Патрик Модиано: Зохиолчийн тавилан
"Эгэл жирийн хүний ахуй амьдралыг хүүрнэн өгүүлж, дурсамж дурдатгалыг нь сэргээн урласныхаа төлөө" 2014 онд уран зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн Патрик Модианогийн Нобелийн лекц
Олон хүний өмнө анх удаа үг хэлж байгаа минь энэ. Тиймдээ ч бага зэрэг сандарч байна. Хүмүүс ер нь зохиолчдыг нүүр хагарсан гэж боддог. Гэхдээ зохиолч, тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолч хүн олны өмнө гарч ярихдаа тааруухан шиг. Зохиолч хүн бичихдээ илүү л дээ. Олонд уусаж, уур амьсгалыг мэдрэхийн тулд чимээгүй ажиглахыг илүүд үздэг. Хүмүүсийн ярианд тэр бүр хөндлөнгөөс оролцоод байдаггүй, оролцвол ойр тойрныхныгоо илүү сайн ойлгохын тулд хэд гурван асуулт тавихаас хэтэрдэггүй. Бичсэнээ засах дуртай, ярих дургүй. Засаж зассан хойно бичвэр нь цэвэр тунгалаг мэт санагдаж болно. Гэлээ ч ам нээвэл барьж болдоггүй гэдэг. Нэгэнт хэлснээ эргүүлж засах боломжгүй шүү дээ.
Түүнээс гадна миний үеийнхэн томчуудын ярианд оролцох ёсгүй гэсэн чанд хатуу хүмүүжилтэй өссөн. Тэр үед томчууд ч хүүхдийн яриаг төдий л тоож анзаардаггүй байж дээ. Ийм болохоор би ярихдаа барагтай, яриаг минь таслах вий гэсэндээ хурдан ярьдаг биз. Ярихаасаа илүү бичих дуртай болсон нь ч үүнтэй холбоотой. Сэтгэлээ нээх хүсэлд автсандаа санаа бодлоо цаасан дээр буулгаж эхэлсэн над шиг хүн бишгүй олон.
Нобелийн шагнал авснаа дуулаад би их гайхсан шүү. Яагаад намайг сонгосон юм бол гэж гайхсан. Энэ хүртэл би зохиолч хүн ер өөрийнхөө зохиол бүтээлийг дүгнэж чаддаггүй гэдгийг ойлгоогүй л явж. Зохиолч өөрийнхөө бүтээлийг уншиж чаддаггүй. Уншлаа гэхэд засах гэж л уншина.
Зохиол бичнэ гэдэг ганцаардмал бөгөөд жигтэй үйл явц. Романыхаа эхний хэдэн нүүрийг буулгана гэдэг бэрх, санаанд хүрэхгүй нь элбэг. Буруу бичээд байх шиг санагдана. Эргээд өөр замаар явмаар бодогдоно. Гэлээ ч эргэж болохгүй, урагшлах л хэрэгтэй. Гулгаа ихтэй замаар шөнө машин барихтай л ижил юм даа. Манан будан арилж гэгээ орно гэдэгт итгэсээр урагшлахаас өөр замгүй.
Номоо бичээд дуусахад бичвэр чөлөөлөгдөж, холдоод явчих шиг санагдана. Зуны амралт дөхөхөд сурагчдын анхаарал сарниж, амралтаас өөр юм бодох сөхөөгүй болдог доо, яг л тэр. Сүүлчийн хэдэн өгүүлбэрийг тавихад зохиол аль болох зохиолчоосоо холдохыг хүсээд байх шиг санагддаг. Сүүлчийн цэгийг хатгасан хойно тэр номын тухайд зохиолч хэрэггүй болж мартагдана. Үүнээс хойш тэр зохиол уншигчдад өөрийгөө дэлгэх болно. Энэ мөчид сэтгэл хоосорч, ганцаарддаг нь жам. Түүгээр барахгүй зохиол бүтээл нь дэндүү хурдан холдоод явсанд харуусах шиг. Тиймдээ ч ямар нэг юм хэлэлгүй үлдээж хэмээн ахиад нэг зохиол бичих нь бий. Энэ мэт он жил улирахад олон ном гараас гарах ч зохиолчийн хувьд энэ бүхэн тасралтгүй урагш тэмүүлсэн цаг хугацаа л байдаг.
Зохиолын тухайд зохиолчоос илүү уншигч мэдэрч ойлгодог. Уншигч, бүтээл хоёрын хооронд гэрэл зураг угаахтай л ижил нандин холбоо тогтдог гэж бодох юм. Гэрэл зургийг угаахад дүрс аажмаар тодордог шүү дээ. Зохиолыг уншихын хэрээр ийм л үйл явц өрнөдөг. Гэхдээ зохиолч уншигчид хэтэрхий их дарамт учруулж, үйл явдлаар дарах ёсгүй. Төсөөлөн бодох орон зай үлдээж, алгуур аажмаар урагшлах хэрэгтэй.
Би багадаа шүлэг бичиж эхэлсэн. “Муу яруу найрагч л үргэлжилсэн үгийн зохиолч болдог” гэж хаа нэгтээ уншиж байснаа мартдаггүй. Шинэ зохиол бичиж эхлээд өмнөхөө мартах нь энүүхэнд. Тиймдээ ч зарим үг хэллэг, нэр ус нэгээс нөгөө номд шилжих нь бий.
Нобелийн хорооныхон намайг эзлэгдсэн бүс нутгийн хүмүний сэтгэлийг хөндөн дэлгэсэн гэж үнэлжээ. Би 1945 онд төрсөн. Дайны үеийн хүүхэд, бүр тодруулбал бүслэгдсэн Парисын хүүхэд. Эзлэгдсэн парисчууд тэр үеийг аль болох мартахыг хүсдэг. Тэр цагийг хар дарсан зүүд мэт хардаг. Яагаад ч юм бэ тэр үеийг даваад гарснаасаа ичдэг. Хүүхдүүд нь тэр жилүүдийн тухай асуухад хариулахаас бултдаг. Гэлээ ч хүүхдүүд бид тухайн үед ямаршуухан байсныг тэднээс дутуугүй мэдэрч, төсөөлж байлаа.
Эзлэгдсэн Парис их онцгой. Өнгөц харахад амьдрал урьдын адил үргэлжилж, театр, кино, хөгжимт жүжиг, зоог, уушийн газрууд нээлттэй, радиогоор дуу хөгжим дамжуулж, кино, театрт хүн битүү байвч эдгээр хүн айдсаа дарах гэсэндээ олны дунд орж байлаа. Гудамжинд машин тэрэг үзэгдэхгүй, навчис сэрчигнэх, морин тэрэг давхих, хүний хөлийн чимээ л чихэнд хүрнэ. Таван цаг болж бүрий буумагц хаа сайгүй харанхуйд автана. Тиймдээ ч нацистууд Парисыг сохор хот гэж нэрлэсэн биз. Хүүхэд томчууд ямар ч ул мөргүй алга болох нь энүүхэнд. Сэтгэлээ нээх хүн нэгээхэн ч үгүй. Найз нөхөд ч гэлээ ойр зуурын аахар шаахар зүйлийг л ярилцана.
Хар дарсан зүүдний тэр л хотод хэнбугай ч матааст өртөж амиа алдах аюултай. Комендантын цаг эхэлж, харуй бүрий буухад ахиж уулзах эсэхээ мэдэхгүй хүмүүс дотно харилцаанд орно. Үүний үрээр хүүхдүүд төрнө. Ийм ч учраас эзлэгдсэн үеийн Парисыг би Библид дурдагдсан анхны шөнөтэй зүйрлэн боддог. Тэр үеийн Парис үгүй бол би гэж хүн мэндлэхгүй. Тэр л Парис намайг мөр алдалгүй дагаж, бүдэгхэн гэрэл нь ном зохиолд минь тусгалаа олдог.
Зохиолч хүн мэндэлсэн өдрийнхөө гараг эрхэс, од мичидтэй хүйн холбоотой гэдэг энэ. Тухайн үеийн улс төрийн хэрэг явдалд шууд оролцоогүй, ганцаардмал зожиг хүн ч гэлээ бүтээл туурвилдаа онож төрсөн цаг хугацаагаа л тусгадаг.
XXI зууны зохиолч цаг үедээ олзлогдон, XIX зууны Бальзак, Толстой, Достоевский, Диккенс нарыг уншаад өөрийн эрхгүй санаашран гуних нь бий. Тэр үест цаг хугацаа арай л удаан урсдаг байж. Тиймдээ ч үргэлжилсэн үгийн зохиолчид анхаарлаа төвлөрүүлэх илүү их боломжтой байжээ. Тэр цагаас хойш цаг хугацаа хурдасч, огло огло хийн урагш үсчих болсон. Ийм ч учраас энэ хоёр үеийн зохиол бүтээл өдий зэргийн ялгаатай. Ингэж үзвэл би гэдэг хүн завсрын үед хамаарна. Миний хойч үе, интернэт, гар утас, имэйл, твиттерийн үеийн зохиолчид хүний сэтгэлийн гүнийг хэрхэн нээх нь сонирхол төрүүлнэ. Гэхдээ л би уран зохиолын ирээдүйг гэрэлтэйгээр харж байна. Гомэрээс эхтэй эл түүхийг үр хойчис маань алдалгүй залгамжилж, нэр төртэй үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна...
Ямар ч зохиолч, уран бүтээлч хэдий цаг үедээ уягдаж хүлэгдсэн ч зохиол бүтээлдээ цаг хугацаанд үл баригдах тэр л зүйлийг шингээж өгдөг. Расин, Шэкспирийн жүжиг ийм л чанартай. Толстойг уншиж байхдаа Анна Каренина 1870 оны хувцас өмсөж байгаа нь төдий л санаанд үлддэггүй, тийм л ойр байдаг. Эдгар По, Мэлвилл, Стэндаль нарыг хоёр зуун жилийн дараа илүүтэй ойлгох нь энүүхэнд.
Зохиолч амьдралаас хэр зэргийн зайтай байдаг вэ гэвэл ахуй орчныг хөндлөнгөөс тодхон харж дүрслэх тийм зайд орших учиртай гэнэ. Амьдралын гүнд орж хутгалдвал юм бүхэн бүдгэрч үл харагдахын учир тодорхой хэмжээний зай барих нь зүйтэй гэж бодох юм. Гэлээ ч энэ нь дүр дүрслэлээсээ холдож хөндийрнө гэсэн үг биш. Флобэр өөрийгөө “Би бол хатагтай Бовари” гэж хэлсэнчлэн Толстой нүднийх нь өмнө галт тэргэн доогуур орсон тэр л эмэгтэйтэй өөрийгөө зүйрлэжээ. Нэгэн биеэ хоёр болсон мэт хувилан санах нь өөрийгөө өөгшүүлэх өөдгүй үзлийн чанх эсрэг чанартай, өөрийгөө бусдаас тусгаарлаж, анхаарлаа дээд цэгт төвлөрүүлж буйн тод илрэл.
Уран бүтээлчийн хувьд өдөр өдрийн бүүдгэр амьдрал өнгө алаглан дотроосоо гэрэлтэх гайхалтай нууцлаг ахуй болон төсөөлөгдөнө. Бүтээлч хүн бид бүгдийн дотор сүүмэлзэж буй энэ л бүүдгэр гэрлийг тодолж гаргах үүрэгтэй. Манай холын хамаатан уран зураач Амедео Модильянигийн тухайд үл таних натураас зурсан зураг нь түүний шилдэг бүтээлд тооцогддог. Нунж дорой төрх байдлынх нь цаана нуугдаж буй амин чанарыг тодотгон үзүүлсэн уран зургууд нь гайхагддаг шүү дээ. Үргэлжилсэн үгийн зохиолч ч үүнээс ялгаагүй.
Би хувьдаа дуртай зохиолчдынхоо намтрыг уншихаас эмээдэг. Намтарчид аахар шаахархан зүйлээс шүүрч аваад түүнийгээ дэвэргэн бичдэг. Гэтэл зохиолч хүн зохиол бүтээлдээ л өөрийгөө шингээж илэрхийлдэг нь жам. Зохиол бүтээлээрээ бидэнтэй чимээгүй хөөрөлдөж байдаг. Гэхдээ аль нэгэн зохиолчийн намтарт хар багад нь тохиолдсон томоохон үйл явдал байвал тэр нь хожмоо зохиол бүтээл болгонд нь тусгалаа олоод байх шиг. Энд би Альфрэд Хичкокийн тухай өгүүлэхийг хүснэ. Хичкок хэдийгээр зохиолч биш ч гэлээ кино нь яг л роман шиг эхлэл, өрнөл, оргил, төгсгөлтэй. Тавтай байхад нь аав нь цагдаагийн комиссар найздаа захиа бичээд хүүгээрээ хүргүүлж л дээ. Хичкок аавынхаа захиаг хүргээд өгтөл өнөөх комиссар хүүг цагдаагийн хэлтсийн гэмт хэрэгтнүүдийг хорьдог хэсэгт цоожилчихож. Хүү бүтэн цаг тэнд суухдаа айж сандарсан гэж тоймгүй. Комиссар түүнийг суллахдаа “Дэггүйтэж дүрсгүйтвэл яахаа мэдэв үү?” гэжээ. Хичкокийн кино тэсгэл алдуулсан хүлээлт, түгшүүрээр дүүрэн байдаг нь энэ нэгэн явдалтай холбоотой биз.
Бага байхад аав ээж минь намайг айлд орхиод явах нь элбэг. Айлд үлдэж сурсан хүүхэд аливаад айж гайхахаа больдог муу зантай. Хожмоо бодоод байх нь ээ, миний хүүхэд нас тун сонин өнгөрчээ. Аав, ээжийн үлдээдэг айлуудын тухай бодлоо. Хүмүүс нь санаанд орохгүй атал хаана байсан нь тов тодхон. Энэ тохиол наддаа л хүний сэтгэлийг дэлгэн бичих бас нэгэн шалтгаан болсон гэхэд хилсдэхгүй.
Өсвөр насанд хүрээд харин айдсаа даван туулахын тулд өдөртөө огт мэдэхгүй Парис хотын захын дүүргүүд рүү ганцаар явдаг байлаа. Юм бичдэг болоход энэ бүхэн хот суурингийн тухай дүрслэн өгүүлэхэд ихээхэн нэмэр болсон. Энд би яруу найрагч Томас де Квинсигийн залуу насны нэгэн учралын тухай өгүүлэхгүй байж болохгүй нь. Квинси залуухан байхдаа Лондон хотын Оксфордын гудамжнаа нэгэн бүсгүйтэй танилцаж, хэд хоног цугтаа байсан ч хотоос явах яаралтай ажил гарч л дээ. Залуус долоо хоногийн дараа Титчфилд гудамжны мухарт уулзахаар болзоод, Квинсиг ирээгүй тохиолдолд бүсгүй орой бүр тэнд ирж хүлээхээр тохиролцжээ. Гэсэн ч тэр хоёр эргэж уулзсангүй. “Бид хоёр Лондон хэмээх асар том төөрдөг байшингийн хаа нэгтээ хэн хэнээ хайсаар байсан биз. Хэдхэн алхмын зайтай зөрөөд өнгөрсөн ч юм билүү, хэн мэдэх вэ. Хагацлын гашуун зовлонг амсахад үүнээс илүү юм хэрэггүй” гэж хэлсэн нь санаанд орох юм.
Уран бүтээлд минь нөлөөлсөн зохиолч гэвэл Бальзак, Диккенс, Достоевский, Нагаи Кафу, Яльмар Сёдербергийг нэрлэх байна. Би Бодлерийн хэлсэнчлэн хуучин нийслэлийн харанхуй гудмуудыг судлан шинжлэхийг хүссэн. Нобелийн хорооныхон “Эгэл жирийн хүний ахуй амьдралыг хүүрнэн өгүүлж, дурсамж дурдатгалыг сэргээж урласны минь төлөө” энэ хүндтэй шагналыг олгосон гэжээ. Энэ үгэнд сэтгэл бүлээцэх юм. Намайг төрсөн 1945 онд том том хотууд нуран баларч, тоо томшгүй олон иргэн нь газрын хөрсөнд шингэсэн уйтай он жил байлаа. Тиймдээ ч миний үеийнхэн өнгөрсөн үеийн дурсамж дурдатгал, бүдгэрч баларсан бүхэнд тэгтлээ татагддаг биз ээ.
Гэвч Марсэль Прустын дайтай алдагдсан цагийн эрэлд гарахгүй нь л үнэн. Прустын дурдатгалд өнгөрсөн улирсан бүхэн өчүүхэн ч бүдгэрээгүй тодхон байдаг даа. Өнөө харин ой санамж гэдэг тун чиг хэврэг эд болж.
Үргэлжилсэн үгийн зохиолч уг чанартаа зах хярхаггүй далай тэнгист бараа нь замхран хөвж яваа мөсөн уултай л зүйрлэж болом балран арчигдаж буй бүхнийг тодлон бичих үүрэгтэй буй заа.
Орчуулсан: Бат-Эрдэнийн Гэрлээ