Монголын өвөлжилтийг Владивостокт шийднэ

Нэг. Бие дааж чадаагүй гучин хэдэн жил

Миний байнга бичдэг ярьдаг сэдэв. Улс төрчид рүү мэдээж чиглэнэ. Гэхдээ буруугийн 90% нь эдийн засаг, бизнес, санхүү, аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүд рүү чиглэнэ. Ардчиллаа ялуулаад гучин хэдэн жилд бие дааж хөгжихгүй, бусдын гар харж, бусдын эрхшээлд байсны горыг амссаар, тэр хэрээр нийгмийн шилжилт нь сунжраад өнөө хүрсэн. Стратегийн гэгдэх хоёрхон салбарт бие дааж чадаагүй. Тэр нь эрчим хүч ба бензин шатахуун. Түүний төлөө Монголын Төр оршин тогтнож байгаа юм шиг мэдрэмж заримдаа төрнө. Өвөлжилт гэж хүндхэн даваа монголчуудын хоолойд торсон яс. Нийслэлээ зах замбараагүй томруулаад үй түмэн ядуу иргэд цуглуулаад бөөгнүүлчихсэн. Нөгөөдүүл нь нийслэлдээ хамгийн ихээр гай тарьчихсан. Өвөлдөө осгож үхэхгүйн төлөө л өвөлжинө. Цагаан сарын баяраар бага зэрэг гэгээнд гардаг байх. Бусдаар нийслэл нь хөлдүүс болохын даваан дээр аваарийн байдалтай дэнжигнэнэ. Эрчим хүчний салбарт олигтой нэр зүстэй, нүүр бардам ганц ч сайд тогтохгүй. Нийслэлээр түгжрэн түгжрэн хөлхөх олон зуун мянган машины бензин хангамж гэж Монголын Төрийн толгойны бас нэг өвчин хэзээ ч тасрахгүй. Түүний төлөө Төр ба Засаг нь оршин тогтох ба бензин тасалдвал Төр эргэхэд тун ойртсон. Стратегийн салбар–эрчим хүч, бензин шатахууны үндэсний үйлдвэрлэл (бие даалт) хөгжиж өгдөггүй. Ганцхан Алтан Мосвка руу 100% итгэлээ өгчихсөн, одоо ч өгсөөр байгаа, бие даалгая гэж их ярих тусам Монгол-Оросын найрамдлын дайсны дүр тодроод ирнэ. Сэргээгдэх, нар салхины, цөмийн эрчим хүч одоогоор ихэнхи нь цаасан дээр, маш өчүүхэн үйлдвэрлэлтэй байна. Би нийслэлээрээ авч ярьж байна шүү. Дорноговьд газрын тосны үйлдвэр босч байна. Сайн хэрэг. Гэхдээ ойрын нэг хоёр жилдээ горьдолтгүй. Иймд Алтан Москва л эрчим хүч, бензин дээр ертөнцийг харах цонх нь.


Хоёр. Эдийн засгийн аюулгүй байдал хаана явнаа

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалын III хэсэгт “Эдийн засгийн гадаад харилцааны бодлого” гэсэн гарчиг бүхий заалтуудыг эдийн засаг, бизнес, санхүү, аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүдэд маани мэгзэм болгочих юмсан гэж би хувьдаа хүсдэг юм. Эдийн засгийн гадаад харилцааны бодлого гуравхан зорилгыг эрхэмлэнэ гээд 1) Үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; 2) Эдийн засгийн аюулгүй байдлыг баталгаажуулах; 3) Хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлэх гэсэн байгаа. “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын заалтыг үндэс болгон эдийн засгийн аюулгүй байдлыг бүх талаар хангахыг эрмэлзэж, аль нэг улсаас хэт хараат байдалд орохоос сэрэмжилнэ” гээд бараг тунхагласан байгаа. Цаашаа эдийн засгийн гадаад харилцааны бодлого хэрэгжүүлэх чиглэл гэж байгаад хатуу зааж өгчээ. 

21.1. эдийн засгийн салбаруудад тэргүүний технологи, менежмент нэвтрүүлж, ажил, үйлчилгээ, бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын жишиг, түвшинд ойртуулан нийцүүлэх замаар өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, экспортын хэмжээг өсгөхийг дэмжих;

21.2. уул уурхай, хөдөө аж ахуйн түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн гаргах, импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байр нэмэгдүүлэх, түүнчлэн мэдлэгт суурилсан үйлдвэрлэл хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

21.3. түлш, эрчим хүч, зам, тээвэр, харилцаа холбоо зэрэг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэхэд дөхөм үзүүлэх;

21.8. “Ногоон”, “Цэнхэр” эдийн засгийг хөгжүүлэх, уул уурхайн нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх;

Би олныг жагсааж болох ч ингэсгээд азная. Дээрхи хэдээс хэрэгжсэн нь хэд байна вэ? Технологи, менежмент шинээр нэвтрүүлээд оволзуулж байгаа салбараа нэрлэнэ үү. Ялангуяа стратегийн салбар–эрчим хүч, бензин шатахууны үндэсний үйлдвэрлэлд нэвтрүүлж хөгжүүлэхгүй яагаад гучин хэдэн жилийг өнгөрүүлчихсэн юм бэ гэж эдийн засаг, бизнес, санхүү, аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүдээс ам асуумаар санагддаг юм. Импорт орлох бүтээгдэхүүн гэдэгтээ хамгийн түрүүн эрчим хүч, бензин шатахуунаа оруулмаар бус уу? Хөгжүүлэх салбар гэж нэр цохож байгаагийн хамгий эхэнд түлш, эрчим хүч гэж нэрлэсэн байна. “Ногоон”, “Цэнхэр” эдийн засаг гэдэгт чинь эрчим хүч ордоггүй хэрэг үү гээд ам асуугаад байвал хэрүүл тасрахгүй. 

Нэг үгээр бол эдийн засгийн гадаад харилцааны бодлого, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах, тэгэх тусмаа нэг улсаас хэр хараат болохгүй байх бодлого хэрэгжилт тун тааруу олон жилийг үджээ. Миний дүгнэлт шүү. 

Гурав. Энэ бүхнийг гэтэлгэх нэг суваг нь Владивостокт байна

Ингэхэд Монгол орныг эдийн засгийн хэт хараат байдалд байлгана гэсэн Төрийн хатуу бодлого аль нэг гадаад улсаас улайм цайм явуулаад байгаа юм байхгүй шүү дээ. Хөгжиж дэвжих бүх эрхээ 1990 онд бид олоод авсан. Одоо өөрсдөө хөгж өө гээд л орос ах нар 1990 онд биднийгээ орхиод гараад явсан. Харилцаагаа гэнэт сайжруулсан Хятад нь хамтран хөгжье гээд л өнөөг хүртэл биднийгээ тойгдож байна. Бид элдэвлэхдээ гаргуун болохоос хоёр хөршөөс зориуд хэт хамааралтай байлгаад байгаа юм байхгүй гэж би боддог. Эзэн мэдэх, тэр хэрээрээ бие дааж хөгжих эрх нь бидэнд, монголчуудын гарт байна. 

Харин миний энэ нийтлэлийн эхэнд бичигдсэн өвөлжилтийг өнтэй (гарз хохиролгүй, нэг их эрсдэлгүй) давахын тулд Монгол Төрийн гадаад бодлогын үлэмж хэсэг чиглэгдэж ирсэн. Тийм үйл ажиллагааны боломжит, магадгүй амин чухлуулын нэг талбар нь Алс Дорнодын эдийн засгийн чуулга уулзалт болно. “Дорнын эдийн засгийн форум” гэж том утгаар нэрлэнэ. Энэ нь хүлээн авагч бөгөөд санаачлагч Оросын хувьд Ази-Номхон далайн бүс нутагт олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, юуны өмнө Москвагийн хувьд Алс Дорнодынхоо эдийн засгийг хөгжүүлэх томхон, голлох талбар хэмээн форумаа тодорхойлдог. 2025 оны хувьд “Дорнын эдийн засгийн форум”-ын гол уриа, хэлэлцэх сэдэв нь “Алс Дорнод–Энх тайван, хөгжил цэцэглэлийн төлөө хамтын ажиллагаа” гэж тодорхойлжээ. Миний бие 2022 оны намар энэ форумд оролцож байсан тул бага зэрэг гадарлана. Энэ 2025 оных нь форумд оролцох урилга аваад байна. Иймд форматыг нь мэднэ. Орос ба гадаад улс орнуудын харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн нэгдсэн хэлэлцүүлгийн чуулган, дугуй ширээний хэлэлцүүлэг, теле-хэлэлцүүлэг, ажлын өглөөний зоог, бизнесийн яриа хэлэлцээ, үзэсгэлэн (худалдаа) гэхчлэн 3-4 өдөрт тун завгүй өнгөрдөг юм билээ. Энэтхэг-Номхон далайн тухай Өрнөдийн үзэл баримтлалыг тэр бүр хүлээн зөвшөөрдөггүй учраас зохион байгуулагч ОХУ нь “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудтай” хэмээн онцолж, харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх өнөө ба ирээдүйн хэтийн төлөвөө тэндээ ярилцаж, тэр яриагаа гүнзгийрүүлэхийн төлөө байх шиг санагдсан. Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд дотор Монгол бол Оросын хувьд шууд хил залгаа томхон түнш улс нь. Томхон гэдгийг би Монголын жин нөлөө Москвагийн хувьд бий, тэр нь ч чамлахааргүй гэдэг санаагаар бичиж байна.

Дөрөв. Оростойгоо учраа олж чаддаг улс, бид

Монгол-Оросын харилцаа ямагт дэвшлийн замаар яваад өнөөг хүрснийг манай гадаад бодлогын нэг том ололт хэмээн дүгнэж болно. Сайн хөршийн уламжлалт түншлэл (2003 он), Стратегийн түншлэлийн харилцаа (2006 он), Иж бүрэн cтратегийн түншлэлийн харилцаа (2019 он), тэгэх тусмаа тэрхүү түншлэлээ “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-гээрээ баталгаажуулсан, стратегийн түншлэлтэй гадаад улсуудаас зөвхөн ОХУ-тай тэгж тогтоосон нь юу илтгэж байна гэвэл Монгол Улсын зүгээс хоёр талын харилцаанд ямар их ач холбогдол өгч ирсэн, түүнийгээ нотолж байдгийг харуулж байна. 

Ер нь Иж бүрэн стратегийн түншлэл бол хоёр улсын хоорондын харилцааны хамгийн оргил үеийг илтгэх шалгуур үзүүлэлт. Цаашаа холбоотны харилцаанд шилжих л үлдэнэ. Ардчилсан Монгол Улсын хувьд аль ч гадаад улстай холбоотны харилцаатай байх боломж байхгүй. 

Монгол-Оросын харилцааны эрх зүйн үндсийн үндсийг би жишээлж ярьж байна. Монгол-Оросын улс төрийн харилцаа баттай төлөвшсөн. Гэвч хоёр талын харилцааны бодит үр дүн монголчуудын хүсэн хүлээсэн хэмжээнд хүрэхгүй, ялангуяа Монгол-Зөвлөлтийн найрамдлын сэтгэлгээнээс угшилтай, монголчуудын хэрэглээ, хэрэгцээнд тулгуурласан, чухамдаа иддэг уудаг хэрэглэдэг амин зуулгатай нь холбоотой тул монголчууд шүүмжлэлтэй ханддагийг ойлгож байна. 

Монголоос Орост нийлүүлдэг, худалддаг бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тавиастай байдгийг зөөллөх, Оростой худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа эрхлэх хүсэлтэй монголын хувийн хэвшил ба иргэдэд дэмжлэг болох үүднээс Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан. Үүнийг шат ахиулаад улс төрийн агуулгатай болгочихно гэсэн монголчуудын зовинол байдгийг ч зөвшөөрнө. Тэгэхдээ тэгэх тэгэхгүйг монголчууд бидний чин зориг л мэднэ. Өөрсдөө хөгжих хэрэгтэй. Өөрсдөө өөрсөддөө эзэн мэдэх хэрэгтэй. Орос хүнтэй орчин үеийн хөгжлийн хурдны хэлээр ярьж сурах хэрэгтэй. Үргэлж гуйлга түүлгээр цааш явмааргүй байна. Төр-засгаа тэгж зовоомооргүй байна. Зээл тусламж, дэмжлэг хүсэхдээ үндэслэлээ сайтар боловсруулж тодорхой төсөлтэй Орос руу очицгоох хэрэгтэй.

Монгол-Оросын харилцаанд хуримтлагдсан худалдаа-эдийн засаг, эрчимхүч, дэд бүтэц, зам тээврийн хамтын ажиллагааны асуудлыг нэг далайлтаар шийдчих боломжгүй. Гэвч тийм боломж бүрдүүлэхийн тулд монголчууд бид (эдийн засаг, бизнес, санхүү, аж ахуйн салбарын эрх мэдэлтнүүд) тархи-сэтгэлгээгээ эрс шинэчлэх шаардлагатай. Монгол-Оросын харилцааны худалдаа-эдийн засаг, эрчимхүч, атом-цөм, дэд бүтцийн хамтын ажиллагааны асуудлыг улс төрийн өнгө аясаас хол байлгах ухаан чадвар монголчуудад уг нь бий. 

“Дорнын эдийн засгийн форум” гэснээс 2017 оноос өмнөх Ерөнхийлөгчийн өнгөн дээр чуулга уулзалтуудад дээд, өндөр түвшинд оролцдог практик бид хэвшүүлсэн. Энэ жил ч дээд, өндөр түвшинд оролцох нь зөв байх. Мэдээж хамгийн түрүүн Орос, Хятадын өндөр дээд түвшний төлөөлөгчидтэй уулзаж ярилцаж таарна. Гэхдээ Монголын талын гуйлга хүсэлт л голлоно. Нөгөө л эрчим хүч, бензин. Цаашаа худалдаа-эдийн засгийн сэдэв ундрана даа. 

Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй саяхан утсаар ярьсан. Ноён Г.Занданшатар Монгол Улсын түлш, шатахуун болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Засгийн газраас энэ 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон автобензинийн экспортын хоригт Монгол Улсыг хамруулаагүйд ОХУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензинийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг хүссэн. Ноён М.В.Мишустин хоёр улсын түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өөрийн зүгээс анхааран ажиллахаа мэдэгдэж, холбогдох байгууллагуудыг Монголын талтай хамтран ажиллах чиглэл өгөхөө илэрхийлсэн гэж мэдээлсэн дээ. Энэ яриа маань л Владивостокт үргэлжилж таарах болов уу.

“Дорнын эдийн засгийн форум” бол бүс нутгийн олон улсын засгийн газар хоорондын албан ёсны тогтмолжсэн институц болж төлөвшин байна. Энэ том форумд уригдаж байр сууриа илэрхийлнэ гэдэг, мөн оролцогч орнуудын, тэр дундаа хоёр хөрш улс орны Төрийн тэргүүн, Засгийн газрын тэргүүнтэй уулзаж ярилцана гэдэг манай улсын хувьд том боломж гарц гэж харагдаж байна. Тэр бүрий зорьж очоод айлчлаад байдаггүй гадаад улсын удирдагчидтай Владивостокт уулзана гэдэг хоёр талын харилцааны хөгжилд тун нэмэртэй. Бас уригдаж оролцож байна гэдэг маань Ази-Номхон далайн бүс нутагт Монгол Улс өөрийн гэсэн байр суурьтай, нэр хүндтэй байгаагийн илэрхийлэл юм. Иймд Владивосток дахь “Дорнын эдийн засгийн форум” нь олон улсын олон талт хамтын ажиллагааны бодит индэр болно. Бид тэр индрийг ашиглах л үлдлээ.