"Одоо"-д ямар ч утга үгүй
Нэг л их эх орноо бодсон, шударга ёс шаардсан, эрхээ тунхагласан, амжилт мөрөөдсөн, хүлээн зөвшөөрөгдөх гэж тачаадсан, цаг нөхцөөгчид. Үгүй ядаж "одоо" гэх үг хаанаас хаа хүртэл хүнчинтэй байдгийг мэдэх үү?
"Одоо", энэ мөчид тэртээ холын чанадад юу болж байгаа бол?
Жишээ нь таны эгч нарны аймгийн гаднах гариг (нарнаас бусад одны дагуул гариг) "Проксима Центавр b" дээр байна гэе. Энэ гаригийг саяхан олж нээсэн бөгөөд, дэлхийгээс ойролцоогоор 4 гэрлэн жилийн зайтай. Тэгвэл та ингэж асуухыг хүсэж байна уу? "Эгч маань Проксима Центавр b дээр ОДОО юу хийж байгаа бол?"
Хариулт нь гэвэл: "Ингэж асуух нь ямар ч утгагүй хэрэг юм". Яг л Венецэд байгаа хэрнээ "Энд Бээжинд юу байна?" гэж байгаатай адил утгагүй асуулт. Яагаад гэвэл Венецэд байгаа хүн "энд" гэдэг үг хэрэглэвэл тэр нь Венецийн хаа нэгтээг л хэлнэ үү гэхээс Бээжинг хэлэхгүй шүү дээ.
Хэрэв эгч тань тантай нэг өрөөнд байгаад, хэн нэгэн танаас "Эгч чинь одоо юу хийж байна?" гэж асуувал ердийн үед хялбархан хариулах биз. Тэр дор нь эгч рүүгээ харахад л болоо, холхон байсан ч утасдаад асуучихад л хангалттай. Гэлээ гэхдээ энд ч бас анхаарал хэрэгтэй. Юу гэвэл эгчийгээ харна гэдэг бол эгчээс чинь гэрэл ойгоод таны нүдэнд хүрэх явдал боловч тэр хооронд үгүй ядаж л хэдэн нано секундын хугацаа орно. Тиймээс таны харж буй нь эгчийн тань одоо хийж буй зүйл бус хэдэн нано секундын өмнө хийж буй зүйл юм. Хэрвээ эгч тань Нью-Йоркод байгаад, Токиогоос эгч рүүгээ утсаар ярьсан гэвэл эгчийн тань хоолой таны чихэнд хүрэх хүртэл хэдэн милсекунд зарцуулах тул тэр үед ч бас эгчийгээ дор хаяж хэдэн милсекундын өмнө юу хийж байсныг мэдэж чадахаас хэтрэхгүй. Яахав, сүртэй ч юм биш л дээ.
Харин тэгтэл эгч тань Проксима Центавр b дээр байна гэвэл тэндээс гэрэл гэхэд л хүрч иртлээ 4 жил болно. Тиймээс телескопоор ч хардаг сан уу, утасгүй холбоогоор ч ярьдаг сан уу, хамгийн багадаа л 4 жилийн өмнө юу хийж байсныг нь мэдэж чадахаас бус "одоо" юу хийж байгааг нь мэдэж чадахгүй. Проксима Центавр b дээрх "одоо" гэдэг эгшин таны телескопоор харсан зүйл, эсвэл утасгүй холбоогоор сонссон эгчийн тань хоолойтой хэзээ ч ижил байхгүй юм.
Тийм бол эндээс телескопоор эгчийнхээ төрхийг нягталснаас хойших 4 жилийн дараа эгчийн тань хийж буй тэр зүйл "одоо эгчийн тань хийж буй зүйл" болох уу? Харамсалтай нь заавал тийм байх албагүй. Телескопоор нягтлах үед эгч тань яг 30 насныхаа төрсөн өдрийн бялууны лааг үлээж байсан гэе. Тэгтэл түүний дараа эгч тань аль хэдийнэ дэлхий дээр буцаж ирээд, дэлхийн цагаар 10 жилийн ирээдүйд ирсэн хойноо 34 насныхаа лааг үлээж байж ч мэднэ (Нээрээ шүү! Ийм зүйл болох бүрэн боломжтой). Харин ирээдүйд "одоо" оршин байх нь хэрхэвч боломжгүй юм.
Эсвэл эгч тань 10 жилийн өмнө Проксима Центавр b рүү ниссэн ба нисэхдээ календар авч яваад, өнгөрүүлсэн хугацаагаа тэмдэглэдэг байжээ гэе. Эгчийн тэмдэглэл 10 дахь жил дээрээ ирсэн тэр үе "одоо" байх уу? Үгүй дээ, үүгээр ч бас амжилттай синхрондож чадахгүй. Эгч тань ниссэнээс хойш, эгчийн тань календараар 10 жил өнгөрөх тэр үед аль хэдийнэ дэлхийдээ буцаж ирсэн байх агаад, тэр үед дэлхий дээр 20 жил өнгөрсөн байж ч болно. Тийм бол тэгээд Проксима Центавр b дээрх одоо гэж чухам хэзээг хэлэх вэ?
Ер нь л ингэж асуухаа болихоос өөр замгүй бололтой юм. Одоо эндэх "яг энэ агшин"-тай харгалзах ямар нэг онцгой агшин Проксима Центавр b дээр байхгүй.
Миний хайрт уншигчиддаа зөвлөж хэлэхэд, яг одоо ганц гүнзгий амьсгаа аваад, энэ дүгнэлтийг сайтар зажлан нунтаглаж, 2 жавжаараа асгалгүйхэн шиг болгоомжтойгоор гүдхийтэл залгихыг хүсэх байна. Минийхээр бол энэ дүгнэлт орчин үеийн физикийн ухааны хүрч очсон хамгийн хачирхан гайхмаар үнэн юм.
Проксима Центавр b дээр эгчийн маань амьдарч буй аль эгшин нь "одоо"-той дүйх вэ гэж асуух нь утга учиргүй. Сагсны тэмцээнд аль хөлбөмбөгийн баг түрүүлснийг асуух, болжморын жилийн орлого хэд байсныг асуух, хөгжмийн ноотны жин хэд байсныг лавлахтай л төстэй дайны яриа. Эдгээр асуултад ямар ч утга гэж байхгүй. Учир нь хөлбөмбөгийн баг сагс тоглодоггүй, болжморын завгүй амьдрал мөнгө олохын төлөө биш, хөгжмийн ноотны жинг хэмжих боломжгүй. "Сагсны тэмцээний ялагч" сагсан бөмбөгийн багтай л холбоотой, мөнгөн орлогын яриа болжмор биш хүний нийгэмтэй л холбоотойн адилаар, "одоо" гэдэг ухагдахуунтай холбоотой нь өөрийн ойр хавь болохоос холын оршихуй биш юм.
Бидний хэлэх "одоо" гээч эгшин бүх ертөнцийг агуулдаггүй. "Одоо" гэдэг бол биднийг хүрээлсэн хөөсөн бөмбөлөг шиг зүйл юм.
Тэгвэл тэр хөөсний хэмжээ хэр том бэ? Түүний хариулт нь цагийг хэр нарийвчлалтай хэмжихээс хамаарна. Нано секунд түвшинд нарийвчилмаар байгаа бол "одоо"-гийн хэмжээ хэдэн метр дотор орно. Милсекундын нэгжээр нарийвчилбал хэдэн километр хэртэй. Хүн бидний мэдэрч чадах нь сайндаа л секундын 1/10 хавьцаа ба үүгээр баримжаалбал дэлхий тэр чигээрээ хөөсөнд багтах ба түүн дотроо эгшин бүрийг бүгдээр хуваалцаж байгаа юм шигээр "одоо"-гийн тухай хүүрнэн ярилцаж болох байх. Харин түүнээс цааш болоод ирвэл "одоо" гэж байхгүй.
Хол байгаа нь бүгд бидний өнгөрснүүд (одоо болж буй зүйлсийн өмнө өрнөсөн үзэгдлүүд). Бас бидний ирээдүй ч бий ("энд, одоо"-г харж чадах энэ эгшний дараа өрнөх үзэгдлүүд). Энэ хоёрын хооронд тодорхой хэмжээний интервал байдаг ба тэр интервал нь өнгөрсөн ч биш, ирээдүй ч биш. Марс гаригаас нааш 15 минут, Проксима Центавр b гаригаас нааш 8 жил, Андромеда галактикаас нааш хэдэн сая жилийн "интервал" бий бөгөөд үүнийг "өргөтгөсөн одоо" гэдэг. Энэ бол Эйнштейний олсон нээлтүүд дотроос хамгийн хачирхалтай бөгөөд чухал зүйлсийн нэг юм.
Бүх ертөнц даяар хоёргүй утгаар тодорхойлогдох "одоо" гэх ухагдахуун бий гэж бодох нь бидний хоосон төөрөгдөл буюу өөрсдийн өчүүхэн мэдрэмж туршлагаа дур мэдэн тэлсэн баримжаа төдий тооцоо. Яг л солонгоны хөл ой руу шургасан аятай зүйл бөгөөд хэдий тэгж харагдсан ч хайгаад явбал хаанаас ч олдохгүй.
Гариг хоорондын орчинд 2 чулуу харуулаад "Аль нь өндөрт байна?" гэж асуувал түүнд хандаж "Наадах чинь утгагүй асуулт байна. Учир нь бүх ертөнц даяар өндөр намын нэгдсэн ухагдахуун байхгүй" гэж хариулахаас өөр замгүй. Хэрэв би та нараас дэлхий ба Проксима Центавр b дээр тохиосон 2 үзэгдлийг заагаад "Ижил эгшинд болсон үзэгдэл үү?" гэж асуувал "Наадах чинь утгагүй асуулт байна. Учир нь бүх ертөнц даяар тодорхойлогдсон ижил эгшин гэх ухагдахуун байхгүй" гэх нь зөв хариулт болох юм.
Тиймээс "Ертөнцийн одоо" гэх үгэнд ямар ч утга үгүй билээ.
※ Харьцангуйн онол, ертөнцийн зүй тогтол, хүний мэдлэгийн оргилтой танилцахыг хүсвэл "Нойр хулжаам сансар огторгуй" номоо сонсоорой.
Оноч
Оноч
Mrengo
Оноч