Муусайн хөдөөнийхөн хотоос явцгаа

Урин цагийн аяс нааш эргэж, бидний үндсэн зовлонгоо мартан хөдөө гарч наар наадам хөөж давхидаг улирал айсуй. Одооноос нөгөө л алдарт 100 жилийн ойнуудаа ярьцгаасан, үндсэндээ бэлтгэл ажил нь болох аймаг сумдын сар шинийн золгуут ил далд үргэлжилсээр л байна. Ингээд бид намар болтол түгжрэл, утаагаа түр мартана. Дулааны улиралд явагддаг бүтээн байгуулалтын ажлууд дээр ажиллах хүн ирж өгөхгүй. Юу үнэн, энэ үнэн. Намар гэнэт сэрнэ. Амралтын уур амьсгалаасаа салж ядсан монголчууд уурсан бухимдаж эхэлнэ. Бүгдээрээ ухаантай, ажил хэрэгч болцгоон хувирч, болж бүтэхгүй бүх зүйлдээ нэг нэгнээ буруутган орилолдоно. Байшин хотдоо багшралдан ирээд зад хэрэлдэнэ. 

Бидний зовлон “хот” маань болсон. Учир нь хүн амын тал нь нийслэлдээ суурьшсан. Ингээд хотын зовлон бидний бүгдийн зовлон болов. Яагаад ийм болчхов гэдгийг янз бүрээр бид ярьсан. Одоо ч ярьсаар...

Хотын утаа, түгжрэл, зам, дулаан..сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал, эмнэлгийн ачаалал...гээд хөвөрнө. 

Улаанбаатарын энэ бүх зовлонг ярихаар л хотын үе үеийн дарга нар өөдөөс “...Анхнаасаа 400 мянган хүнд зориулагдаж байгуулагдсан хот шүү дээ. Одоо энэ хотод чинь хэдэн хүн амьдарч байгаа билээ дээ” гэж дуугаа өндөрсгөөд л амыг маань хаадаг. Өнөөдрийн Х.Нямбаатар ч, орлогч дарга нар нь ч энэ үгийг хэлж байгаа. Өчигдрийн дарга нар нь ч ингэж хэлж ирсэн. Харин ч “...орос ах нар маань энэ хотыг тэр үед бариад өгсөн нь их юм. Та нар өөрсдөө юу хийсэн юм” гэж галзуу хүн шиг юм өмнөөс ярьдаг дарга цөөрч байна. 

Тэгээд бид яах юм бэ. 400 мянган даргаа энд чинь үлдээгээд, бусад нь энэ хотоос зайлах юм уу. Хагас зууны турш яагаад хотдоо хөрөнгө оруулалт хийгээгүй юм. Яагаад дахин төлөвлөлтөө эртхэн барьж аваагүй юм...гэж бид ч бас өмнөөс нь орилж болно.

Үнэн хэрэгтээ Төрийн өөрийнх нь бодлогын алдаа завхралын балаг өнөөдрийн манай нийслэлийн байгаа царайнаас уншигдана. Хотыг дандаа зангиа зүүсэн дарга нар удирдаж ирсэн. Хотын ажил бол сайн менежерийн, аж ахуйн ажил мэдэрдэг, мэддэг хүмүүсийн талбар гэдгийг нам төр нь өөрөө ухаараагүй. Бүх ажлыг дарга хийнэ. Гоё хослол өмсөж, ширээний ард суудаг, гол нь нам төртэй учраа сайн олдог дарга хотыг удирдана гэдэг ойлголт хагас зууны турш үйлчилсэн нь худлаа биш. Одоо ч нам төвтэй улс хэвээрээ байгааг бүгд харж л байна. 

Гэтэл энд гоё хослол өмссөн, том даргын хэрэг огт байхгүй. Хотыг удирдаж байгаа баг өглөө ирээд л үхэл, төрөлт хоёрын мэдээгээ аваад ажлаа эхлүүлдэг, үдэш болтол зовлонтойгоо зууралддаг. Өөрөөр байх боломжгүй. Хэвлэл мэдээллийн алба нь ч шилэн байшинд, шилэн трикотой хөлөө ачиж суугаад хэдэн сайтад мөнгө хуваарилаад сууж байх боломжгүй.

Өнөөдрийн манай хотын бүх хүндрэл энэ буруу хадуурлаа мэдээгүй жараад жил явчихсаны, улс төр хийж, намдаа гоё харагдаж, үнэтэй хослол өмсөж, том том жийп унаж цэмцгэнэсний гор шүү дээ. 

Хотын хүн ам өсөх бол хотын дарга нарын баяр баясгалан байдаг. Хот өсөн томрох нь хот эдийн засгаар хүчирхэгжиж, хүч чадалтай болж байгаагийн нэг том илрэл. Тийм ч учраас зарим онцгой мөчүүдэд шинэ төрсөн хүүхдэд хотын даргын бэлэг ирдэг, тэр өдөр тухайн төрөх эмнэлгээр дүүрэн баяр хөөр болдог жишиг дэлхийн хотуудын соёлд түгээмэл байдаг. Гэтэл манайд хүн нэмэгдлээ гээд л уурлаад байдаг. Иргэд нь ч дагаад бухимддаг. Муусайн хөдөөнийхөн зайлцгаа, та нараас болоод хот ийм болчихлоо гээд хараацгааж байдаг. 

Зүй нь орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнуудаа адлах биш илүү олон оюутныг сургаж, мэдлэг боловсрол олгох, захуудыг хаах биш төрөлжсөн, өвөрмөц соёлтой, хоорондоо ялгаатай илүү олон захтай болох, машиныг хориглох биш машин олонтой болох... энэ бүгд нь өөрөө дэлхийн хотуудын хэвийн амьдрал. Яагаад гэвэл энэ бүгд нэмэгдэхийн хэрээр түүнд зориулж хот байгуулалтаа хийдэг. Бээжин хотыг манай эриний өмнө 30 сая хүнтэй хот болно гэж төлөвлөсөн гэхгүй юм байгаа биз дээ, хотын дарга нар аа. Тариачдын жижиг бүлэг л байсан биз. Тэгээд л жамын дагуу өсөн тэлсэн байж таараа. Хүн нь олуулаа болохын хэрээр л зам гүүр, байр дулаанаа хийгээд явсан байсан байж таарна. Хот ингэж л бий болдог. Хэдүүлээ хотоо тэлж, хүн амаа өсгөж байж, өдөр болгон зам тавьж, өдөр болгон иргэдээ чөлөөтэй хөдөлмөрлүүлж байж л өнөөдрийн хоолой боогоод байгаа бэрхшээлүүдийг давна. Энэ бүхэн өөрөө хотын хувьд өдөр тутам хийж байдаг ажил нь шүү дээ. Мэдээж, өнөөдрийн хотын зовлонг Х.Нямбаатар бий болгочхоогүй. Ядаж энийгээ мэдсээр байж утга учиргүй хараал зүхлээр өнөөдрийн ажиллаж байгаа залуусаа барьж идчих гээд байдгаа больцгоомоор байна. 

Шинэ он дөнгөж гарангуут Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэлсэн. Анхааралтай сонссон хүн эрхбиш байгаа гэдэгт найдаж байна. 

Хот өөрөө амьд организм. Биеийн дархлааг бүхэлд нь сайжруулахтай адил Нийслэлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатайг Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад оролцсон мэргэжилтнүүд зөвлөж байна. 

Дэлхийд сайн ба муу хот гэж байхгүй бөгөөд гагцхүү ерөнхий төлөвлөгөөгөө зөв ба буруу хийсэн, ерөнхий төлөвлөгөөгөө хэрэгжүүлж чадсан, чадаагүй гэдэг л ялгаа байдаг юм байна гэж Ерөнхий сайд сая нэг хэллээ. Нийслэлийн асуудал бол улс төржих сэдэв биш гэдэгт нэгдсэн ойлголтод хүрье гэж тэр уриалж байна. Эрхбиш өнгөрсөн хийгээд одоодоо дүн шинжилгээ хийж дуусаад хэлж байгаа үг нь гэдгийг иргэд тунгааж байгаа биз. 

Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Ерөнхий сайдын шууд удирдлага дор мэргэжлийн байгууллагууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, их дээд сургуулийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдаас бүрдсэн шуурхай штаб байгуулан ажиллаж байгаа юм байна. 

Ерөнхий сайд татварын тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүний хөгжил, байгаль орчин, нийгмийн хариуцлагын чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг дэмжиж, борлуулалтын орлогын нэг хувьд ногдох татвараас чөлөөлөх зохицуулалтын дагуу Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах төслүүдэд хөрөнгө оруулж буй аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнд талархал илэрхийлж, бусад аж ахуйн нэгжүүдийг уриалж байна билээ. 

Энэ дээр бол хувийн хэвшлүүд хоёр талтай хүлээж авч байна. Тэдний зарим “Юу вэ, бидэнд ямар боломж олгосон юм бэ. Нэг хэсэг нь өврөөс нь төрж, нөгөө хэсэг нь араас нь гарсан юм шиг алагчлал дунд үйлийг маань үзүүлчхээд, хурааж буулгаж, нураана гэхээс өөр “бэлэг” бариагүй эрх баригчид биш билүү...” хэмээн бухимдаж байна. Энэ худлаа биш. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль журмынх нь дагуу хөөцөлдөөд газраа аваад, зарим нь бүр дуудлага худалдаандаа ороод хэдэн тэрбумаар нь мөнгөө хийчхээд, бүлэглэлүүдийнх нь дарамтанд ороод ажлаа эхлүүлж чадахгүй 15 жил болж байгаа компани ч байна шүү дээ. Эдний алдагдсан боломжийн өртгийг өнөөдөр хэн ч төлөхгүй. 

Нөгөө хэсэг нь газрыг хэн ч сонирхдоггүй, “Та нар хот руу хөрөнгө оруулаач. Барилга байшин бариач. Хот бүх талаар чинь дэмжье” гээд тэр цаг үеийнхээ хамгийн том гэсэн компаниудтай хотын дарга нь өөрөөгуйгаад явдаг үе байсан. Тэгээд тэднийг хотын бүтээн байгуулалт руу татсан. Хариуд нь өнөөдөр бүх ял зэмийг нь үүрч байна” гэх хатуу гомдлыг тээж яваа. Энэ бас үнэн. Бидэнд бэлэн туршлага хаа хаанаа байгаагүй. Үүнээс болж алдаа завхрал гарсныг үгүйсгэхгүй. Өнөөдөр Г.Өсөхбаяр аварга баатар болтлоо ажил хийсэн үү, “Хурд” групп, “Эко констрашн” компани хийсэн үү гэвэл мөн л харьцангуй ойлголт үүснэ. Бидний хандлага сууриараа ийнхүү буруу явж ирлээ. 

Улаанбаатар хотын анхны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө нь 1954 онд батлагдаж, 1961, 1976, 1986 онд тодотгол хийгдэж байсан байдаг. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг ч дөнгөж 2002 онд баталсан. Дараа нь Улсын Их Хурлын 2013 оны 23 дугаар тогтоолоор “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг мөн хэлэлцэж баталж байв. Төрийн бодлогын хэддүгээрт ч эрэмбэлэгдэж ирсэн юм. 

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө ийм зам туулан, бүтэн хэрэгжээгүй суурь шалтгаануудад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ доорх зүйлсийг нэрлэж байна.

  1. Эрчим хүчний үнийг эрт чөлөөлж чадаагүйгээс дэд бүтэцтэй газраа даган ерөнхий төлөвлөгөөнд тусаагүй төлөвлөгөөт бус барилгажилт үүссэн,
  2. Засаглалын хэт тогтворгүй байдлаас үүдэн сахилга хариуцлага суларч, хууль бус газар олголт хавтгайрсан,
  3. Нийслэлийн төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх хэмжээнд байж чадаагүйгээс үүссэн асуудлууд хуримтлагдсан,
  4. Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байсан ч хариуцлага тооцох эрхзүйн орчин сул,
  5. Газар олголтын асуудлаар хэт олон субъект улс төрийн гэнэтийн шийдвэр гаргадаг зэрэг суурь асуудлууд байжээ.

Харин энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хэрэгжихүйц байх зарчмыг баримтлан, 20 минутын хот загварт тулгуурлаж, Улаанбаатар хотын асуудлыг үндсэн долоон том салбараар тодорхойлж, бусад улс орны туршлагад суурилан дахин төлөвлөлт хийж,нийслэлийн хэт төвлөрөл, тэгш бус хөгжлийн асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн загварыг бий болгоход чиглүүлсэн гэж тэр онцолж байна. 

Уг төслүүдэд Баянзүрхийн товчооноос 22-ын товчооны уулзвар хүртэл 32 км хэвтээ тэнхлэгийн 4-6 эгнээ бүхий Туулын хурдны авто замын бүтээн байгуулалт хийгдэхээр туссан. Туулын хурдны зам дагуу Хүй долоон худагт 30,000 хүний багтаамжтай наадмын шинэ цогцолбор байгуулж, шинээр дэд бүтэц тавигдах нь хот байгуулалтын чухал алхам болно. Хандгайтаас Чингис хаан нисэх буудал хүртэл, төр захиргааны нэгдсэн байрыг холбосон, Сэлбэ голыг дагасан, гүүрэн байгууламж, туннел бүхий босоо тэнхлэгийн 62.5 км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ. Энэ босоо тэнхлэгийн хурдны замаар Нийслэл Улаанбаатар хотын төвийг Хөшгийн хөндийд шинээр байгуулагдах дагуул хоттой холбогдоно. Ингэснээр хотын авто замын сүлжээг хэвтээ найм, босоо 12 тэнхлэг, гурван тойрог авто замын бүтэцтэй байхаар төлөвлөж дээрх төслүүдийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний оргил ачааллын үеийн дундаж хурд есөн км/цаг-аас 22.5 км/цаг болж нэмэгдэх боломжтой гэж мэргэжилтнүүд тооцоолол гаргасан. 

Ямар ч байсан ингээд ажил эхлээд явж байна. Гэвч иймэрхүү төлөвлөгөө, баримтууд, бодлогын шийдвэрүүдийн талаар бичихэд манай шүүмжлэгчид огт уншдаггүй. Энэ бол тэднийхээр сонирхолгүй сэдэв. Уг нь бид ийм байж болохгүй юм.

Жишээ нь, өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй авто машины хэрэглээг бууруулж, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Энхтайваны өргөн чөлөөний дагуу 17.7 км урт 14 өртөө бүхий Улаанбаатар Метроны нэг, хоёрдугаар шугам байгуулахаар төлөвлөөд, үндсэндээ мөнгө босгох ажлууд эхлээд явж байгаа. Мөнгө босгох ажил гэдгийн нэг гол цөм нь том төслүүдийг хөдөлгөх агуулга. Гэтэл бид юугаа ч мэдэхгүй атлаа бүгд “мэргэжлийн хүмүүс” болон хувирч, бүх салбараар эсэргүүцэл өрнүүлэхээс өөрийг хийхгүй байна. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг атлаа хүн амын 60 гаруй хувь нь хот, суурин буюу агаар, ус, хөрс зэрэг орчны бохирдол ихтэй нийслэл хотдоо ажиллаж, амьдарч байна. Үндсэн хуулиндаа ”Хүн бүр эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулан амьдрах эрхтэй” гэж заасны дагуу л ингээд бид аж төрцгөөж байгаа. Гэвч бодит байдал дээр энэ эрх маань хангагдаж чадаж байна уу гэвэл үгүй. Дээрээс нь аж ахуйн нэгж, байгууллагуудын маань 70 орчим хувь нь Улаанбаатар хотод байршдаг. Иймээс хүн амын хэт төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийг дэмжих, мөн шинэ суурьшлын төвүүдийг байгуулах замаар хүн амын тогтвортой хөгжил бүхий нутагшилт, суурьшлын бодлогыг шинээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бий болсон тухай өнөөдөр бодлого боловсруулагчид маань бүгд ярих болсон. 

Монгол Улсын хүн амын суурьшлын тогтолцоо нь ийнхүү Улаанбаатар гэдэг нэг төвтэй болсон нь хотын хөгжилд сөрөг нөлөөг үзүүлэх үндсэн шалтгаан болсон гэж тэд хэлж байгаа юм. Судалгаанаас үзэхэд хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн саарахгүй байна. Энэ бол хүн төрөлхтний амьдралд бараг жам ёс болсон зүйл. Бүгд төв рүү тэмүүлдэг. Бүх мөрөөдөл хот руу чиглэдэг. Эртнээс ийм л байсан, цаашдаа ч ийм л байна. 

Орон нутгаас нийслэл рүү тэмүүлдэг нь зөвхөн монголчууд биш юм. Дэлхийн олон оронд хот суурин газар руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний урсгал тасралтгүй нэмэгдсээр байгаа. Тиймээс улс орнууд төлөвлөлт, төвлөрлийг задлах бодлогоо шинэчилж, суурьшлын бүсээ тэлэх байдлаар эдгээр асуудлуудаа шийдэж байна. 

Тэгэхээр бид одоо “...анхнаасаа манай хотын багтаамж , төлөвлөлт 400 мянган хүнд зориулагдсан, тэгэхээр яах ч ёстой юм” гэж адардаг байдлаа орхих цаг болжээ. 

Түүх рүү эргэн харахад 1926 онд анх байгуулагдсан 100 орчим жилийн түүхтэй зураг төслийн 700 гаруй инженер техникийн ажилтнуудтай сэхээтний хүчирхэг байгууллага байсан байдаг. Гэтэл өнөөдрийн хамгийн том асуудлын нэг нь мэргэжилтэй боловсон хүчний хомсдол болоод байна. Хот, суурины төлөвлөлтийг боловсруулахад 10-15 мэргэжлийн инженер, архитекторууд баг болж ажилладаг. Хот төлөвлөлтийн инженер, эдийн засгийн мэргэжлийн дипломтой хүн Монгол улсын хэмжээнд ганцхан болсон гэвэл уншигч та гайхах л байх. Хот байгуулалтын инженер, эдийн засагч, зам тээврийн төлөвлөлтийн мэргэжилтэн, усны барилга байгууламжийн мэргэжилтэн гээд маш олон мэргэжлээр хомсдолд орчихсон. Энэ сэдвийг хөндөхөөр “Бид Солонгост ажиллаад зөндөө юм сурчихсан байхад, биднийг ажил хийж чадахгүй гэж үзлээ” гээд хадуураад явчихдаг. Ажиллах хүч гэж хэнийг хэлээд байгааг ерөөсөө ойлгодоггүй. 

Эцэст нь энэ бүхэн бол ХОТ-ыг нам төвтэй бодлого, ДАРГА төвтэй улс төрийн багууд удирдаж ирсний гай. Үүнээсээ болоод асуудлын шийдлийг гаргахдаа ХҮН төвт бодлого гаргаж чаддаггүй явж ирж. Сүүлдээ улсынхаа хэмжээнд тулгарсан ГАЦАА-наасаа гарах гэж үйлээ эзэн тэлчилж байна. Аргаа бараад нэг нэгийгээ хотоосоо хөөж тууж, хааж боож, харааж зүхэж шившгээ дэлгэж сууна. 

Одоо бүгдээрээ иргэдийнхээ хүсэл сонирхлыг боох биш тэрэн дээр нь төлөвлөсөн хотын бодлого ярьцгаая. Хүнээ, машинтай нь хорьж цагдах, боомилох тухай биш...ХҮН төвтэй хотын хөгжил рүү явцгаая. Үүний тулд ажил хийдэг улс орон болмоор байна. Бүгдээрээ сошиалд ангалзаж суудаг, амаа л зөвхөн хөдөлгөдөг, халамж горьдсон, улс төрийн намуудын тоглоом болдог иргэдбаймааргүй байна. Ухаалаг иргэдтэй улс орон л хөгждөг юм байна шүү...