ОХИН КОМПАНИУДЫН ИНЖ-70%
“ЭТТ” ХК-ийн хувьцааг IPO гаргах Засгийн газрын тогтоолын “нууц”
Сар гаруйхны өмнө л дөө. “Яана аа, Ерөнхий сайд Тавантолгойг таг мартчихаж” гэж хашхираад жаахан “дүвчигнэчихсэн” юм. Наадмын өмнө “IPO гаргах тухай Засгийн газрын тогтоол гарсан” гэж сонсоод хайтал нууц ч юм шиг, нуугаагүй мөртлөө олонд үзүүлмээргүй байгаа ч юм шиг олддоггүй. Нуух тусам олмоор санагддаг болохоор эрж хайсаар оллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний хуралдаанаар 296 дугаар тогтоолыг баталжээ. Уг тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомж, анхан шатны баримтад тулгуурлан хянаж, нягтлах ажлыг зохион байгуулж, хувьцаа эзэмшиж байгаа иргэдийн бүртгэлийг 2019 оны 12 дугаар сарын эхний 7 хоногт багтаан дуусгаж, үр дүнг танилцуулахыг даалгажээ. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэд, аж ахуйн нэгжийн эзэмшиж байгаа хувьцааг гадаад улсын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулахаар болсон байна.
Түүнчлэн олон улсын хөрөнгийн зах зээлээс боломжит богино хугацаанд, хамгийн бага зардлаар хөрөнгө босгох зорилгоор холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, шаардлагад нийцүүлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компаниудыг байгуулах эрх олгожээ. Үүнийг л нууцалсан юм болов уу даа.
Охин компаниудын инж-70%
Тэрхүү шинээр байгуулагдах охин компанид “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлүүдээс эхний ээлжинд MY-011943 дугаар бүхий Цанхийн зүүн хэсгийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшүүлэх юм байна. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулахыг даалгажээ.
У.Хүрэлсүхийн Засгийн газарт яарах том шалтгаан бий. Тиймээс IPO хийхдээ богино хугацаанд зохион байгуулах, холбогдох татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгахад онцгой анхаарч байгаа нь уг тогтоолоос харагдлаа. Үүнд Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэлийг баримталж ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга М.Баяраад даалгасан байна.
Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийн явц байдлыг Засгийн газар, Улсын Их Хуралд танилцуулахыг үүргийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын А.Ариунболд нарт үүрэг болгожээ. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар тогтоолд гарын үсэг зурснаар нэг алхам урагшилж байна.
Сонгуультай уралдах уу, зах зээлтэй өрсөлдөх үү?
Энэ бол зөвхөн МАН-ын мөрийн хөтөлбөр, У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн амлалт биелэх эсэх тухай асуудал биш. Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнэ өсөх, дэд бүтцийг хөгжүүлэх улмаар улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, иргэд байгалийн баялгаасаа хүртэх энэ бүх хүлээлт Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажилтай холбоотой.
Тавантолгой бол улстөржсөн сэдэв гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Засгийн газрын тогтоол батлагдсанаар стратегийн түншлэгч нь хэн байх вэ, коксжих нүүрсний зах зээл дээр Австралитай, Индонезитой хэрхэн өрсөлдөх вэ. Яг хүсч байсан шигээ жилд 70 сая тонн нүүрс экспортолж дэлхийн зах зээлийн үнээр борлуулдаг болох, үүний тулд боловсруулах, баяжуулах, кокс химийн үйлдвэрүүдээ бариад, Оюутолгойгоос тусдаа цахилгаан станцтай болоод эрчим хүчээр хангах хүртэлх зам тийм ч дардан биш. Дээр нь улстөрчдийн хувьд цаг хугацаа бага үлдсэн.
Тогтоол батлагдсанаас хойш гэхэд л “Сарлагийн баяр”-аас эхлээд найр наадам үргэлжилж нэлээд цалгардсан. Угтаа тогтоол батлагдсан мөчөөс эхлээд хэрэгжүүлэх бэлтгэл ажил яг зүрхний цохилт мэт түргэсч хэмнэл нийлэх учиртай. Тендер зарлана, стратегийн түншлэгчээ сонгоно. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр ёстой л Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн яриад байдаг “онгон охин”-ы онигоо шиг сурталчилж байж хөрөнгө оруулагч банкууд, хөрөнгө оруулалтын сангуудын анхаарлыг татах болно. Санхүүгийн, хуулийн, техникийн, аудиторын зөвлөхүүдээ сонгоно.
Хэн хийх вэ?
Бас нэг зангилаа асуудал бий. Салбарын сайд Д.Сумъяабазар энэ хавар “Яг одоо IPO босгочихно, би чадна” гэж хөөрч явахдаа ам алдсан даа, “IPO гэдэг зөвхөн мөнгө босгохдоо биш, “Эрдэнэс-Тавантолгой” гэдэг компанийн засаглалыг сайжруулах нь чухал. Бидэнд дэлхийн “ТОП” 5 банк, дэлхийн шилдэг 10 зөвлөх хэрэгтэй. Ингэж байж бид Тавантолгойгоо олон улсын түвшинд зөв засаглалтай, үнэ цэнэтэй аж ахуйн нэгж болгож гаргаж ирнэ.. Одоогийн байгаа энэ бүтэц зохион байгуулалт, дүрэм журмаар “Эрдэнэс-Тавантолгой” олон улсын бирж дээр гарна гэдэг худлаа” гэчихэж билээ.
Тэгэхээр “Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын түвшинд гарахын тулд олон улсын шилдэг менежерүүдтэй яаж хамтрах вэ. Тэдний нэхээд байгаа удирдлагын тогтолцоо, туршлагатай менежерүүд нь өнөөдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагын багт байна уу? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани ямар зохион байгуулалттай, хэний удирдлагад байх вэ. Хэнээс зөвшөөрөл авч байж төсвөө зарцуулж байх вэ?Улстөржихгүйгээр хурдаа нэмж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компанийн удирдлагыг өөрөө сонгох эрх Д.Сумъяабазар сайдад нь байгаа юм уу. Бас л намын даргаасаа, генсекээсээ зөвшөөрөл аваад брэндээр гоёж тансаглал хүссэн “тавиулууд”-тай ажиллах болж байна уу? “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өнөөгийн удирдлагууд гар нийлж ажиллаж чадах уу?
Зардлаа хэтрүүлбэл өнгөрсөн жил 38.1 сая тонн нүүрс экспортолсон гэж хашхиравч ашиг бага. Иргэн бүрт хүртээх байтугай алдагдал авчирна. 30 жилийн хугацаанд ажиллахаар 30 сая тонн баяжуулсан нүүрсэн дээр суурилсан эдийн засгийн тооцооллоор дэнчин тавьж байгаа төсөлд хөрөнгийн дутагдал ч, үрэлгэн зардал ч ижилхэн гай тарина.
ТЭЗҮ хаана байна?
Урьдчилсан тооцооллыг УИХ дээр ярьж байснаар бол хамгийн багадаа 1.5-6 тэрбум ам.доллар босгох эх үүсвэр байна гэж УУХҮЯ, Сангийн яамныхан үзсэн ч УИХ-ын гишүүдийн зүгээс “7.4 тэрбум тонны нөөцтэй нүүрсний ордыг хэтэрхий бага үнээр үнэлж байна” гэсэн шүүмжлэл сонссон. Дэд бүтэц шийдээгүй гэдэг дээр үнэлгээ буураад байгаа нь ойлгомжтой ч нэгэнт үүрэг даалгавар хүлээлгэвэл хүлээлгэсэн шиг эрх мэдэл, хүлээх хариуцлагыг хамтад нь төвлөрүүлж өгөх ёстой.
Дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өссөн, дотоодын улс төрийн нөхцөл байдал таатай, нийгмийн дэмжлэг асар их байгаа энэ үед цаг алдах эрхгүй.
Зам тээврийн хөгжлийн яамныхан дэд бүтэц дээр, Сангийн яамныхан IPO босгоход голлож, УУХҮЯ ТЭЗҮ-г боловсруулж, нөөцийн нэгдсэн тайланг шинэчилнэ. Баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулна. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр гол тоглогч болсон банкуудыг урина.
Юуны өмнө “Эрдэнэс Таван толгой” компанийн засаглал, хүний нөөц, үйл ажиллагааг цэгцлэх, Засгийн газрын тогтоолд заасан охин компаниудыг байгуулж Монгол Улсын нэр хүнд, төсөл хөтөлбөрийг доголдуулалгүй авч явах чадвартай сор болсон залуусаар удирдуулах шаардлагатай. Гоё диплом, сайн “цүнх баригч”-аас илүү туршлага, чадвар, гадаад хэлний мэдлэгтэй, ямба бага эдэлж хариуцлага сайн үүрэх тэр багаа бүрдүүлэх чухал. Дахиад хэлэхэд зардал хэмнэх үүргийг тогтоолд тусгасан. Хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 296 дугаар тогтоолын 2.4-т “Гадаад улсын хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалах үйл ажиллагааг богино хугацаанд зохион байгуулах, түүнтэй холбогдсон татвар, зардлын хэмжээг хамгийн бага байлгах чиглэлээр зохих арга хэмжээ авч ажиллах” гэснийг баримтална. Тэгж байж гаднаас урих, сонгон шалгаруулах, гар нийлж ажиллах болно. Тэгэхээр цаг хугацаа бүхнээс үнэтэй.
ҮАБЗ ямар байр сууринаас хандах бол?
Шулуухан хэлэхэд энэ бол Засгийн газраас “Чаддаг юм бол хий” гээд гаргаад өгчихсөн шийдвэр юм шүү. Тийм ч учраас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “IPO дампуурсан” гэсэн байр суурь илэрхийлсэн удаатай. Тэрбээр нэг жилийн өмнө сонинд өгсөн ярилцлагаа өнөө жилийн наадмын өмнөхөн дахин илэрхийлж хэвлэлүүдэд нийтлүүлсэн байна билээ. Үүгээрээ байр суурь хэвээрээ гэдгээ илэрхийлсэн бололтой. Уг ярилцлагад “Яаралтай горимоор хэлэлцэж, наадмын өмнө батлах гэж байгаа төслийг авч үзсэн. Маш хариуцлагагүй төсөл. Яг ийм үг утгатай УИХ-ын 39 дүгээр тогтоол 2010 оны долдугаар сарын 7-нд наадмын өмнө батлагдсан боловч хэрэгжээгүй. УИХ нэг асуудлаар хоёр адилхан тогтоол гаргаж болохгүй. Эхлээд 39 дүгээр тогтоолыг яагаад хэрэгжүүлээгүй дүгнэлтээ хийгээд дараа нь яаж шийдэх шийдлээ оруулж ирээд наадмын өмнө яарч сандралгүй нухацтай намрын чуулганаар хэлэлцэж болно. Ганц хоёр тэрбум төгрөгийн өмч хувьчлал биш, багадаа хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх өмч хувьчлалын асуудлыг хоёрхон сар ард түмэнтэйгээ хэлэлцэж болно оо доо. Тэр тусмаа 2.4 сая монголчуудын хувьцаа эзэмшдэг компанийн 30 хувийг хувьчлах гэж байгаа бол” гэсэн байдаг. Харин одоо ҮАБЗ ямар байр суурь илэрхийлэх, геополитикоор хаягласан чагт тавих, эсвэл дэмжих, хэзээ, ямар зөвлөмж гаргах нь цаг хугацааны асуудал болоод байна. Үүгээр “Гацаагчид” гэж цоллуулах болсон Х.Баттулга, З.Энхболд, А.Гансүх тэргүүтэн УИХ, Засгийн газрын тогтоолд хэрхэн хандах вэ. Гацаах уу гэдгийн хариуг ҮАБЗ-ийн “команд” л мэднэ. Дээр нь Тавантолгойд хамгийн их хамаатай С.Баяр ирсэн. Шинэ МАНАН ч гэнэ үү, ямар ч бүлэглэл байсан Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах, IPO хийх ажлыг тэд л урагшлуулж, бас тэд л гацааж чадна. “Гацаагчид” гэж хочлогдсон тэр хүмүүс улс орны эдийн засаг, ирээдүй, хөгжлийн гарцыг нээхийн төлөө байгаа гэдэгт итгэлтэй байна. Өмнөх шигээ “Баяртайгаар гацаалаа” гэвэл ном бичин улс төрийн тайзнаа гарч ирсэн С.Баяртайгаар гацааж байна даа гэсэн дүр зураг тодорхой харагдана. ҮАБЗ-тэй хэл амаа ололцолгүйгээр Засгийн газрын 276 дугаар батлагдсан учраас “нууцлах” биш юм аа гэхэд зарлахгүй байгаа болов уу. Гэхдээ ҮАБЗ-ийн гишүүн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус тусын баталсан тогтоол дээр эсрэг байр суурь илэрхийлэхгүй гэдэгт итгэлтэй байна. Тавантолгой төсөл энэ цаг үед гацах эрхгүй, түүнийг гацаах эрхгүй цаг мөч мөн. Үүнийг олон нийт анхааралтай ажиглаж байна. Хэрэв IPO-оос татгалзвал УИХ-ын сонгуулиар, Ерөнхийлөгчийн сонгуулиар амласнаа эрх мэдэл, боломж байсаар байтал цаг алдсан, гацаасныхаа хариуцлагыг хүлээж хамтдаа зогсч байгаад уучлал гуйхыг шаардах болно. Харамсалтай нь тэдний уучлал ёс зүй төдий, эдийн засгийн ач холбогдолгүй билээ. Үүнд гадагшаа шалтаг заах хэрэггүй. Алсын хөрш буюу гуравдагч хөрш гэдэг АНУ –тай харилцаагаа шинэ шатанд, тэр тусмаа “Стратегийн ач холбогдолтой” гэдэг манайдаа л өндөр дээд шатанд аваачиж амжилт гаргачихаад нэрийн хуудас болсон ганц төслөө арав гаруй жил ярьж, долоон удаа буцаачихаад “Гачаачихлаа” гээд төр нь толгой гудайвал түүн шиг шившиг үгүй болов уу.
Хэн, хэрхэн оролцох вэ?
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 78.9 хувийг төр эзэмшиж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд тусгаснаар “нийтийн өмч” гэсэн үг. Гадныханд санал болгох хувьцаа маань 30 хувь юм. Одоогоор төр компанийн 78.9 хувийг, иргэд 21. 486 хувийг, ААН-үүд 0.05 орчим хувийг нь эзэмшдэг.
Иргэдийн хувьцааг шууд эргэлтэд гаргахгүй. Төрд байгаа хувьтай хамт багцад байрлаж байна. 30 хувийг худалдаанд гаргахаар иргэдэд эзэмшлийн хувьцаагаа борлуулах эрх нээгдэх ёстой. Үүний тулд Монголын хөрөнгийн бирж зэрэг холбогдох албаныхны үгийг сонсож, шийдвэр гаргана гэж төлөвлөж байгаа. Ээ талаар Засгийн газрын 2019 оны долдугаар сарын 9-ний 296 дугаар тогтоолын 2.3-т “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн охин компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох, 70 буюу түүнээс доошгүй хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмшиж байхаар зохион байгуулахаар заасан. Мөн тогтоолын 3-т“Тавантолгой нүүрсний ордын үнэ цэнэ, дэд бүтцийн холбогдох төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг харгалзан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийн бодлогыг баталж, компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэлийг баримталж ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд д /М.Баяраа/-д зөвлөсүгэй” гэсэн байна.
Тогтоолын биелэлт удаашрах тусам алдагдал ихэснэ
Эцсийн үр дүн нь одоогийн нэгж хувьцааны үнэ болох 933 төгрөгийг өсгөх явдал. Өнөөдрийн байдлаар бид уурхайн аман дээрээс нүүрсээ 70.1 ам.доллараар борлуулж байгаа. Үүн дээр тээвэрлэлтийн зардал болох 14 ам.долларыг нэмэхээр Цагаан хадны боомтод 91 орчим доллараар очиж байгаа юм. Үүнээс цааш Ганц мод руу очиход 119 доллар болох жишээтэй. Үүнээс харахад бид богинын тээвэрт 28-30 ам.доллар төлж байна гэсэн үг. Энэ нь “Эрдэнэс Таван толгой”-н өрсөлдөх чадварыг бууруулдаг. Энэ талаар бидний хуучин танил “Винсвэй”, одоогийн “E-Commodities”-ийн өнгөрсөн оны тайлангаас дараагийн удаад дэлгэрэнгүй нийтлэх болно. Ямартай ч орлогынхоо дийлэнхийг буюу хэчнээнийг нь тээвэрлэлтийн зардалд “хаяж” байгаагаа харахаар IPO хийх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдах энэ ажилд яарахгүй байх аргагүй, үүнээс цааш хугацаа байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй тоо баримтууд тэнд бий. Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO хийж байсан E-Commodities хөрөнгийн биржийн шаардлагын дагуу ёстой л нэг мо-гийн ч зөрүүгүй үнэн зөв баримт тооцооллыг уг тайландаа тусгасан байх үүрэг хүлээдэг учраас тэр.
Замд гарлаа...
Ийнхүү УИХ-д долоо дахь удаагаа оруулж баталсан 2018 оны 73 дугаар тогтоол, Засгийн газрын 296 дугаар тогтоол хөтлөлцөн Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах их замд гарч байна.
Гол чиг шугам нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2, 5, 21 дүгээр зүйлийн 19 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 7.1, Улсын Их Хурлын 2010 оны 39, 2016 оны 45, 2018 оны 73 дугаар тогтоолыг тус тус үндэслэн баталсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2019 оны долдугаар сарын 9-ний 296 дугаар тогтоол.
Хэрэгжилтийг одоогоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас хувьцаа эзэмшихээр дансаа нээлгээд байгаа 1 сая 93 мянган иргэн дансаа нээлгээгүй 1 сая 418 мянган иргэн төдий биш Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, ирээдүйн сэргэлт хором тоолон хүлээж байна. Яг л зүрхний цохилт шиг энэ хэмнэл огт зогсолтгүй урагшлахыг шаардаж байгаа учраас ухрах боломжгүй.