“Орано Майнинг”-ийн Хөрөнгө оруулалтын гэрээний хэлцлийг хэн, хэн хийх вэ
-Ц.Туваан сайдын амласан хугацаанд амжуулах, өндөр ашигтай гэрээ байгуулахын аль нь чухал вэ-
УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд МАН дахин олонх болсон, тэр тусмаа АН, ХҮН намуудтай хамтарсан Засгийн газар байгуулсан нь эдийн засгийн бодлогоо өргөжүүлэн үргэлжлүүлэх, томоохон төслүүдэд сөргөөр нөлөөлөх хэмжээний бодлогын өөрчлөлт багатай байх болов уу гэсэн таамаглалыг Fitch Ratings зэрэг агентлагууд танилцуулаад байгаа юм. Мөн үүнд зээлжих зэрэглэл, төсвийн алдагдал бага ч гэсэн хэмжээгээр буурч байгаа зэрэг нь эергээр нөлөөлнө хэмээн танилцуулсан.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын 2024-2028 оныүйл ажиллагааны хөтөлбөрийн төслийг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд танилцуулах үеэрээ “Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгаан станцын төслийг эхлүүлнэ. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай уг төсөл жилд 2500 тонн ураныг олборлон экспортолж улс, орон нутгийн төсөвт нэг тэрбум гаруй ам.долларын татварын орлого оруулж мянга гаруй ажлын байр бий болгох тооцоололтой. Байгаль орчны үнэлгээ болон цахилгаан станцын хэлэлцээрийг нягт хийх учиртай. Оюутолгойн гэрээнд гаргасан алдааг бид давтах ёсгүй” гэж хэлсэн.
Хэдийгээр “олборлох ураны хэмжээгээ зарлаж, төсөвт орох орлогоо мөрөөдөх” нь хэтэрхий өөдрөг, гэнэн сонсогдсон боловч олон улсад өгөх дохио талаасаа ойлгож болох л юм. Түүнчлэн Ерөнхий сайд дээрх асуудлаар тодорхой компанийн нэр дурьдаагүй нь ч учиртай.
Харин салбарын сайд Ц.Туваан нь уг хуралдаан дээр эрхэм гишүүн Б.Пүрэвдоржийн тавьсан асуултад “Францын Орано групптэй хийх Зөөвч-Овоо төслийн талаар” гэж тодорхой дурдсан учраас хариултдаа “Зөөвч-Овоо ураны төслийн асуудал Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Тиймээс энэ оны 10 дугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг хийж үйл ажиллагаанд оруулна” гээд амлачихна билээ. Мөн тэрбээр “Ажлын хэсгийг саяхан шинэчлэн байгуулж, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж, миний биз дэд ахлагчаар нь ажиллаж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.
Энэ оны 10 дугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг хийнэ” гэдэг бол давчуу бөгөөд том амлалт. Тэгэхээр гэрээг хийх шинэ Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хэн, хэн байгаа юм бол гэдгийг сонирхлоо.
Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулагч “Орано майнинг” компаниас ирүүлсэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 27 тоот захирамж гарчээ. Өөрөөр хэлбэл байгуулагдаад 20 гаруй хонож буй шинэ Ажлын хэсгийнхэнд Ц.Туваан сайдын амласан хугацаанд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулна гэвэл ердөө тун давчуу хугацаа үлдсэн байгаа биз? Ингээд Ажлын хэсгийн шинэ бүрэлдэхүүнийг танилцуулъя.
Ажлын хэсгийн ахлагчаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Дэд ахлагчаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Гишүүдээр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Сангийн сайд Б.Жавхлан, ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Батцэцэг, Татварын Ерөнхий газрын дарга, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Цөмийн энергийн комиссийн Ажлын албаны дарга нарыг, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт нар ажиллах юм байна. Ингээд өмнөх Ажлын хэсэг арван сар л ажиллалаа.
Ажлын хэсгүүдийн “түүх”-тэй холбоотой тэмдэглэхэд Ерөнхий сайдын 2023 оны 91 дүгээр захирамжаар анхны Ажлын хэсэг 2023 оны тавдугаар сард байгуулагдсан. Дараа нь Ерөнхий сайдын 164 дүгээр захирамжаар 2023 оны 10 дугаар сарын 9-нд Ажлын хэсгийг шинэчлэн байгуулаад ердөө гуравхан хоног ажиллаад 2023 оны 10 дугаар сарын 12-нд Хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээний Протоколыг бэлэн болгосон байдаг. Ажлын хэсэг нь зургаан үндсэн чиглэлээр Ажлын дэд хэсгүүд байгуулж Зөөвч-Овоо төслийн талбайд Ажлын хэсгийн төлөөлөл ажиллаад Ажлын хэсгүүд “Орона майнинг”-тай 12 дугаар сарын 1-нээс хэлэлцээ хийж эхэлсэн байдаг. Ингээд өнгөрсөн оны 12 дугаар сарын 25-нд олон улсын зөвлөх үйлчилгээний компанийг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан. Сонирхуулахад олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн 13, санхүүгийн 18 компанийн жагсаалт гарснаас Тагнуулын ерөнхий газраас Францын талтай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй дөрвөн компанийг тодорхойлж хассан юм билээ. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар санал хүргүүлсэн 27, хариу ирүүлсэн хуулийн 5, санхүүгийн нэг компаниуд өнгөрсөн оны 11 дүгээр сард үнийн саналаа ирүүлсэн байдгаас 2023 оны 11 дүгээр сарын 21-23-нд White&Case. CRA / River Associatcs/ компанийг сонгон шалгаруулжээ.
Дээр дурьдсан Протоколыг үйлдэж, гарын үсэг зуралцсан Ажлын хэсгийн ахлагчаар одоогийн УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ажлын хэсгийг ахалж Сангийн сайд Б.Жавхлан, “Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирал С.Наранцогт нар гол үүрэг гүйцэтгэсэн нь шинээр байгуулсан Ажлын хэсэгт мөн дахин орж ажиллаж байгаа нь сайн хэрэг. Тухайн үед тэд амаргүй нөхцөл саналуудыг сөрж “уран нүүдэл хийсэн” гэдэг. Хэрэв энэ туршлагаараа Хөрөнгө оруулалтын гэрээг хоёр тал дээрх протоколд суурилан амжилттай зөвшилцөн хийж чадвал УИХ-ын босгоор давахад төдийлөн бэрхшээлтэй учрахгүй байх магадлалтай бөгөөд Хамтарсан Засгийн газар байгуулсан энэ цаг үед төслийн гарааг эхлэх болов уу гэсэн найдлага төрүүлж байгаа юм.
Хоёр талын өмнө нь тохирсон Протоколд дурдсанаар бол АМНАТ-ийн хувь хэмжээг 11-19 хувьд хүргэх саналаа хөрөнгө оруулагч талаар зөвшөөрүүлж Протоколд гарын үсэг зуралцаж чадсан. Гол бэрхшээлтэй асуудал нь хөрөнгө оруулагч тал инфялцийн хувь хэмжээг АМНАТ-ын хувь хэмжээнд хамааралтай байхаар тусгах, бүр тодруулбал Хөрөнгө оруулалтын гэрээгээр ам.долларын ханшийн хуваарийн дагуу 30 жилээр тогтооход инфляцийг харгалзаж үзэх ёстой хэмээн шаардаж байсан.
Татвар санхүүгийн Ажлын дэд хэсэг юун дээр тохироогүй вэ гэдгийг сонирхоод үзэхэд АМНАТ-ын хувь хэмжээг тооцоход инфляци тооцох асуудлыг хөрөнгө оруулагчид гаргаж тавьсан байгаа юм. Мөн Татварын орчинг бүхэлд нь тогтворжуулахгүй. Өөрөөр хэлбэл хуулиудыг тогтворжуулахыг хөрөнгө оруулагч тал санал болгосон. Манай ажлын хэсгийнхэн тодорхой хувь хэмжээ тогтвортой байж болох юм, харин ирэх 30 жилийг урьдчилан тааж, хууль эрх зүйн орчны шинэчлэлтийг тусгахгүйгээр одоогийн Хөрөнгө оруулалтын гэрээнд зааж өгөх боломжгүй гэж үзжээ. Үнэндээ энэ бол Монголын Засгийн газрын Оюутолгойн гэрээнд хийсэн алдааг давтсан хэрэг болно. Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн гэрээнд хийсэн алдааг давтахгүй” гэж амласан нь магадгүй энэ тал дээр буулт хийж болохгүй шүү гэсэн анхааруулга байсан байж ч болох юм. Ямартай ч татварын хууль тогтоомжоор зохицуулсан харилцааг Хөрөнгө оруулалтын гэрээгээр давхардуулж зохицуулахгүй. Өөрөөр хэлбэл, нэг компаннитай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ Монгол Улсад дагаж мөрдөж байгаа хуулийн дээр гарах ёсгүй гэж манай тал үзээд байгаа юм.
Түүнчлэн Эдийн засаг, хөрөнгө оруулалтын ажлын дэд хэсэг дээр “Төслийн ашигт ажиллагаа нь хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий этгээдийн ашигт ажиллагаанаас хамаарахгүй” гэдэг дээр манай Ажлын хэсэг болон Орона группийн санал нэгсэн бол тохироогүй зарчмын саналууд нь үнэхээр хүлээн зөвшөөрөх аргагүй байжээ. Үүнд, “Орона” групп “Зөвхөн 10 хувьд ногдох ногдол ашгийг оруулна гээд байгаа ч манай тал үүнийг бол “давуу эрхийн хувьцаа” хэлбэрээр байж болох юм гэж үзсэн бөгөөд “Монгол Улсад ногдох өгөөжийг 51 хувиас дээш байхаар урьдчилан тохирсон ногдол ашгийг хуваарилна” гэдэг заалтыг шаардлага тавьж байгаа юм. Мөн Монголын талын үр өгөөжид тодорхой нэр төрлийн татварыг оруулна гэсэн шаардлагыг тавьсан бол “Орона” группийн талаас “Монголын талын үр өгөөжид бүх төрлийн татвар, төлбөр, хураамжийг оруулна” гэж зүтгэдэг. Мөн Монголын хүртэх өгөөжийн хэмжээг анхны хөрөнгө оруулалтаас хамаарч бууруулахгүй, төсөл хэрэгжүүлэгчид олгосон 66 сая ам.долларын зээлийг Оронагийн талын хөрөнгө оруулалт болгож хувиргахгүй гэдэг зарчмын саналууд дээр тохиролцоогүй байна.
Үнэндээ Орона группийн саналын дагуу 10 хувийн ногдол ашгийг хүртэх нөхцөлд Монголын Засгийн газарт ногдох мөнгөн урсгал ба өгөөжийн хуваарилалтаас харахад жилд 17 сая ам.долларын нэмэлт ногдол ашиг, төслийн нийт хугацаанд 512 сая ам.доллар хүртэхээр байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т “…байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийг дийлэнх нь ард түмэнд ногдож байх үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. УИХ-ын 2020 оны 02 дугаар тогтоолд “Үр өгөөж /татвар, ашиг гэх мэт/-ийн дийлэнх буюу 50-аас дээш хувь нь Монголын ард түмэнд ногдох, шаардлагатай бол иргэдийн саналыг харгалзан УИХ хэлэлцэн шийдвэрлэх зарчмыг хуульчлах” хэмээн заажээ. Тиймээс эдгээр хуулийн заалт, зарчмуудыг давж Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрх хэнд ч байхгүй.
Нөгөөтэйгүүр зөвхөн энэ гэрээг хийхийн тулд Оронагийн талд найр тавибал одоо хэрэгжиж буй Оюутолгойн гэрээ болон цаашид бусад хөрөнгө оруулагчидтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярихад үүнийг жишиг болгож харьцуулахад нь ямар хариулт хэлэх вэ? Тиймээс эхнээсээ Монгол Улсын хууль тогтоомж, эрх ашгаас өчүүхэн ч хазайхгүй байх зарчмыг тууштай баримтлах нь шинэ Ажлын хэсгийн төдийгүй Ц.Туваан сайдын амласанчлан ирэх аравдугаар сард багтаан байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний гол цөм байх ёстой биз ээ.
Мөн “Төсөл хэрэгжүүлэгчийн эзэмшиж байгаа гурван Тусгай зөвшөөрлөөс гадна ирээдүйд шинээр авах тусгай зөвшөөрлүүдийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгахгүй. Монгол Улсад ногдох давуу эрхийн хувьцаа /10%/-ийг биржээр арилжих боломжгүй гэдэг дээр хоёр тал тохироогүй байсан. “Байгаль орчны аливаа эрсдэлтэй холбоотой хариуцлагын асуудлыг зөвхөн Төсөл хэрэгжүүллэгч бус Хөрөнгө оруулагч давхар хариуцна”. “Үйлдвэрлэлд хэрэглэсэн усыг ашигласан ус гэж үзэх ба ус бохирдуулалтыг газар доорх усны нөөцийн хэмжээгээр тооцон холбогдох төлбөрийг авна” гэсэн саналууд дээр тохиролцоогүй байна.
Жишээ нь энэ асуудал дээр л гэхэд хөрөнгө оруулагч талаас “Газар доорх битүү хэлхээнд дахин эргэлтэд орж, газарт буцаж гаргасан газрын доорх усыг “ашигласан ус” гэж үзэхгүй гэсэн тайлбарыг ирүүлсэн байж жишээтэй. Энэ бол хүлээн зөвшөөрөх аргагүй бөгөөд маш ноцтой, нөгөөтэйгүүр нэг компанид, хөрөнгө оруулагчид тусгайлан, бусдаас өөр зөөлөн шаардлага тавьж олон нийтийн эрх ашгийг хохироож болохгүй билээ.
Тэгэхээр маш чухал гэрээн дээр богино хугацаанд бүх талын анхаарал тавьж ажиллахыг нөхцөл байдал шаардаж буй бөгөөд УИХ-ын даргаас эхлээд энэ гэрээний үр дүн, ач холбогдлыг төрийн бүх шатанд мэдсэн, ойлгосон байх нь төслийг эрчимжүүлэх, үр ашигтай хийх зарчимд нийцэх юм.