Хэдхэн хоногийн дараа Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалт тохионо. Цахимаар хийх үү, биечлэн очицгоох уу гэдэг нь маргаантай. Даргалагч улс нь Тажикистан. 2014 онд мөн тус улс даргалагч байхад Душанбе хотноо дээд хэмжээний уулзалтад очиж байсны хувьд бага сага төсөөлөл надад байна. Энэ байгууллагын үйл ажиллагааг гярхай ажиглаж, байнга судалгаа хийдгийн хувьд ч бичих ярих сэдэв мундахгүй. ГХЯ-ны ажлын группын нэг ахлагчийн хувьд Хятад, Энэтхэгт явсан практик туршлага, мэдээлэл байгаагийн хувьд ч итгэлтэй бичиж байна.

Энэ удаа, 2021 оны саммит тун өвөрмөц нөхцөлд болох гэж байна. Афганистаны дүрвэгсдийн давалгаанд дэлхийн бүх улс бэлтгэлтэй байгаарай хэмээн Их Британийн Батлан хамгаалахын сайд ноён Бен Уоллес (Ben Wallace) уриалан дуудсаныг Душанбед болох ШХАБ-ын саммитын бараг “уриа дуудлага” гээд ойлгочиход буруутахгүй. Бүрэн эрхт жинхэнэ гишүүн–улс, хагас эрхт ажиглагч гишүүн–улс гээд лав 12улсын төрийн тэргүүн ярайтлаа очиж оролцдог.Хэрэв биечлэн очицгоох бол ажиглагч Афганистаныг “Талибан” хөдөлгөөний (террорист байгууллагын жагсаалтаас хасагдаагүй байгаа!) толгойлогч ислам шашны мулла (суннитын лам) төлөөлж, тэр арван хэдэн эрхэм дотор жагсаж зогсоно гэхээс бид биш дэлхий эвгүйцэж мэднэ. Дэргэд нь Ираны Ерөнхийлөгч гэх орхимж нөмрөгтэй толгойгоо боосон бас нэг имам (шиитийн лам) очно.

Афганистанаас үүдэх аюулгүй байдлын үүднээс, бас хэнтэй нөхөрлөх дээрээ тулав гэдэгтээ эргэлзсэн ШХАБ-ын удирдагчдын тааллаар (мөн ковид гэх цар тахлын аюул!) энэ удаа цахимаар хуралдаад хуралдсан нэртэй ам таглах болов уу гэсэн итгэлтэй байна. 

“Талибан” гэх радикал хөдөлгөөнтэй Орос, Иран, Хятад, Пакистан нууцаар үгсэн хуйвалдсан хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден харджээ. Талибаныг Хятад санхүүжүүлдэг байж магадгүй болоод явчив[1]. Ноён Байдены зөв ч бай, буруу ч бай, ялгаж салгахыг хүсэхгүй байна. “Талибан”-ыг хүн төрхөнд нь оруулахад Орос, Хятад хоёр том үүрэгтэйг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. 

Үндсэн сэдэвтээ оръё. ШХАБ-ын ажиглагч гишүүний статус хүртсэн (2004 он) хоёрдахь улс нь Монгол юм. 2004 оноос хойш “Монгол ба ШХАБ” гэх түүхийн жим гарсан. Гадаад бодлогын түүхийн нэг шинэ хуудас нээгдсэн. Хуудсыг баяжуулах үйл явц үргэлжилж байна.Харин өмнөх Ерөнхийлагч ноён Х.Баттулгын явуулсан гадаад бодлого дотор ШХАБ хүндтэй, бас сонирхолтой байр эзэлж таарах нь байна. Тэр тухай 3-4 жилийн түүх хүүрнэе.

Хүндтэй бөгөөд сонирхолтой, зарим талаар эгзэгтэй ч гэж хэлж болно. Бизнесийн салбарын төлөөлөл болж Төрийн тэргүүнээр ирсэн тэрээр аливаа гадаад харилцааг эх орны хөгжилтэй уяхыг хүсдэг, ядарсан жирийн ард түмэн ба баялаг бүтээгч цөөнхидөө гадаад бодлогын давуу талыг ашиглуулах гэдэг тэр байр сууринаасаа ШХАБ-ыг олж харахыг хичээжээ. Тэр хичээл зүтгэл нь харамсалтайгаар хэрэгжээгүй. 

Тэрээр эхний нэг жилдээ дотоод асуудалдаа түүртээд ШХАБ-аар оролдох завгүй байсан биз. Бас түүнд зөвлөдөг, мэдээлэл хүргэдэг албад нь, зөвлөхүүд нь буруу мэдээлэл өгч, буруу тийш нь залуурдахыг оролдсон байж болно. Гэхдээ энэ бол хардлага төдий. Ямар ч атугай Монголыг тойруулсан ШХАБ-ын эдийн засгийн лут интеграцын тухай төсөөллийг түүнд өгсөн байв. Явж явж ажиглагч бид л ШХАБ-ын интеграцаас хоцорчихлоо, биднийг тойруулаад бүтээн байгуулалтаа хийгээд дуусгалаа хэмээн түүнийг шавдуулсан бололтой. 2018 оны хавар Монголын эдийн засгийн форумд “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагатай хамтын ажиллагааг энэ жилдээ багтаан ахисан түвшинд аваачиж, илүү идэвхтэй хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн 8 улстай харилцах харилцаанд нэн таатай нөхцөл үүсэхийн зэрэгцээ олон жил яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болно”[2] хэмээн мэдэгдэв.

Тэгж хэлснийх нь дараа манай эрдэмтэд, сэтгүүлчид, ахмад дипломатчдын дунд өргөн хүрээтэй мэтгэлцээн өрнөж, ШХАБ-д жинхлүүлэх эсэх дээр маргаан дэгдсэн ба тэр маргааныг гярхай ажигласан Ерөнхийлөгч Х.Баттулга ГХЯ-нд хаалттай зөвлөлгөөн зохион байгуулж тал талын байр суурийг сонссон. Анхнаасаа буруу мэдээллээр өөрийг нь төөрөгдүүлсэн байна гэж үзсэн болов уу, тэр тухайгаа ч ШХАБ-ын дээд хэмжээний Циндаогийн саммитад үг хэлэхдээ битүү утгаар илэрхийлжээ. Үүнд “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна”[3] гэсэн ба түүнээсээ нэмж хальж элдэв мэдэгдэл (амлалт) хийгээгүй. Ингэж мэдэгдэхдээ л ШХАБ нь эдийн засгийн интеграцын байгууллага болоосой гэсэн хүслээ хамт дайсан. 

Харин ч нарийвчлан судлах явцдаа Гадаадын харилцааны сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулуулж, ШХАБ-ын гишүүн орнуудаар явуулж судалгаа хийлгэх, дүгнэлт гаргуулах ажлыг Ерөнхийлөгч сэдсэн. 

2019 онд ШХАБ-ын дараагийн саммитад оролцохдоо ноён Х.Баттулга өмнөх байр сууриа дахин давтаж тайлбарласан. “Монгол Улс ШХАБ-д шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд явуулж байгаа талаар Та бүхэнд мэдээлж байсан билээ. Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх асуудлаар манай улсын дотоодод олон нийтийн санал бодол хуваагдмал байдалтай байна. ШХАБ-ын ажиглагч болон яриа хэлэлцээний түнш орнууд ба Нарийн бичгийн дарга нарын газрын хамтын ажиллагааг дунд хугацаанд хөгжүүлэх замын зургийн төслийг боловсруулж, ШХАБ-ын ажиглагчийн статусын журамд өөрчлөлт оруулах, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудтай хамтын ажиллагааг идэвхжүүлэн өргөжүүлэхээр төлөвлөж буйг талархан хүлээж авч байна[4]”– ердөө л энэ.Энд жинхлүүлнэ гэсэн амлалт өгөөгүй. 

2020 оны шинэхэн баримт. Цар тахлаас үүдэлтэйгээр ШХАБ-ын дараагийн саммит цахимаар хуралдсан. Хурлыг ОХУ-ын Ерөнхийлөгч даргалсан. Түүнд ноён Х.Баттулга оролцохдоо ингэж хэлжээ. “Монгол Улс ШХАБ-ын төлөвшилтийг анхааралтай ажиглан, холбогдох судалгаануудыг хийж, эдийн засгийн болон хүмүүнлэгийн салбарын практик үйл ажиллагаанд ажиглагчийнхаа байр суурийг хадгалан, идэвхтэй оролцохыг эрмэлзэж байна. Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөлд тодорхой ахиц гарч буйд бид баяртай байна. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүдийг урагшлуулах нь Зүүн Ази ба Төв Азийн зах зээлийг холбож ШХАБ-ын хүрээний хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх юм. Бидэнд ийм практик ач холбогдолтой, бодит үр дүнтэй үйл ажиллагаа чухал байгааг онцлон тэмдэглэе[5]” гэжээ.

Дараахан нь Монгол Улсын Шадар сайд (одоогийн ЕТГ-ын дарга Я.Содбаатар) ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд цахимаар оролцож үг хэлэхдээ Төрийн тэргүүнийхээ үгийг бүр ч нотлож, Монгол Улс ШХАБ-ын гишүүн орнуудтай эдийн засаг, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дамжин өнгөрөх тээвэр болон бусад салбарт идэвхтэй хамтран ажиллах, боломжтой төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах сонирхолтой байгаа ба Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн үйл явц тодорхой ахицтай байгаад баяртай байгаагаа илэрхийлээд, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хурдны авто зам, төмөр замын төв, зүүн болон баруун коридорын төслүүд бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэсгээд зогсохгүй, хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэжээ[6].

2020 оны намар манай Гадаад харилцааны сайд БНХАУ, ОХУ-ын Гадаад хэргийн сайд нартай Улаанбаатар, Москвад уулзсан. Тэр тухай ингэж ярьсан байх юм. “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах үеэрээ ШХАБ-д “Монгол Улсыг элсээч” гэдэг санал тавьсан. Миний бие ОХУ-д албан айлчлал хийх үед тус улсын Гадаад хэргийн сайд С.В. Лавровтой уулзалт хийхэд энэ асуудлыг санал болгосон. Монгол Улс 2004 оноос тус байгууллагад ажиглагчийн статустай явж ирлээ. Өнөөдрийг хүртэл энэ байр суурь хэвээрээ байгаа. Хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард БНХАУ-д болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “ШХАБ-д шат ахиулан оролцох боломжтой. Үргэлжлүүлэн судална” гэдэг байр суурийг илэрхийлсэн. Өнөөдөр манай байр суурь энэ түвшинд байгаа гэдгийг тэмдэглэе[7]” гэжээ.

Тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгатай Монгол Улсын Гадаад харилцааны 4 сайд хамтран ажилласны сүүлчийнх болох хатагтай Б.Батцэцэг ОХУ-д албан ёсоор айлчлаад оросын хэвлэлд ярилцлагад өгөхдөө “ШХАБ-ын тухай яриагаа үргэлжлүүлье. Монгол Улс ШХАБ-ын ажиглагч орон. Харин энэ байгууллагад элсэх боломжтой юу?” гэсэн асуултад ингэж хариулжээ:–Монгол Улс ШХАБ-ын дэргэд ажиглагч болоод удаж байна. Бид дээд түвшний, засгийн газрын түвшний болон холбогдох яамд, байгууллагуудын түвшний бүхий л уулзалтуудад оролцдог. ШХАБ-д Энэтхэг болон Пакистан улс элсэн орсноор энэхүү олон улсын байгууллагын ач холбогдол өссөн. Энэ байгууллагыг бид Төв Азийн бүс нутаг дахь хамтын ажиллагааны чухал гарцуудын нэг гэж үздэг. Түүнчлэн ШХАБ-ын үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг худалдаа, эдийн засгийн төслүүдэд оролцдог. Бид худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, тээвэр, дэд бүтцийн төслүүд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ШХАБ-тай хамтран ажиллах сонирхолтой. Монгол Улс ШХАБ-ыг Төв Азитай хамтын ажиллагаа тогтоох сувгуудын нэг гэж үздэг. ШХАБ-д оролцогчдын зүгээс манай улсыг энэ байгууллагын байнгын гишүүн болж, оролцоогоо нэмэгдүүлэх санал тавьдаг юм. Бид ШХАБ-ын суурь баримт бичгүүд болон энэ байгууллагын хүрээнд явуулдаг үйл ажиллагааг зохицуулах бусад баримт бичгүүдийг судалж байна. Сүүлийн жилүүдэд манай судлаачид, эрдэмтэд, төрийн шийдвэр гаргадаг хүмүүс энэ асуудлаар олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулсны дараа энэ байгууллагад өнөөгийн статусаа хадгалах нь илүү оновчтой гэсэн дүгнэлтэд хүрсэн[8] гэжээ.

ШХАБ-тай холбогдуулаад өөр нэг эмзэг асуудал дагалдаж ирсэн. Тэр нь орос нөхдийн хүсэл, манайхны хоёр нүүрт бодлого. ОДКБ буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын (ХАБГБ) үйл ажиллагаанд Монгол Улсыггишүүнээр элсүүлэн нэгтгэх асуудал. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн асуудлыг хариуцсан нэгдүгээр газрын дарга Георгий Зиновьев ОХУ-ын Төрийн Думын Холбооны Зөвлөлд мэдээлж ингэж хэлж байв:–Монгол Улсыг ХАБГБ-д элсэн орохыг урьсан гэдгийг хэлэхийг хүсэж байна. Энэ нь Оросын Холбооны Улсын ашиг сонирхлын үүднээс чухал ач холбогдолтой чиглэл болж магадгүй юм. Монгол Улс энэхүү урилгад нааштайгаар хандаж буй бөгөөд тус улсын удирдагчдын зүгээс дэмжлэг хүлээж байгаа гэжээ[9]

Энэ асуудлаар “оросын тал баримтлагч” ноён Х.Баттулга зарчмын зөв байр суурин дээрээ байсан гэж бид ойлгодог. Орос нөхдөд итгэл төрүүлэх ямар нэг алхам илээр (нууцаар хэрхсэнийг мэдэхгүй) хийгээгүй болов уу. Гэхдээ түүний өнгөн дээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажилласан нөхрийн тухай өөр нэг баримтыг дараа эшлэнэ. 

ХАБГБ-ын тухайд Гадаад харилцааны сайд хатагтай Монгол Улсын зарчмын байр суурийг илэрхийлсэн[10]. “Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэх үү?” гэсэн оросын сурвалжлагчийн асуултад “Манай орны үндэсний аюулгүй байдлын концепцид бусад орнуудын зүгээс манай аюулгүй байдалд шууд аюул заналхийлэхгүй бол аливаа цэрэг, улс төрийн байгууллагад Монгол Улс оролцохгүй гэж заасан байдаг. Тиймээс бид Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага зэрэг цэрэг, улс төрийн байгууллагад элсэх шаардлагагүй” гэжээ. 

Дүгнэж үзвээс, халаагаа өгсөн 5 дахь Ерөнхийлөгчийг Оросын тал баримтлагч, Монголыг ШХАБ-д, улмаар ОДКБ-д барьж өгөх гэлээ, тэр нь бүтсэнгүй гэх шүүмжлэл, хардлага байдаг бол түүнд дээрхи түүх зарим нэг хариулт өгсөн болов уу гэж найдаж байна. 

ШХАБ нь эдийн засгийн интеграцын байгууллага болохгүй л юм бол практик ач холбогдолгүй, бодит үр дүнгүй, харин ч бүр гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын нэг механизм болох хэрэгтэй гээд хэлчихжээ. Анхны төөрөгдөл (нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл очсон), дараа нь тэр төөрөгдлөө тун хурдан зассан, эргээд төвийг сахисан байр сууринаас ШХАБ-ыг олж харахыг хичээсэн, технократ өнцгөөс ШХАБ-ыг төлөвшөөсэй гэж хүссэн, тийм л түүх гурван жилд өрнөжээ.

Харин энэхүү гурван жилд чих сортойлгомоор, халуун яриа өрнүүлмээр нэгэн үйлдлийг ноён Х.Баттулгын итгэлт хүн А.Гансүх (тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга) хийсэн баримтыг нийтлэлч Баабар илчлээд тавьчихснаас “ба, бэ”-гүй эшлэе. Түүх хуучрахгүй гэдэг утгаар энд зориуд оруулж байна. “Орост хайртайчууд” Монголын нийгмийн амьдралд олуулаа бүлэрхэг байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ олон тулгуурт гадаад бодлоготой Монгол Улсад гадаад болон аюулгүй байдлын үзэл баримтлалаа ягштал мөрддөг, Төрд хэн ч гарч ирлээ гээд гадаад бодлого дээр хувийн тоглолт хийж болдоггүйн гашуун жишээ сургамж гээд дор оруулчихлаа.

Баабар бичихдээ:– Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга гэх өөрийгөө геопoлитикч гэж нэрлэдэг цоглог гар Москва орж Оросын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн удирдлагатай уулзжээ. Тэрээр гурван амлалт өгсөн гэх. 1. Монгол Улс СНГ-д элсэнэ. 2. Монгол Улс Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад элсэнэ. 3. Крымын хойг бол Орос улсын салшгүй хэсэг гэдгийг Монгол Улс хүлээн зөвшөөрнө. Оросууд шоконд орчихоод тодруулж асуугаад байна. Дэлхийн 200 тусгаар улсаас хэнээс нь ч ийм том гэнэтийн бэлэг тэд хүлээж аваагүй яваа шүү дээ. Баярлаж буй ч чихэндээ итгэхгүй байгаа аж. Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага гэдэг нь хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд байсан 9 улсын 1992 онд байгуулсан нэгдэл. Удалгүй гурав нь хаяад гараад явчихсан. Энэ мэдээллийг оросын болон монголын хариуцлагатай хүмүүс шивнэж хэлсэн. Согтуу л байгаагүй юм, арай үгүй байлгүй гэж бодож байна. Тэгээд ч нарийн бичгийн дарга гэдэг нь манай хуулиар гурван даргын уулзалтыг зохицуулж, бичиг цаасыг нь янзалж, гадуур дотуур хөөцөлдөх ажлыг нь амжуулж явдаг түшмэл болохоос улсаа төлөөлж амлалт өгдөг эрх мэдэлтэн биш л дээ. Дээрхи мэдээлэл үнэн ч бай, худал ч байсан ер нь бид хаашаа яваад байнаа? Галзуурахад ганц хуруу дутлаа гэж үг байдаг. Заагладаг ганц хуруу нь одоо байгаа юм уу?![11]гэжээ.

Энэ бүхнийг нуршихын утга нь дараагийн 6 дахь Ерөнхийлөгч ноён У.Хүрэлсүхийн өнгөн дээр манайхан ШХАБ руу уухайлан шавдахгүй болов уу гэж итгэж байна. Монголын ард түмэнд биетэй бодитой очиж нялзах наалдах ямар ашиг, давуу талтай болоод бид шахуулаадбайгаа билээ гэдгээ бид байнга санаж (бас сэрж) явах ёстой. Шахуулсаар шахуулсаар нэг өдөр жинхэлдэг, “Бид ШХАБ-ыг эв нэгдэл, харилцан итгэлцлийн үлгэр жишээ болгох ёстой” гэсэн Хятадын Төрийн тэргүүний мэргэн заалт ба түүний дэвшүүлсэн тэрхүү “ШХАБ-ын хүрээний найрамдал”-д харшилсан гэж үзэгдэн Монгол-Америкийн, Монгол-Японы стратегийн түншлэлээсээ салж, бүр гуравдагч хөршийн бодлогоо царцаах дээрээ тулсан эрсдэл үүрэх юм биш байгаа?




[1] Biden says he is sure China will try to work out arrangement with Taliban, reuters.com, September 8, 2021

[2] Х.Баттулга: ШХАБ-тай хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргана, news.mn/2018-05-22

[3] Х.Баттулга: Монгол Улс ШХАБ-ын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад бэлэн, 

bloombergtv.mn/ 2018.06.10 

[4] Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэллээ, 

president.mn/2019/06/14 

[5] Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын өргөтгөсөн цахим хуралдаанд оролцож үг хэллээ, 

president.mn/2020/11/10 

[6] Шадар сайд Я.Содбаатар ШХАБ-ын Засгийн газрын тэргүүн нарын хуралд оролцов, 

montsame.mn/mn/2020-11-30 

[7] Н.Энхтайван: Гадаад харилцааны салбар улс төрөөс ангид ажиллана, mfa.gov.mn 

[8] Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байгаагаа мэдэрдэг, sonin.mn/news/2021.06.02

[9] Монголия положительно смотрит на приглашение подключиться к ОДКБ – Зиновьев,

ru.armeniasputnik.am/world/2020/07/06/

[10] Б.Батцэцэг: Бид ОХУ, БНХАУ-ын дунд аюулгүй байдалд байгаагаа мэдэрдэг, shuud.mn, 2021-06-02 

[11] Баабар. Яагаад гэнэт ШХАБ-д элсэхээр болов? baabar.mn/article/ 2018.06.04