Намуу цэцэгс
Ялалтын баяр... Баяр мөн үү? Бодож санаж дуурсах өдөр үү? Агуу эх орны дайны энэ ялалт амар олдоогүй ээ.
Бага дунд сургуульд байхад Ялалтын баярыг парад, сүрлэг жагсаал, баярын концерт, хүндэтгэлийн хурлаар төсөөлдөг байв даа. Хүүхэдлэг хонгор хөөр баяр...
Гэтэл 1945 оны 5-р сарын 9-ний Ялалтын баяраар цөөнгүй хүмүүс Москвад ялалтын салютын сүүлчийн буудлага шөнийн тэнгэрт гялалзан замхрах мөчид Ялалтын баяраа тэмдэглэн согтож, Москва гол руу үсрэн амиа хорлож байсан гэдгийг сонсоод цочирдон балмагдаж, бодол болж байв.
Дайн тулаанд шархдаж, есөн зүйлийн шарх авсан, сохор, доголон, ухаан мэдрэл алдагдсан, гаргүй, хэлгүй, хөлгүй, дүлий болсон, гэр бүл, амраг садан, анд найз, гэр орон, хот тосгоноо орвонгоор нь бүрмөсөн алдсан дайчин эрс, эгэл жирийн хүмүүс ганцхан энэ Ялалтын өдрийг л хүсэн хүлээж байж...
Ялалтын баяр... Баяр мөн үү? Бодож санаж дуурсах өдөр үү? Агуу эх орны дайны энэ ялалт амар олдоогүй ээ.
Аймшигт Дэлхийн II дайн бол бараг зургаан жил үргэлжилсэн дэлхийн хэмжээний дайн, тив дамнасан тулалдаан, цэргийн мөргөлдөөн байсан бөгөөд дэлхий даяар оролцсон бүх улс, гүрнүүд маш их хохирол амссан. Дэлхийн II дайны чухал хоёр шинж чанар гэж юу болохыг мэдэрсэн талаар санал бодлоо хэлэхэд;
Дайн тулаан чухам юунаас болов? Юуны төлөө тулалдаж байсан ба энэ нь бүх дэлхийд хэрхэн нөлөөлсөн бэ? гэдэг асуултад товч хариулахад:
Дэлхийн II дайн (1939-1945) өнөөг хүртэл хамгийн аюултай, хамгийн цуст дайн байсаар ирсэн. Дайны эцэс гэхэд 60 сая гаруй хүн амь үрэгдсэн, тэдний олонх нь гэм зэмгүй энгийн иргэд. Энэнь өнөөгийн түүхэн дэх хамгийн сүйрэлт дайн. Энэ дайн тулаанд дэлхийн олон орон татагдан орж, Европ, Ази тивд хамгийн ширүүнээр өрнөв.
Дэлхий ертөнцийгүүрд өөрчилсөн энэ дайнд 50 гаруй улс үндэстэн оролцсон. Орос, Америкчуудын хувьд Дэлхийн II дайн тодорхой зорилготой байсан: тэд фашист эзэрхэг үзлийг ялахын төлөө тэмцэж байсан. Европын ихэнх хэсгийг Адольф Гитлерийн хяналтад байсан нацист Герман эзлэн авчээ. Европ дахь дайн 1939 онд Герман улс Польш руу довтолсноор эхэлсэн юм. Нацистын арми гэм зэмгүй олон сая жүүд/еврей нарыг харгис Холокостоор устгаж байв. Мөн тэд “Masters” буюу эзэнт үндэстэн арийчуудын санаанд нийцээгүй бүхнийг хэн хүнгүй үй олноор нь устгаж байлаа.
Эрхэм дээд арий үндэстэн ноёд эрхгүй боол пигмей “дутуу хүн” боолууд байх ёстой юм байх.
Ази, Номхон далайн бүсэд Фашист Германы холбоотон Японы арми улс, орнууд, арлуудыг довтлов. 1941 оны 12-р сарын 7-нд Японы онгоц Хавайн Перл харборыг бөмбөгдөв. Хэдэн цагийн дараа АНУ-ын Конгресс Японы эсрэг дайн зарлаж, АНУ нь Дэлхийн II дайнд оролцогч болсон юм.
Африкт фашист Италийн цэрэг Германы армийн хамтаар Орос, Америкийн холбоотон англичуудтай байлдаж эхэлсэн. Дэлхийн далай, тэнгис дайны талбар болон хувирав.
Аугаа эх орны дайны болон Дэлхийн II дайны түүхэн ач холбогдол, үнэ цэн нь нацизм ба фашизмыг нийгмийн амьдралаас зайлуулах асуудлыг улс төрийн болон практик байдлаар шийдвэрлэсэнд оршино. Дэлхийн ард түмэн фашизмын үзэл суртал, стратеги хүн төрөлхтний эсрэг мөн чанарыг ойлгож, үндэсний болон арьс өнгөөр ялган аймаглан устгах Холокост, арий дээд үндэстэн гэх хоосон фанатик мулгуу үзлээ зэр зэвсгийн хүчээр фашист бодлого болгон хэрэгжүүлэх, бусад үндэстнээс дээгүүр тавих хий үзэгдэл, шовинист галзуурал, дээд хувьд заяандаа хараагүй итгэх, дуустлаа тэмцэж, эцэстээ сүйрэх фашизмийн мөн чанарыг ялсанд байгаа юм!
Ялалтын энэ өдөр фронтод байлдаж явсан яруу найрагч Поженян, 70-80-90-2000 онуудад аялгуу эгшгээрээ тарсалтгүй туурвиж яваа домог болсон нэрт хөгжмийн зохиолч, дуучин Юрий Антоновын “Улаан намуу цэцэг” дуугаар Эх орны дайны баатарлаг дайчдын дурсгалд, фашист үзлийн аюулыг амь үрэгдсэн олон сая хүний гэгээн дурсгалд зориулъя.
Энэ дууны шүлэгт буй Малаховын Курганы тухай тодруулбал,
Эртний алдартай Севастополь хотыг Улаан армийн дайчид баатарлагаар хамгаалан байлдаж, Германы фашистийн цэргийг асар их хохирол учруулан эсэргүүцэн байлдсаны эцэст 1942 оны 7-р сарын 1-ний шөнө Малахов Курганыг хамгаалагчид хотыг орхижээ.
Севастополь чөлөөлөгдсөний дараа (1944 оны 5-р сарын 9) Малахов Курганд Матюхин болон тус хотын төлөөх тулалдаанд амиа алдсан 8-р нисэх хүчний армийн нисгэгчдийн хөшөөг босгожээ.
1958 онд 701-р цэргийн тэнгисийн артиллерийн хуучин галын байрлалд устгасан 2130 мм-ийн буу суурилуулсан. Малахов Курганын хамгаалалтын цамхаг дээр (1956 онд сэргээгдсэн, 1963 оноос хойш Севастополийн баатарлаг хамгаалалт, чөлөөлөх музейн тэнхим байгуулсан) төд удалгүй 1958 оны 2-р сард Мөнхийн гал асаажээ.
Эгэл цэргийн баатарлаг гавьяаг эргэн энэ агшинд дуурсан санацгаая.
Дайны гал дахин хэзээ ч бүү ноцог! Энх амгалан дэлхийдээ зөвшилцөл/консенсус, шинжлэх ухааны шинэ агуул нээлтээр, хөдөлмөр бүтээлээр хүн төрөлхтөн дэлхий ээж болсон цэнхэр гарагтаа энх тайвнаар бүх улс үндэстэн амар амгалан, аз жаргалтай амьдрах боломжтой!
Энэ миний итгэл үнэмшил...
“Улаан намуу цэцэг” дууны шүлгийн орчуулга
Федюниний толгод дээр нам гүм
Малаховын овоо зүүд зэрэглээ
Дайн хэзээ ч байгаагүй мэт
Эргэн тойронд анир чимээгүй
Он жилүүд өнгөрч, бүх зүйлийн эцсийн хугацаа дуусаж
Оломгүй далайн ус өөрчлөгдсөн мэт санагдана
Гэвч босго даван алхан гарахад
Мөнөөх намуу цэцгийн улаанаас хаашаа ч холдож чадахгүй ээ
(Орчуулсан Х.Жамбалжамц, Ч.Гантуяа)