яах вэ?” Акбарын төсөөлөл ямартай ч түүнийг сайн зүйлд хүргэхгүй. Сикри хотоо шатаалгаж, төсөөллийн ертөнц нь нурна. Зохиол дээр биш бодит амьдрал дээр ч бүх дэлхий тэр чигээрээ биелсэн мөрөөдөл болвол бүх дэлхий тэр чигээрээ амилсан там болдгийг бид харсан. Дэлхий туйлширсан хоёр үзэл бодлын туйлд хуваагдсаны гай гамшгийг монголчууд бид ч хангалттай их амссан. Үр урхаг нь одоо ч арилаагүй байна. Дэлхий дээр одоо дүрэлзэж буй дайны хоёр голомт, Украйн, Палестинд үндсэрхэг явцуу үзэл болоод шашны хэт туйлширсан үзлээс үүдэлтэй харгис, ичгүүртэй яргалалын гал цоролзож байна. Энэ бол хүн төрөлхтний төөрөгдлийн хоёр үндсэн хэлбэр болох шашин, уламжлал хоёрын ариун нэр дор өрнөдөг хүчирхийллийн тойрог юм. Чухам эндээс л хорт санаагаа шүлгийн мөрөнд шингээн хүний чихэнд шивнэх ад зэтгэрийн дуу хоолойг сонсож болно.
Эцэст нь,
“Миний үзэг
Миний хутга”.
Олон жилийн өмнө бичсэн энэ хоёр мөрөө Салман Рушди эрхэмд өргөнөм. Бичгийн хүний хувьд үзэг нь илднээс хүчтэй зэвсэг. Гагцхүү түүнийг Салман шиг эзэмшиж сурах нь чухаг. Насан өндөр их зохиолчийн ухаан саруул зориг төгөлдөр энэхүү номоос монголын сэхээтнүүд, залуус эх орныхоо хоцрогдол, доройтол, тонуулын эсрэг үзгээ өргөн тэмцэх зориг эрмэлзлэлийг олж авбал тэр нь юу юунаас ч илүү чухаг.
2024.09.28
"ҮНДЭСТНИЙ ТОЙМ" сэтгүүлч. №26 (607)
Зочин
Зочин
зочин
Зочин
Bat